Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 42

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж

Нарийн бичгийн дарга: А.Энхбаяр

     Улсын яллагч: Д.Ганчимэг

Шүүгдэгч З.Хатантуул, Б.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч З.Хатантуул, Б.Баясгалан нарт холбогдох 201608000096 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржгин овгийн Зоригтбаатарын Хатантуул /РД:ЗГ95021205/, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1995 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү, хүүхдийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын 10-03 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл гэх,

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Сартуул овгийн Бямбасүрэнгийн Баясгалан /РД:ЕЙ93062206/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1993 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт,  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Баянбулагийн 3-8 тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн Сод монгол ШТС-ийн түгээгч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл гэх

 

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд тэмдэглэснээр/

 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сүмбэрийн 22 тоотод тус сумын иргэн З.Хатантуул, Б.Баясгалан, Д.Дарьсүрэн нар нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар З.Хатантуул нь Б.Баясгалангийн нүүрэн тус газар нь чулуугаар цохьсон, Б.Баясгалан нь Д.Дарьсүрэнгийн толгойн тус газар чулуугаар цохиж Д.Дарьсүрэн, Б.Баясгалан нарын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сүмбэрийн 22 тоотод тус сумын иргэн З.Хатантуул, Б.Баясгалан, Д.Дарьсүрэн нар нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар З.Хатантуул нь Б.Баясгалангийн нүүрэн тус газар нь чулуугаар цохиж Баясгалангийн биед хөнгөн гэмтэл, Б.Баясгалан нь Д.Дарьсүрэнгийн толгойн тус газар чулуугаар цохиж Д.Дарьсүрэнгийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1. Шүүгдэгч З.Хатантуул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016  оны 05 дугаар сарын 26-ны өглөө ахын гэрийг замын баруун тал руу нүүлгэчихээд, ээжтэйгээ, дүү нартайгаа хамт Сүмбэрийн 22 тоотод Бямбарагчаа ахын хүүхдийг өгөх гээд очтол Б.Баясгалан эгч Сүмбэрийн 21 тоотын дэлгүүрээс гарч ирээд машин дээр очоод ээжтэй уулзаж байсан.  Тэгээд намайг очиход ээжтэй Б.Баясгалан эгч маргалдаад байсан. Ээж Бямбарагчаа ахыг Б.Баясгалан эгчийн ахтай нь хамт явсан байна гэхэд уурлаад ээжийг загинаад байсан. Би яагаад дандаа ээжийг загинаад байдаг юм бэ гэхэд над дээр ирээд барьж аваад савж унагаад, толгой нүүр рүү гараараа цохьсон. Ээж хүүхэд тэврээд машинаас буугаад иртэл ээжийн гарнаас барьж аваад нүүр, нурууруу нь чулуугаар цохиод байсан. Тэгээд ээж гар цүнхнээс нь барьж авахад цүнхээ угз татаж аваад, цаашаа явж байгаад газраас чулуу аваад шидсэн чинь ээжийн толгойн ар талд оночихсон. Ээж газар суугаад босохгүй байхаар нь би цагдаа дуудлаа гэтэл би өөрөө цагтаа дуудна гээд Б.Баясгалан эгч цагдаа дуудсан.  Би газраас босоод нүүр гар луу цохиогүй. Ээж гар цүнхээрээ нуруу хэсэг рүү цохиогүй. Яагаад гэвэл ээж жаахан хүүхэд тэвэрч байсан. Одоо бид сайн дураараа эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Хэн хэндээ гомдол санал байхгүй гэв.

2. Шүүгдэгч  Б.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 05 дугаар сарын 26-ны өглөө ажлаасаа буугаад иртэл гэрт хүн байхгүй болохоор нь дэлгүүр орж нэгж аваад,  иртэл хадам ээж машинтай ирчихсэн байсан. Хадамж ээж манай нөхөрийг асуухаар нь би мэдэхгүй, ажлаасаа буугаад ирж байна гэхэд уурлаад та нар дандаа надад гай болж байдаг гээд загинаад байсан. Би мэдэхгүй дөнгөж ажлаасаа буугаад ирж байна гэхэд та нар хулгайч ахтайгаа нийлээд миний хүүг идчихлээ гээд байсан. Тэгтэл З.Хатантуул хажуунаас гичий чинь дандаа манай ээжийг дээрэлхэж, загнаж байдаг юм бэ гээд байхаар нь түлхээд унагачихсан чинь ээж машинаас хүүхэд аваад буугаад ирсэн. Хүүхдээ аваад гэрлүүгээ явж байтал ээж хүүхэд яагаад загнаад байгаа юм бэ гээд миний цүнхийг аваад намайг цохиод байсан. Цүнхээ аваад эргэсэн чинь З.Хатантуул над руу чулуу аваад шидчихсэн. Цүнхээ аваад эргэх гэтэл хацарнаас цус гарчихсан байхаар би цагдаа дуудлаа гэсэн чинь та нар цагдаад хахууль өгдөг болохоор цагдаа нар та нарыг тоодоггүй биз дээ, танай ах цагдаа дээр байцаагдаж байгаа гээд загнаад байсан. Бид сайн дураараа эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Дахин хэрүүл маргаан хийж муудалцахгүй хадмынхаа гэрийнхэнтэй эвтэй амьдарна гэв.

3. Хохирогч 1964 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяганы хонхорын 10-3 тоотод оршин суух Д.Дарьсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...би бэр Бямбасүрэнгийн эгчийнх болох Сүмбэрийн 22 тоотод очоод манай охин Хатантуул Бямбарагчаагийн хүүхдийг аваад оруулж өгөх гээд хашаа руу орсон чинь хажуу дэлгүүрээс манай бэр Баясгалан гараад ирсэн. Тэгэхээр нь би бэрийгээ дуудаад хүүхдийг чинь хүргэж ирлээ гэж хэлээд өөрийнхөө хүү Бямбарагчааг хаана байгаа талаар асуухад мэдэхгүй гэж надад хариулсан. Тэгэхээр нь би бэрдээ хандаад мэдэхгүй байгаад байхдаа яадаг юм бэ танай ах Доржсүрэнтэй хамт хөдөө гэж байна гэж хэлсэн чинь Баясгалан миний өөдөөс муусайн хар хулгайч нар ямар юмандаа хүүхдээ мөрдөж мөшгөөд байдаг юм. Чамд ямар хамаатай юм. Хулгай хийгээд ирсэн махыг нь би л иднэ шүү дээ гэж надад хэлсэн. Манай бэрийн аавынх нь дүү болох Доржсүрэн нь малын хулгайн хэргээр цагдаа дээр шалгагдаж байгаа болохоор хүү Бямбарагчаагаа нийлүүлэхгүй байх талаар бэр Баясгаланд байнга хэлдэг байсан. Энэ талаар хэлсэн чинь манай бэр уурласан. Тэгээд цаад хашаанаас манай охин Хатантуул Бямбарагчаагийн хүүхдийг тэврээд гарч ирээд Баясгаланд хүүхдийг нь авчраад өгсөн чинь хүүхдээ тэвэрч зогсож байгаад /пизда, янхан, гичий нар/ гэж хашгираад манай охин Хатантуулыг барьж аваад газар савж унагахаар нь би охиноо босгох гээд татаж байсан чинь Баясгалан газраас чулуу аваад чулуутай гараараа миний нүүр рүү цохьсон. Тэгэхээр нь би цүнхнийх нь оосорноос нь барьж аваад зууралдаад чи яасан айхдар хүүхэд вэ хадам ээжийгээ зоддог гэж хэлсэн чинь Баясгалан миний өөдөөс угаасаа бид нар тэнэг ш дээ бид нар та нарыг цагдаа нартай нийлээд чадахаа чадна гэж хэлсэн. Тэгсэн чинь манай охин Хатантуул газраас шороотой чулуу аваад Баясгалан руу цацсан чинь Баясгалангийн нүүрэнд нь оносон байсан. Баясгалан цаашаа зүтгэж байхдаа газраас чулуу аваад бид нар руу шидээд байхаар нь би машин руу суух санаатай эргээд явж байсан чинь Баясгалан чулуу барьж ирээд миний толгой руу цохьсон гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 дугаар хуудас/

4. Гэрч 1956 онд төрсөн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн 14 тоотод оршин суух, Ж.Мандах хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ...Дарьсүрэн Баясгалангаас хүүхдээ асуусан чинь Баясгалан би мэдэхгүй гэж хэлэхэд нь Дарьсүрэн өөдөөс нь танай Док ахтай чинь хөдөө явсан байна. Док ахтай чинь яваад хулгайн хэрэгт холбогдвол яана гэж Баясгаланд хэлсэн. Тэгэхэд өөдөөс нь Баясгалан би мэдэхгүй би ажлаасаа ирж байна гэхэд Дарьсүрэн чи тэгвэл яагаад утсаа авахгүй байгаа юм бэ зүгээртээ аваад байж байдаг байж гэж хэлээд Баясгаланг загнаад байсан. Тэгтэл Баясгалан та нар муусайн пизда нар зайлцгаа гэж хэлээд хүүхдээ хөтлөөд цаашаа явж байгаа харагдсан. Цаашаа явахдаа Баясгалан хадам ээжийгээ пикда, гөлөг гэх мэтээр хараагаад дандаа тэгж байдаг гэж хэлээд байхад нь Хатантуул Баясгалангийн араас чи яахлаараа миний ээжийг ингэж доромжилж байдаг юм бэ гээд араас нь хашгираад хэлсэн чинь Баясгалан эргэж хараад Хатантуул руу газраас чулуу аваад шидсэн. Тэгээд гүйж ирээд Хатантуулыг барьж аваад газар саваад унагаж байгаа харагдсан. Тэгээд Хатантуул Баясгалан нар бие бие рүүгээ чулуу шидэлцээд байсан. Гэтэл нэг харсан чинь Дарьсүрэн нэг хүүхэд тэвэрчихсэн машинаас буугаад ирсэн харагдаж байсан. Яг хэн нь хэн хэнийгээ хаана нь юугаар цохьсон талаар би хараагүй. Машиндаа бензин авах гээд зогсож байх хооронд л ийм асуудал болсон. Гэхдээ би Дарьсүрэн, Хатантуул нарыг машинд суулгаад хөдлөх гэхэд Баясгалангийн баруун хацрын хавиас цус гарчихсан байсан. Мөн Дарьсүрэн машин дотор орж ирээд суугаад толгой руу чулуутай гараараа цохьчихлоо гээд толгойныхоо ар хэсгийг гараараа арчаад гаргаад ирэхэд гар нь цус болсон харагдсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 дугаар хуудас /

 5. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 179 тоот дүгнэлт: Д.Дарьсүрэнгийн биед толгойд зүүн талын дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч а/д Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 35 хуудас/

6. Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 180 тоот дүгнэлт: Б.Баясгалангийн биед баруун нүдний гадна өнцөгт урагдсан шарх, цус хуралт, баруун нүдний зовхинд, баруун чихний дээд хэсгээр цус хуралт, нуруугаар зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч а/д Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 37 хуудас/

7. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 5-7 хуудас/

8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 52, 58 дугаар хуудас / зэрэг болно.

Иймд шүүгдэгч З.Хатантуул, Б.Баясгалан нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэвч хохирогч Д.Дарьсүрэн нь шүүгдэгч Б.Баясгалантай, хохирогч Б.Баясгалан нь шүүгдэгч З.Хатантуултай шүүхийн шатанд сайн дураар эвлэрч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж эвлэрлийн гэрээг бичгээр үйлдсэн байна.

     Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасныг журамлан шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч З.Хатантуул, Баясгалан нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284,  286,  294, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгин овгийн Зоригтбаатарын Хатантуул, шүүгдэгч Сартуул овгийн Бямбасүрэнгийн Баясгалан нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасныг журамлан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201608000096 дугаарын хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч З.Хатантуул, Б.Баясгалан нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Хатантуул, Б.Баясгалан нарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      О.ОДНЯМАА