Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1538

 

Д.Гантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01269 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Гантуяагийн нэхэмжлэлтэй Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдох Өмнөговь аймгийн Авто тээврийн үндэсний төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох,   цалингийн зөрүүд 1 209 302 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Гантуяагаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймаг дахь салбарын даргаар 2014 оноос 3 жил дараалан төлөвлөгөө нормыг давуулан биелүүлж ажилласан. Гэтэл 2016 онд захирал солигдсоноор аймаг дахь салбарын дарга нарыг солих хууль бус ажиллагаа эхэлсэн.  Д.Гантуяаг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/162 тоот тушаалаар  салбарын даргын үүрэгт ажлаас чөлөөлж Цогтцэций сумын салбарт тээвэр бүртгэлийн мэргэжилтнээр томилсон тушаал гарсан. Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам болон байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн.  Иймд Д.Гантуяаг тус салбарын даргын ажлаас үндэслэлгуй халагдсан болохыг тогтоолгон, урд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож бага цалинтай ажил эрхэлж  байсан хугацааны  цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, Д.Энхбат нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь Таван толгой ХХК-ийн үйл ажиллагаа идэвхжиж нүүрсний тээвэрлэлт ихсэхтэй холбогдуулан тээвэрлэлтийн үйл ажиллагааг өдөр тутам зохицуулж, зохион байгуулах шаардлагын үүднээс шинээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Авто тээврийн үндэсний төвийн салбар нээгдэх шаардлага үүссэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар 37.1.1-д  заасны дагуу харилцан тохиролцон Д.Гантуяаг өөр албан тушаалд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ нь ч Өмнөговь аймгийн Цогтцэций салбарын тээвэр бүртгэлийн мэргэжилтнээр ажиллахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдох юм. Талууд харилцан тохиролцож өөр ажил томилогдсон тул урд эрхэлж байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор авах эрх үүсэхгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овгийн Дашцэрэнгйин Гантуяа /ХЛ65122903/-г Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 967 441 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гантуяа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27 769 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд харилцан тохиролцож өөр ажилд шилжсэн болох нь Д.Гантуяа болон ATYT-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр бүрэн нотлогдоно. Энэхүү гэрээг байгуулахад нэхэмжлэгч нь өөрийн сайн дураар үр дагаврыг нь мэдсээр байж зурсан. Гэтэл шүүхийн дүгнэлтэд  ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас халж 40.5-д зааснаар мэдэгдэл өгөлгүй ажлаас чөлөөлсөн нь буруу гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, өөрийн санааг тулган талуудад тэгш хандсангүй. Шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальж 967 441 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч  шүүхийн шийдвэрт найруулгын алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөлт оруулах  боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Гантуяа нь хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох,  бага цалинтай ажил хийж байсны цалингийн зөрүүд 1 209 302 төгрөг гаргуулахаар  шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч харилцан тохиролцож өөр ажилд шилжүүлсэн, цалин буураагүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр Д.Гантуяа нь Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн даргын ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн б/162 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, Өмнөговь аймгийн Цогтцэций салбарт тээвэр, бүртгэлийн мэргэжилтнээр томилогдож,  2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж ажилласан үйл баримт тогтоогдсон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэх бөгөөд ажилтан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заажээ. Ажилтныг  өөр ажилд тушаал бууруулан шилжүүлсэн ажил олгогчийн тушаал 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гарсан бөгөөд ажилтан гомдлоо 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нь дээрх хугацааг зөрчөөгүй байна. 

 

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон өөр ажилд шилжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль нэгийг заавал баримтлах бөгөөд Д.Гантуяаг ажлаас чөлөөлсөн тушаалд энэ талаар тусгаагүй нь хуульд нийцээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Байнгын ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээг дуусгавар болгож өөр ажилд ажилтныг шилжүүлэх үед ажлын байр, ажлын байрны тодорхойлолт, цалин хөлс, ахуй хангамж гэх мэт хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдэд өөрчлөлт гарах бөгөөд зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэхээс бусад тохиолдолд ажилтныг өөр ажилд шилжүүлэхийг хориглох талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Хэдийгээр ажил олгогч нь ажилтан Д.Гантуяатай харилцан тохиролцож өөр ажилд шилжүүлсэн, энэ нь түүнтэй сүүлд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдоно гэж тайлбарлах боловч удирдлагын заасан ажлын байранд ажиллах болсныг талууд тохиролцсон гэж дүгнэх боломжгүй.

 

Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 буюу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан заалтыг баримталсан байх тул залруулах нь зүйтэй.

Мөн хэргийн 54 дүгээр хуудсанд нэхэмжлэгч “.., хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалдаа  эгүүлэн тогтоогдож, бага цалинтай ажил хийсний цалингийн зөрүүгээ авна” гэж шаардлагаа тодруулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхгүй байхаар шаардлагаа багасгаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан агуулгатай шийдвэр гаргасан атлаа “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь найруулгын хувьд ойлгомжгүй болжээ. 

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01269 дугаар шийдвэрийн удирдлага болгосон хэсгийн “115.2.2” гэснийг “115.2.1” гэж өөрчлөн, 1 дэх заалтын “олгож” гэснийг “олгосугай” гэж, “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

     

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.ТУЯА

         ШҮҮГЧИД                                                     Ч.ЦЭНД

                                                                              Ш.ОЮУНХАНД