Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 00022

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                Г.М-т холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

 

                           Прокурор                                          Л.Оюунтуяа

                           Шүүгдэгч                                           Г.М 

                           Нарийн бичгийн дарга                  Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолтой Г.М-т холбогдох, 1725004020225 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ц.Б-ийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэлийг тус тус үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаагийн 17-р гудамжд оршин суух хаягтай, одоо Булган аймгийн Булган сум 4-р багт сууж байгаа, урьд 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1.д зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2015 онд  Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.д зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ч овогт Г-ын М.

 

Шүүгдэгч Г.М нь 2017 оны 10 сарын 24-ний өдөр  Ц.Б-ийн итгэмжлэн хариуцуулж өгсөн мотоциклийг завшиж 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ч овогт Г-ын М-ыг бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар Г.М-ыг 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Г.М-т оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.М-ын цагдан хоригдсон 9 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Г.М-аас 650.000 төгрөг гаргаж  хохирогч Сэлэнгэ аймаг Орхонтуул суманд оршин суух Ц.Б-д олгох,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.Б давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний мотоцикл цоо шинэ байсан. Мотор нь 400.000 төгрөгний үнэтэй. Гэтэл мотоциклийг 650.000 төгрөгөөр үнэлж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Г.М нь мотоциклийг зарж үрэгдүүлээгүй, хаа нэг газар хадгалж байгаа ба үүнийг Цагдаагийн газар олж тогтоогоогүй атлаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шинжилгээний байгууллага нь обьектыг үзэж харалгүй үнэлгээ тогтоож үүнийх нь дагуу шүүх хохирлыг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

 

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6.д Иргэний хуулийн 497., 505 дугаар зүйлийг үндэслэл болгосон. Гэтэл 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг нь “Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах” асуудлыг зохицуулсан заалт байгаа. Шүүх хэрэгт ямарч анхаарал хандуулалгүй хуулийн буруу заалт баримталж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар хохирлыг тооцож гаргуулах ёстой. Хуулийн байгууллага мотоциклийг олж ирүүлэлгүй орхигдуулж өөрсдийн ажлыг хөнгөвчилж байна.

 

Иймд шийтгэх тогтоолд мотоциклийг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурорын эсэргүүцэлд:

 

Шүүгдэгч Г.М-т холбогдох хэргийг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Г.М-ыг бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Г.Маас 650.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Бд олгохоор шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоолд шүүгдэгчээс гаргуулсан хохирол буюу 650.000 төгрөгийг шүүгдэгч ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг тусгаж өгөөгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасныг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Оюунтуяа дүгнэлтдээ:

 

... Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.М нь 2017 оны 10 сарын 24-ны өдөр хохирогч Ц.Б-ийн итгэмжлэн хариуцуулж өгсөн мотоциклийг завшиж 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримт болох :

 

-Хохирогч Ц.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

...2017 оны 10 сарын 23-нд Сэлэнгэ нутагт хадлан бэлдэж байгаад Зоригоотой уулзаж замын юм бэлдүүлэх гээд гэрт нь ирэхэд тэнд М байсан..., Тэгээд мотоциклио барьцаанд тавьж ирж уух юм авъя гэхэд М би явъя гээд яваад 3 пиво тамхи авчирсан..., Дараа нь 13-14 хоногийн дараа эргэж ирж нөгөө дэлгүүрийг нь эрээд олоогүй..., Одоо би мотоциклио эргүүлж авмаар байна. Миний хувьд гомдолтой байна.., гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Ч.З-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Энэ өдөр Б Орхон аймагт ирчихлээ гэж над руу яриад бид уулзсан...,. Б миний дуудсан газарт мотоцикльтойгоо ирсэн..., тэгээд Б миний мотоциклийг дэлгүүрт архинд тавьчих, ганц хоёр юм уучихаад явъя гэж хэлэхэд  М хажуу талаас би барьцаанд тавьчихаад ирье гээд унаад явсан..., Тэгээд Г.М хэсэг хугацааны дараа 3 том пиво, 2 хайрцаг тамхи зэрэг эд зүйл авчирсан бөгөөд 35.000 төгрөгийн барьцаанд тавьчихлаа гэж хэлж байсан... дэлгүүрийн нэрийг нь тухайн үед хэлээгүй..., гэсэн мэдүүлэгээр нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан байна.

 

 Шүүгдэгч Г.М-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, эд зүйлд үнэлгээ тотоосон дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байх тул  хохирогч Ц.Бнийн давж заалдах гомдлын ...миний мотоцикл цоо шинэ.., мотор нь 400.000 төгрөгний үнэтэй..., мотоциклийг 650.000 төгрөгөөр үнэлж шийдвэрлэсэнийг зөвшөөрөхгүй..., шинжилгээний байгууллага нь мотоциклийг үзэж харалгүй үнэлгээ тогтоосон... гэснийг хэрэгсэхгүй болгож, .... шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1.д зааснаар хохирлыг гаргуулсан нь хууль буруу хэрэглэсэн гэсэн хэсгийг хүлээн авч мөн прокурорын ...Г.Маас 650.000 төгрөг гаргаж хохирогч Ц.Бд олгохдоо ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг заагаагүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хохирлыг хэсэгчлэх, мөн ямар хэмжээгээр төлөх эсэх талаар заах нь шүүхийн хэрэг шийдвэрлэх эрх хэмжээний асуудлаас гадна гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нь хурдан хугацаанд хохирлоо барагдуулах хүсэлтэй байдаг бөгөөд шүүх тэдний эрх ашигт нөлөөлж хохирол төлбөрийг хугацаа заах, хойшлуулах, хэсэгчлэх боломжгүй.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрийг биелүүлдэг эрх бүхий байгууллага, субеъкт нь хохирол төлбөрийг барагдуулах, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд эд хөрөнгөнд үзлэг хийх, хөрөнгийн хэмжээ тогтоох, данс хаах, хөрөнгө битүүмжлэх хураан авах зэрэг ажиллагаа хийж төлбөр төлөх боломж, хугацаа, хэмжээг тогтоодог бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 267 дугаар зүйлийн 267.2.8.д зааснаар ...гэмт хэргийн улмаас... учруулсан хохирол төлбөрийг хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс суутгаж шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг хорих байгууллагын чиг үүрэгт заасан байдаг учраас шүүх шийтгэх тогтоолд хохирол төлбөрийн барагдуулах талаар хугацаа, хэсэгчлэн төлүүлэх хэмжээг заавал заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтын

 “ ....505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар... “ гэснийг “ ....510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар... “ гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогч Ц.Б-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, зарим хэсэг болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                      С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                            Ц.ТУЯА