Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/63        

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, шүүгч Х.Талгат, Б.Болормаа /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ах,

Иргэдийн төлөөлөгч А.Ж,

Орчуулагч, хэлмэрч Б.А,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-,

Иргэний нэхэмжлэгч С.Е-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч С.Т-,

Гэрч Ө.Е-,

Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Э-, Н.Т-, С.Ч- /цахимаар/,

Шинжээч Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Х.З-, С.Н-, Ж.Э- /цахимаар/, П.Г- /цахимаар/,

Шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х.Б-эд холбогдох эрүүгийн 2013001570121 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1975 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын **дүгээр баг, Х, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.х овогт Х-гийн Б-, регистрийн дугаар ***********,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө согтуугаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ амь хохирогч С.Е-ыг “өөрийнх нь гэрт шээсэн” гэх шалтгаанаар зодож, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас гаргасан мэдүүлэг.

          1. Шүүгдэгч Х.Б-ээс мэдүүлэхдээ “...Улсын яллагчаас уншиж сонсгосон яллах дүгнэлтийг нь эс зөвшөөрч байна. Улсын яллагчийн зүгээс Х.Б-ийн гэрт нь С.Е-  шээсэн гэх шалтгаанаар Х.Б- уурласан гэж байна. Тийм зүйл болоогүй. Би хийгээгүй хэрэгтээ буруутгагдаж, хилсээр хэлмэгдэж байгаадаа харамсаж байна. Би С.Е-ыг гадаа унасан байхад нь гэртээ оруулаад хурхирч байхад нь цагдаагийн байгууллага болон эмнэлгийн тусламж дуудсан. Энэ нь миний иргэний үүрэг гэж бодож байна. Би үүргээ биелүүлсэн. Ө.Е- 7 удаа мэдүүлэг өгөхөд зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Магадгүй Ө.Е- С.Е-ыг цохисон байх. Гэтэл зөвхөн гэр дотор болсон асуудлаар намайг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй.”гэв.

          2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-аас мэдүүлэхдээ: “С.Е- миний ууган хүүхэд юм. Дээд боловсрол эзэмшсэн, их сургуулийг улаан дипломтой төгссөн. Төлөв даруу зантай. Ямар ч хүнтэй үг зөрүүлж байгаагүй. 40 гаруй жил хөршүүдтэйгээ ямар нэгэн байдлаар маргалдаж байгаагүй эвтэй, найртай суудаг байсан. Амьдралын эрхээр архинд орсон асуудал байсан. Эхнэр хүүхэдтэй байсан боловч эхнэр хүүхэд нь явснаас хойш тэрнээс болж хааяа архи ууж ирдэг байсан. Архи уухаараа 2-3 өдөр байхгүй болчихдог. Ха байсан талаар асуухад архи ууснаа танд харуулмааргүй байна, таныг зовоомооргүй байна гэж хэлдэг байсан  тул хааяа загнаж, бас өрөвддөг байсан. Хүү маань 2020 оны 4 дүгээр сарын 8-нд Х.Б-т зодуулсны улмаас 2020 оны 4 дүгээр сарын 10-нд нас барсан. Би сэхээн амьдруулах тасагт хүүгээ сахиж байсан. Тэр үед өөр нэг харвалт өгсөн хүнийг эмчлэхээр Улаанбаатар хотоос эмч  ирнэ гэхээр нь эмч нарт “Би хүүхдээ хагалгаанд оруулмаар байна. Ядаж тэргэнцэрт суусан ч амьд сэрүүн байвал хангалттай”  гэж хэлэхэд хагалгаанд оруулъя гэсэн. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр мэдрэлийн эмч нар, орлогч дарга М, Улаанбаатар хотоос ирсэн эмч нар зөвлөгөөн хийгээд 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өглөө хагалгаанд оруулахаар боллоо гэж хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өглөөний 4 цагийн үед бага хүүхэд маань Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд эмч нар үсийг нь хусаарай гэж хэлсний дагуу үсийг нь хусаж байхад толгойны дагз хэсэг нь хөхөрсөн байна гэж надад хэлэхэд нь гадны нөлөөтэй, зодуулсан гэдэг нь үнэн байна гэж бодсон. Тэгээд хотоос эмч ирээд энэ хүн хагалгаа даахгүй, биеийн байдал нь гайгүй болох юм бол хагалгаанд оруулна. Гэхдээ хөл дээрээ босож чадахгүй гэхээр нь тийм байсан ч хамаагүй амьд байвал болоо гэж хэлсэн. Тэгж байтал тухайн өдөр орой 21 цаг 30 минутын үед хүү маань нас барсан. Тэгээд хүүхэд маань нас барснаас 6 сарын дараа Х.Б- гэх энэ залуу эгч хүргэн ахын хамт манайд гашуудал илэрхийлэхээр ирсэн. Тухайн үед хүүхдээ алдаад гашуудаад сууж байхад илүү, дутуу юм хэлээгүй. Та нарын хооронд ямар асуудал болсныг би мэдэхгүй. Ямар нэгэн өс хонзонгийн асуудал байгаагүй. Хүү маань архи уудаг байсан ч хэн нэгэнд муу юм хийж байгаагүй, цайлган сэтгэлтэй хүн байсан гэж хэлж байсан. Хүүгээ нас барснаас хойш би сэтгэл санаагаар унаж өвчтэй болсон. Өмнө нь эрүүл мэнд сайтай, ямар нэгэн газарт өөрөө явган явчихдаг байсан. Энэ хүүхэд маань хүний гарт амь алдсанаас хойш сард 2 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг болсон. Өвөлжингөө эмнэлэгт байсан. Одоо хүртэл хөл дээрээ арай гэж тогтож байна. С.Е- миний тээж төрүүлсэн ууган хүүхэд. Ядаж хүн чанар гаргаж, нэг ч удаа ирээгүй. Тэрэнд нь маш их гомдолтой байна. Хүн хүнийг өшиглөх нь битгий хэл гэрт байгаа нохойгоо хүртэл өшиглөдөггүй биз дээ. Маш их гомдолтой байна. Уучлахгүй. Энгийн нүдээр харж, эрүүл уХаар бодсон ч хэн зодсон гэдэг нь тодорхой байна. Эх хүний зүрх мэдэрч байгаа” гэв.

3. Иргэний нэхэмжлэгч С.Е-аас мэдүүлэхдээ: “ ...Ах маань архины хамааралтай, тодорхой хугацаанд архи уугаад явчихдаг байсан тул эмнэлэгт байна гэхээр нь архины хордлого болсон байх гэж бодсон. Тэгээд ахыг эмнэлэгт муу байна гэхээр нь Улаанбаатар хотоос яаралтай гараад маргааш өглөө нь 4 цагийн үед орж ирсэн. Гэрт ирээд юмаа тавьчхаад эмнэлэг рүү очиход ах маань халуураад, уХгүй хэвтэж байсан. Тэгээд эмч нартаа яриад хагалгаанд оруулахаар болоход, бэлтгэлийг нь базааж, үсийг нь хусаарай гэж хэлсэн. Би гаднаас татуурга авч ирээд үсийг нь хусаж байтал зүүн талын чихний хойд хэсгээрээ гурвалжин хэлбэртэй юманд цохиулсан уу гэмээр улаан хүрэн өнгөтэй толбо үүссэн байсан. Байдлыг харж байхад амьсгал нь давчдаад хүнд байсан. Баруун талын гуя, гар хурууны хэсгээрээ арьс нь шалбархай, нүдний зовхи хэсгээрээ хөхөрсөн байсан. Тэгээд Улаанбаатар хотоос ирсэн эмчтэй уулзахад дотроо цус алдалттай, биеийн байдал нь хүнд байна. Хагалгааны явцад нас барах магадлал их байна. Хагалгаанд оруулах боломжгүй гэж хэлсэн. Эмчээс гуйгаад амь насыг нь аврах ямар нэгэн арга байна уу гэж асуухад ямар ч арга байхгүй гэж хэлсэн ба тэр өдрийн орой ах маань нас барсан. Ах бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан байгаагүй. Архи уудаг болохоор нь уурлаж, загнадаг байсан маань үнэн ч хэзээ ч ахыгаа зодож хөөж байгаагүй. Бид  бие биедээ эрхэлж, наадаж өссөн төрсөн ах дүүс. Би өөрөө айлын бага тул ах маань надад сайн байдаг. Бид анх удаа ийм асуудалтай тулгараад сэтгэл санааны дарамтад ороод байж байхад ээж маань надад “энэ хүмүүсийг заавал шийтгэх гээд, шорон руу явуулах гээд хэрэггүй, ирээдүйд юу болохыг мэдэхгүй” гэж хэлдэг байсан ч Х.Б- биднийг хүн гэж үзээгүй. Гэхдээ түрүүний шүүх хуралдаанаар Х.Б- сонин сонин юм ярьсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар ч гэсэн тэрийгээ ярьж байна. Миний ах хэчнээн архи уудаг байсан ч  амь насыг нь хэнд ч хэрэггүй мэтээр ярих хэрэггүй. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх нь байгаа юм чинь ахынхаа амийг хуулиар нэхсээр байх болно. Ах маань амь насаа алдсанд нь харамсаж, гашуудаж байна. Шүүх шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Оршуулгын зардалд 7.193.200 төгрөг гарсан байсан. Ах маань амь насаа алдсанаас болж ээжийн маань бие өвдөж, нэг жилийн хугацаанд эмнэлгээр нэлээн явсан. Үүнд 876.507 төгрөгийн зардал гарсан ба баримтыг шүүхэд өгсөн. Мөн сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг нэхэмжилж байгаа.” гэв.

          4. Шинжээч К.Х-аас мэдүүлэхдээ: “...Тухайн үед яагаад амь насыг нь аврах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан бэ гэхээр цаг тухайд нь оношлогдож, эмнэлгийн яаралтай тусламж авсан бол, өөрөөр хэлбэр өндөр зэрэглэлийн клиникийн эмнэлгүүдэд ийм гэмтлүүдийг эмчлэх боломжтой байдаг. Түүнээс биш аймгийн болон сумын төвд амь насыг нь аврах боломжгүй. Өндөр зэрэглэлийн эмнэлгүүдэд ийм төрлийн гэмтлүүдэд арга хэмжээ авах боломжтой, шинжлэх уХ хөгжсөн үе байгаа  гэж ярьсан байгаа. Тархины гэмтэл үүссэний дараа тархинд үүссэн цус хуралтын хэмжээ нь цаг минут тутамд өөрчлөгдөж томорч байдаг. Томорсоор байгаад цусан хураа нь тархийг дарж, амьсгал зүрх судасны төвийг дардаг. Тархинд бүх амьсгал, зүрх судасны төв байдаг. Өндөр зэрэглэлтэй эмнэлгүүдэд тархины ясыг бүтнээр нь аваад мэс засал хийдэг болсон. Тэрэнд нарийн багажууд хэрэгтэй. Аймаг болон сумуудад тийм багаж байхгүй. Цаг тухайд нь оношлогдсон бол амь насыг нь аврах боломжтой.” гэв.

5. Шинжээч Г.Э-аас мэдүүлэхдээ: “...Талийгаач С.Е-ы биед үүссэн гэмтэл нь амь насанд аюутай шинэ гэмтэл байсан. Хуучин гэмтэл тогтоогдоогүй. Талийгаачийн баруун талын 4 дүгээр хавирганы хугарал болон дагзны яс нь зүүнээс баруун чиглэсэн 14 см-ийн урттай ташуу шугаман хэлбэрийн хугарал нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй. Задлан шинжилгээ хийсэн актаас үзэхэд ямар ч хуучин гэмтэл тогтоогдоогүй байсан. Тархинд учирсан байсан хуучин гэмтлүүд эдгэрч болно. Ясны хувьд шугаман хугарал байсан бол эдгэрч болно. Тархины цусан хураа гэмтэл авсан хугацаанаас эхлээд нас барах хүртэл хугацаанд 300мг болсон гэж ойлгож болно. Нас барсны дараа нэмэгдэхгүй. Тухайн үед  С.Е-ы амь насыг аврах боломжгүй байсан.” гэв.

6. Шинжээч Н.Т-гаас мэдүүлэхдээ: “...Тухайн үед шинжээчийн дүгнэлт гаргахдаа бүрэлдэхүүнээрээ санал нийлж гаргасан. Тусгай саналтай, санал зөрөлдсөн асуудал байхгүй” гэв.

7. Шинжээч С.Ч-ээс мэдүүлэхдээ: “..Бусад шинжээчтэй адил саналтай байна.” гэв.

8. Гэрч Ө.Е-гаас мэдүүлэхдээ: “..Х.Б-, С.Е- нарыг танина. 2020 оны 4 сарын 07-ны шөнө Х.Б-ийн гэрт Х.Б-, С.Е- бид гурав хоносон. Би шөнө 3 цагийн үед даараад сэрсэн ба галын өрөөний буйдан дээр Х.Б- бид хоёр, шалан дээр С.Е- унтаж байсан. Тэгээд би гал түлэх гээд Х.Б-, С.Е- нарыг сэрээгээд гражаас мод авах гээд 3-уулаа хамт гарсан. С.Е-ы архи нь гараагүй байсан тул граж хүртэл хоёр тийш гуйвж яваад мод авахаар өвдөглөж суугаад тэндээ хурхираад унтчихаар нь Х.Б- бид хоёр С.Е-ыг өргөж, гражаас гаргаад хана түшүүлж унтуулаад өөрсдөө модоо авч байшинд орж гал түлээд ойролцоогоор 1 цагийн дараа С.Е-ыг гэрт оруулахаар Х.Б- бид хоёр хамт гарахад С.Е- анх бидний унтуулсан газарт хөдлөөгүй, тэр чигтээ унтаж байсан. Тэгээд бид хоёр С.Е-ыг 2 суганаас нь өргөж, чирч гэрт оруулсан. Тэр үед курктик нь суга хэсгээрээ урагдсан байх. Гэрт оруулсны дараа С.Е- өмдөндөө шээчихсэн ба Х.Б- алчуур аваад шээсийг нь арчиж байгаад “Энэ муу Ха шээгээд байгаа юм бэ, гэрээр нэг шээс үнэртүүлчихлээ” гэж хэлээд С.Е-ы хацар луу 2 удаа хүчтэй алгадаж, мөрнөөс нь барьж аваад толгойных нь дагз хэсэг рүү 2 удаа нударгаараа хүчтэй цохисон. Толгой руу нь цохих үед С.Е-ы толгой шаланд давхар цохигдож байсан. Мөн аль хөлөөрөө өшиглөснийг нь сайн санахгүй байна, С.Е-ы нуруу тус газарт хөлөөрөө өшиглөж, мөр лүү нь хэд хэд цохисон, миний мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв.” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2013001570121 дугаартай хэргээс гэм буруугийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. 2020 оны 4 сарын 10-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 9-14-р тал/,

2. Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 15-22-р тал/,

3. Гэрч Ө.Е-н мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 23-26-р тал/,

4. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 28-31-р тал/,

5.Гэрч Ө.Е-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1- дүгээр хавтаст хэргийн 32-34-р тал,

6. Эд мөрийн баримтаар хурааж авсан чулуунд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 36-39-р тал/,

7. Эд зүйлд үзлэг хийсэн тухай 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 40-44-р тал/,

8. Гэрч Ө.Е-гийн  2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг  /1 дүгээр хавтаст хэргийн 54-59-р тал/,

9. Гэрч Ө.Е-гийн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-62-р тал/,

10. Гэрч Ө.Е-гийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-64-р тал/,

11.Гэрч Ө.Е-гийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 84-р тал/

12. Гэрч Ө.Е-гийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 189-р тал/,

13. Гэрч С.Е-ын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-71-р тал/,

14. Гэрч Ж.А-ын 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр тал/,

15. Гэрч Т.А-ийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр тал/,

16. Гэрч Х.Ж-гийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар тал/,

17. Гэрч Ц.Т-ын 2020 оны 4 сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-92-р тал,

18. 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон түнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 98-104 тал/,

19. 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №13 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 109-110, 131-133 дугаар тал/,

20. 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 33 дугаартай тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 124-128 дугаар тал/,

21. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  шинжээч эмч Е.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 134-135-р тал/,

22. Криминалистикийн шинжээч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 136-137-р тал/,

23. Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц гэм судлалын №09 дугаартай магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дүгээр тал/,

24. Сэжигтэн Х.Б-ийн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 161-163-р тал/,

25. С овогтой Е-ы 2020 оны 04 дүгээр сарын 08-аас 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 176-195-р тал/,

26. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Х.Б-ийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар тал/,

27. 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч Х.Б-ийн хашаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 62-66 дугаар тал/,

28. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 16-35-р тал, 3 дугаар хавтаст хэргийн 235-236-р тал/,

29. 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шүүх сэтгэцийн 16 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 94-95 дугаар тал/,     

30. 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай 5/24 дугаартай прокурорын тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 135 дугаар тал/,

31. Иргэний нэхэмжлэгч С.Е-ын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 183-184 дүгээр тал/,

32. Гэрч М.А-гийн 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 186 дугаар тал/,

33. Гэрч С.С-ын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 187 дугаар тал/,

34. Гэрч Д.Х-ын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 197 дугаар тал/,

35. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээний нэмэлт дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 200-204 дүгээр тал/,

36. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-ы 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

37. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №1315 дугаартай дахин шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 27-36 дугаар тал/ зэргийг,

Шүүгдэгч Х.Б-ийн хувийн байдлын талаар:

1. Шүүгдэгч Х.Б-ийн хувийн байдлын талаар Гэрч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-96-р тал/,

2.Шүүгдэгч Х.Б-ийн Т банк болон Х банк дахь дансны хуулгуудын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 222-226, 232-р тал/,

3.Иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 235,239-р тал/,

4.Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, ял шийтгэлгүй гэж тэмдэглэсэн, /1 дүгээр хавтаст хэргийн 240-р тал/,

5.Шүүгдэгч Х.Б-ийн өмчлөлийн Өлгий сумын 3-р багт байрлах, гэр бүлийн хэрэгцээний 0.05 га газрын гэрчилгээний хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 243-244-р тал/,

6. Шүүгдэгч Х.Б-ийн хувийн байдлын талаар гэрч С.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 72-73-р тал/,

7. Х.Б-ийн хувийн байдлын талаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн Засаг дарга М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75-76-р тал/,

8. Х.Б-ийн хувийн байдлын талаар гэрч Д.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 77-78-р тал/,

9.Шүүгдэгч Х.Б-ийн хувийн байдлын талаар гэрч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн засаг дарга Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-80-р тал/,

10. Шүүгдэгч Х.Б-ийн “Санхүүгийн менежмент” мэргэжлийн бакалаврын дипломын хуулбар, Хүмүүнлэгийн уХы их сургуулийн магистрын дипломын хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 17-20-р тал/,

11. Шүүгдэгч Х.Б-ийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбарууд, өвчний түүхийн хуулбарууд /3 дугаар хавтаст хэргийн 21-88-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, хууль зүйн дүгнэлт:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Б-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Х.Б-ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х- гэм буруугийн шүүх хуралдаанд  төрсөн хүү С.Е-ыг нь шүүгдэгч Х.Б- зодож амь насыг нь хохироосонд маш их гомдолтой байгаагаа илэрхийлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг төлбөрийг бүрэн гаргуулахаар нэхэмжилснийг түүний өмгөөлөгч С.Т- дэмжин,  шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Иргэний нэхэмжлэгч С.Е- гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Б- төрсөн ах С.Е-ыг зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулан  амь насыг нь хохироосонд маш их гомдолтой байгаагаа илэрхийлж, хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх, нэхэмжилсэн хохирлыг бүрэн гаргуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Х.Б- нь гэм буруугийн талаар маргаж, амь хохирогч С.Е-ыг зодоогүй, С.Е- нь хувийн байдлын хувьд байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, орон гэрээсээ хөөгдөж, хонох газаргүй, гадуур тэнэмэл амьдралтай байсан учраас манайхаар ирж хооллож, хонож өнжөөд явдаг байсан. Заримдаа намайг байхгүйд манай хашаанд хүйтэнд ч гадаа унтчихдаг байсныг хүмүүс мэднэ. Түүнийг байнга архи уулаа гэх шалтгаанаар ээж, дүү нар нь хөөж, зодож гэртээ оруулдаггүй гэж С.Е- өөрөө надад хэлж байсан. Надад С.Е-ыг зодох, амь насыг нь хохироох шалтгаан байхгүй. Тэр урьд өмнө нь согтуу байхдаа унаж, толгойдоо гэмтэл авч байсан бөгөөд тэр шалтгаанаар групп авч байсан талаар өөрөө надад хэлж байсан. Хэрэв өөрөө надад хэлээгүй байсан бол би тэр талаар мэдэхгүй байх байсан. Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа Ө.Е- энэ хэрэгт холбоотой бөгөөд хэргээс мултрахын тулд намайг гэмт хэрэгт гүтгэж байгаа тул Ө.Е-г энэ хэрэгт холбогдуулан шалгаж өгнө үү” гэх тайлбар, хүсэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н гэм буруугийн шүүх хуралдаанд  шүүгдэгч Х.Б-ийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б-ийг шууд хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломжгүй, хэрэгт нотолвол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, тухайлбал амь хохирогч С.Е- түлээ авахаар хоёр хөлөөрөө гарч явчихаад буцаж орж ирэхдээ яагаад чирүүлж орж ирэх болсон, хэзээ уХ алдсан, ямар учраас хурхирах болсон, хэзээ тархиндаа үхэлд хүргэх гэмтэл авсан асуудлыг тогтоогоогүй, амь хохирогч гадаа байхдаа уХ алдаж, чирүүлж орж ирсэн байгаа, тэгэхээр хурхирсан асуудлыг судлах байсан, учир нь тархиндаа гэмтэл авсан хүн хурхирдаг, шээс алддаг гэдгийг бид практикаараа мэддэг. Энэ асуудлыг шалгаагүйд гомдолтой байгаа. Гэрч Ө.Е-гийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд ноцтой зөрүүтэй, анх мэдүүлэхдээ Ө.Е- Х.Б-ийг амь хохирогчийн дагзанд цохисон гэж хэлээгүй, үүнийг шинжээчийн дүгнэлт гарсны дараа мөрдөгч гэрч Ө.Е-гаар хэлүүлж авсан. Мөн анх мэдүүлэг өгөхдөө Ө.Е- амь хохирогчийг гэрт биш гадаа шээс алдсан, гэрт ороод үнэртсэн, С.Е- огт сэрээгүй, цохисны дараа хурхираад чичрээд унтаж байсан гэдэг. Тэгэхээр амь хохирогч түлээ авахаар гараад өвдөглөж суугаад чулуун дээр унаж дагзны ясны хугарал гэмтлийг авсан байх боломжтой. Тухайн үед гадаа хүйтэн байсан, тэгэхээр хүйтэнд хурхирч унтдаг хүн гэж байхгүй. Амь хохирогчийг тасарсан байдалтай унтаж байсан гэдэг ч гүн согтолттой байсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр огт тогтоогоогүй. Түүнчлэн амь хохирогчийн явсан маршрутыг тогтоогоогүй, өмнө нь согтуу явж байгаад унаж, тархиндаа гэмтэл авч, группэд байсан талаар хэрэгт авагдсан өвчний түүх, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа. Мөн хохирогч тархиндаа гэмтэл авсан ч амь аврагдах боломжтой байсан гэх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд зүйлчлэл буруу гэдэг нь тогтоогдож байна. Амь хохирогчийн хавирга хугарсан нь үхлийн шалтгаан болоогүй, энэ хэрэгт гэрч Ө.Е-гийн оролцоо байгаа эсэхийг огт шалгаагүй. Шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй. Ийм учраас хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-н гэм буруугийн шүүх хуралдаанд мөн шүүгдэгч Х.Б-ийн гэм буруу, зүйчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж, амь хохирогч шөнө түлээ авахаар гарч яваад гадаа унаад тэр чигээрээ уХ орохгүй гэрт чирүүлж орж ирээд эмнэлэгт хүргэгддэг. Шүүгдэгч Х.Б-ийн мэдүүлгээр талийгаачийг гадаа уХ алдсан байхад Ө.Е-гийн хамт хоёр талаас нь өргөж сугадан гэрт  оруулж ирсний дараа шээсэн учраас цохисон асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл амь хохирогчийг аль хэдийнээ уХгүй болсны дараа Х.Б-ийн үйлдлүүд хийгддэг. Амь хохирогч тархины хууч өвчинтэй байсан нь хэрэгт авагдсан түүний өвчний түүхээс тодорхой харагддаг. Тэгэхээр тухайн үед хууч өвчин нь сэдэрч газарт  уХ алдаж унаж гэмтэл авсан байх боломжтой байхад үүнийг шалгаагүй. Шүүгдэгч Х.Б-д амь хохирогч С.Е-ыг алах санаа зорилго байхгүй, гэмт хэргийн сэдэлт  тогтоогдохгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна. Үнэхээр Х.Б-ийн цохисон үйлдлийн улмаас амь хохирогч тархиндаа гэмтэл авсан гэж үзвэл түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл буюу болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй. Гэхдээ хэрэгт нотолвол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй байгаа учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Г- гэм буруугийн шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн талаар маргаж, прокурор яллах талыг барьж, шүүгдэгч Х.Б-ийг анх энэ хэрэгт  сэжигтнээр мэдүүлэг өгөхөд оролцож хууль зөрчсөн. Дараа нь уг мэдүүлгийг Х.Б-ийн эсрэг нотлох баримт болгон ашиглаж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн гүйцэд тогтоогдоогүй. Тухайлбал гэрч Ө.Е- мэдүүлэхдээ “шүүгдэгч Х.Б- амь хохирогч С.Е-ыг цохиж байгаа дуу чимээ гэр дотроос чанга сонсогдож байсан” гэдэг. Мөн гэрч Ө.Е- мэдүүлэхдээ  “Би гэрт буйдан дээр хэвтэж байгаад Х.Б- С.Е-ыг цохиж байхад нь очиж салгасан” гэж зөрүүтэй мэдүүлдэг.Тухайн үед шүүгдэгч Х.Б- нь С.Е-ыг зодож байхад  Ө.Е- хажууд нь байсан юм шиг мэдүүлсэн хирнээ дараагийн мэдүүлэгтээ гэр дотроос чанга сонсогдож байсан гэхээр түүнийг гадаа байсан гэж үзэхээр байгаа. Тэгэхээр амь хохирогчийг Х.Б- цохисон гэж мэдүүлж байгаа Ө.Е-гийн мэдүүлэг ийм байдлаар зөрүүтэй байгаа учраас үнэн зөв эсэхэд эргэлзээ төрж байна. Ийм учраас хэргийг мөрдөн байцаалтад буцааж нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотолсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Нотолбол зохих асуудлуудыг нэмэлт ажиллагаагаар бүрэн гүйцэд шалгасан ч шүүгдэгч Х.Б-ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтойг шүүх анхаарч үзнэ үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э- “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаж байгаа. Хэрэгт амь хохирогчид учирсан гэмтэл, үхлийн шалтгааныг тогтоож, 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа, өнөөдөр 4 шинжээч шүүх хуралдаанд оролцож байна, шинжээч К.Х-ын гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байгаа, учир нь амь хохирогчид учирсан гэмтлийг зэргийг хүнд, хөнгөн гэх зэргээр үндэслэлтэй тогтоосон, мөн дагзны ясны хугарал гэмтлийн улмаас цусан хураа нэмэгдсээр задлан шинжилгээ хийх үед 300 мг болсон, тухайн үед амь насыг нь аврах боломжтой гэсэн дүгнэлтийг шинжээч К.Х- гаргасан. 300 мг цусан хураа эмчилгээний явцад үүссэн байдаг, тэгэхээр тухайн үед эмчилгээг зөв хийсэн эсэхийг тогтоогоогүй. Хэрвээ амь насыг нь аврах боломжтой байсан бол хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д  зааснаар зүйлчлэх ёстой. Хэргийн газарт үзлэг хийхдээ тавилгад ач холбогдол өгөөд байснаас биш хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлыг тогтоогоогүй.Тухайлбал гэрч Ө.Е- Х.Б-ийг амь хохирогчийн толгойг шалтай хавсраад цохисон гэдэг, тэгэхээр тухайн шал нь ямар байсан, паркет байсан уу,  хохирогч Ха байсан, яаж гэмтэл авсан, Ха шээсэн талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтээс харагддаггүй. Талийгаачид учирсан хөнгөн гэмтлийг хэн учруулсныг мөн тогтоогоогүй, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Е-г энэ хэрэгт холбогдуулан огт шалгаагүй, энэ асуудлыг орхигдуулсан, шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй, амь хохирогч өмнө нь тархины яс хугарсан гэмтэлтэй энэ оношоор групп авч байсан нь тогтоогдсон байгаа. Амь хохирогчийн 2015 онд авсан тархины гэмтэл нь бүрэн эдгэрсэн байсан юм бол яагаад группийг нь сунгаад байсан асуудлыг шалгаж тогтоогоогүй. Түүнчлэн энэ талаар мэдүүлэг өгсөн гэрч А, С нарын мэдүүлэг хууль зөрчсөн, учир нь эдгээр гэрчид шинжээчийн дүгнэлт уншуулж байгаад уг дүгнэлтийн талаар мэдүүлэг авсан, хуульд зааснаар дүгнэлт гаргасан шинжээч л дүгнэлтээ тайлбарлах ёстой. Гэрч Ө.Е-гийн 5 удаагийн мэдүүлэг бүгд зөрүүтэй. Ө.Е- бол тухайн үед согтуу байсан гэрч, үнэн зөв мэдүүлж байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ хэрэгт Ө.Е-гийн оролцоо байсаар байхад нэг талыг барьж шалгасан байдаг. Ийм учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, Ө.Е-г шалгах, мөн амь хохирогчид эмнэлгийн тусламж зохих ёсоор үзүүлсэн эсэхийг тогтоож, зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцсэн болно.

Иргэдийн төлөөлөгч А.Ж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:”Миний бие А.Жанат нь Х.Б-эд холбогдох эрүүгийн хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцож, шүүгдэгч Х.Б-ийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргав. Яагаад гэвэл миний ойлгосноор гэрчийн өгсөн мэдүүлэг, шинжээч нарын өгсөн мэдүүлэгт үндэслэж үзэхэд Х.Б-ийн хэлж байгаагаар гэрчээр оролцож байгаа Ө.Е- буруутай гэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нас барсан С.Е- болон Ө.Е- нарын хооронд ямар нэгэн маргаан гарсан асуудал байхгүй байна. Тийм учраас Х.Б-ийг гэм буруутай байна гэж үзлээ. Шүүхээс хэргийг хууль журмын дагуу шийдвэрлэнэ үү” гэв.

Шүүгдэгч Х.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-ны өдөр  шилжих шөнө согтуугаар тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрт амь хохирогч С.Е-ыг “гэрт шээлээ” гэх шалтгаанаар толгойны ар дагз тус газарт нь гараараа 2 удаа цохисны улмаас С.Е-ы дагзны яс хугаран, гавал тархины битүү гэмтэл учирч нас барсан буюу Х.Б- нь “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 9-14-р тал/,

- Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 15-22-р тал/,

- Шүүгдэгч Х.Б-ийн  биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 28-31-р тал,

- Амь хохирогч С.Е-ы тухайн үед өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тухай 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 40-44-р тал/,

- Гэрч Ө.Е-гийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Даараад нэг  сэрэхэд  шөнийн 01 цаг болж байсан ба үүдний зуухтай өрөөний буйдан дээр Х.Б- бид хоёр, харин С.Е- шалан дээр унтаж байсан. Байшин хүйтэн, гал түлэх хэрэгтэй байсан тул би Х.Б-, С.Е- хоёрыг сэрээгээд гурвуулаа хамт гадагшаа гарсан. Тэдний граж дотор түлээ байсан бөгөөд бид 3 мод авч байтал талийгаач С.Е- нь өвдөглөж суугаад мод авч байгаад хажуу тийшээ гражны ханыг түшээд унтаж эхэлсэн. Тэгэхээр нь Х.Б- бид хоёр С.Е-ыг гадаа үлдээгээд өөрсдөө мод авч гэрт оруулаад хэсэг хугацааны дараа С.Е-ыг сэрээж гэрт оруулахаар очиход тэр сэрэхгүй байхаар нь түүнийг чирээд Х.Б-ийн гэрт оруулаад шалан дээр хэвтүүлсэн. С.Е- нь хурхираад унтаж байсан ба өмдөндөө шээс алдаж, шээс үнэртэж байсан. Х.Б- тэр үед “гэрт шээс үнэртчихлээ” гэж хэлээд С.Е-ыг сэрээхээр түүний нүүр хэсэг рүү 2-3 удаа алгадаж, дараа нь дагз болон мөр хэсэг рүү нь хэд хэдэн удаа алгадаж, нуруу хэсэгт нь өшиглөсөн. Х.Б-ийн С.Е-ыг алгадсан дуу гэр дотор хүчтэй дуугарч сонсогдож байсан. Дараа нь түүнийг тавиад толгой, дагз руу нь бас хүчтэй алгадаад мөр лүү нь хэд хэд цохисон. Х.Б- тухайн үед  “энэ муу архичин, гэрээр дүүрэн шээс үнэртүүлчихлээ, гэрээс гаргах хэрэгтэй гэх мэт зүйл ярьж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59-р тал/,

- Гэрч Ө.Е-гийн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... С.Е-ыг байшинд оруулаад буйдангийн доод хэсэг, үүдний урд хэсэгт шалан дээр хэвтүүлсний дараа С.Е- өмдөндөө шээгээд шалаар нэг шээс болсон. Тэр  үед Х.Б- уурлаад “энэ муу Ха шээгээд байгаа, шээс үнэртчихлээ” гэж хэлээд эхлээд алчуур аваад шээсийг арчиж байснаа С.Е-ыг барьж аваад хацар луу нь хүчтэй хоёр удаа алгадаж авсан. Дараа нь С.Е- босохгүй байхаар нь нударгаараа С.Е-ы толгойн дагз хэсэг рүү хоёр удаа цохиж, баруун хөлөөрөө талийгаачийн нуруу тус газарт нэг удаа өшиглөсөн.Тухайн үед би буйдан дээр хэвтэж байгаад босож, Х.Б-ийг салгаж аваад “Чи тэнэг юм уу, наад хүн чинь согтуу унтаад байна” гэж хэлсэн. ....Байшингаас Х.Б-, С.Е- бид гурав түлээ авахаар хамт гарахад С.Е- нилээн согтуу байсан бөгөөд граж хүртэл хоёр тийш найгаад арай гэж очсон. Тэгээд граж руу ороход С.Е- нь өвдөглөж суугаад түлээ авах гэж байгаад суугаагаараа хажуу тийш хазайгаад хурхираад унтаад өгсөн. Х.Б- бид хоёр түүнийг уг газраас хөдөлгөж, гадаа гаргаж гражны гадаа гарган хана түшүүлж унтуулаад өөрсдөө модоо оруулан гал түлээд дараа нь С.Е-ыг байшинд оруулсан.

... Би Х.Б-тэй найзлаад 4,5 жил болсон болохоор түүнийг өрөвдөөд бодит болсон асуудлыг буюу гараараа хоёр удаа цохисон явдлыг хэлээгүй юм. Харин өнөөдөр бүх үнэнээ мэдүүлж байна. Х.Б- талийгаачийн толгойны ар хэсэгт гараараа цохисон. Тухайн үед гал тогооны гэрэл асаалттай байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 60-62-р тал/,

- Гэрч Ө.Е-гийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С.Е-ыг гэрт оруулаад шалан дээр хэвтүүлэхэд хурхираад унтаж байгаад өмдөндөө шээсний улмаас шээс үнэртэж байсан. Тэр үед Х.Б- “Гэрт шээс үнэртчихлээ, энэ муу Ха шээгээд байгаа юм бэ” гэж хэлээд алчуур аваад шээсийг нь арчиж байгаад С.Е-ыг барьж аваад хацар луу нь 2 удаа хүчтэй алгадсан. Тэгээд С.Е-ыг босохгүй болохоор нударгаараа /зангидсан гар/  С.Е-ы толгойны дагз хэсэг рүү 2 удаа цохиж, нуруу тус газарт нь 1 удаа өшиглөсөн. Би тухайн үед буйдан дээр хэвтэж байгаад босож Х.Б-ийг салгаж авсан. Х.Б-ийн гэр паркетэн шалтай байсан ба Х.Б- нь С.Е-ы мөрнөөс нь татаж байгаад дагз руу нь  2 удаа цохих үед түүний толгой шаланд савсан. Х.Б- С.Е-ы дагз руу 2 удаа цохисны дараа С.Е- хурхираад, чичрээд унтаж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63-64-р тал/,

- Гэрч Ө.Е-гийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би болсон асуудлын талаар урьд өмнө удаа дараа үнэн зөвөөр мэдүүлсэн. Тухайн өдөр Х.Б-ийн байшингаас бид гурав зэрэг гарч түлээ авахаар гражийн хажууд очиж онгойлгон түлээ авах гэж байхад С.Е- суугаа байдалтай унтсан. Түүнээс биш С.Е- нь Х.Б- бид хоёроос өмнө гражны гадаа очоогүй. Гражны гадна, дотор нэлэнхүйдээ чулуутай. Гэвч С.Е- ямар нэгэн байдлаар чулуун дээр унаж бэртээгүй. Түүний унтсан гэх газарт чулуу байхгүй. Гражны урд хэсгээр олон тооны жижиг чулуунуудтай боловч чулууны ач холбогдол энэ хэрэгт байхгүй гэж бодож байна. Бид гурав унтаж байгаад босож гадаа гарсан, бидний хооронд ямар ч маргаан, зодоон болоогүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 84-р тал/,

- Гэрч Ө.Е-гийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “С.Е-, Х.Б- бид гурав гражаас мод авахаар гражны нэг талынх нь хаалгыг нээгээд С.Е- гражны урд талд өвдгөөрөө сөхөрч суугаад хажуу талаараа налаад унтаад өгсөн юм. Тэгэхээр нь бид түүнийг гражны хажуу буланд налуулж суулгаад Х.Б- бид хоёр гэрт орцгоосон. Цаг гаруй хугацааны дараа Х.Б- бид хоёр түүнийг гэрт оруулах гээд гарахад С.Е- анх суусан газраа тэр чигээрээ унтаж байсан. Би Х.Б-тэй нүүрэлдэж мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Би анх энэ хэрэг гарсан өдрөөс эхлэн болсон үйл явдлын талаар бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Нууж хаасан юм байхгүй. Х.Б- бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал ч байхгүй. Би тухайн үед Х.Б- нь С.Е-ыг зодож байхыг харсан цорын ганц гэрч юм. Энэ асуудлаас болоод Х.Б- надад өш санавал хэцүү байна. Би өөрөө гэр бүлтэй хүн учраас өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлын үүднээс нүүрэлдэж мэдүүлэг өгмөөргүй байна.Т руу Х.Б-ийн ах нь холбогдоод Ө.Е-г надад олж өг, утасны дугаарыг нь өг, би түүнийг зүгээр явуулахгүй, үзүүлэх юмаа үзүүлнэ гэх мэт зүйлс ярьсан байсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 189-р тал/,

- Гэрч С.Е-ын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... С.Д- надтай уулзах үеэр надад С.Е-ыг Х.Б- зодсон гэж хэлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би С.Е- ахын гадна биеийг үзэж харахад толгойн зүүн хэсгээр чихний дээд хэсгээр бага зэрэг улайсан байдалтай байсан. Тухайн үед ахад хагалгаа хийх зорилгоор үсийг хусаж авсан байсан. Мөн хэвлийн ард хэсгээр зулгарсан байсан. Эмнэлэгт хүргэгдэн ирэх үед өмсөж явсан хувцсыг нь сольж гэрт хүргэж, гэрт очсоны дараа уг хувцас хунарыг нь ээж маань гаргаж үзэхэд С.Е-ы өмсөж явсан куртик нь баруун талын ханцуй, баруун талын хажуу хэсгээр урагдсан, өмсөж явсан биеийн тамирын өмд нь бөгс, урд хэсгээр шороо болсон байдалтай байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-71-р тал/,

- Гэрч Ж.А-ын 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Миний бие 2020 оны 4 сарын 07-08-нд шилжих шөнө 24 цагийн жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэсэн. 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө ажлаас буухын өмнө 07 цаг 02 минутын үед Цагдаагийн газарт ирсэн Өлгий сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах айлын хашааны дотор үл таних хүн согтуу хэвтэж байна гэсэн дуудлагын дагуу очиход өвлийн байшин байсан ба байшингийн галлагааны өрөөний шаланд үл таних 40 орчим насны эрэгтэй хүн баруун хажуу хэсгээр хэвтсэн байдалтай уХгүй, ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан тул бид тэр хүнийг хөдөлгөхгүйгээр 103-т дуудлага өгсөн. Тэнд уг залуугаас гадна нэлээн таргандуу, бас туранхай өндөр хоёр залуу байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр тал/,

- Гэрч Т.А-ийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Миний бие аймгийн цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч ажилтай юм. 2020 оны 4 сарын 08-ны өглөө 07 цаг 02 минутад ************* залгаж, өөрийгөө Х.Б- гэх хүн байна, манайх 8 дугаар багт оршин суудаг ба манай хашаан дотор согтуу хүн хэвтэж байна гэх дуудлага өгсөн. Ингээд дуудлагын дагуу очиход дуудлага өгсөн гэх залуу, хажуудаа нэг залуугийн хамт халамцуу байдалтай, хашаан дотор хэвтэж байсан гэх залуу хашаан дотор би байшингийн галлагааны өрөөнд зуухны хажуу хэсэгт шалан дээр, баруун хажуу талаараа хэвтсэн байдалтай, уХгүй, ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан. Тэгээд бид тухайн хүнийг хөдөлгөхгүйгээр 103-т дуудлага өгөхөд 07 цаг 31 минутад түргэний эмч ирж үзэж байгаад насолкаар эмнэлэг рүү аваад явсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр тал/,

- Гэрч Х.Ж-гийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө 07 цаг 31 минутад Өлгий сумын 8 дугаар багт байрлах Т гэх хүний гэрийн хажууд байрлах айлд уХгүй хүн хэвтэж байна гэх цагдаагийн албан хаагчийн өгсөн дуудлагын дагуу тухайн газарт би 07 цаг 38 минутанд очиход өвлийн байшингийн галлагааны өрөө байсан бөгөөд зуухны хажууд баруун хажуу хэсгээр, 42 орчим насны эрэгтэй хүн уХгүй, хурхирч хэвтэж байсан ба уг өрөөнд газар хэвтэж байсан уХгүй хүнээс өөр хоёр залуу байсан. Нэг нь таргандуу, нөгөө залуу нь туранхай залуу байсан. Мөн 2 цагдаа залуу зогсож байсан. Ингээд би энэ хүн яасан бэ, Ха байсан бэ гэж асуухад уг айлын эзэн нь гэх туранхай залуу, энэ хүнийг гадаа жорлонгийн хажууд хэвтэж байхад нь гэр лүү оруулсан. Худлаа жүжиглээд хурхирч байна, манай хөрш айлын залуу байна гэж хэлсэн. Тэгээд тухайн хүний биед үзлэг хийхэд биеийн байдал маш хүнд, уХгүй, орчиндоо харьцаагүй, зүрхний авиа тод, хэм жигд, пульс минутад 70 удаа цохиж байсан. Уушги нь хоёр талд цулцангийн амьсгалтай, хэвлий зөөлөн, өмдөндөө шээсэн байсан, хүүхэн хараа хоёр талд жигд нарийссан, гэрлийн урвалгүй байсан. Тэгээд би тухайн хүнийг түргэний машинаар эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг хүргэж, 07 цаг 52 минутад А эмчид хүлээлгэж өгсөн.

... Тухайн хүний бүсэлхийн хэсгээр шалбархайтай, амны орчим бага зэрэг хүрэн өнгийн цус мэт тогтоцтой харагдсан. Амны орчмоор бага зэрэг хүрэн улаан өнгийн цус мэт тогтоц үүссэн байсан. Бөөлжис биш байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар тал/,

-Гэрч Ц.Т- (Улаанбаатар хотын Гуравдугаар эмнэлгийн мэдрэл, мэс заслын тасгийн их эмч)-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт хэвтэж байгаа С.Е-ы биеийн байдалтай танилцаж, биеийг нь үзэхэд маш хүнд тархи хаван ихтэй, дунд бүрдэл баруунаас зүүн тал руу түлхэгдсэн, баруун талын тархины хажуу ховдол дарагдаж, шахагдсан байдалтай байсан тул мэс засал хийх боломжгүй байсан ба тухайн үед сэхээний эмчийн хяналтад байлгаж байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-92-р тал/,

- 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 98-104-р тал/,

- Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн  2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №13 дугаартай “Талийгаач С.Е-ы цогцост гэмтэл учирсан байна. Талийгаач С.Е-ы цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл болох дагз ясны шугаман хэлбэрийн хугарал, тархины баруун тал бөмбөлөг, суурь хэсгийн цусан хураа, баруун талын 4 дүгээр хавирганы хугарал, дагз, зүүн талын нүдний дээд зовхи, зүүн талын шилбэ, баруун талын өвдөгний хэсэг дэх хөх ягаан өнгийн цус хуралт, бүсэлхий зүүн талын ташаа, баруун, зүүн талын өвдөгний хэсэг дэх бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсны доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж нас баржээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /1 дүгээр хавтаст хэргийн 109-110, 131-133 дугаар тал/,

- 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 33 дугаартай тус аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн нилон материалтай, урт ханцуйтай, босоо захтай, хавар намрын цэнхэр өнгийн куртикны баруун мөрний оёдлоос эгц доошоогоо 17.7 см хэмжээтэй гэмтэл, мөн баруун ханцуйны сугыг тойрсон оёдлоороо 18 см хэмжээтэй гэмтэл, мөн баруун суганы доод талын оёдлоос доошоогоо хормойны манжлага хүртэл 33 см хэмжээтэй гэмтлүүд нь гогдогдон татагдах хүчний үйлчлэлээр үүссэн байна.

- Цэнхэр өнгийн куртикны баруун мөрний оёдлоос эгц доошоогоо 17.7 см хэмжээтэй гэмтэл, мөн баруун ханцуйн сугыг тойрсон оёдлоороо 18 см хэмжээтэй гэмтэл нь хуучин гогдогдолтууд, баруун суганы доод талын оёдлоос доошоогоо хормойны манжлага хүртэл 33 см хэмжээтэй гэмтэл нь шинээр үүссэн байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 124-128 дугаар тал/,

- Шинжээч эмч Е.Б-ы 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн” ...Талийгаачийн биед учирсан тархины битүү гэмтэл болох дагз ясны хугарал, хатуу хальсны доорх цусан хураа гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд учирсан байх боломжтой. Талийгаачийн тархинд үүссэн цусан хураа, хугарал нь тархины аль хэсэгт, ямар судас гэмтсэнээс шалтгаалж, шинж тэмдэг нь илэрдэг. Талийгаач С.Е-ы хувьд цусан хурааны /бүлэгнэсэн цус/ хэмжээ нь бага байснаа цус алдалт нь зогсоогүйгээс болж, тархин дахь цусан хурааны хэмжээ томорч, тархи дарагдаж нас барсан байна. Уг хугарал нь шинэ гэмтэл бөгөөд гаднын үйлчлэлийн нөлөөгөөр шууд хугаралт үүснэ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 134-135-р тал/,

 - С овогтой Е-ы 2020 оны 04 дүгээр сарын 08-аас 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүхийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 176-195 дугаар тал/,

- 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Х.Б-ийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар тал/,

- 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр яллагдагч Х.Б-ийн хашаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 62-66 дугаар тал/,

- Сэжигтэн Х.Б-ийн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн өгсөн “...Хэн ч гэсэн гэртээ хүн шээвэл уурлана биз дээ, гэхдээ тэр өмдөндөө шээсний дараа би түүнийг сэрээхээр хацар луу нь хоёр удаа зөөлөн алгадсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээний нэмэлт дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 200-204 дүгээр тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-ы 2020 оны 12 дугаар сарын 08- ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2020 оны 4 сарын 08-ны өглөө хэдэн цагийн үед байсныг санахгүй байна. Хотоос хүү С.Е- залгаж, ах С.Е- аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна, та тийшээ яваад очооч гэж хэлсэн. Тухайн үед бэр маань эмнэлэгт эмчилгээ хийлгэж, би хүүхдийг нь харж байсан болохоор 2 цагийн дараа хүү С.Е- дээр очиход хүү маань хүлээн авахын өрөөнд уХгүй хэвтэж байсан. Намайг очсоны дараа 13 цагийн үед хүүг маань сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлсэн. Тэгээд би хүүгээ сахисан. Тухайн үед ганцаараа яахаа мэдэхгүй хамт сууж байгаад түүний байнга хамт явдаг найз болох С.Д- гэх залуугийн утас руу залгаж, би эмнэлэгт ганцаараа байна, чи С.Е-ыг сахиж өгөөч гэхэд тэр хөдөөнөөс эмнэлэгт үзүүлэхээр ирсэн эгчийгээ дагуулж яваад завгүй байна гэсэн. Тэгж байтал 15 цагийн үед С.Д- надтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээний тасгийн үүдэнд тааралдаж, уулзах үеэр надад С.Е-ыг Х.Б- зодсон байна гэж хэлсэн. Тухайн үед би С.Д-аас С.Е-ыг хэн нэгэн зодсон уу, чамд мэдэж байгаа юм байна уу гэж огт асуугаагүй. Хүүгийн минь биеийн байдал хүнд байсан тул надад С.Д-аас юм асуух сөхөө байгаагүй. Би С.Е-ыг бусдад зодуулсныг мэдээгүй байсан. Би С.Д-аас өөр юм асуугаагүй байхад тэрээр надад С.Е-ыг Х.Б- зодсон гэж хэлсэн. Би С.Е-ыг сахиж сууж байх үед түүний зүүн талын гуя орчим хөхөрсөн байсныг харсан. Би ганцаараа болохоор хамаатнуудын хүүхдүүд болох Хадылыг дуудаж С.Е-ы хажууд сахиулд суулгаад гэрээс хэрэгцээт эд зүйлсийг авахаар очсон. Энэ үеэр С.Е-ы эмнэлэгт хүргэгдэн ирэх үед өмсөж явсан хувцсыг сольж гэрт хүргэж, гэрт очсоны дараа уг хувцас хунарыг нь гаргаж үзэхэд С.Е-ы өмсөж явсан куртик нь баруун талын ханцуй, баруун талын хажуу хэсгээр урагдсан, өмсөж явсан биеийн тамирын өмд нь бөгс, урд хэсгээр шороо болсон байдалтай байсан. Би энэ бүгдийг хараад С.Е-ыг хэн нэг нь зодсон байна гэж бодоод 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цагдаагийн газарт шалгуулахаар хандсан юм. С.Е-ыг хагалгаанд оруулахаар болж дүү Ерханат үсийг нь хусахад түүний толгойны дагзны зүүн хэсэгт хөхөрсөн байсан гэж С.Е- надад хэлсэн. Миний хүү С.Е- эхнэрээсээ салснаас хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсон. Гэхдээ хэнд ч муу зүйл хийж, хүнтэй хэрэлдэж маргалдаж байгаагүй. Маш төлөв даруу зантай хүн байсан. Хүү маань бөөр нь өвддөг, бөөр муутай байсан. Нэлээн эртнээс архи уусан үедээ өмдөндөө шээдэг болсон. Хааяа гаднаас орж ирэхдээ ч өмдөндөө шээчихсэн байдаг байсан. С.Е- бид хоёр нэг өрөөнд амьдардаг байсан тул би түүнийг шээсэн үед хувцас хунар, хөнжил гудсыг нь угаадаг байсан.  Хүү С.Е- унтахдаа маш их хурхирдаг байсан. Заримдаа хурхираад намайг унтуулахгүй болохоор би түүнийг сэрээх гээд татдаг боловч сэрдэггүй, гүн унтдаг байсан. Би Х.Б- гэх залууг зүс танина, ямар нэгэн байдлаар харилцаж байгаагүй, би Х.Б-т маш их гомдолтой байна.Миний хүү хэчнээн архи уудаг байсан ч хүнтэй хэрэлдэж, маргалдаж байгаагүй.Талийгаачийн ажил явдалтай холбоотой гарсан зардлыг миний хүү С.Е- сайн мэдэж байгаа.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №1315 дугаартай (бүрэлдэхүүнтэй) “...Талийгаач С.Е-ы цогцост гавал тархины битүү гэмтэл, дагзны ясанд зүүнээс баруун хэсэг рүү чиглэсэн 14 см-ийн урттай ташуу шугаман хэлбэрийн хугарал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан 300 мл хатуу хальсан доорх цусан хураа, тархины суурь хэсгийн хатуу хальсан дахь цусан хураа, зүүн талын зулай дух суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун талын 4 дүгээр хавирганы хугарал, дагз, зүүн нүдний дээд зовхи, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, бүсэлхий зүүн ташаа, баруун зүүн өвдөгт зулгаралт зэрэг гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаач С.Е- нь гавал тархины битүү гэмтэл, дагзны ясанд зүүнээс баруун хэсэг рүү чиглэсэн 14 см-ийн урттай ташуу шугаман хэлбэрийн хугарал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан 300 мл хатуу хальсан доорх цусан хураа, тархины суурь хэсгийн хатуу хальсан дахь цусан хураа, зүүн талын зулай дух суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдлын улмаас нас баржээ. ...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №13 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...Талийгаач С.Е-ы тархинд үүссэн цусан хураа нь дагз ясны хугаралтай шууд шалтгаант холбоотой байна.” гэх дахин шинжилгээ хийсэн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 27-36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Х.Б-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийн үйл баримт: Шүүгдэгч Х.Б-, С.Е-, Ө.Е- нар нь бие биенийгээ таньдаг, жирийн харилцаа холбоотой хүмүүс байх бөгөөд тэдний хооронд урьд өмнө нь ямар нэгэн өс хонзон, таарамжгүй харьцаа байгаагүй болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс тодорхой байна. 

2020 оны 4 сарын 07-ны өдөр 12-13 цагийн үед гэрч Ө.Е-г гэртээ байхад М.Н- П.Е-ын хамт тэднийд очиж, улмаар Ө.Е-г “манай найзад хань болоод байж байгаач, би гадуур ажилтай байна” гэж хэлсний дагуу Ө.Е-, П.Е- нар М.Н-ийн машинд 0.5 литрийн тал шил архи хувааж уусан. Уг архийг ууж дууссаны  дараа гэрч М.Н- нь П.Е-, Ө.Е- нарт “Н” дэлгүүрээс 0.5 литрийн “Хараа” нэртэй, 1 шил архи авч өгөөд тэднийг шүүгдэгч Х.Б-ийн гэрийн гадна буулгаад М.Н- өөрөө ажилдаа явсан. Гэрч Ө.Е-, П.Е- нар Х.Б-ийн гэрт ороход шүүгдэгч Х.Б-, амь хохирогч С.Е- нар “Амуу буудай” нэртэй архи ууж байсан ба уг архийг Х.Б-, С.Е-, Ө.Е-, П.Е- нар хувааж уусны дараа Ө.Е-, П.Е- нарын авч очсон 0.5 литрийн 1 шил “Хараа архи” архийг ууж, орой 20 цаг өнгөрч байхад П.Е-, Ө.Е- нар шүүгдэгч Х.Б-ийн гэрээс гарч яван, өөр айлд буюу П.Е-ын таньдаг айлд дахин 2 шил архи авч очоод 1 шил архийг нь ууж дууссаны дараа Ө.Е- гарч яваад буцаж Х.Б-ийн гэрт шөнийн 23 цагийн очиход шүүгдэгч Х.Б-ийн гэрт С.Е- нар байсан ба гурвуулаа хамт тэндээ унтаж амарсан гэх үйл баримт гэрч М.Н-[1], Ө.Е-[2], П.Е-[3], шүүгдэгч Х.Б- нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Улмаар шөнийн 03 цагийн үед Ө.Е- сэрж, байшинд хүйтэн байсан тул гал түлэхээр С.Е-, Х.Б- нарыг сэрээж гражаас түлээ авахаар гурвуулаа хамт гарсан ба тухайн үед С.Е- нь согтуу байснаас хоёр тийш найгаж явсаар гражийн үүдэнд очиж мод авахаар өвдөглөн суугаад унтсан тул Х.Б-, Ө.Е- нар түүнийг өргөж гадаа гаргаж гражны хана түшүүлж унтуулаад өөрсдөө мод авч байшинд орж гал түлж, 1 цаг гаруй хугацааны дараа Х.Б-, Ө.Е- нар амь хохирогч С.Е-ыг гэрт оруулахаар очиход тэр анх унтуулсан байрнаасаа хөдлөөгүй тэндээ хурхираад унтаж байсан. Түүнийг Х.Б-, Ө.Е- нар хоёр суганаас нь өргөж байшин руу чирч оруулсан. Амь хохирогч С.Е-ыг шүүгдэгч Х.Б-, гэрч Ө.Е- нар Х.Б-ийн байшинд оруулж ирээд буйдангийн доод хэсэгт, үүдний урд хэсэгт шалан дээр хэвтүүлсний дараа С.Е- өмдөндөө шээсэн. Энэ үед шүүгдэгч Х.Б- “Энэ муу Ха шээгээд байгаа юм, гэрээр нэг шээс үнэртчихлээ” гэж уурлан алчуур аваад шээсийг нь арчиж байгаад С.Е-ыг барьж аваад хацар луу нь хоёр удаа хүчтэй алгадахад амь хохирогч С.Е- сэрээгүй ба шүүгдэгч Х.Б- дахин нударгаараа /зангидсан гар/ амь хохирогч С.Е-ы толгойны дагз хэсэг рүү 2 удаа цохиж, хөлөөрөө нуруу тус газарт нь 1 удаа өшиглөсөн, дараа нь Х.Б- Цагдаагийн байгууллага руу залгаж, “Манайх Өлгий сумын 8 дугаар багт оршин суудаг бөгөөд манай хашаан дотор согтуу хүн хэвтэж байна” гэх дуудлагыг өгснөөр цагдаагийн ажилтан Т.А-, Ж.А- нь 2020 оны 4 сарын 08-ны өглөө 07 цагийн үед шүүгдэгч Х.Б-ийнд очиход Х.Б-ийн байшингийн галлагааны өрөөнд амь хохирогч С.Е- баруун хажуу хэсгээрээ, уХгүй байдалтай, хэвтэж байсан тул түүнийг хөдөлгөхгүйгээр түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгч, яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн. Амь хохирогч С.Е- нь 2020 оны 4 сарын 08-ны өглөө 07 цаг 52 минутын үед эмнэлэгт хүргэгдэн сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 4 сарын 10-ны орой нас барсан гэх үйл баримт гэрч Ө.Е-[4], аймгийн цагдаагийн газрын жижүүрийн жолооч гэрч Ж.А-[5], мэдээлэл хүлээн авагч Т.А-[6], нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Х.Ж-[7] нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогджээ. Амь хохирогч С.Е-ы биед тухайн үед гавал тархины битүү гэмтэл болох дагзны ясанд зүүнээс баруун хэсэг рүү чиглэсэн 14 см-ийн урттай ташуу шугаман хэлбэрийн хугарал, тархины баруун тал бөмбөлөг, суурь хэсгийн хатуу хальсан дахь цусан хураа, зүүн талын зулай дух суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун талын 4 дүгээр хавирганы хугарал, дагз, зүүн нүдний дээд зовхи, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, бүсэлхий зүүн ташаа, баруун зүүн өвдөгт зулгаралт зэрэг гэмтлүүд учирч, С.Е- нь гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсны доорх цусан хурааны улмаас тархи дарагдаж нас барсан болох нь гурван удаагийн шинжээчийн дүгнэлтүүдээр[8] эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл амь хохирогч С.Е-ы тархины дагз яс хугарч, цус алдан, тархинд нь цусан хураа үүссэн байх ба цус алдалт зогсоогүйгээс болж тархинд үүссэн цусан хурааны хэмжээ томорч, улмаар тархи дарагдаж нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийх үед тархины баруун тал бөмбөлгийг хамарсан цусан хураа 300 мл хэмжээтэй байсныг шинжээч тогтоосон байна.

Амь хохирогч С.Е-ы биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон байх ба С.Е-ы биед учирсан гавал тархины битүү гэмтэл, дагз ясны шугаман хэлбэрийн хугарал, тархины баруун тал бөмбөлөг, суурь хэсгийн цусан хураа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2-д заасан амь насанд аюултай, амь тэнссэн байдалд хүргэх хүнд гэмтэл болох нь шинжээч К.Х-ын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр[9] тогтоогдож байна.

Хохирогч С.Е- нь 2021 оны 4 сарын 08-наас 2020 оны 4 сарын 10-ны хооронд Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж, эрчимт эмчилгээ хийлгэсэн байх ба 2020 оны 4 сарын 09-ний өдөр С.Е-ы биед эмч нар хамтарсан үзлэг хийж, тархины дарагдлыг чөлөөлөх хагалгаа хийхээр шийдвэрлэсэн байх боловч 2020 оны 4 сарын 10-ны өдөр Улсын Гуравдугаар төв эмнэлгийн мэдрэл, мэс заслын эмчийн зөвлөснөөр “Хагалгаа хийх боломжгүй” болсон талаар амь хохирогч С.Е-ы “Өвчний түүх”-ийн хуулбарт[10] тэмдэглэсэн, хохирогч С.Е- нь 2020 оны 4 сарын 10-ны орой 21 цаг 40 минутад нас барсан байна.

Ийнхүү хохирогч С.Е-ы амь насыг аврах боломжгүй байсан нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын тасгийн эмч Ц.Т-ын “Нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт хэвтэж байгаа С.Е-ы биеийн байдалтай танилцаж, биеийг нь үзэхэд маш хүнд, тархи хаван ихтэй, дунд бүрдэл баруунаас зүүн тал руу түлхэгдсэн, баруун талын тархины хажуу ховдол дарагдаж, шахагдсан байдалтай байсан тул мэс засал хийх боломжгүй байсан ба тухайн үед сэхээний эмчийн хяналтад байлгаж байсан”[11] гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.Е-ын шүүх хуралдаанд өгсөн: “Би Улаанбаатар хотоос ирсэн эмчтэй  өөрийн биеэр очиж уулзаж гуйгаад, ахыг минь хагалгаанд оруулах, амь насыг нь аврах ямар нэгэн арга байна уу гэж асуухад “дотроо цус алдалттай, биеийн байдал нь хүнд байна. Хагалгааны явцад нас барах магадлал их байна. Хагалгаанд оруулж, амь насыг нь аврах ямар ч  боломжгүй гэж хэлсэн ба тухайн өдрийн орой ахын маань биеийн байдал нь хүндрээд нас барсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын ахлах зэргийн шинжээч эмч  Г.Э-ын шүүх хуралдаанд өгсөн “Амь хохирогч С.Е-ы дагзны ясанд үүссэн 14 см хэмжээтэй шугаман хэлбэрийн хугарал нь шинэ гэмтэл байсан ба гэмтэл авсан хугацаанаас эхлээд нас барах хүртэл цусан хураа бага багаар нэмэгдсээр 300 мг болж, тархи нь дарагдаж нас барсан байна. Нас барсны дараа цусан хураа нэмэгдэхгүй. Иргэн С.Е- нас барсан хэрэгт 2020 оны 11 сарын 24-ний өдрийн 1315 дугаартай дүгнэлтийг бид бүрэлдэхүүнээрээ гаргасан байгаа. Бид бүгдээрээ санал нийлж энэ дүгнэлтийг гаргасан. Тухайн үед хохирогч С.Е-ы амь насыг аврах боломжгүй байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хохирогч С.Е-д учирсан гавал тархины битүү гэмтлийг шүүгдэгч Х.Б- учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болох гэрч Ө.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 5 удаагийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би шөнийн 3 цагийн үед сэрэхэд байшинд хүйтэн байсан ба гал түлэхээр Х.Б-, С.Е- нарыг сэрээж, гражаас мод авахаар гурвуулаа хамт гадагшаа гарсан. Тэр үед С.Е- согтуу, хоёр тийш гуйвж явсаар гражийн үүдэнд очоод мод авахаар өвдөглөөд суухдаа хурхираад унтчихсан тул Х.Б- бид хоёр түүнийг гражаас гаргаж, хана түшүүлж унтуулаад өөрсдөө мод аваад байшин орж гал түлээд 1 цаг орчим хугацааны дараа С.Е-ыг оруулахаар очиход анх байсан газраасаа огт хөдлөөгүй унтаж байсан. Тэгээд Х.Б- бид хоёр С.Е-ыг хоёр суганаас нь өргөж гэр лүү оруулсан ба хоёр хөл нь чирэгдэж байсан. С.Е-ыг байшинд оруулсны дараа тэр өмдөндөө шээж, шалаар нэг шээс болсон. Энэ үед Х.Б- алчуур авч шээсийг нь арчиж байгаад, уурлан С.Е-ыг барьж аваад хацар луу нь 2 удаа хүчтэй алгадахад тэр сэрээгүй ба Х.Б- дахин С.Е-ы дагзанд нударгаараа 2 удаа цохиж, мөр лүү нь хэд хэд цохиж, хөлөөрөө нуруу хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Х.Б-ийн С.Е-ыг цохих дуу чимээ гэр дотор чанга сонсогдож байсан. Х.Б- С.Е-ы мөрнөөс барьж аваад  дагз хэсэг рүү нударгаараа 2 удаа цохиход С.Е-ы толгой шаланд цохигдож савж байсан” гэх мэдүүлгээр нотлогджээ.

Гэрч Ө.Е-гийн мэдүүлэг нь талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон гурван  удаагийн шинжээчийн дүгнэлттэй тохирч байна.

Тухайлбал гэрч Ө.Е- “Х.Б- нь С.Е-ы мөрнөөс барьж аваад толгойны дагз хэсэг рүү гараараа 2 удаа хүчтэй цохиход талийгаачийн толгой шаланд цохигдож савж байсан” гэж мэдүүлсэн ба гурван удаагийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч С.Е-ы толгойны дагзны яс 14 см-ийн урттай, шугаман хэлбэртэй хугарсны улмаас цус алдаж, тархинд цусан хураа үүсэж, уг цусан хураа томорсоор 300 мл хэмжээтэй болж, хохирогчийн тархи дарагдаж нас барсан нь тогтоогдсон,

Мөн гэрч Ө.Е- “Х.Б- амь хохирогч С.Е-ы нуруу тус газарт тавчигтай хөлөөрөө 1 удаа өшиглөсөн, аль хөлөөрөө өшиглөснийг одоо санахгүй байна” гэж мэдүүлсэн ба задлан шинжилгээний дүгнэлтээр хохирогч С.Е-ы баруун талын 4-р хавирга хугарсан гэмтэл учирсан нь тогтоогдсон, мөн мөрдөн байцаалтын шатанд хэрэг учрал болсон өдрөөс хойш 3 хоногийн дараа буюу 2020 оны 4 сарын 11-ний өдөр шүүгдэгч Х.Б-ийн биед үзлэг хийхэд С.Е-ыг өшиглөсний улмаас түүний зүүн хөлийн дээд тал, хөлийн хуруунуудыг хамарсан хөх ягаан өнгийн цус хуралт гэмтэл үүссэн нь тогтоогдсон[12] байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б-ийн зүүн хөлийн тавхайны дээд тал, хөлийн хуруунуудыг хамарсан хөх, ягаан өнгийн цус хуралт гэмтлээс үзэхэд тэрээр амь хохирогчийг тавчигтай хөлөөрөө хүчтэй өшиглөсний улмаас түүний зүүн хөлөнд гэмт хэргийн ул мөр хөхрөлт болж үлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 Амь хохирогч С.Е-д учирсан баруун талын 4 дүгээр хавирга хугарсан гэмтэл нь үхлийн шалтгаан болоогүй ч тухайн цаг хугацаанд шүүгдэгч Х.Б- нь “Гэрт шээлээ” гэх шалтгаанаар хохирогч С.Е-ы бие махбодод халдаж зодсон үйл явдал болсныг хөдөлбөргүй нотолж байна.

Шүүгдэгч Х.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Хэрэг гарахаас өмнө би урьд байдаг хөрш айлаас нүүрс авсан. Тэгэхэд хөл дээрээ нүүрс унагаж гэмтээн хөл хөхөрсөн байсан. Талийгаачийг гэрт оруулж байхад хөл маань өвдөж байна гээд Ө.Е-д хэлж байсан. Мөн талийгаачийг гэрт оруулах явцад хөхөрсөн байсан хөлөө бас шатанд цохичихсон. Тэрнээс болж миний хөл хөхөрснөөс биш би С.Е-ыг өшиглөөгүй” гэж мэдүүлсэн ба түүний энэ мэдүүлэг нь гэрч Ө.Е-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Х.Б-ийн хөлийг урьд нь хөхөрсөн талаар би мэдэхгүй, Х.Б- надад хөл дээрээ нүүрс унагааж гэмтээсэн талаар огт хэлж байгаагүй” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Ийм байдлаар гэрч Ө.Е- нь амь хохирогч С.Е-ыг Х.Б- зодож, үхэлд хүргэх гэмтэл учруулах үед дэргэд нь байсан, болсон явдлыг нэг бүрчлэн үзэж харсан гэрч тул түүний мэдүүлэг нь анхдагч, шууд нотлох баримт болно. Гэрч Ө.Е- нь тухайн өдөр Х.Б-ийн гэрт дахин 23 цагийн үед очих үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хэдэн цагийн үед тэднийд очсоноо санахгүй байна гэж мэдүүлсэн боловч гэрч Ө.Е-г Х.Б-ийн гэрт 3-4 цаг унтаад сэргэсний дараа Х.Б- С.Е-ыг цохисон үйл явдал болсон байх тул Ө.Е-г тухайн үед болсон үйл явдлыг зөв тусгаж ойлгох чадваргүй согтуу байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн гэрч Ө.Е- мөрдөн байцаалтын шатанд 5 удаа болон шүүхийн хэлэлцүүлэгт 1 удаа “Шүүгдэгч Х.Б- нь амь хохирогч С.Е-ы толгойны ар дагз хэсэгт гараараа 2 удаа хүчтэй цохиж, шалтай савж, нуруу хэсэгт нь өшиглөсөн” талаар тогтвортой мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч Ө.Е-гийн мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс амь хохирогч С.Е-ыг гадаа чулуун дээр унаж гэмтэл авсан байж болзошгүй, мөн тэрээр байнгын архи согтууруулах ундааны зүйл  байнга хэрэглэдэг бөгөөд урьд өмнө нь согтуу үедээ унаж, тархиндаа гэмтэл авч, групп авч байсан нь түүний өвчний түүхээс тодорхой харагдаж байна, тиймээс амь хохирогч үхэлд хүргэх гэмтлийг хэзээ, хэрхэн яаж авсныг нарийвчлан тогтоох шаардлагатай, шинжээчийн дүгнэлтүүдэд амь хохирогч С.Е-ы урьд өмнөх тархины гэмтлийн талаар дурдаагүй нь эргэлзээтэй, тархиндаа ямар нэгэн гэмтэлгүй хүн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгож, групп авах боломжгүй, гэтэл С.Е-ы өмнөх тархины гэмтлээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 69 хувиар тогтоож, 5 жил групп авч байсан байдаг, энэ талаар эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын холбогдох хүмүүсийг гэрчээр асууж, тодруулах шаардлагатай, түүний өмнөх тархины гэмтэл нь сэдэрсээр үхэлд хүргэсэн байхыг үгүйсгэхгүй, мөн гэрч С.С-, М.А- нар шинжээчийн дүгнэлтийг тайлбарлаж мэдүүлэг өгсөн нь хууль зөрчсөн тул нотлох баримтаар тооцох боломжгүй, Ө.Е-гийн мэдүүлгүүд зөрүүтэй, тэр тухайн үед согтуу байсан гэрч, энэ хэрэгт Ө.Е-гийн оролцоо байсаар байхад шалгаагүй, хэргийн зүйлчлэл буруу буюу Х.Б-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 байх боломжтой гэж мэтгэлцсэнийг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Тодруулбал амь хохирогч С.Е- нь хувийн байдлын хувьд байнгын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан бөгөөд архи уусан үедээ гүн хурхирч унтдаг, мөн өөрийн мэдэлгүй өмдөндөө шээчихдэг талаар түүний ээж Ш.Х-, төрсөн дүү С.Е- нар мэдүүлсэн ба амь хохирогч С.Е- нь архины хамааралтай байсан нь гэрч А.М[13], Х.Ө[14], М.Б-[15], Ө.Т[16], Е.Х[17], Д.Х-[18] нарын мэдүүлэг болон С.Е-ы эрүүлжүүлэгдэж байсан талаарх баримтууд[19], наркологийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан талаар түүний өвчний түүхийн хуулбарт тэмдэглэгдсэн байдлаар тус тус нотлогдож байна.

Түүнчлэн С.Е-ы “Өвчний түүх”-ийн хуулбар[20] баримтад түүнийг 2015 онд унаж толгойдоо гэмтэл авснаас хойш байнгын хяналтад байдаг талаар тэмдэглэсэн байх ба С.Е- нь гэмтлийн гаралтай тархины цус харвалт оношоор 2015 оноос эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгон тэтгэмж авч байсан нь тогтоогдож байна.

Амь хохирогч С.Е- 2015 оны оны 6 сараас тархины дух хэсгийн баруун тал бөмбөлөгт 1х7,2х2.74 см цус хуралттай, чамархайн яс хугаралттай[21] гэх оношоор хөдөлмөрийн чадвар түр алдалтын хувь хэмжээ тогтоолгон тэтгэмж авч байсан байх боловч энэ гэмтэл нь 2020 оны 4 сарын 07-ны шөнө С.Е-ы тархинд учирсан гэмтэл болох дагзны ясны хугарал буюу гавал тархины битүү гэмтэлтэй холбоогүй болох нь гэрч М.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “С.Е-ы биед 5 жилийн өмнө үүссэн гэмтэл нь тархины эд дотор үүссэн байсан ба 1х7.2х2.4см хэмжээтэй цусан хураа шимэгдэж алга болж тархины эд дотор уйланхай болж үлдсэн байсан, энэ нь хохирогчийн үхлийн шалтгаан болох гаал тархины битүү гэмтэл, хатуу хальсны доорхи цусан хурааны улмаас тархи нь дарагдсан гэмтэлтэй ямар ч холбоогүй юм. Ер нь тархины цус хуралт 1-3 сарын дотор шимэгдэж алга болж, оронд нь уйланхай бий болдог. Амь хохирогч С.Е-ы биед 5 жилийн өмнө үүссэн тархин доторх 1х7.2х2.4см хэмжээтэй цусан хураа нь түүний духны хэсэгт үүссэн байсан. Харин сүүлийн гэмтэл нь түүний тархины дагз хэсэгт үүссэн нь шинжээчийн 13 тоот дүгнэлтээс тодорхой харагдаж байх ба эдгээр нь хоорондоо ямар ч холбоогүй. Түүнчлэн С.Е-ы тархинд үүссэн өмнөх гэмтэл уйланхай болж үлдсэн байсан ба  уйланхай нь амь насанд ямарч аюулгүй юм”[22] гэх мэдүүлэг, гэрч С.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...С.Е-ы тархины эд дотор үүссэн 1х7.2х2.4см хэмжээтэй цус хураа шимэгдэж алга болж тархины эд дотор уйланхай болж үлдсэн байсан, энэ нь хохирогчийн үхлийн шалтгаантай, үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл, хатуу хальсны доорхи цусан хурааны улмаас тархи нь дарагдсан гэмтэлтэй ямар ч холбоогүй юм.”[23] гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул энэ үндэслэлээр хэргийг буцаах, нэмж шалгуулах шаардлагагүй,

Хэрэгт авагдсан гурван удаагийн шинжээчийн дүгнэлтэд амь хохирогч С.Е-ы тархинд урьд үүссэн, хуучин гэмтлийн талаар дурдаагүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Г.Э- “Задлан шинжилгээ хийсэн актаас үзэхэд ямар ч хуучин гэмтэл тогтоогдоогүй байсан. С.Е-ыг үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл нь шинэ гэмтэл байсан.Тархинд учирсан байсан хуучин гэмтлүүд эдгэрч болно. Ясны хувьд шугаман хугарал байсан бол эдгэрч болно” гэж мэдүүлснээс үзэхэд амь хохирогч С.Е-ы тархины дух хэсэгт 5 жилийн өмнө үүссэн цусан хураа шимэгдэж, эдгэрсэн байх боломжтой байх бөгөөд гэмтэл авсан байрлалын хувьд С.Е- 2015 онд толгойны урьд хэсэгтээ буюу  духны хэсэгт гэмтэл авч байсан бол 2020 оны 4 сарын 07-ны шөнө толгойны ард хэсэгтээ буюу дагз ясны хугарал гэмтэл авсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл С.Е-ы 2015 онд тархины дух хэсэг, чамархай ясанд авсан гэмтэл нь түүний үхлийн шалтгаан болоогүй нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

Иймд С.Е- нь 2015 оноос гэмтлийн гаралтай цус харвалт оношоор 5 жил хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоолгож, тэтгэмж авч байсан эсэх, гэмтэл нь эдгэрсэн байх боломжтой байхад эрх бүхий этгээдүүд түүний тэтгэмжийг сунгаж байсан эсэх асуудал нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байна.

Гэрч М.А-, С.С- нараас мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд гэрчүүд нь 2015 онд хохирогч С.Е-ы тархины дух, чамархай хэсэгт үүссэн гэмтлийг эмчилж байсан эмчийн хувьд С.Е-ы тархинд 2015 онд үүссэн цус хуралт нь олон жилийн эмчилгээний үр дүнд шимэгдэн эдгэрч уйланхай болж үлдсэн, уг гэмтэл нь 2020 оны 4 сарын 08-нд С.Е-ы биед учирсан гавал тархины битүү гэмтэлтэй холбоогүй талаар мэдүүлснийг 13 дугаартай шинжээчийн дүгнэлтийг тайлбарлаж, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгдэгч Х.Б- болон түүний өмгөөлөгч нар нь амь хохирогч С.Е-ыг Х.Б-ийн хашааны гражны үүдэнд байсан чулуун дээр унаж гэмтэл авсан байх гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогч С.Е-д учирсан тархины дагз ясны хугарал гэмтэл нь гадны мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл С.Е-ы толгойны дагз ясны хугарал гэмтэл нь чулуун дээр унах үед үүсэх боломжгүй нь шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагдаж байна.

Эдгээрээс дүгнэж үзэхэд амь хохирогч С.Е-д учирсан дагзны ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөг, суурь хэсгийн хатуу хальсан дахь цусан хураа, зүүн талын зулай дух суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун талын 4 дүгээр хавирганы хугарал зэрэг гэмтлүүд нь  2020 оны 4 сарын 07-ны шөнийн 03.00 цагийн үед шүүгдэгч Х.Б- түүнийг “гэрт шээлээ” гэх шалтгаанаар зодох үед учирсан нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байх бөгөөд харин гэрч Е.Ертай амь хохирогч С.Е-ыг зодож гэмтэл учруулсан нь нотлогдоогүй байна.

Гэрч Ө.Е-, С.Е- нарын хооронд тухайн өдөр ямар нэгэн маргаан болсон талаар хэрэгт нотлогдоогүй, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Е-гийн биед үзлэг хийж[24] гэрэл зургаар бэхжүүлсэн байх ба үзлэгээр Ө.Е-гийн биед ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй ул мөр илрээгүй, шүүгдэгч Х.Б- нь гэрч Ө.Е-г энэ гэмт хэрэгт холбоотой гэж тайлбарлах боловч, яг ямар холбоотой болохыг, тухайлбал гэрч Ө.Е- амь хохирогч С.Е-тай маргасан эсэх, биеийнх нь аль хэсэгт юугаар, хэрхэн яаж цохиж гэмтээсэн талаар огт мэдүүлж байгаагүйг дурдах нь зүйтэй.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл болон амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч Х.Б-ийн амь хохирогч С.Е-ыг цохисон үйлдэл болон хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэх ёстой гэж маргасныг мөн хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь хүний тархи нь мэдрэлийн системийн төв эрхтэн бөгөөд тархиндаа хүнд гэмтэл авсан үед тархин дотор цус алдаж, алдагдсан цус нь тархины эд эсийг хавагнуулж, хэвийн үйл ажиллагааг нь ноцтой алдагдуулсны улмаас биеийн бусад эрхтэн системд нөлөөлж, үйл ажиллагаа нь зогсоход хүрдэг байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б- нь  амь хохирогч С.Е-ыг цохиж, толгойны дагзны ясыг хугалсны улмаас амь хохирогчийн тархин дотор цус алдаж, 300 мг цусан хураа үүсэж, уг цусан хураа нь тархины эд эсийг нь хавагнуулан, тархийг нь дарж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулсны улмаас С.Е-ы бусад эрхтэн системийн үйл ажиллагаа зогсож, нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байх ба С.Е-ы тархийг нь дарж, үхэлд хүргэсэн 300 мг цусан хураа нь түүний дагзны ясны хугаралттай шууд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Х.Б-ийн учруулсан гэмтлийн улмаас С.Е- шууд амь насаа алдсан гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн санаатай, илт буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд амь хохирогч С.Е-ы хувьд архи согтууруулан ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, унтаж байх үедээ Х.Б-ийн гэрт өмдөндөө шээсэн нь шүүгдэгч Х.Б-эд таагүй мэдрэмж төрүүлснээс өөрөөр аюултай нөхцөл байдал үүсгээгүй байхад хохирогчийн толгой тус газарт цохиж, шууд үхэлд хүргэх гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.

Хүнийг алах гэмт хэргийн санаа зорилго нь гэмт этгээд хохирогчийн амь насанд аюултай үйлдэл хийж буйгаа ухамсарлах, эсхүл тухайн үйлдэл нь амь насанд аюултай болохыг урьдаас ухамсарлах боломжтой байх шинж тэмдгээр илэрнэ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хохирогчийн гавал ясанд гараараа хүчтэй цохихдоо амь насанд нь аюултай болохыг мэдэх боломжтой байхад цохисныг гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзэх, эсхүл хохирогчийг алах сэдэл байгаагүй гэж үзэх субьектив санаа зорилго үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч Х.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул шүүгдэгч Х.Б-ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг шүүх буруутгахгүй боловч, тухайн мэдүүлгүүдийг үндэслэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, эсхүл түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1 дүгээр хавтаст хэргийн 23-25-р талд гэрч Ө.Е-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл авагдсан ба уг ажиллагааны тэмдэглэлд “Ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах боломжгүй байсан тул албаны Police маркийн дуу дүрсний бичлэг хийж, ажиллагааг бэхжүүлэв” гэж тусгасан боловч дуу, дүрсний бичлэгийг шүүхэд ирүүлээгүй.

Иймд гэрч Ө.Е-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлийг  нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, гэрч С.Д-ы мэдүүлэг болон С.Д-, Ш.Х- нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэрэг нь хэрэгт төдийлөн ач холбогдолгүй байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

 Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч Х.Б-ийн Эрүүгийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон байх тул түүнийг гэмт хэргийн улмаас бусдад хүнд хор уршиг учруулсан гэж үзнэ.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х- нь мөрдөн байцаалтын шатанд талийгаачийн оршуулгад зориулж авсан хувцасны үнэ 297.000 төгрөг, оршуулганд хэрэглэсэн блокны үнэ 76.000 төгрөг, түлээ нүүрсний үнэ 205.000 төгрөг, оршуулгын ажил болон 40 хоногийн үйл ажиллагаанд хэрэглэсэн сүүний үнэ 375.000 төгрөг, 2 уут гурилны үнэ 110.000 төгрөг, хаяг, хавтангийн үнэ 400.000 төгрөг, оршуулгын үеэр болон 40 хоногийн үйл ажиллагаанд зарцуулсан хүнсний зүйлийн үнэ 1.771.300 төгрөг, буяны ажилд зориулан авсан адууны үнэ 1.300.000 төгрөг, оршуулгын үйл ажиллагаанд хэрэглэсэн 5 хонины үнэ 825.000 төгрөг, 3 хонины үнэ 480.000 төгрөг, бензин бусад зардалд 610.807 төгрөг, амь хохирогчийн КТГ-н төлбөр 95.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-ы “Парасат”  төвд хандан сэтгэл зүйн оношлогоо хийлгэсэн төлбөр 20.000 төгрөг, И-д олгосон 1 хонины үнэ 165.000 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөг, шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х- нь гэмт хэргийн улмаас хүүгээ алдаж, сэтгэл санаагаар хохирч, эмчилгээ хийлгэсэн зардал 876.507 төгрөг нийт 38.106.614 төгрөг нэхэмжилсэн байна.

Үүнээс гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 30.000.000 (гучин сая) төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, И-д өгсөн 1 хонины үнэ 165.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-ы эмчилгээ хийлгэсэн зардал 876.507 төгрөг, нийт 31.541.507 (гучин нэгэн сая таван зуун дөчин нэг мянга таван зуун долоо) төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-аас И-д өгсөн 1 хонины үнэ 165.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч үүнийг оршуулгын ажилд зориулж авсан эсэх нь нотлох баримтаар нотлогдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-аас өөрийн эмчилгээний зардалд 876.507 төгрөг нэхэмжилж, нотлох баримтаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж өгсөн боловч энэ нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол хор уршиг биш, хэрэгт хамааралгүй байх тул гаргуулах үндэслэлгүй,  өмгөөллийн хөлс 500.000 төгрөгийг хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй тул эдгээрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х- нь сэтгэл санааны хохиролд 30.000.000  (гучин сая) төгрөг нэхэмжилснийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хуулийн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан нь бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар заасан үндсэн зохицуулалт юм.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан ба “гэм хор” гэх ойлголтыг Иргэний хуульд эдийн болон эдийн бус гэм хор гэж тодорхойлжээ.

Эдийн бус гэм хор гэх ойлголтод сэтгэл санааны хохирлыг хамааруулж үзэх боловч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус заасан нь эдийн бус гэм хорын хохирлыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр нөхөн төлж болох тухай зохицуулалт байна. Иймээс эдийн бус хохирол болох хүн нас барснаас учирсан сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлөх зохицуулалт хуульд байхгүй тул Ш.Х-ы нэхэмжилсэн 30.000.000 (гучин сая)  төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин талийгаачийн оршуулгад зориулж авсан хувцасны үнэ 297.000 төгрөг, оршуулганд хэрэглэсэн блокны үнэ 76.000 төгрөг, түлээ нүүрсний үнэ 205.000 төгрөг, оршуулгын ажил болон 40 хоногийн үйл ажиллагаанд хэрэглэсэн сүүний үнэ 375.000 төгрөг, 2 уут гурилын үнэ 110.000 төгрөг, хаяг, хавтангийн үнэ 400.000 төгрөг, оршуулгын үеэр болон 40 хоногийн үйл ажиллагаанд зарцуулсан хүнсний зүйлийн үнэ 1.771.300 төгрөг, буяны ажилд зориулан авсан адууны үнэ 1.300.000 төгрөг, оршуулгын үйл ажиллагаанд хэрэглэсэн 5 хонины үнэ 825.000 төгрөг, 3 хонины үнэ 480.000 төгрөг, бензин бусад зардалд 610.807 төгрөг, амь хохирогчийн КТГ-н төлбөр 95.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-ы “Парасат”  төвд хандан сэтгэл зүйн оношилгоо хийлгэсэн төлбөр 20.000 төгрөг зэрэг нийт 6.565.107 (зургаан сая таван зуун жаран таван мянга нэг зуун долоо) төгрөгийн нотлох баримтаар нотлогдсон[25] хохирлыг энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршиг гэж үзэж, шүүгдэгч Х.Б-ээс гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 6.565.107 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн ба эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авч, шүүх хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 8 цаг 30 минут хүртэл түр завсарлуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Х.Б- нь шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирол болох 6.565.107 төгрөгөөс 4.566.000 /дөрвөн сая таван зуун жаран зургаа/-н төгрөгийн хохирлыг 2021 оны 4 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаан дээр  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-, иргэний нэхэмжлэгч С.Е- нарт бэлнээр төлж, хохирол төлсөн талаарх зарлагын баримтыг шүүхэд гарган өгч, үлдэх 2.000.000 (хоёр сая) төгрөгийн хохирлыг оршуулгын үеэр бэлнээр төлж барагдуулсан гэж тайлбарласныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-, С.Е- нар хүлээн зөвшөөрч, маргаагүй.

Иймд шүүгдэгч Х.Б-ийг гэмт хэргийн хор уршигт 6.566.000 (зургаан сая таван зуун жаран зургаа) төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-, иргэний нэхэмжлэгч С.Е- нарт төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Х.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн[26], мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай[27] тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Б- нь хувийн байдлын хувьд  1975 оны 1 сарын 09-ний өдөр төрсөн, 46 настай, гэр бүлгүй, санхүүгийн менежментийн бакалавр зэрэгтэй[28], 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Эдийн засгийн өсөлт ба мөнгөний бодлого” сэдвээр Хүмүүнлэгийн уХы их сургуулийн магистрын зэрэг[29] хамгаалсан, дээд боловсролтой иргэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Х.Б-ийн хувийн байдлын талаар гэрч Х.А “Х.Б- нь миний төрсөн дүү бөгөөд төлөв даруухан, цайлган сэтгэлтэй залуу юм. Урьд гэр бүлтэй байсан боловч эхнэрээсээ салсан, одоогоор ганц бие бөгөөд Өлгий сумын 8-р багт оршин суудаг байсан. Ер нь Х.Б- маань 2016 оноос эхлэн БНКазакстан улс руу явж ажил хийдэг байсан. 2020 оны 1 дүгээр сард Казакстан улсаас ирсэн, ямар нэг муу зуршилгүй, дээд боловсролтой, төлөвшсөн залуу юм[30]” гэж,

Гэрч С.С “Х.Б- бид хоёр төрсөн ах дүүсийн хүүхдүүд бөгөөд тэр төлөв даруухан, цайлган сэтгэлтэй, хүнд тусархуу төлөвшсөн залуу юм. Урьд нь гэр бүлтэй байсан боловч эхнэрээсээ салсан. Х.Б- нь ямар нэгэн муу зуршилгүй, томоотой дээд боловсролтой залуу бөгөөд эхнэрээсээ салснаас хойш архи уудаг болсон юм. Архаг хууч өвчингүй ч сүүлийн үед ходоод нь өвдөж, 2020 оны 1-3 сарын хооронд хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Х.Б- бид хоёр хар багаасаа хамт өссөн ба тэр уурласан үедээ хүн зодож гэмтэл учруулах хүн биш[31]” гэж,

Гэрч М.Х.Б- ”Би Өлгий сумын 8-р багийн засаг даргаар ажилладаг ба  Х.Б- нь манай багийн иргэн юм.Х.Б- нь эхнэрээсээ салсан, тусдаа амьдардаг. Сүүлийн жилүүдэд Х.Б- Казакстан улсад байсан ба манай багт байрлах байшиндаа ихэвчлэн байгаагүй. Өмнө нь Өлгий сумын 1-р багт оршин сууж байгаад 2016 оноос манай багт ирсэн. Энэ хугацаанд Х.Б- ямар нэг асуудал гаргаж байгаагүй[32]” гэж,

Гэрч Д.Ж ”Миний бие 1999 онд Х.Б-тэй гэр бүл болж, 3 хүүхэд төрүүлсэн ба гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас бид 2016 онд салсан. Надад Х.Б-эд ямар нэгэн хувийн өс хонзон байхгүй. Бид 17 жил хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд би гэр бүлийн хүчирхийлэлд байсан. Намайг жирэмсэн байхад зодож, хавирга хугалж байсан. Миний хамрыг мөн хугалж байсан. Хүүхдүүдээ хүртэл зодож дарамталдаг байсан тул сүүлдээ тэсэхгүй салсан. Ер нь Х.Б- нь догшин, харгис хэрцгий зантай, архи уудаг боловч сэтгэцийн хувьд эрүүл, ямар нэг архаг хууч өвчингүй байсан[33]”гэж,

Гэрч Б.Т ”Би Өлгий сумын 1-р багийн засаг дарга бөгөөд Х.Б- манай багт оршин суудаг байсан. Х.Б-ийг гаднаас нь харахад зөв боловсон биеэ авч явдаг залуу бөгөөд зодоон хийж, хүнд гэмтэл учруулахаар залуу биш юм[34]” гэж тус тус мэдүүлсэн байна.

Шүүгдэгч Х.Б- нь урьд гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар[35] нотлогдож байна.

Х.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн", 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Х.Б- нь уг гэмт хэргийг урьдаас төлөвлөж үйлдээгүй, тохиолдлын шинжтэй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Х.Б-ээс гэмт хэргийн хор уршигт 6.565.107 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-д төлүүлэхээр шийдвэрлэснийг тэр 2021 оны 4 сарын 29-ний өдөр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс төлж барагдуулан, баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул эдгээрийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

            Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Х.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 11 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э-, Х.З-, С.Н нар нь “шүүгдэгч Х.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан, урьд эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хувийн байдал зэргийг  харгалзан Х.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 8 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Г- нь шүүгдэгч Х.Б- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүхээс тогтоосон хохирол болох 6.566.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул Х.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 8 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг хэрэглэж, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 8 жилийн гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх бүрэлдэхүүнээс шүүгдэгч Х.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршиг арилаагүй, Х.Б-ийн хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүд, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Х.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдал тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Б-эд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Б- нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Г-ийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч Х.Б-эд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг хэрэглэж, оногдуулах хорих ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмыг зохицуулсан ба тус зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд шүүхээс тодорхой нөхцөл хангагдсан үед дээрх зохицуулалтыг заавал хэрэглэхийг хуулиар үүрэг болгож зохицуулаагүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. 

Шүүгдэгч Х.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүнд хор уршиг учирсан, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Х.Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан шүүгдэгч Х.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээ оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дөрөв: Бусад асуудлаар:

Шүүгдэгч Х.Б- нь энэ хэргийн улмаас 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс  эхлэн сэжигтнээр баривчлагдаж, яллагдагчаар цагдан хоригдсон бөгөөд тус шүүхийн 2020 оны 10 сарын 09-ний өдрийн 67 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Шүүгдэгч Х.Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 181 хоног цагдан хоригдсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Х.Б-ийг 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Х.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан  “хохирол төлөх” хүсэлтээр 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл завсарлуулж шийдвэрлэсэн ба шүүгдэгч Х.Б- нь   2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 29-ний хооронд 7 хоног цагдан хоригдсон байна.

  Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг тус тус үндэслэн шүүгдэгч Х.Б-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 188 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, яллах дүгнэлтийн хавсралтад тусгаж ирүүлсэн амь хохирогч С.Е-ы өмсөж явсан гэх бор өнгийн ноосон материалтай малгай 1 ширхэг, босоо захтай хар хөх өнгийн куртик 1 ширхэг, цоохор ногоон өнгийн дугуй захтай, урт ханцуйтай даавуун цамц 1 ширхэг, хар өнгийн дугуй захтай, богино ханцуйтай, даавуун материалтай пудволк 1 ширхэг, хар хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн оймс 1 хос, бор өнгийн хагас түрийтэй гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж,

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Б-ээс хохирол, төлбөр гаргуулж шийдвэрлээгүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Х.Б-ийн эзэмшлийн “Toyota corolla” маркийн, 94-23 БӨА улсын дугаартай, мөнгөлөг өнгийн, 3.500.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б-ээс гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Б-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.х овогт Х-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-эд 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-эд оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийн энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон 188 /нэг зуун наян найм/  хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт гэмт хэргийн хор уршигт 6.566.000 /зургаан сая таван зуун жаран зургаа/-н төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийн хэсгээс сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, бусад зардалд 1.041.507 төгрөг, нийт 31.541.507 /гучин нэг сая таван зуун дөчин нэг мянга таван зуун долоо/-н төгрөг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч Х.Б-ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн амь хохирогч С.Е-ы өмсөж явсан гэх бор өнгийн ноосон материалтай малгай 1 ширхэг, босоо захтай хар хөх өнгийн куртик 1 ширхэг, цоохор ногоон өнгийн дугуй захтай, урт ханцуйтай даавуун цамц 1 ширхэг, хар өнгийн дугуй захтай, богино ханцуйтай, даавуун материалтай пудволк 1 ширхэг, хар хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, хар өнгийн оймс 1 хос, бор өнгийн хагас түрийтэй гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Х.Б-ийн эзэмшлийн “Toyota corolla” маркийн, 94-23 БӨА улсын дугаартай, мөнгөлөг өнгийн, 3.500.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Б-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК

                     ШҮҮГЧИД                                     Х.ТАЛГАТ

                                                                                                 Б.БОЛОРМАА

 

 

 

 

 

 

 

 

[1] 1-р хх-ийн 65-67-р тал

[2] 1-р хх-ийн 54-58, 63-64-р тал

[3] 1-р хх-ийн 72-75-р тал

[4] 1-р хх-ийн 65-64-р тал

[5] 1-р хх-ийн 78-р тал

[6] 1-р хх-ийн 81-р тал

[7] 1-р хх-ийн 82-р тал

[8] 1-р хх-ийн 106-110-р тал, 3-р хх-ийн 200-204, 4-р хх-ийн 27-36-р тал

[9] 3-р хх-ийн 200-204-р тал

[10] 1-р хх-ийн 192-195-р тал

[11] 1-р хх-ийн 91-92-р тал

[12] 1-р хх-ийн 28-31-р тал

[13] 1-р хх-ийн 84-р тал

[14] 1-р хх-ийн 97-р тал

[15] 2-р хх-ийн 75-76-р тал

[16] 2-р хх-ийн 79-80-р тал

[17] 2-р хх-ийн 81-82-р тал

[18] 3-р хх-ийн 197-р тал

[19] 2-р хх-ийн 01-06-р тал

[20] 1-р хх-ийн 198-218-р тал

[21] 3-р хх-ийн 127-128-р тал (Амь хохирогч С.Ерланы өвчний түүх-эх хувь)

[22] 3-р хх-ийн 186-р тал

[23] 3-р хх-ийн 187-р тал

[24] 1-р хх-ийн 32-35-р тал

[25] 2-р хх-ийн 16-35-р тал, 3-р хх-ийнн 236-р тал

[26] 1-р хх-ийн 235-р тал

[27] 1-р хх-ийн 139-140-р тал, 2-р хх-ийн 94-95-р тал

[28] 3-р хх-ийн 17-18-р тал

[29] 3-р хх-ийн 19-р тал

[30] 1-р хх-ийн 95-96-р тал

[31] 1-р хх-ийн 72-73-р тал

[32] 1-р хх-ийн 75-76-р тал

[33] 1-р хх-ийн 77-78-р тал

[34] 1-р хх-ийн 79-80-р тал

[35] 1-р хх-ийн 240-р тал