Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2022/0790/З |
Дугаар | 221/МА2023/0457 |
Огноо | 2023-07-06 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2023/0457
“Ж.Э..Б..” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж,
Нэхэмжлэгч: “Ж.Э..Б..” ХХК
Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж
Нэхэмжлэлийн шаардлага: “Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/106 тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 358 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.Ч
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2022/0790/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж.Э..Б..” ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жд холбогдуулан “Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/106 тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 358 дугаар шийдвэрээр: “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.4, 10 дугаар зүйлийн 10.12.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ж.Э..Б..” ХХК-ийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/106 тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар улсын байцаагчийн дүгнэлт нь илт хууль бус болох нь тогтоогдоогүй, шүүх нь мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн энэхүү шалгалт нь зохиомол, захиалгатай, улсын байцаагч хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн хараат бусаар, шударгаар явуулаагүй, хяналт шалгалтын байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байгаагүй, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтэд дурдсан холбогдох асуудлын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хяналт шалгалт хийсэн зэргийг шүүх баримтаар нотлоогүй, хяналт шалгалт явуулах болсон шалтгаан, үндэслэл, шалгалтын зорилго, шалгалтаар хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүн, нотлох баримтыг бодитоор нягтлан судалж ойлгон, дүгнэхгүйгээр буруу шийдвэр гаргасан гэж үзэж дараах нэмэлт тайлбарыг өгч байна.
3.2. Хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу буюу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52дугаар зүйлийн 52.1 дэх “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, ... болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ." заалтын дагуу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газарт 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 дугаартай 34 хуудас хавсралт материал бүхий “Дулааны тоолуурын зөрчлийн тухай” албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэсэн.
3.3. ...Шалгалтаар тогтоогдсон бодит нөхцөл байдал, илэрч буй зөрчлийг газар дээр нь танилцуулах, талуудаас нэмэлт тайлбар мэдээлэл авах, оролцогч талууд зураг авч, бичлэг хийх зэрэг аргаар хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалт хийх явцыг “Ж.Э..Б..” ХХК-ийн төлөөлөл байнга ажиглаж, шалгалтын үр дүнг харж, бичлэг хийж, зураг авч байсан бөгөөд шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдал, илэрсэн зөрчил дутагдал, лабораторийн шалгалтын дүнтэй холбоотойгоор тус компаниас ямар нэг маргаан гаргаагүй.
3.4. Хяналт шалгалтын удирдамжийн Нэг. Хяналт шалгалтын зорилго, үндэслэл хэсэгт: Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 тоот албан бичгээр ирүүлсэн дулааны тоолуурын зөрчлийг шалгуулах тухай хүсэлтийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай, Хэмжил зүйн тухай хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн баталсан дүрэм журам, холбогдох стандартын хүрээнд хяналт шалгалтыг гүйцэтгэж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох шийдвэрийг гаргахад оршино." гэж тодорхойлж, удирдамжид заасан үндэслэлийн дагуу шалгалт хийж, тоолуурын хэмжил зүйн үзүүлэлтүүдийг дулааны тоолуур шалгах итгэмжлэгдсэн лабораторид Стандарт хэмжил зүйн газрын эрх бүхий улсын шалгагчаар шалгуулж, холбогдох стандартын шаардлага хангахгүй болохыг тогтоосон.
3.5. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналт шалгалт ерөнхий шаардлага” стандартын 14. Хяналт шалгалтыг дүгнэх. 14.1 дэх “Улсын байцаагч, хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч хяналт шалгалтын мэдээ, баримт материалыг нэгтгэн судалж, хоорондын уялдаа холбоог нь сайтар нягтлан тогтоож хяналт шалгалтын дүнг гаргана.”, 14.11 дэх “Хийсэн хяналт шалгалтын зорилго, үндэслэл, илэрсэн зөрчил дутагдал, авах арга хэмжээний санал дүгнэлтийг агуулсан албан бичгийг шалгуулагч этгээд, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ” заалтуудын дагуу ажлын хэсгийн гишүүдийн гаргаж өгсөн шалгалтын мэдээ тайлан, авсан зураг, бичлэг, тоолуурыг лабораторид шалгасан шалгалтын дүн зэргийг нягтлан судалж, Стандарт, хэмжил зүйн газрын тоолуурыг шалгасан лабораторийн магадлан тогтоох шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрч, түүнийг үндэслэн улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргасан.
3.6. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар олгосон эрх үүргийн хүрээнд улсын байцаагч нь хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэн, улсын ахлах байцаагчийн дүгнэлтээс гадна улсын ахлах байцаагчийн зөвлөмж, албан бичиг зэргийг гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн. Мөн удирдамжийн 5-д “Хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж ахалж Эрчим хүчний зохицуулах хороо, Стандарт, хэмжил зүйн газар, “УБДС” ТӨХК-ийн холбогдох ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэнэ.”гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч хяналт шалгалтыг ахлан хийж гүйцэтгэсэн.
3.7. ... Мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналт шалгалтад хамрагдсан “Ж.Э..Б..” ХХК болон түүний эзэмшлийн ******* дугаартай, MULTICAL 602 загварын тоолуурын талаар урьдчилж дүгнэлт гаргаагүй. Урьдчилж дүгнэлт гаргасан гэдгийг шүүх баримтаар нотлоогүй зөвхөн нэхэмжлэгчийн өгсөн тайлбарыг үндэслэсэн. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Ж.Э..Б..” ХХК-д очиж шалгалт эхлэхийн өмнө хяналт шалгалтын удирдамж болон шалгалтын бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамжийн 1 хувийг “Ж.Э..Б..” ХХК-д өгсөн. Харин “Дулааны тоолуурын зөрчлийн тухай” гэх урьд нь тоолуур зөрчилтэй гэж нотолсон баримтыг өгөөгүй. “УБДС” ТӨХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Дулааны тоолуурын зөрчлийг шалгуулах тухай” албан бичигт хавсаргаж ирүүлсэн тус компанийн түгээлт эрхэлсэн дэд захирал Б.Бямбасайханы баталсан ”Ж.Э..Б..” ХХК-ийн шугам тоноглолын бэлэн байдал, дулааны эрчим хүчний хэрэглээнд дүгнэлт гаргах ажлын хэсгийн төлөвлөгөө”-нд /“GАВОТ” ХХК-ийн хариуцсан хэрэглэгчдийн дулааны тоолуур дээр давтан зөрчил илэрч байгааг шалгуулах тухай харьяа дүүргийн цагдаагийн албанд гаргах” гэсэн ажил байсан. Энэ нь “УБДС” ТӨХК-ийн гаргасан төлөвлөгөө болохоос Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан урьдчилсан дүгнэлт биш бөгөөд хяналт шалгалтын удирдамжид энэ тухай үг өгүүлбэр ч байхгүй. “УБДС” ТӨХК-ийн ажлын төлөвлөгөөг Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилж гаргасан дүгнэлт гэж зориуд мушгиж буруутгасан гэж үзэж байна.
3.8. Мэргэжлийн хяналтын байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дээрх заалтын дагуу хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Стандарт, хэмжил зүйн газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн төлөөллийг оролцуулсан. Стандарт, хэмжил зүйн газар нь Хэмжил зүйн тухай хуулийн 8 дугаар зүйл 8.1 дэх "Дараах үйл ажиллагаанд хэрэглэх хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулна: 8.1.5.худалдаа, үйлчилгээний тооцоо.”, 10 дугаар зүйлийн 10.2 дахь “Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага эрхэлнэ”, 10.4 дэх “Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг улсын шалгагчийн эрх авсан ажилтан холбогдох стандартын дагуу гүйцэтгэнэ”, 10.5 дахь “Баталгаажуулалтад тэнцсэн хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалт хийсэн байгууллага лац, тэмдгээр битүүмжилж, гэрчилгээ олгоно” заалтуудын дагуу ”Ж.Э..Б..” ХХК- ийн эзэмшлийн дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглаж байсан ******* дугаартай, MULTICAL 602 загварын тоолуурыг итгэмжлэгдсэн лабораторид шалгаж, хэмжил зүйн алдааг тодорхойлох, баталгаажуулах, лац тэмдгээр битүүмжлэх, тоолуурын архивын бичлэгт дүн шинжилгээ хийх ажлыг хийх үүрэгтэй хяналт шалгалтад оролцсон. Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.3.тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах;” 9.1.6 дахь “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх;” заалтуудын дагуу “УБДС” ТӨХК, “Ж.Э..Б..” ХХК-ийн хооронд тоолуурын ажиллагаатай холбоотой үүссэн маргааныг шалгах шийдвэрлэх үүрэгтэй хяналт шалгалтад оролцсон.
3.9. ... Харин хяналт шалгалтын дүнг нэгтгэн гаргах, улсын байцаагчийн дүгнэлт болон бусад эрх зүйн баримт бичиг гаргах ажиллагаанд шалгалтын ажлын хэсгийн гишүүд оролцоогүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;”-д заасны дагуу улсын байцаагч нь бие даан шийдвэр гаргасан.
3.10. Хариуцагч хяналт шалгалтад хуульд заасан ямар журмыг баримтлаагүйгээс нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, хариуцагч ямар процессын зөрчил гаргасан болохыг шүүх нотлоогүй бөгөөд тоолуур хэвийн мөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй гэсэн нь Мэргэжлийн хяналтын байгууллага, Стандарт хэмжил зүйн газарт Төрийн хяналт шалгалтын тухай, Хэмжил зүйн тухай хуулиар олгосон эрх үүрэгт халдсан, эрх үүргээ хэрэгжүүлэхийг хориглосон шийдвэр болсон гэж үзэж байна. Хариуцагчаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үеэр цуглуулсан шалгуулж буй тоолуур нь гэмтэлтэй буюу буруу заалттай болохыг тогтоосон нотлох баримтуудыг шүүхэд бүрдүүлж өгсөн.
3.11. Улсын байцаагчийн дүгнэлт гаргахад үндэслэл болгосон нотлох баримтуудыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь сайтар хянаж үнэлэхгүй, нэг талын эрх ашгийг илүү хамгаалж буруу шийдвэр гаргасан бөгөөд шүүхийн энэхүү шийдвэр нь Мэргэжлийн хяналтын байгууллага, Стандарт, хэмжил зүйн газар зэрэг төрийн байгууллагуудад Төрийн хяналт шалгалтын тухай, Хэмжил зүйн тухай хуулиар олгосон эрх үүрэгт халдсан, хуулийн дагуу явуулж буй үйл ажиллагааг нь хязгаарласан утга санааг агуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулахаар гаргасан шийдвэрийг үгүйсгэж байна. Шүүх өөрөө шударга ёсыг тогтоох байтал Хэмжил зүйн тухай хуулийн заалтууд, холбогдох стандартын шаардлага хангаагүй, лабораторийн магадлан тогтоох шалгалт баталгаажуулалтаар буруу заалттай болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч байгууллага ч өөрсдөө алдаатай тоолуур болохыг өмнө нь хүлээн зөвшөөрсөн талаарх нотлох баримтууд хангалттай байхад зөвхөн хүсэлт гаргагчийн төлөөллийг хяналт шалгалтын бүрэлдэхүүнд оролцуулсан гэж өнгөц дүгнэн, 2 төрийн байгууллагаас хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтын дүнг үндэслэн гаргасан улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгосон нь Стандарт, хэмжил зүйн газрын эрх бүхий улсын шалгагчийн итгэмжлэгдсэн лабораторид хийсэн шалгалтын дүнг ямар ч үндэслэлгүйгээр үгүйсгэн, буруу заалттай тоолуурыг худалдаа үйлчилгээнд ашиглахыг зөвшөөрсөн утга агуулгатай болсон байна.
3.12. Улсын байцаагчийн дүгнэлт нь ямар ч байгууллага иргэнийг хохироогоогүй, харин гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн, алдаа зөрчлийг залруулсан шийдвэр бөгөөд тус тоолуурыг бүрмөсөн хэрэглээнээс хасаагүй, тоолуурын гэмтлийг засварлаад, дахин шалгалт баталгаажуулалтад хамруулж тэнцсэн тохиолдолд ашиглах эрхийг энэхүү дүгнэлтээр хязгаарлаагүй болно.
Иймд шүүхийн энэхүү шийдвэр нь нотлох баримтыг үндэслэж гаргаагүй, буруу заалттай хэмжих хэрэгсэл ашигласнаар аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг эдийн засгийн хувьд хохироох, улсын хэмжээнд худалдаа үйлчилгээний төлбөр тооцооны үнэн зөв, бодитой байдлыг алдагдуулах сөрөг үр дагаврыг үүсгэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0358 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалд холбогдуулан дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болж буй нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэж байгаа талаар болон маргаж буй захиргааны шийдвэрийн хууль зүйн үндэслэлд өгч буй тайлбар, шүүх уг маргааныг шийдвэрлэхэд үндэслэл болж байгаа хууль эрх зүйн хэм хэмжээ, түүнийг бодит нөхцөлд хэрхэн дүйцүүлж тайлбарлаж хэрэглэж байгааг талаар шийдвэрт тодорхой тусгах замаар маргааны үйл баримтад дүгнэлт өгөх хуулийн зохицуулалттай.
3. Харин анхан шатны шүүх “Ж.Э..Б..” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Жд холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн “******* дугаартай дулааны тоолуурыг шалгасан” 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01-07-099/106 тоот дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт хэргийн үйл баримт болон хэргийн оролцогч нарын маргасан үндэслэлд огт дүгнэлт хийгээгүй нь дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/52 дугаартай албан бичгээр ирүүлсэн дулааны тоолуурын зөрчлийг арилгуулах тухай хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” 01/20 дугаартай хяналтын удирдамжийг баталж, уг шалгалтаар “Ж.Э..Б..” ХХК болон түүний хэрэглэгчдийн 68642891, *******, 78241416, 78526633 дугаартай дулааны тоолууруудад хэмжил зүйн хяналтын чиглэлээр хяналт, шалгалтыг хийж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч Д.Ж ахалж, Эрчим хүчний зохицуулах хороо, Стандарт хэмжил зүйн газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн холбогдох ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр шалгалт явуулсныг хууль бус гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
5. Гэтэл дээрх удирдамжийн дагуу шалгалт хийсэн бүрэлдэхүүнийг холбогдох хууль, дүрэм, журамд нийцсэн, хууль ёсны болохыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд[1] байх бөгөөд эдгээр маргаануудын талаар шүүхээс маргаан бүхий акт тус бүрд тохирох хууль зүйн дүгнэлтийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд өгч хэргийг шийдвэрлэх хэдий ч уг шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй холбоотой үйл баримт нь ижил байгааг дурдах нь зүйтэй.
6. Энэ хэргийн талаар анхан шатны шүүхээс “Мэргэжлийн хяналтын газраас “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн дээрх албан бичгээр гаргасан хүсэлтэд үндэслэж “Ж.Э..Б..” ХХК болон түүний хэрэглэгчдийн ******* дугаартай дулааны тоолуурт хяналт шалгалт хийсэн атлаа хяналт шалгалтын бүрэлдэхүүнд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн холбогдох ажилтнуудыг оролцуулсан буюу хяналт шалгалтыг хүсэлт гаргасан этгээд болох “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хийсэн байх тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасанчлан хяналт шалгалтыг хараат бус, шударга явуулсан гэж үзэхгүй...” гэж дүгнэхдээ хариуцагч улсын байцаагчаас “...шалгалтын удирдамжийн 5-д “...Эрчим хүчний зохицуулах хороо, Стандарт, хэмжил зүйн газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн холбогдох ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч хяналт шалгалтыг ахлан хийж гүйцэтгэсэн, энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналт шалгалт ерөнхий шаардлага” стандарт, Эрчим хүчний сайдын 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/146 дугаар тушаалаар баталсан “Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрэм”-д заасантай нийцсэн, ...мөн тус байгууллагуудаас шалгалтад оролцох хүмүүсийн нэрсийг авсан” гэдгээ шүүхэд тайлбарлан маргаж, тайлбар өгсөөр байхад холбогдох нотлох баримтыг хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийг дэмжигдэж эсхүл няцаагдаж байгаа талаас нь үнэлж дүгнэн, хэргийн нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж байгаагаа тусгах үүргээ хэрэгжүүлээгүй байна.
7. Түүнчлэн маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдах учиртай төдийгүй, хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана.
8. Харин анхан шатны шүүх “...хариуцагч нь хяналт шалгалтдаа хуульд заасан журмыг баримтлаагүйгээс түүний гаргасан шийдвэр хууль бус болох нь тогтоогдож байх тул тоолуур хэвийн мөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд хариуцагчийн гаргасан процессын зөрчил нь дүгнэлтээ үгүйсгэх хангалттай үндэслэл болж байгааг дурдаад, дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв” гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтыг дүгнээгүй, маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэж хариуцагчаас маргаан бүхий дүгнэлтийг гаргасан нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн эсэх, үндэслэлтэй эсэхэд огт дүгнэлт хийгээгүй нь буруу байна.
9. Түүнчлэн хариуцагчаас тоолуур шалгасан өдрийн мэдэгдлийг нэхэмжлэгч компанийн инженер н.Энхцэцэг гэх хүнд өгч гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд бүтцийн хяналтын газарт хүргүүлсэн албан бичигтээ “Ж.Э..Б..” ХХК-тай “Хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ”-тэй талаар дурдсан байх бөгөөд шүүхээс үүнтэй холбоотой нотлох баримтыг тодруулаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцсэнгүй.
10. Мөн анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бүртгэлийн 971 дугаарт бүртгэн авч, шүүгч Ц.О-д хуваарилагдсан шүүхийн дардас дарагдсан байхад 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүгч С.Г нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоохоор шийдвэрлэсэн, гэтэл 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүгч Ц.О дахин нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоохоор шийдвэрлэсэн байгаагаас үзвэл уг нэхэмжлэлийг шүүгч Ц.О-аас шүүгч С.Г-д, мөн шүүгч С.Г-аас шүүгч Ц.О-д шилжүүлсэн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолгүй, шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2978 дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжид шүүхийн тамга дарагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүх уг хэрэгт дүгнэлт өгч шийдвэрлээгүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар шууд дүгнэлт хийх боломжгүй бөгөөд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй учир шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.Билгүүн
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
[1] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 143 дугаар магадлал, мөн шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 231 дүгээр магадлал