Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 00565

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст багийн 5-14-37 тоотод оршин суух, Баатад овогт Бэгзсүрэнгийн Батбаянгийн /Регистрийн дугаар: ФД77091502/, нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 450,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Батбаян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Батбаян шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Б.Батбаян нь Орхон аймаг дахь Захиргааны хэрийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай шийдвэрээр Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өмнө эрхэлж байсан ажилд томилогдохоор болж 2017 оны 02 дугаар сарын 15-ы өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/06 тоот тушаалаар ажилд томилогдсон.

Иймд шүүхийн шийдвэр гарсанаас хойш буюу 2017.01.20-оос 2017.02.15-ны хоорондох ажлын 17 хоногийн цалин болох 450,723 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгын газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хоёр байгууллагыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгон нэгтгэж хөдөлмөр халамжийн үйллчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 тушаалаар бүтэц, орон тоо батлагдан ирснээр хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Батбаянг Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасан үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлж, 27.2.4-д заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон. Б.Батбаян нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай шийдвэрээр Б.Батбаянг ажилд эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өмнө эрхэлж байсан ажилд томилсон. Б.Батбаян нь ажиллаж байх хугацаанд ашиг сонирхлын зөрчил гаргасан болох нь дотоод шалгалтаар илэрсэн учир хуулийн дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Б.Батбаянгийн ажиллаж байсан хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтний орон тоо нь хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны Б/521 тоот бүтэц, орон тоо батлах тухай тушаалаар цөөрсөн. Цалингийн санд уг орон тооны цалингийн төсөв суугдаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна. Ажил олгогч орон тоо цомхотгогдсоноос шүүхийн шийдвэрийг биелүүлж чадахгүйд хүрэх тохиолдлыг зохицуулсан тухайн хэм хэмжээ нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болохыг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Б.Батбаян нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулахаар нэхэмжилж байна.

             Б.Батбаян нь Орхон аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлт нийгмийн халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтнээр ажиллаж байгаад тус газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/55 дугаартай тушаалаар ажлаас халагдсан байна. Гэвч нэхэмжлэгч шүүхэд хандаж гомдол гаргаснаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон байна.

            Тэрээр шүүхийн шийдвэрийн дагуу Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар ажилд эргэн томилогдсон байна. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2017 оны 01 дүгээр сарын 20-оос 2017 оны 02 дугаар сарын 15-ны хооронд 17 хоног ажилгүй байсан болох нь зохигчдын тайлбараар батлагдаж байх тул дундаж цалинтай тэнцэх олговор 450,723 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 118,119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 450,723 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батбаянд олгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 14,172 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                 Б.БЯМБАСҮРЭН