Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/982

 

 

 

 

2021         09          09                                        2021/ШЦТ/982

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч, хохирогч А.Н, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,

Шүүгдэгч, хохирогч А.Д, түүний өмгөөлөгч Б.Мөнхтуяа  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  С овогт А.Д-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт А.Н нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00460 0874 дугаартай хэргийг шүүх 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, ...............

Монгол улсын иргэн, ....................

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч А.Д нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх зах” худалдааны төвийн гадна талд хохирогч А.Нтой “холд, зайл гэсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зүүн гаран тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч А.Н нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх зах” худалдааны төвийн гадна талд хохирогч А.Дтэй “холд, зайл гэсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч, хохирогч А.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд I Loft гэх баарны гадаа би М, Н хоёр дээр очоод юу болсон талаар асуухад Н намайг чи зүгээр зайл гэж хэлсэн. Би тухайн үед Нийг анх удаа харж байгаа учраас яагаад тэгж хэлсэн талаар ойлгоогүй тул ойлгосонгүй гэж хэлсэн. Тэгтэл Н нь намайг үгийн зөрүүгүй шууд цохисон. Би тухайн үед нүүрээ аль болох хаагаад Ноос холдохыг хичээхэд нэмээд 2-3 удаа цохиод газар унагасан. Намайг газар унасны дараа М бид хоёрыг салгасан. Хийсэн хэрэгтээ харамсаж А.Ноос уучлалт гуйж байна” гэв.

Шүүгдэгч, хохирогч А.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед Д намайг цохих гээд гараараа далайгаад цохиход би гараараа хамгаалсан. Тэгсэн чинь миний гар янгинаад эхэлсэн. Би М-г хүргэж өгчихөөд шууд Гэмтлийн эмнэлэгт очиж гараа үзүүлж зураг авахуулсан. Энэ талаарх зураг нь байгаа. Дараа нь Дтэй уулзах үед надаас учиргүй мөнгө нэхсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. А.Д-өөс уучлалт гуйж байна” гэв.

Эрүүгийн 2006 00460 0874 дугаартай хэргээс:

Гэрч Э.М-гийн мөрдөх шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед бидний сууж байсан бааранд А.Д ирсэн бөгөөд А.Н нь А.Д-д хандаж бид хоёр юм ярьж байна, чи цаашаа байж бай гэсэн. Тэгээд Н, Д хоёр харилцан бие биеэ цохиод харилцан зодолдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, 

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Дүрс оношилгооны эмч С.Чулуунсүхийн “...Нэр: А.Н, нас:20, хүйс:эр, 2019.12.15/СД-1Ш/ Зүүн сарвууны 2 байрлалын рентген зургаар зүүн гарын чигчий хурууны алга ясанд зөрүү багатай, хөндлөн сэлтэрсэн хугаралтай” гэх эмчийн бичиг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4092 дугаартай: “...1. А.Нийн биед зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1220 дугаартай: “...1. Ө.Дийн биед баруун дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Улаан сарнай бүжгийн хамтлагийн сертификат /хх-ийн 113 дугаар хуудас/, 

А.Дийн хүний их эмчээр ажилладаг тодорхойлолт /хх-ийн 114 дүгээр хуудас/,

А.Дийн дипломын хуулбар /хх-ийн 110-112 дугаар хуудас/,

Өмгөөлөгчийн гаргасан хүсэлт /хх-ийн 193 дугаар хуудас/,

-Шүүгдэгч А.Дийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Нийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Д, А.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Д нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх зах” худалдааны төвийн гадна талд хохирогч А.Нтой “холд, зайл гэсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зүүн гаран тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Н нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 15-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх зах” худалдааны төвийн гадна талд хохирогч А.Дтэй “холд, зайл гэсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч А.Н, А.Д нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм өгсөн мэдүүлгүүд, гэрч Э.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч А.Д, А.Н нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Дийн хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах” гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч А.Нийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул А.Д, А.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч А.Д нь шүүгдэгч А.Ноос гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол, саналгүй, хохирогч Б.Ннь шүүгдэгч А.Дөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол, саналгүй болохоо тус тус илэрхийлсэн байх  тул шүүгдэгч А.Д, Б.Н нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч А.Д-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэх

Шүүгдэгч А.Д-ийн өмгөөлөгч Б.Мөнхтуяа эрүүгийн хариуцлагын саналдаа: “Хоёр шүүгдэгчийн хэргийн зүйлчлэлийн хувьд хоёулаа хөнгөн гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг цаг хугацааны хувьд 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн. Өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл 1 жил 9 сар болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн тохиолдолд яллагдагчаар татаж болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл нийт 1 жил 9 сар өнгөрсөн байгаа нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг харуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж болохгүй гэсэн хуулийн зарчим алдагдаж байна. Тийм учраас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх

Шүүгдэгч А.Н-ийн өмгөөлөгч П.Учралгэрэл эрүүгийн хариуцлагын саналдаа: “Миний үйлчлүүлэгч Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгч А.Д-өөс хохирол нэхэмжлээгүй учраас бусдад төлөх төлбөргүй, ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэх дүгнэлт, саналыг гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч А.Д, А.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.Д, А.Н нар нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байх тул шүүхээс А.Д, А.Н нарт холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Д, А.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт А.Д-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Х овогт А.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Д, А.Н нарт холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д, А.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган хадгалсугай.

5. Шүүгдэгч А.Д, А.Н нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                   Х.САНЖИДМАА