Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00026

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

                                                  Ч.Г-д холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 142/2018/0028/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

               Шүүх хуралдаанд: 

 

             Прокурор                                                      Т.Ганзориг

               Цагаатгагдсан этгээд                                 Ч.Г     

               Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч      О.Сарантуул

               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Д.Төгсбаяр              

              Нарийн бичгийн дарга                              Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

     

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар цагаатгах тогтоолтой Ч-ны Г-д холбогдох, 11725000000194 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Увс аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, жолооч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багт оршин суух, ял шийтгэлгүй, Д овогт Ч-ны Г.

 

Шүүгдэгч Ч.Г нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-ийн авто тээврийн байгууллагын жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 60-18 ОРХ улсын дугаартай Хьюндай дамп эйч ди-270 маркийн тээврийн хэрэгслээр тус үйлдвэрийн Дулааны цахилгаан станцаас 75 тн нүүрсийг Ган бөмбөлөгийн цехэд буулгах явцдаа 15 тн нүүрсийг нь хулгайлж “Эрдэнэт-Үйлдвэр” ХХК-д 675.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар цагаатгах тогтоолоор:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатган,

 

Ч.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2.д зааснаар Ч.Г-д холбогдох хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцааж,

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Ч.Гын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурорын эсэргүүцэлд:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, яллах дүгнэлтийг ямар үндэслэлээр няцааж байгаа нь тодорхойгүй бөгөөд хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Төгсбаярын “Дулааны цахилгаан станц болон Ган бөмбөлөгийн цех нь үйлдвэрийн дүүрэгт байдаг. Хогийн цэгрүү явах шаардлага байгаагүй, тухайн өдрийн хог асгах ажпын нарядын хувьд бол хог асгах ажил байсан. Маршрутын хувьд Дулааны цахилгаан станцаас нүүрсээ ачаад ганбөмбөлөгийн цех дээр буулгаад тэндээсээ үнс ачаад хогийн цэг дээр буулгах байсан. Цагдаагийн байгууллагаас нүүрсийг хураан авч буцааж олгосон тул хохирол барагдсан” гэх мэдүүлэг / хх-ийн 12-13 дугаар тал/, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед өгсөн маршрут тогтоолгох хүсэлт манай зүгээс гаргаагүй ... надад тэр иргэний хэрэгт ажиллаж буй хуульч өнөөдөр нотлох баримтаар ирүүлсэн. “Жи пи эс”-ээр шүүгдэгчийн явсан замын харахаар Г-ын рейс 4 болоод байгаа Дулааны цахилгаан станцаас “Очир төв” явсан байна. Хогийн цэгрүү очоогүй гэж мэдүүлсэн бөгөөд дээрх мэдүүлэг нь хэрхэн няцаагдаж байгааг дурьдаагүй бөгөөд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

 

Мөн хохирогчийн шүүхийн шатанд гаргаж өгсөн жи пи эс-ээр маршрут шалгасан баримтыг үнэлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар албан тушаалтан иргэний гаргаж өгсөн баримт нь эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулан ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно гэж заасан, мөн хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан бөгөөд үнэн зөвийг нотлон мэдүүлсэн байхад үнэлэхгүй байгаа нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

 

Гэрч Ц.О-ын “Би 2017 оны 11 сарын 02-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний Дулааны цахилгаан станцын харуулын хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байхад 60-18 ОРХ дугаартай ачааны машин Ган бөмбөлгийн цехрүү 5 удаагийн ачилт хийн Ганбөмбөлөгийн цехэд хүргэнэ гэж гарсан. Тэгээд 10 цаг 25 минутанд 5 дахь удаагаа буюу сүүлийн ачилтаа хийгээд гарахад нь Ган бөмбөлгийн цехийн цагдаагаас, танайд нүүрс хэдэн удаа буулгасан бэ ? гэхэд 3 удаа буулгасан гэж хэлэхээр нь энэ машины жолооч Г-аас та Ганбөмбөлгийн цаад газраа 3 удаа буулгасан байна, энэ удаагийн ачилттай чинь нийлээд 4 болж байна гэхэд Г гэдэг жолооч тийм зүйл байхгүй гэж байсан. Тэгээд Ганбөмбөлөгийн цехийн камерийг шүүлгэхэд 3 удаа буулгаад дахиж ирээгүй байна гэхээр нь энэ талаар илтгэх хуудсаар танилцуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,

 

Гэрч Б.Г-ийн ... 2017 оны 11 сарын 02-ны өдөр гүйцэтгэх ажлыг нь урьд өдөр захиалгын дагуу бичээд диспетчерт өгсөн. Ер нь ажлын даалгаврыг нь өгч диспетчер нь бензин замын хуудас зэргийг нь бэлтгэж ажилд гаргадаг. Ингэхдээ бусад цехүүдээс ирсэн захиалгын дагуу ажлын даалгавар бэлддэг. Тухайн 2017 оны 11 сарын 02-ны өдөр Ч.Г нь өөрийн жолооддог “Ньюндай Дамп Эйч Ди 270” маркын 60-18 ОРХ улсын дугаартай машинаар тус үйлдвэрийн “Дулаан цахилгаан станцаас Ганбөмбөлөгийн цехэд нүүрс буулгах наряд авсан. Ажлын даалгаварт нүүрс буулгах гэж заасан байгаа. Мөн хогоо цэвэрлэх ажил гэж заасан байгаа. Ингээд 16 цаг 30 минутын орчимд манай авто тээврийн байгуулагын дарга Мөнхбаатар надруу утсаар яриад “танай жолооч нүүрс хулгай хийгээд хогийн жалганд буулгасан гэж цагдаагаас мэдээллээ учрыг нь ол гэсэн. Тэгээд Цагдаагийн 2 дугаар постноос ярьсны дагуу би очиход машин нь цагдаагийн постон дээр байсан Г өөрөө тэнд байсан. Машин нь ачаагүй байсан... Гын тухайн өдрийн ажпын наряд үнс буулгах ажил байсан. Маршрутын хувьд нүүрсээ буулгаад зөрүүлээд үнсийг нь ачиж хогийн цэгт буулгаад явдаг юм. Хэдэн рейс хийхийг захиалагч байгууллага шийдэх ёстой ... гэх мэдүүлэг/хх-ийн 30-31 дүгээр тал/,

 

Гэрч Ж.Г-ний ... миний бие “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ганбөмбөлгийн цехэд няраваар ажилладаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай цехээс захиалга өгөөд авто тээврийн байгууллагаас тээврийн хэрэгсэл авдаг юм. Үүний дагуу жолооч Г машинтайгаа ирээд энэ хүнд Дулааны цахилгаан станцаас нүүрс татах, Ганбөмбөлөгийн цехээс үнс, бусад ахуйн хогийг асгуулах наряд өгөгдсөн. Тэгээд энэ жолооч ажилласан. Өдөр 11 цагийн үед цагдаагаас дуудахад нэг удаагийн нүүрс нь буугаагүйг мэдсэн. Ер нь бол бид камераар хяначихдаг. Би өөрөө ойлгохдоо 4 удаа буусан, дахиад нэг удаа буух байх гэж бодсон. Тэр үед цайны цаг болсон байсан, дахиад нэг рейс буух байх гэж бодож байсан юм. Би тэр үед үдээс хойш ажил гарч магадгүй гэж бодоод замын хуудсыг нь хаачихсан юм. Тэртэй тэргүй камераар хяначих байх гэж бодоод энэ удаад юм бодоогүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/ зэрэг хохирогчийн мэдүүлгийг давхар нотолсон баримтыг үндэслэн камерийн бичлэгт үзлэг хийгээгүй тэмдэглэл хөтлөөгүй, шүүгдэгчийн зам маршрутыг нарийн тогтоогоогүй гэх үндэслэлээр шүүгдэгчийн үйлдэл эргэлзээтэй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь шүүгдэгчийн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг үгүйсгэх нөхцөл болохгүй.

 

Иймээс хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 18-ны өдрийн 50 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр

Буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Хохирогч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгсбаяр давж заалдах гомдолдоо

 

Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ний Автотээврийн байгууллагад жолооч ажилтай Г нь 60-18 ОРХ улсын дугаартай Хьюндай дамч эйч ди 270 маркийн тээврийн хэрэгслээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ДЦС-аас 75 тонн нүүрсийг Ганбөмбөлөгийн цехд буулгах явцдаа 15 тонн нүүрсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Гын ...Сэтгэл санааны хямралд орсон явахдаа Ганбөмбөлөгийн цех өнгөрөөд хогийн цэг дээр буулгасан байсан. Би нүүрсээ хогийн цэг дээр буулгаснаа мэдээгүй юм гэсэн мэдүүлэг

 

...Мөрдөн байцаах ажиллагааны явцад гэрч Ж.Ган-Эрдэнэ, Н.Мөнхбаатар, Ц.Очирбат нарын мэдүүлгээр шүүгдэгч Ч.Г нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр жолооч Ч.Гын ажил үүрэг гүйцэтгэсэн 60-18 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн явсан замын маршрутыг тогтоосон “явсан замын тайлан”-гаар шүүгдэгч Ч.Г нь 15 тонн нүүрсийг Ганбөмбөлөгийн цехд буулгаагүй болох нь нотлогдож байгаа.

 

Мөн зүйлчлэлийн хувьд эргэлзээтэй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.д “машин механизм ашиглаж үйлдсэн бол” гэж заасныг харгалзан үзэхгүйгээр цагаатгах тогтоол гаргасан нь шүүгч нэг талыг баримталсан гэж үзэж байна.

 

Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын хяналтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч О.Сарантуул прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа:

 

Эсэргүүцэлд, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг үндэслэл муутай, хохирогч Д.Төгсбаярын хогийн цэг рүү явах шаардлага байгаагүй, хог асгах ажил байсан... Маршрут тогтоолгох хүсэлт манай зүгээс гаргаагүй иргэний хэрэгт оролцож буй хуульч (ЗР8-ээр шүүгдэгчийн явсан замын шалгасан баримтыг өгсөн. ДЦС -аас “Очир төв” явсан байна. Хогийн цэг очоогүй гэсэн мэдүүлгийг хэрхэн няцааж байгааг дурдаагүй бөгөөд энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож урьдчилан хэлэлцүүлэг хийлгэхээр буцаалгахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгч Ч.Г нь 2017-11-02 ны өдөр ДЦС-с Ганбөмбөлгийн цех рүү ДЦС-с нүүрс буулгах, үнс хогийн цэг рүү буулгах ажлын наряд аваад уг нарядын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаад 1 рейсийн нүүрсийг утсаар ярьж яваад хогийн цэг рүү буулгасан үүнийгээ өөрөө ч мэдэхгүй байж байгаад Цагдаагийн постын байцаагчтай очиж буцааж ачиж авчирсан, Уг үйл явдлын талаар шүүхийн тогтоолд дурдсан нь бодит байдалд нийцсэн. Ч.Гын хулгай хийх субьектив санаа нь тогтоогдоогүй, тухайн өдөр гэр бүлийн хүн хавдрын тухай утсаар ярьж, уг мэдээг сонсон сэтгэл санаа нь хямарч, нүүрсээ хогийн цэг дээр хаясан үнснийхээ хажууд буулгасан нь түүнийг үнэхээр панекинд орсон гэж үзэх боломжгой.

 

Үдээс хойш цайны цагийн дараа очиход уг нүүрс яг тэр газартаа байж байсан. Мөн уг хогийн цэг нь харуул хамгаалалт бүхий хашаатай тул түүнийг хулгайлсан гэж үзэх боломжгүй хулгайн гэмт хэрэг нь өөртөө захиран зарцуулах боломжтой болсон үеэс төгс үйлдэгдсэнд тооцно.

 

Мөн Гын хувьд нүүрсийг нууцаар авах байсан бол хогийн цэг дээр буулгах уу гэдэг нь эргэлзээтэй асуудал. Буулгасан нүүрс нь хаягдал үнсний нь хажууд байж байгаа нь түүнийг үнэхээр панекинд орсон гэж үзэх боломжтой. Уг үйл явдлын улмаас үйлдвэрт учирсан хор хохирол байхгүй байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.д заасны дагуу гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг баримтлан гаргасан шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй.

 

Прокурор эсэргүүцэлдээ шүүх хурал дээр гаргаж өгсөн хохирогч Д.Төгсбаярын 60-18 ОРХ улсын дугаартай “Хьюндай дамп эйч-ди-270” маркийн машины ӨРЗ-ийн зураглалыг шүүх авч үзэлгүй орхигдуулсан гэсэн нь үндэслэлгүй. Д.Төгсбаяр уг баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгч, нотлох баримтаар шалгуулах хүсэлт тавиаагүй бөгөөд уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1.д зааснаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа мэдээллийн нотлох баримт гэнэ гэж тодорхойлсон 16.6.1.д зааснаар хуулийн этгээдээс ирүүлсэн баримт бичиг тухайн байгуулагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно гэсэн заалтанд тавигдсан шаардлагыг хангаагүй тул шүүх шууд уг баримтын үнэлж дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Иймд прокурорын 5/11 тоот эсэргүүцэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах саналтай байна гэв.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газраас Ч.Г-ыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн авто тээврийн байгууллагын жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 60-18 ОРХ улсын дугаартай “Хьюндай дамч эйч ди” 270 маркийн  машинаар  тус үйлдвэрийн Дулааны цахилгаан станцаас 75 тонн нүүрсийг Ганбөмбөлөгийн цехд буулгах явцдаа 15 тонн нүүрсийг нь хулгайлж Эрдэнэт-Үйлдвэр ХХК-д 675 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д зааснаар Ч.Г-д холбогдох хэргийг эргэлзээтэй хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтаас үзвэл  шүүгдэгч Ч.Г нь 15 тонн нүүрсийг буулгах ёстой газар нь буулгахгүйгээр хогийн цэг дээр буулгасан үйлдэл нь нотлох баримтаар нотлогдож байхад дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байгаа эсхүл гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа эсэхэд тодорхой дүгнэлт хийгээгүй, ямар баримтыг үндэслэн цагаатгах болсон нь ойлгомжгүй, шүүх хуралдаан дээр гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг няцаасан үндэслэл нь тодорхойгүй  байна.

 

Өөрөөр хэлбэл  анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийг цагаатгах болсон үндэслэл, нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгоогүй зөвхөн эргэлзээ төрж байна гэж дүгнээд  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. 

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3., 39.8 дугаар зүйлийн 1.10., 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 50 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ч-ны Г-д холбогдох, 1725000000194 дугаартай, 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр  мөн  шүүхэд буцаасугай.

 

2.  Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, хохирогчийн давж заалдах гомлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР                                                                                           

 

               ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

  

                                                                                                               С.ЦЭЦЭГМАА