Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/990

 

 

                                                 

                                  

      

2021        09        13                                2021/ШЦТ/990

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч А.Ариунаа ,

хохирогч Б.Т-н хууль ёсны төлөөлөгч С.Б,

шүүгдэгч Н.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Н.А-д холбогдох 2103 00000 0226 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 09 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ...........................

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.А нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний 06 цаг 36 минутын орчимд .................. урд замд “Toyota Prius Alpha” маркийн .......... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр ажиллаж байсан тохижилт үйлчилгээний ажилтан Б.Т-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Т-н хагалгааны зардалд 3.200.000 төгрөг, эм тарианы 1.470.000 төгрөг, шүдний 158.000 төгрөг нийт 4.967.620 төгрөгийг төлж барагдуулсан. Ч-д 221.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хохирогч Т нь оюуны хомсдолтой учраас би хууль ёсны төлөөлөгчөөр нь тогтоогдож шүүх хуралдаанд оролцож байна. Сүүлийн хэдэн жил замын цэвэрлэгч хийж байгаа. Ер нь бол хүн юм хий гэвэл хийгээд л байна, өөр айхавтар чадвар байхгүй хүн юм. Тухайн үед осол болсноос хойш эм тариануудыг нь авч өгч, шүдийг нь хийлгэсэн. Толгой нь өдөр бүр өвдөх болсон. Өдөр бүр толгойны эм ууж байгаа. Дух нь цус хуралттай ба энэ нь хавдар болж магадгүй гэсэн. Үүнд нь эмчилгээ хийлгэ гэсэн. Хагалгаанд ороод 7 хонож байна. Үргэлжлүүлээд эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. А цаг хугацаандаа юмаа өгдөггүй нь хэцүү байдаг. Хоёр 7 хоногийн өмнө хагалгааны мөнгө өгсөн. Эмчид үзүүлэхэд нүдний тулгуур яс нь хугарчихсан байна яаралтай нүдний хагалгаанд ор, бусад гэмтлүүд нь яваандаа эдгэхээс өөр арга байхгүй гэж хэлсэн” гэв.

Эрүүгийн 2103 00000 0226   дугаартай хэргээс:

102 тусгай дуудлагын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, /хх-ийн 3 дугаар хуудас/,

2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-12 дугаар хуудас/,

Хохирогч Б.Т-н хууль ёсны төлөөлөгч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би шууд гэрээсээ гараад гэмтлийн эмнэлэг дээр очиход Т машинд мөргүүлсэн гээд нүүр ам нь битүү хавдартай, шокийн байдалтай мөн хамт ажилладаг Чирчмаагийн хамт хоёулаа байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 94 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Т-н“Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д үзүүлсэн бүртгэлийн хуудас, /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай байгууллага өөрийн өмч болох автомашинаа болон зээлийн үлдэгдлийг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Х.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 07 дугаар сарын 24-ний өглөөний 06 цаг 36 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгээд явж байсан хоёр ажилтныг болон хоёр ширхэг хогийн савыг “Тоёота приус” маркийн 97-56 УНС улсын дугаартай машин ирж мөргөсөн байсан... Уг хоёр ширхэг хогийн сав нь нийтдээ 360.000 төгрөг болж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 100 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн үед Т бид хоёр замын хогоо цэвэрлээд хогийн сав минь жаахан холдохоор буцаж ирж хогийн саваа үргэлжлүүлээд цэвэрлээд явж байтал урдаас нэг цагаан өнгийн машин шууд ирээд бид хоёрыг хогийн савтай хамт мөргөсөн. Эхлээд Тыг мөргөсөн дараа нь намайг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Х.У-н бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 124 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Баасанжавын 2021 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 6688 дугаартай: “1. Б.Т-н биед зүүн нүдний ухархайн доод хана, хоншоор ясны зөрүүтэй нийлмэл цөмөрсөн хугарал, зүүн хацрын нум ясны зөрүүтэй хугарал, тархи доргилт, дух, зүүн дээд, доод зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, дух, баруун хацарт цус хуралт, хамар, зүүн хацар, өвдөгт зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

“Арвижих-Эстимейт” ХХК-ний 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/155 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

“Арвижих-Эстимейт” ХХК-ний 18734 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч , цагдаагийн ахмад М.Сүхбаатарын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 167 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 59 дүгээр хуудас/,  

Шүүгдэгч Н.А-ийн ял шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд хууль зөрчөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Н.А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.А нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний 06 цаг 36 минутын орчимд ................ урд замд “Toyota Prius Alpha” маркийн ......... УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг  жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а /.../... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр ажиллаж байсан тохижилт үйлчилгээний ажилтан Б.Т-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.А-ийн шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б, иргэний нэхэмжлэгч Х.У, Б.Б, Ц.Ч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Н.А-ийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Н.А-ийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.А нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Н.А нь хохирогч Б.Т-н эмчилгээний зардалд 4.967.620 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Ч-д  221.000 төгрөгийг тус тус төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Б.Т нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Н.А-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Н.А-д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хохирогч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Н.А-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.  Ялтан Н.А нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Т-т эмчилгээний зардалд 4.967.620 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Ч-д 221.000  төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Х.САНЖИДМАА