| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 181/2017/00957/И |
| Дугаар | 1538 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 1538
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01269 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй *******ТӨҮГ-т холбогдох ******* аймгийн *******ийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүд 1 209 302 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч *******шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймаг дахь салбарын даргаар 2014 оноос 3 жил дараалан төлөвлөгөө нормыг давуулан биелүүлж ажилласан. Гэтэл 2016 онд захирал солигдсоноор аймаг дахь салбарын дарга нарыг солих хууль бус ажиллагаа эхэлсэн. *******г 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/162 тоот тушаалаар салбарын даргын үүрэгт ажлаас чөлөөлж *******сумын салбарт тээвэр бүртгэлийн мэргэжилтнээр томилсон тушаал гарсан. Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам болон байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчсөн. Иймд *******г тус салбарын даргын ажлаас үндэслэлгуй халагдсан болохыг тогтоолгон, урд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож бага цалинтай ажил эрхэлж байсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч *******, ******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ТӨҮГ нь ******* ХХК-ийн үйл ажиллагаа идэвхжиж нүүрсний тээвэрлэлт ихсэхтэй холбогдуулан тээвэрлэлтийн үйл ажиллагааг өдөр тутам зохицуулж, зохион байгуулах шаардлагын үүднээс шинээр ******* аймгийн *******суманд *******ийн салбар нээгдэх шаардлага үүссэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар 37.1.1-д заасны дагуу харилцан тохиролцон *******г өөр албан тушаалд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ нь ч ******* аймгийн *******салбарын тээвэр бүртгэлийн мэргэжилтнээр ажиллахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдох юм. Талууд харилцан тохиролцож өөр ажил томилогдсон тул урд эрхэлж байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор авах эрх үүсэхгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б*******-г ******* аймгийн *******ийн даргын ажилд эгүүлэн тогтоож, *******ТӨҮГ-аас 967 441 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27 769 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд харилцан тохиролцож өөр ажилд шилжсэн болох нь ******* болон ATYT-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр бүрэн нотлогдоно. Энэхүү гэрээг байгуулахад нэхэмжлэгч нь өөрийн сайн дураар үр дагаврыг нь мэдсээр байж зурсан. Гэтэл шүүхийн дүгнэлтэд ажил олгогч нь ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас халж 40.5-д зааснаар мэдэгдэл өгөлгүй ажлаас чөлөөлсөн нь буруу гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, өөрийн санааг тулган талуудад тэгш хандсангүй. Шүүх нэхэмжлэлийн хүрээнээс хальж 967 441 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч шүүхийн шийдвэрт найруулгын алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ТӨҮГ-т холбогдуулан ******* аймгийн *******ийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, бага цалинтай ажил хийж байсны цалингийн зөрүүд 1 209 302 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч харилцан тохиролцож өөр ажилд шилжүүлсэн, цалин буураагүй гэж маргажээ.
Зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр ******* нь ******* аймгийн *******ийн даргын ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаад хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн б/162 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, ******* аймгийн *******салбарт тээвэр, бүртгэлийн мэргэжилтнээр томилогдож, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж ажилласан үйл баримт тогтоогдсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүх харьяалан шийдвэрлэх бөгөөд ажилтан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заажээ. Ажилтныг өөр ажилд тушаал бууруулан шилжүүлсэн ажил олгогчийн тушаал 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гарсан бөгөөд ажилтан гомдлоо 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нь дээрх хугацааг зөрчөөгүй байна.
Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон өөр ажилд шилжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль нэгийг заавал баримтлах бөгөөд *******г ажлаас чөлөөлсөн тушаалд энэ талаар тусгаагүй нь хуульд нийцээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Байнгын ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээг дуусгавар болгож өөр ажилд ажилтныг шилжүүлэх үед ажлын байр, ажлын байрны тодорхойлолт, цалин хөлс, ахуй хангамж гэх мэт хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдэд өөрчлөлт гарах бөгөөд зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх, мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэхээс бусад тохиолдолд ажилтныг өөр ажилд шилжүүлэхийг хориглох талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.
Хэдийгээр ажил олгогч нь ажилтан *******тай харилцан тохиролцож өөр ажилд шилжүүлсэн, энэ нь түүнтэй сүүлд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдоно гэж тайлбарлах боловч удирдлагын заасан ажлын байранд ажиллах болсныг талууд тохиролцсон гэж дүгнэх боломжгүй.
Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 буюу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан заалтыг баримталсан байх тул залруулах нь зүйтэй.
Мөн хэргийн 54 дүгээр хуудсанд нэхэмжлэгч “.., хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдож, бага цалинтай ажил хийсний цалингийн зөрүүгээ авна” гэж шаардлагаа тодруулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхгүй байхаар шаардлагаа багасгаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан агуулгатай шийдвэр гаргасан атлаа “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн нь найруулгын хувьд ойлгомжгүй болжээ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/01269 дугаар шийдвэрийн удирдлага болгосон хэсгийн “115.2.2” гэснийг “115.2.1” гэж өөрчлөн, 1 дэх заалтын “олгож” гэснийг “олгосугай” гэж, “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хариуцагч *******ТӨҮГ нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Ш.ОЮУНХАНД