Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1003

 

 

 

 

2021           09          16                                   2021/ШЦТ/1003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

Улсын яллагч  Д. Хорлоо,

Хохирогч А.С,

Шүүгдэгч С.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С.А-д холбогдох эрүүгийн 2106 02039 1594 дугаартай хэргийг 2021 оны 09 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт ..........................

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч С.А нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.С-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд баруун, зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч А.С-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 450.000 төгрөг төлсөн” гэв.

Хохирогч А.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... А надад 450.000 төгрөгийг өгсөн. Шүдний эмнэлэг урьдчилгаа мөнгө өгөхгүй бол шүдийг чинь эмчлэх боломжгүй, урьдчилгаа өгч байж эмчилгээ бичнэ гэж хэлсэн учраас 200.000 төгрөгийн урьдчилгаа өгөөд буйлныхаа үрэвслийг янзлуулсан. Доод талын хоёр шүд хөдөлгөөнтэй байсан учир үүнийг аваад эмчилгээ хийсэн. Дахиад эмчилгээ хийх шаардлагатай гэж хэлсэн. Би А-д шүдний эмнэлэг 2.700.000 төгрөг гэж байна, чи надтай хамт яваад уулзаадах, эмнэлгээр хамт явъя, хот руу орж ирэх гэж 2 цаг явж байна, унааны мөнгө хэцүү байна, хамт явъя гэж хэлэхэд А нь завгүй байна гэж хэлсэн. Би шүүгдэгчээс шүдний эмнэлгээс гаргаж өгсөн 2.700.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Эрүүгийн 2106 02039 1594 дугаартай хэргээс:

Хохирогч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ ...Намайг зодсон гэх хүнийг А гэж байсан. Тулга, Болдоо ах хоёр хоёулаа танина. А гэдэг хүн гэр бүлийнхээ талаар ярилцаад эхнэр хүүхдээсээ салаад 4 хүүхэдтэй гэж байсан, тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ хүүхэд өнчрүүлээд гэж хэлсэн чинь намайг чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд цохисон. Баруун гараараа нүүр лүү нэг удаа цохисон дараагийн цохилт нь дух шүргээд өнгөрсөн. Одоо миний эрүү чичирхийлээд ярихад зовуурьтай, зүүн баруун талын шанааны араар өвдөөд байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

Хохирогч А.С-н дахин өгсөн “...Би өөрөө хувиараа эмийн сангаас өвчин намдаах эм тариа авч хэрэглэсэн, мөн хувийн шүдний эмнэлэгт үзүүлсэн. Надад одоо эмнэлгийн зардлын баримт байхгүй. Учир нь би эмийн сангаас авсан эмийн зардлын баримтаа хаячихсан олдохгүй байна. Мөн эмнэлэгт үзүүлсэн ч гэсэн мөнгө байхгүй байсан тул өөрийн шүдээ янзлуулж чадалгүй өдийг хүрч байна. Би өөрийн шүдээ янзлуулах мөнгийг нэхэмжилж байна. Би одоо яг хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна. Би өөрийн шүдээ янзлуулсан тохиолдолд ямар нэгэн гомдол байхгүй.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч Ч.Б-н“ ... С.А, А.С нарын хооронд юу болсон талаар мэдэхгүй байна. А.С намайг машинтай хөдөлсний дараа ах аа намайг С.А цохичихлоо гээд л ирсэн. Тэгээд би А.С-г харахад амнаас цус гараад, үүдэн хоёр шүд нь уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5348 дугаартай “1. А.С-ийн биед баруун, зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

С.А-ийг яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.А-ийн ял шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.А нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд баруун, зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний сулрал, доод уруулын дотор  салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.А, хохирогч А.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Гэрч Ч.Б-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5348 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.А-ийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч А.С-гийн  биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч С.А-ийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.А-ийн  хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь  зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч А.С нь эмчилгээний зардалд 2.700.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч шүүхэд эмчилгээний зардлын баримтыг гаргаж ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Шүүгдэгч С.А нь хохирогч А.С-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 450.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч С.А-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Хохирогч А.С нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч С.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч С.Ань гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байх тул шүүхээс С.А-д холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.С-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 450.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт С.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.А-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4.  Ялтан С.А-д нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.С-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 450.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч А.С нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирол, хор уршгийн төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                   Х.САНЖИДМАА