| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0045/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/49 |
| Огноо | 2021-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/49
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч М.П,
орчуулагч, хэлмэрч Б.А,
хохирогч С.С-,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-, С.Н-
шүүгдэгч К.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.к овогт К-ын Б-д холбогдох эрүүгийн 2113000000031 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Монгол Улсын харьяат, 1974 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс казах, тусгай дунд боловсролтой, гагнуурчин, засварчин мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, И.к овогт К-ын Б-, регистрийн дугаар БА..................
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч К.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед тус багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрт ахуйн маргаан үүсгэж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.С-ы толгойн тус газарт хэд хэдэн удаа гараараа цохиж, баруун гараар зүүн талын нүдэн тус газарт цохиж зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
- Шүүгдэгч К.Б- мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.
- Хохирогч С.С- мэдүүлэхдээ: “Би тухай өдөр дэлгүүрээс хэрэгцээтэй зүйлсээ авчирсан байсныг хараад “чи миний олсон мөнгийг яагаад хэрэхгүй юманд зарцуулаад байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “чиний идэж, уух юм чинь шүү дээ” гэхэд нөхөр маань миний идэж, уух зүйл гэж хэлсэн хэмээн уурлаж нүдэн тус газар цохисон. Тэгэхэд нь би “чи намайг аллаа” гэхэд алсан ч яадаг юм гэж над руу дайрахад нь гэрээсээ зугтаж гараад хажууд байдаг хадмынхаа гэрт очсон боловч тэднийд хүн байгаагүй. Тэгэхээр нь гадаа буюу амбаарт хэсэг зуур сууж байгаад гаднаас нь ажиглаад нөхөр маань унтсаны дараа шөнийн 03 цагийн үед гэртээ орж амарсан. Би нөхрөө уучилсан. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000000031 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, их эмч М.Б-ийн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн магадлагаа /хх-ийн 07-рх/,
- Хохирогч С.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 16-18-рх/,
- Гэрч С.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-рх/,
- Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-рх/,
- Шүүгдэгч К.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-рх/,
- Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-45/,
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/383 дугаартай “Иргэн К.Б /БА................./-ийн нэр дээр цахим мэдээллийн санг шалгаж үзэхэд өнөөдрийн байдлаар Алтай сумын 4-р багт байрлах, 108 м.кв талбайтай, Ү-0201000107 эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц бүртгэгдсэн байна.” гэх албан бичиг /хх-ийн 47/,
- 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр олгосон “РД:БА................., овог:И.к, эцэг /эх/-ийн нэр:К, нэр:Б, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: Баян-Өлгий, Алтай, төрсөн огноо:1974/12/15, хаяг:Баян-Өлгий, Алтай, 4-р баг, Чихэртэй, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:2, ГП дугаар:0660299, огноо:2008-09-15” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/,
- Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 40 дугаартай “Тус сумын 4-р багийн иргэн К овогтой Б нь ам бүл 5, Алтай сумын 4 дүгээр багт оршин суудаг. К.Б- нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Элдэв муу зуршилгүй. Архи тамхи хэрэглэдэггүй. Хүнтэй зөв боловсон харьцдаг. Урд нь гэмт хэрэгт холбогдож байсан.” гэх тодорхойлолт /хх-ийн 50/,
- Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01/306 дугаартай албан бичиг /хх-ийн 74/,
- Шүүгдэгч нь урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон баримт /хх-ийн 40/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч К.Б-йн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч К.Б- нь эхнэр С.С-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч К.Б-ээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаан байхгүй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч К.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед тус багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрт ахуйн маргаан үүсгэж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.С-ы толгойн тус газарт хэд хэдэн удаа гараараа цохиж, баруун гараар зүүн талын нүдэн тус газарт цохиж зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр хавсран гүйцэтгэгч, их эмч М.Б-ийн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “....Хэсэг газрын үзлэг: Зүүн нүдний зовхи доод хэсэг, хамар хүртэл хөхөрсөн, улайсан, хавагнасан. Нүдний салст улайсан, зүүн бугалганы гадна талын арьс 6 газарт 2-6 см орчим хэмжээтэй хөхөрсөн. Толгойн зүүн талд орой хэсэгт 3-4 см орчим хавдсан, биеэр өөр ил шархгүй...” гэх магадлагаа /хх-ийн 07-рх/,
- Хохирогч С.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тэр өдөр К.Б- нь иргэн Б.Б-, С.Л-, Ж.А- нарын машиныг янзалсан ба тэд нар К.Б-д архи задалсан юм шиг байна. Тэгэхэд хамгийн сүүлд Б.Б-ийн машиныг янзалж байгаад тэр хүнтэй хамт явчихсан. Би тэр өдөр дэлгүүрээс гэртээ идэж уух юм авч ирсэн. Тэгээд орой 23 цагийн үед К.Б- гаднаас согтуу ирж миний хийж өгсөн цай хоолноос идэж ууж дууссаны дараа надтай маргаан үүсгэсэн. К.Б- нь “надад хандаж чи миний олсон мөнгийг дандаа хэрэггүй юманд зарцуулж байна, яагаад тэгж миний зөвшөөрөлгүй дэлгүүрээс бараа худалдаж аваад байгаа юм” бэ гэж маргаан үүсгэж, улмаар гараараа миний толгой тус газарт хэд хэдэн удаа цохисон. Баруун гараараа миний зүүн талын нүдэн тус газарт хүчтэй цохих үед миний бие ухаан алдаж унасан. Тэр үед дахиад хэд хэдэн удаа өшиглөсөн. Чи яаж байгаа юм бэ, хүн алхана уу гэж хэлсэн чинь чамайг алсан ч яадаг юм бэ гэж зодсон. Тэр үед манай гэрт К.Б- бид хоёроос өөр хүн байхгүй байсан. Би гэрээс зугтаж гараад хажуу талд гэр нь байдаг хадам дүүгээ дуудах гэсэн боловч тэднийх айлын цайллаганд явчихсан байсан. Тэгээд гэрт ирээд К.Б-г ажиглаж харсан чинь оронд дээр хувцастай унтчихсан байсан. Тэгээд би гэрийн үүдний өрөөнд хоносон. Тэр доор цагдаагийн хэсэгт дуудлага өгөх гэсэн боловч утасны дугаарыг олж чадаагүй. Тэгээд өглөө 07 цагт төрсөн ах болох С.Т-д утсаар залгаж хэлсэн. Тэгэхэд С.Т ах маань сумын хэсгийн төлөөлөгчид очиж дуудлага өгсөн. Мөн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч М.Б- бас хамт ирсэн. К.Б- яагаад надыг ямар шалтгаанаар зодсоныг огт ойлгосонгүй. Иймд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Тухай үед нэлээн согтуу байсан ба маргааш өглөө нь надаас уучлалт гуйсан. К.Б- нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, өөрийн буруугаа чин санаанаасаа гэмшиж, надаас уучлалт гуйсан. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрч, цаашид гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй болно. Гэмт хэрэг гарсан өдрөөс хойш надыг аймгийн төвд эмнэлэгт үзүүлж, эм тариа авч өгсөн. Надад учирсан хохирлоо бүрэн барагдуулж өгсөн. Цаашид хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-рх/,
- Гэрч С.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өглөө 09 цагийн үед сумын төвд хувиараа хөдөлмөр эрхэлж амьдарч байгаа хүргэн болох К.Б-н эхнэр С.С- над руу утсаар ярьж манай гэрт хүрээд ирээч гэсэн. Тэгээд би дөнгөж босоод сууж байсан болохоор шууд гэрийн гадаа байсан мотоциклийг асааж аваад хүргэн болох К.Б-н гэрт ирсэн. Гэрт нь ирсэн чинь миний дүү болох С.С-ы зүүн талын нүд нь хөхөрч хавдсан, нүүр хэсэг нь цус болчихсон зодуулсан байдалтай нэлээн өвдөлтэй сууж байсан. Юу болсон тухай асуухад “өнөө шөнө К.Б- гэртээ согтуу ирж ямар нэгэн шалтгаангүйгээр зодож ийм болгочихлоо” гэж хэлсэн. Тэгэхэд би С.С-д шөнө яагаад сумын цагдаад дуудлага өгөөгүй юм бэ гэж асуухад К.Б- утсыг булааж авчихаад өгөөгүй гэж хэлсэн. Та надад сумын эмч, цагдаа хоёрт дуудлага өгч дагуулаад ирээч гэсэн. Тэгээд би мотоциклтэй цагдаагийн хэсэгт ирж, хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн. Мөн Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч М.Б-д бас хэлээд дагуулаад очсон. К.Б-, С.С- хоёр гэр бүл болоод 20 гаруй жил болж байна. Тэр хугацаанд ийм асуудал гаргаж байгаагүй. Анх удаа эхнэрээ зодож байна. Архидан согтуурснаас болоод үл ойлголцож эхнэрээ зодсон гэж үзэж байна. Энэ хоёрын дунд урьд өмнө ямар нэгэн таарамжгүй харьцаа байсныг огт сонсож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-рх/,
- Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаартай: “...Иргэн С.С-ы биед тархины доргилттой, зулайн дунд хэсэгт хавантай, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хамрын нуруу болон баруун нүдний дотор буланд хөх ягаан туяатай, цус хуралттай, зүүн бугалганд цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-рх/,
- Шүүгдэгч К.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Манайх Алтай сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай ба би хувийн засварын газар ажиллуулдаг юм. Тэр засварын газарт би өөрөө ажилладаг ба хүмүүсийн машин янзалдаг юм. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус засварын газарт машин янзалж байсан. Тэр өдөр надад Б.Б-, Ж.А-, С.Л болон бас нэг хэд хэдэн хүмүүс ирж машин янзлуулсан юм. Тэр өдөр нэлээн ачаалалтай өдөр байсан. Тэгэхэд надад машин янзлуулж авдаг хүмүүс ганц нэг шил архи задалж хийдэг нь үнэн. Би хүмүүсийн задалсан архинаас уусан. Тэр өдөр нэлээн ядарсан ба архи ууж нэлээн согтсон байсан. Нэг мэдэхэд гэртээ цай хоол идэж сууж байсныг санаж байна. Цаг нэлээн орой болсон байсан ба эхнэр С.С-тай “чи дэлгүүрээс зээлээр хүнсний юм авч ирж байх ямар шаардлагатай юм” бэ гэсэн утгатай зүйл хэлээд С.С-ыг шууд зүүн талын нүдэн тус газарт баруун гараараа нэг удаа хүчтэй цохиж унагаасныг санаж байна. Газар унасны дараа дээр нь дарж аваад цохисон байсан. Өглөө босоход гэрт сумын цагдаа, эмч хоёр манай гэрт сууж байсан. Би шөнө нэлээн согтсон болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Манай эхнэрийн төрсөн ах С.Т- цагдаад дуудлага өгсөн байна. Би анх удаа эхнэр болох С.С-д гар хүрч зодсон явдалд маш их гэмшиж харамсаж байна. Иймд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Тэр өдрөөс хойш эхнэрээ байнга харж, аймгийн нэгдсэн эмнэлэг болон эм тариа бүх юмыг авч тусалж байна. Анх удаа ийм асуудал гаргасанд маш их гэмшиж байна. Би С.С-аас уучлалт гуйсан, надыг уучилсан ба цаашид бид гарын хооронд ямар нэгэн гомдол санал маргаан байхгүй болсон, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба К.Б- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч байна.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна.
Шүүгдэгч К.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
Шүүгдэгч К.Б- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч К.Б-н үйлдлийн улмаас хохирогч С.С-ы биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 67 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан буюу “тархины доргилттой, зулайн дунд хэсэгт хавантай, зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, хамрын нуруу болон баруун нүдний дотор буланд хөх ягаан туяатай, цус хуралттай, зүүн бугалганд цус хуралт” бүхий гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шүүгдэгч К.Б-йн хохирогч С.С-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Иймд прокуророос шүүгдэгч К.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч К.Б-йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан хохирогч С.С-ы бичсэн гарын баримтад “...Би нөхөр болох К.Б-г уучилсан, хоорондоо сайн дураараа эвлэрсэн, хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, хохирол нэхэмжлээгүй болно...” гэх баримтаас үзэхэд шүүгдэгч К.Б-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч К.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгж бүхий 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, урьд нь тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар хорих ял эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан. Уг ялаас 1 жил, 2 сар, 11 хоног үлдсэн байгаа. Иймд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас шүүгдэгч К.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь 450.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах боломжтой, мөн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, мөн урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар хүчингүй болгож, хорих ял оногдуулахгүйгээр мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх санал гаргасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс өмгөөлөгч С.Н-ын саналыг дэмжсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.Б-н үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
Шүүгдэгч К.Б- урьд ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хавтаст хэргийн 41-45 дугаар хуудсанд авагдсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч К.Б- урьд иргэн Т.А гэгчтэй бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтай газрын Ёлтын сав газрын “Шар гэр” хэмээх газраас хууль бусаар 74 ширхэг хуурай шинэс мод, 6 ширхэг 2 нойтон шинэс мод бэлтгэж, тээвэрлэн байгаль орчинд 693.694 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч К.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн ба тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед тус багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрт ахуйн маргаан үүсгэж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.С-ы толгойн тус газарт хэд хэдэн удаа гараараа цохиж, баруун гараар зүүн талын нүдэн тус газарт цохиж зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт дахин холбогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон, 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгж буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 60 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч К.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар, 60 /жар/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-аас “Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч К.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэнийг ял оногдуулахад харгалзан үзлээ.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч К.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Шүүгдэгч К.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И.к овогт К-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-д 900 нэгж буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолоор К.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 60 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч К.Б-д тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 60 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сар, 60 /жар/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
7. Шүүгдэгч К.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч К.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК