Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1969

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЧМ77020465 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, Хувьсгалчдын а-10 гудамж 171 тоотод оршин суух Тайж овогт Нэргүйн Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол улсын иргэн ЦВ66092521 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 110 дугаар байрны 3 тоотод оршин суух Боржигон овогт Жамсранжавын Болормаад холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 5.640.000 төгрөг, хүү 1.692.000 төгрөг нийт 7.332.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Дэлгэрмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Галцацрах, гэрч Д.Урансайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 3 дугаар сарын 24-ны өдөр Н.Дэлгэрмаа би “Очирт тунамал хайрхан” ХХК-ийн “Аялгуу” караоке зочид буудлыг гурван сарын түрээс болох 15.000.000 төгрөг, эд хөрөнгийн барьцаа 2.000.000 төгрөг нийт 17.000.000 төгрөгийг түрээслүүлэгч Ж.Болормаад бэлнээр өгч түрээслүүлэгч Ж.Болормаад бэлнээр өгч түрээслэн ажиллуулсан. Үйл ажиллагаагаа эхлэн явуулж эхэлтэл орлого муу байсан учир түрээсээ ч төлж чадахгүй юм байна гэж түрээслэхээ больсноо хэлтэл түрээс сарын 4.000.000 төгрөгөөр тохирч үйл ажиллагаагаа явуулаачээ гэж Болормаа түүний нөхөр Баатарбямба нар хэлсэн. Түрээсийн гэрээ хийх гэсэн боловч үл хөдлөхийн гэрчилгээгээ удахгүй банкнаас авна тэгэхээрээ нотариатаар орж гэрээ хийнэ гэж хэлсэн. 5 дугаар сард явган хүний зам руу орсон барилгын хэсгийг нураа гэж жилийн өмнө мэдэгдэл өгсөн Нийслэлийн өмчийн газраас хүн ирсэн. Ингээд 6 дугаар сарын 20-нд барилга нураагдах болсон учир бид үйл ажиллагаагаа зогсоон тооцоо нийлж түрээсийн үлдэгдэл 3.000.000 төгрөг, эд хөрөнгийн барьцаа 2.000.000 төгрөг, капитал банкны карт уншигчид орсон 260.000 төгрөг, үйл ажиллагаа явуулж байх явцад төлсөн цахилгааны мөнгө болон өөрсдийн зээлж авсан 380.000 төгрөг нийт 5.640.000 төгрөгийн авлага авахаар болсон. Үүнээс хойш нэг ч төгрөг аваагүй. 2015 оны 3 дугаар сарын 26-нд Болормаатай уулзахад яг хоёр сарын дараа өгнө төлж чадахгүй бол 5.640.000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй буцаан өгнө гэж гэр бичмэл хийж өгсөн. Иймд хариуцагч Ж.Болормаагаас үндсэн мөнгө болох 5.640.000 төгрөг, түүний хүү болох 1.692.000 төгрөг нийт 7.332.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

            Болормаа миний бие “Очирт тунамал хайрхан” ХХК-ийн нэр дээр байрилга байгууламж бариад караоке, паб буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ба улсаас зам руу орсон байна, зам өргөсгөх гэж байгаа тул танайх буулга гээд удаа дараа шаардлага ирж байсан. Гэвч бид нар буулгах юм бол үйл ажиллагаа зогсоод хохирно гэж мэдээд удаа дараа эсэргүүцэж байсан боловч улс нөхөн олговор олгоно гээд өгөөгүй буулгалтын зардлыг л өгсөн. Ингээд түрээсэлж байсан Дэлгэрмаа гэгч өөрийн хүсэлтээр түрээсэлж байсан ба түрээсээ төлж чадахгүй байна гэхлээр нь 1 сар түрээсийн төлбөрийг авалгүй сунгаж байсан. Дэлгэрмаагийн түрээс ч дуусаж гарсан. Би өөрөө улсаас болж хохироод явж байгаа тул Дэлгэрмаагийн нэхэмжилж мөнгийг төлж чадахгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.Дэлгэрмаа нь хариуцагч Ж.Болормаагаас түрээсийн гэрээний үүрэгт 5.640.000 төгрөг, хүү 1.692.000 төгрөг нийт 7.332.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “Очирт тунамал хайрхан” ХХК-ийн “Аялгуу” караоке, зочид буудлыг 3 сарын хугацаатай түрээслэхээр Ж.Болормаатай харилцан тохиролцож түрээсийн төлбөрт 15.000.000 төгрөг, барьцаанд 2.000.000 төгрөг нийт 17.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдлын улмаас үлдэгдэл түрээсийн төлбөр 5.640.000 төгрөгийг хариуцагч 2 сарын хугацаанд 2.5 хувийн хүүтэйгээр төлөхөөр баталгаа гаргасан гэх бөгөөд түүнчлэн Ж.Болормааг хариуцагчаар татсан үндэслэлээ “Очирт тунамал хайрхан” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Ж.Болормаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан түүний гараар бичиж өгсөн тодорхойлолтоор нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд мөн, түүнчлэн түрээсийн төлбөрийг хариуцагч Ж.Болормаад хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байна.

Зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч нь “Очирт тунамал хайрхан” ХХК-ийн “Аялгуу” караоке, зочид буудлыг 3 сарын хугацаатай түрээслэхээр түрээсийн төлбөрт 17.000.000 төгрөгийг Ж.Болормаад шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байхаас гадна хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар энэхүү үйл баримтад маргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ... зэрэг нотолгооны хэрэгсэлээр тогтоогдоно” гэж зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг хэлцэл гэнэ” мөн хуулийн 40 дугаар зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зохицуулсан бөгөөд хэдийгээр түрээсийн төлбөр болох 17.000.000 төгрөгийг иргэн Ж.Болормаад хүлээлгэн өгсөн боловч талуудын тайлбараас үзэхэд тэдгээрийн тохиролцоо “Очирт тунамал хайрхан” ХХК-ийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр хүсэл зоригоо илэрхийлжээ.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах ... нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж зааснаар уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь Ж.Болормаа гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр хэрэгт авагдсан хариуцагч Ж.Болормаагийн гараар бичсэн гэх “ Дэлгэрмаа, Галбадрах нарт өгөх 5.640.000 төгрөгийг 11 дүгээр сарын 20-нд өгнө гэж чадаагүй нь үнэн. Энэ мөнгийг энэ хугацаанд өгч чадаагүйгээс 2 сарын дараа төлөхдөө сарын 2.5 хувийн хүүтэйгээр төлье, өмнөх саруудыг 2.5 хувийн хүүтэйгээр тооцох болно” гэсэн тодорхойлолтыг түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор Ж.Болормаад үүрэг үүссэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. /х.х-ийн 7 дугаар тал/

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “Хуульд заасан боловч заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Дэлгэрмаа болон хариуцагч Ж.Болормаа нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байх тул гэрээний үүргийн биелэлтийг иргэн Ж.Болормаагаар гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой аливаа хүсэлтийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч гаргаагүй болно.

Нэхэмжлэгч нь хуулийн этгээдэд холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаанаа шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг шүүхээс 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                      ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ж.Болормаагаас 7.332.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132.300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.ЭНХЖАРГАЛ