| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02296/И |
| Дугаар | 1922 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 1922
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2873109 регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, энхтайвны өргөн чөлөө гудамж, 46-701а тоотод оршин байх “Есөн шижир” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ЧН86032118 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, олимп хотхон, 422-144 тоотод оршин суух Бржигон овогт Хоролдоржийн Отгонбаатарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 11.443.590 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны автомашиныг худалдан борлуулж хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Отгонбаатар нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр манай компаниас 1.д 205/1 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 хоногийн 4.5 хувийн хүүтэй Toyota crown маркын 70-71 УНҮ улсын дугаартай автомашиныг эзэмших эрхийг манай компанийн нэр дээр шилжүүлэн барьцаалж 10.000.000 төгрөг, 2.д 224/1 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 хоногийн 4.5 хувийн хүүтэй Toyota mаjesta маркын 74-00 УБҮ улсын дугаартай автомашин эзэмших эрхийг манай компанийн нэр дээр шилжүүлж барьцаалан 6.600.000 төгрөгийг тус тус зээлсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 9.421.393 төгрөг, алданги 2.022.197 төгрөг, нийт 11.443.590 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулж хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Отгонбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2014 оны 06 сарын 25 өдөр зээлийн гэрээ байгуулсан нь үнэн болно. Тус гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж, байгаад 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 126 тоот зээлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл сунгасан. Би зээлээ цаг хугацаанд төлж байсан. Улмаар 2017 оны 02 дугаар сарын сүүлээр надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй миний тээврийн хэрэгсэлийг “Есөн шижир” ХХК-ийн ажилтан аваад явсан байсан. Нийт үлдэгдэл 9.857.400 төгрөг байх ёстой
боловч надаас 11.443.590 төгрөг нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн үнийн дүн болох 11.443.590 төгрөгийг 3 сарын хугацаатай 2 хувааж буюу 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1.443.590 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Энэхүү графикийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр албадан гүйцэтгүүлэх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК нь хариуцагч Х.Отгонбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11.443.590 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн үнийн дүн болох 11.443.590 төгрөгийг 3 сарын хугацаатай 2 хувааж буюу 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1.443.590 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус төлөх, тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд 70-71 УНҮ улсын дугаартай Toyota crown, 74-00 УБҮ улсын дугаартай Toyota majesta маркийн тээврийн хэрэгсэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрэн хэлэлцжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Есөн шижир ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн үнийн дүн болох 11.443.590 төгрөгийг 3 сарын хугацаатай 2 хувааж буюу 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1.443.590 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус тус төлөх, тохиролцсон хугацаанд төлөөгүй тохиолдолд 70-71 УНҮ улсын дугаартай Toyota crown, 74-00 УБҮ улсын дугаартай Toyota majesta маркийн тээврийн хэрэгсэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, Х.Отгонбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198.047 төгрөгийн 50 хувь буюу 99.024 төгрөгийг улсын төсвөөс, 99.024 төгрөгийг хариуцагч Х.Отгонбаатараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Есөн шижир ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Отгонбаатар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ