Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 40

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж

Нарийн бичгийн дарга: Э.Бат-Оргил

     Улсын яллагч: Д.Ганчимэг

     Хохирогч Х.Төмөрбаатар

Шүүгдэгч М.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Монгол овгийн Мянгадын Нямсүрэн холбогдох 201608000091 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Монгол овгийн Мянгадын Нямсүрэн /РД:УЗ72103011/, Увс аймгийн Наранбулаг суманд 1972 оны 10 дугаар сарын 30-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Нарантуул ХХК-д харуулаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 202-53 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1999 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.2.б, 90 дүгээр зүйлийн 90.2, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 25 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаар шүүгчийн захирамжаар 3 /гурав/ жил 10 /арван/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүгдэгч М.Нямсүрэн нь ялтайд тооцогдох хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 05 дугаар сарын 29-ний шөнө давтан үйлдлээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Хүрийн ногоо гэх газарт оршин суух, иргэн Х.Төмөрбаатарын хоттой малаас 208 тооны буюу олон тооны бог мал хулгайлан 12705000 төгрөгийн хохирол, мөн өдөртөө тус багийн нутаг дэвсгэр Тэвш гэх газарт оршин суух иргэн Ц.Хишигдоржийн монгол гэрт нэвтрэн орж авдар дотроос нь савхин хүрэм, хоромон гутал, ноосон бээлий зэрэг эд зүйлсийг хулгайлан 292500 төгрөгийн хохирол тус тус учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Нямсүрэн нь согтуугаар 2016 оны 05 дугаар сарын 29-ний шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Хүрийн ногоо гэх газарт оршин суух, иргэн Х.Төмөрбаатарын хоттой малаас 208 тооны буюу олон тооны бог мал хулгайлан 12705000 төгрөгийн хохирол, мөн өдөртөө тус багийн нутаг дэвсгэр Тэвш гэх газарт оршин суух иргэн Ц.Хишигдоржийн монгол гэрт нэвтрэн орж авдар дотроос нь савхин хүрэм, хоромон гутал, ноосон бээлий зэрэг эд зүйлсийг хулгайлан 292500 төгрөгийн хохирол тус тус учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1. Шүүгдэгч М.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Найз Бороо, Батбаяр нартай уулзаад архи ууж байсан. Гэтэл манай хоёр найзын нэг найз залуу намайг Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд хүргээд өг гэсэн. Тэгээд Говьсүмбэр аймагт ирсэн. Говьсүмбэр аймагт ирээд хар Бааска, Цагаанаа хоёртой таараад 2 шил архи уучихаад би харьлаа гэж хэлээд гараад алхсан гэсэн. Намайг гудамжинд тасарчихсан явж байхыг цагдаа нар харсан байсан. Би маргааш өглөө нь болоод ирэхэд гар урагдчихсан, нүүр ам шалбарчихсан, өмсөх хувцасгүй болчихсон Х.Төмөрбаатар гуайн хонийг туугаад явж байсан. Би Хишигдэлгэр гэдэг хүний гэрт орж хувцсыг нь авсан. Энэ хэргээ хүлээж байна. Харин намайг мал туугаад явж байхад машинтай хүн таарсан. Би тэр машинтай хүн дээр очоод намайг Улаанбаатар хот руу дөхүүлээд өг гэж хэлсэн. Гэтэл машинаас нэг хүн бууж ирээд намайг тэр хонийг туугаад явж бай би таныг хүргэж өгнө гэж хэлж байсныг санаж байгаа. Өөр зүйл санахгүй байна. Хонийг хаашаа тууж явснаа мэдэхгүй байна гэв.

2. Хохирогч Х.Төмөрбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 28-29 шилжих шөнө 5 цагийн үед босоод хашаагаа эргэтэл манай малнаас 200 тооны мал алга болсон байсан. Манай мал гэрээс 50 метрийн зайтай байсан байх. Тэгээд хашаагаа тойроод явж байтал зүүн урагшаа ус руугаа чигтэй бэлчсэн мөр байсан. Тэгээд мөрөөр нь яваад үзтэл нь хүний мөр гарч ирсэн. Тэгээд тэр хүний мөрийг явган мөшгиж явсаар хаялгын хойд талд Нуудгайн хонхор гэдэг газар аваачсан байсныг олсон. Тэр газар нь манай нутагладаг газраас 8 километр зайд байдаг юм. Ингээд би шүүгдэгч Нямсүрэнгийн тууж явсан 208 тооны малыг хүлээн авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

3. Хохирогч 1960 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Тэвш гэх газар нутаглах, Ц.Хишигдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр малаа туугаад отроор Чойроос зүүн хойш гашуун гэх газар явсан. Тэгэхдээ гэрээ үлдээгээд авах юмнуудаа аваад явсан. Тэгээд бензин тостой залгах гээд Чойр ортол цагдаа дээр хүрээд ир гэхээр нь очсон чинь миний хоромон гутал, хүрэн савхин хүрэм хоёрыг гаргаж үзүүлэхээр нь би гэрт хулгай орсон байна гэдгийг мэдсэн. Тэгээд би хоосон орхисон гэртээ очиход цоожийг зүүгээд орхисон байхаар нь гэртээ явж ороод юмнуудаа бүртгэхэд гэрий хойно авдарт байсан хоромон гутал, хүрэн савхин куртка, хар өнгийн таван хурууны ноосон бээлий алга болсон байсан. Би дээрх зүйлсийг явахдаа авдартаа хийгээд явсан юм. Манай авдар цоожгүй, цүүнд нь төмрөөр гогцоолдсон байсан юм. Гэрийн баруун талд байсан даавуун цахилгаантай торыг онгойлгож орхисон байна лээ. Ямар нэгэн эд зүйл аваагүй байсан. ...Би алдсан эд зүйлээ тоо ёсоор нь хүлээн авсан. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 дугаар хуудас/

4. Гэрч 1983 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 1-20 тоотод оршин суух, С.Цэрэнбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Намайг тэр өдөр эхнэр Оюунбилэг, хүүхдүүдийн хамт унтаж байхад хаалга нүдээд манай эхнэр тайлж өгсөн. Намайг буруу хараад хэвтэж байхад хатаж үхлээ ус байна уу гэж байсан. Тэгээд би сонсоод хэвтэж байхад Сүхбаатараас мал тууж явна, хөлсөөр хонь маллах хүн айл байна уу гэж байсан.  Тэгээд би хэвтэж байгаад босоход тэр хүн манай баруун орон дээр хэвтэж байсан. Тэгээд би хэвтэж байхаар нь гадаа гарахад үүдэнд цагаан тортой юм байхаар нь харсан чинь уут нь онгорхой, дотор нь хүрэн ботинк харагдаж байсан. ..Тэр хүн хүрэн савхин курткатай, хар өнгийн шинэвтэр хоромон гуталтай байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26 дугаар хуудас/

5. Гэрч 1987 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 1-20 тоотод оршин суух, О.Оюунбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...би та хаанаас хаа хүрч яваа юм гэсэн чинь Сүхбаатар аймгаас мал тууж явна гэсэн. Та юутай яваа юм бэ гэсэн чинь мотоцикльтой явж байгаад мотоцикль эвдэрчихээр нь хаяаад явган тууж явна гэсэн. Тэр хүн малаа 2 сар хүнээр маллуулмаар байна сард 5 хонь хөлсөөр нь өгнө гэсэн. Малаа 2 сарын дараа махлаж зарна гэж байсан. Тэгээд намайг цай чанаж байхад тэр хүн манай гэрийн баруун орон дээр хэвтсэн. Тэгээд цай уугаад жоохон хэвтэж байгаад босоод гарсан. ..Тэр хүн дээгүүрээ хүрэн савхин курткатай, доогуураа өмдийг нь санахгүй байна. Хар өнгийн хоромон гуталтай 40 орчим насны хүн байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 дугаар хуудас/

6. Шинжээч Г.Мөнхсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Хохирогч Х.Төмөрбаатарын малын хашааны баруун талд үлдсэн №2 дугаартай гутлын мөр, хашаанаас алдагдсан мал олсон гэх хэргийн газраас бэхжүүлэн авсан №4 дугаартай гутлын мөр нь яллагдагч М.Нямсүрэнгийн зуны ботинкин гутлын мөртэй тохирч байна. Харин хохирогч Ц.Хишигдоржийн гэрийн зүүн урд үлдсэн байх №10 дугаартай гутлын мөр нь яллагдагч М.Нямсүрэнгийн өмсөж явсан хоромон гутлын мөртэй тохирч байна гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40-41 дүгээр хуудас/

7. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 007/054 тоот дүгнэлтэнд: Хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан хүний гутлын мөрнүүд сэжигтэн М.Нямсүрэнгээс хураан авсан зуны ботинк, хоромон гутлын мөртэй тохирч байна.

ГСА-ийн ШШАлбаны криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхсайхан гэжээ. /х.х-ийн 34-36 дугаар хуудас/

8. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 10-15 дугаар хуудас/

9. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /х.х-ийн 16-17 дугаар хуудас/

10. Үнэ тогтоох комиссын шийдвэр, Эд зүйлийн үнэлгээ /х.х-ийн 43, 44, 47 дугаар хуудас/

11. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 80 дугаар хуудас /зэрэг болно.  

Иймд шүүгдэгч М.Нямсүрэнг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, олон тооны мал хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Нямсүрэн нь 1999 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн шүүхийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.б, 90 дүгээр зүйлийн 90.2, 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 25 жилийн хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 116 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил, 10 сар, 23 хоногийн хорихыг ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан бөгөөд тэнсэж хянан харгалзсан хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.     

Шүүгдэгч Ч.Нямсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т зааснаар шүүгдэгч М.Нямсүрэнг согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болон ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Мөн М.Нямсүрэнгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Монгол овгийн Мянгадын Нямсүрэнг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч, олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Нямсүрэнгийн тэнсэж хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.          

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч М.Нямсүрэнгийн эд хөрөнгийг хураахгүйгээр, 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Монгол овгийн Мянгадын Нямсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Монгол овгийн Мянгадын Нямсүрэнгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Ч.Нямсүрэн нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д  зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нямсүрэнд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч болон дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д  зааснаар  тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

               

ДАРГАЛАГЧ                                       О.ОДНЯМАА