Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 244

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Н” ХХК.

Хариуцагч: НЕБНСЗ .

Гуравдагч этгээд: “ТЯ” ХХК.

Нэхэмжлэлийн шаардлага: “НЕБНС-ийн захиралын тушаалаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан сургуулийн цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Н” ХХК нь 2015 онд НӨХГ-аас зарласан сонгон шалгаруулалтад оролцож ялсан. Ингээд 1-р сургуулийн үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэх болон цайны газрыг түрээслэн, засвар үйлчилгээ хийж бүрэн тохижуулсны дараа үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2015-2017 оны хичээлийн жилүүдэд НӨХГ-тай гэрээний хэрэгжилтийг дүгнүүлэн гэрээгээ сунган ажиллаж ирсэн болно, Харин 2018 оны хичээлийн жилд цайны газрыг түрээслүүлэх эрх нь сургуулийн захирлын мэдэлд шилжсэнээр маргаан үүсээд байна. Сургуулийн захирал болон удирдлагууд нь “Н” ХХК-ийн гэрээг дүгнэлгүйгээр цуцалсан нь буруу шийдвэр байсан. Хариуцагч нь гэрээг цуцлах үндэслэл нь үдийн цай хөтөлбөрийг бага сургуульд шилжүүлж байгаатай холбоотой гэж танилцуулсан. Жич: НМХГ-аас нэг хүүхдэд ноогдох талбайн хэмжээ үйлчилгээний стандартад нийцэхгүй гэж үзэн дунд болон ахлах сургуулийн цайны газарт бага ангиудыг тэнцүү хуваан авч үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. /1300 гаруй сурагч/.

2017 оны 11 сард захирал Г.Бумэрдэнэ нь 1 сарын хугацаанд туршилт хийнэ хэмээн “Н” ХХК-ын хариуцаж байсан 14 ангиас 9-ийг авч бага сургуулийн цайны газарт хувиарласан. “Н” ХХК нь сурагчдын үдийн цайг нян бактериас хамгаалах үүднээс Вакумжсан тусгай төхөөрөмж бүхий саванд хийж түгээдэг байсан ба энэ талаар МХГазрын байцаагч нарт танилцуулж цаашид үдийн цай хөтөлбөрийг хэвийн үргэлжлүүлэхийг санал болгож байсан. 1-р сургуулийн захирал Г.Бумэрдэнэд үдийн цай хөтөлбөрөө боловсронгуй болгон хэрэгжүүлэх туршилтаар өгсөн байсан ангиудаа буцаан авах хүсэлт тавьсан боловч хүлээн авахаас татгалзан харин ч гэрээг шууд цуцлах сунгахгүй байх бодолтой байгаагаа илэрхийлсэн. Нэхэмжлэгчийн 21 000 000 /хорин нэгэн сая/ төгрөгөөр тохижуулж 3 жилийн турш чанарын өндөр түвшинд үйл ажиллагаа явуулж ирсэн цайны газрыг илт шударга бусаар авах зорилго агуулж байгаа нь ойлгомжтой байсан тул 1-р сургуулийн захирал Г.Б*******д сонгон шалгаруулалтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж албан тоот явуулсан боловч хариу ирүүлээгүй. Ингээд хүчээр зарлагдсан сонгон шалгаруулалтад аргагүй эрхэнд орохоор болсон. Энэ үед нэхэмжлэгч тал эрх бүхий байгууллагуудад гомдол хүсэлтээ явуулж шүүхээс өмнө урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд явагдах ёстой  зүйлүүдийг хийж байсан. 2018.09.06-нд сонгон шалгаруулалтыг нээх байсан боловч НӨХГ-аас мэдэгдэл ирсэн тендерийн хуулийн 4.1 дэх заалтаар хойшлуулсан гэсэн хариу өгсөн. /4.1 заалт цахимаар тендер зарласан үед хэрэглэгддэг заалт болно / Сонгон шалгаруулалт 2018.09.10-ний өдөр 9цагт болсон. Үүнд 7 компани оролцож баримт ирүүлсэн байсан ба тендерийн материалуудын лац ломбо бүрэн бүтэн байдлыг шалгаад компаний төлөөлөгчдийг бүгдийг хөөн гаргасан. Энэ үед “Н” ХХК-ийг төлөөлөгч үнийн санал болон банкны баталгааг нээлттэй танилцуулах хүсэлт тавьсан боловч НӨХГ-ын ахлах мэргэжилтэн Раднаасэд материал танилцуулах шаардлага байхгүй утсаар ярьсан компани ялсан гэж бод утсаар ярихгүй бол ялагдсан гэж тооцоорой гээд гаргасан. Тендер шалгаруулах өглөө тендерт оролцох эрхийн зөвшөөрөлгүй 3 багшийг тендерийн комиссын гишүүн болгон оруулсан.

Сонинд нээлттэй зарласан боловч хаалттай хийсэн нь өөрсдийн дэмжиж байгаа котпаниа шалгаруулах мөн бичиг баримтыг нь шалгаруулалтад тэнцүүлэх байдлаар дураараа өөрчлөх зэрэг шударга бус үйлдэл гаргах нөхцөлийг  бүрдүүлсэн.

“Н” ХХК нь зарлагдсан тендерийг хүчингүй болгох, өмнө нь байуулсан гэрээг шударгаар дүгнэх, цаашид өөрсдийн хөрөнгө оруулж тохижуулсан цайны газрыг үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлттэй байна. “Н” ХХК-ийн зүгээс цайны газрыг чин сэтгэлээсээ өөрсдийн нөөц бололцоог дайчлан ажиллуулж хүүхдүүдийг аятай тухтай байлгах үүднээс бүх зүйлийг хуульд нийцүүлэн явуулж байсан нь 1-р сурууглийн захиралд таалагдаагүй бололтой. Тэрээр хувьдаа санхүүгийн ашигтай байдал үүсгэхийг хүсэж байсныг нэхэмжлэгч тал мэдээгүй юм. Жич: 1-р сургуулийн захирал Г.Б*******тэй нэхэмжлэгч тал хамт байлцан гэрээ дүгнүүлэх цаашид хамтран ажиллах талаар санал солилцоход захирал Г.Б******* сургууль цайны газар болон заалны түрээсээр сургуулийн дотоод нийгмийн асуудлыг шийддэг өөр орж ирэх орлого байхгүй талаар нээлттэй ярилцсан. Нэхэмжлэгч тал гэрээгээ сунгаад түрээс ашиглалтын зардлаас гадна сар бүр сургуулийн захирлын мэдэлд дангаараа захиран зарцуулах эрхтэй 1 000 000 /нэг сая/ төгрөгийг багш ажилчдын нийгмийн асуудалд дэм болгох зорилгоор өгч ажиллах” санал тавьсан.Энэ санал нь нэг жилд 10.000.000 /арван сая/ төгрөгийг “Н” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд сургуульд ашиг хэлбэрээр оруулах мөн сургуулийн захиралтай хамтран ажиллах санал байсан. Гэвч энэ саналыг Г.Б******* хүлээж авахаас татгалзан албан байдлын давуу байдлаа ашиглан сонгон шалгаруулалт зарлахаар болсон. Суруулийн захирлын цайны газарт сонгон шалгаруулалт явуулах тендерийн шийдвэрийг  хүчингүй болгуулахаар БСШУСЯ-ны сайд болон бусад эрх бүхий байгууллагуудад хандсан. Харин БСШУСЯ-аас шүүхэд хандах тухай албан тоотыг 2018.10.29-ны өдөр ирүүлснээр |(ШХШТХ-ийн 14.2 дах хэсгийг баримтлан шүүхэд хандаж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирлын 2018.09.05-ний өдрийн А/46 тоот тушаал нь “Н” ХХК-ийн уг сургуульд цайны газар эзэмшдэг байсан хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн байгаа.

 Нэхэмжлэгч 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:  “Н” ХХК нь тус шүүхэд нийслэлийн ерөнхий боловсролын 1р сургуулийн захирлын 2018 оны 09 сарын 05ны А/46 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг хянан шийдвэрлэж байна. Дээр дурдсан А/46 дугаар тушаалыг манай зүгээс огт танилцаагүй бөгөөд 2019 оны 1р сарын 24-ны өдөр хэргийн материалаас танилцсан болно. Гэтэл уг тушаал нь 1р сургуулийн цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулсан бус сонгон шалгаруулалт зохион байгуулах тушаал байсан. Манай компани нь уг нэхэмжлэл болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж БСШУСЯамны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга, БСШУСЯамны сайд, НӨХГ, Нийслэлийн боловсролын газар зэрэг холбогдох дээд шатны захиргааны байгууллага албан тушаалтанд хандаж гомдол гаргахдаа 1дүгээр сургуулийн цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулахаар хандаж байсан.Нийслэлийн ерөнхий боловсролын 1дүгээр сургуулийн цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалт нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 65р тогтоолоор батлагдсан журмын дагуу явагдаагүй, тус журмын хэд хэдэн заалтыг зөрчсөн байна. Тухайлбал Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмын 3,3.1, 3.3.2, 5.1.2, 6.4, 6.3, 7.1, 5.2.1 дэх заалтуудыг зөрчсөн. Мөн сонгон шалгаруулалтад оролцогчдын тавьсан шаардлагыг биелүүлээгүй “ТЯ” ххк-г сонгон шалгаруулсан. Тодруулбал “ТЯ” ххк нь сонгон шалгаруулалтын материалд банкны мэдэгдэл өгөх ёстой атал дансны хуулга өгсөн, цайны газрын үйл ажиллагаа 2 жил явуулсан гэх боловч түүнийг нотлох баримт буюу ажлын байрны дүгнэлт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг “Нийслэлийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирлын тушаалаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан тус сургуулийн цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Н” ХХК нь 2015 онд Нийслэлийн өмчийн харилцааны газраас зарласан НЕБНС-ийн цайны газрыг түрээслэх тендерт оролцож шалгарсан. Тус сургуулийн цайны газрыг хүлээн авахад хуучны шал, пилтатай байсан. Энэ эрүүл ахуйн шаардлага хангахгүй байсан учраас пилтааг сольж, зохион байгуулалтыг өөрчилж, засвар хийн мэргэжлийн хяналтын шаардлагад нийцүүлсэн. Мөн цахилгааны монтаж, сантехникийн асуудлыг засаж шийдвэрлэсэн. Сантехникийн өрөөд хуримтлагдсан эхүүн үнэртэй лагийг зөөж цэвэрлэсэн. Цахилгааны монтаж подвальд холбогдсон аюултай байсныг төв цахилгааны шийдэнд холбуулж цахилгааны асуудлыг шийдвэрлэсэн. 3 жилийн хугацаанд 20 сая төгрөгийн засварын ажил хийсэн. Мөн өргөтгөлөөр барьсан үйлчилгээний заал халаалтгүй байсан асуудлыг шийдвэрлэсэн. Одоо хийгээд байхаар засварын ажил байхгүй болсон.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас сургуулиудын цайны газрыг түрээслэгч нарын ажлыг дүгнэж, гэрээг сунгадаг байсан. 2015, 2016, 2017 онуудад ажлаа дүгнүүлэн хэвийн ажиллаж байсан. 2018 онд сургуулиудын цайны газрын асуудал тухайн сургуулийн захирлуудын мэдэлд шилжсэн. Энэ утгаар манай компанийг шахан гаргасан. Тус сургуулийн захирал Бидний ажлыг дүгнэлтгүй танай байгууллагатай хамтран ажиллахгүй гэж амаар хэлсэн.

Маргаад яах вэ гэж үзээд зарласан тендерт нь материалаа бүрдүүлэн өгч оролцсон. Шалгаруулахдаа буруу шийдвэр гаргасан гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байна. Тендерийг шударгаа явуулаарай гэсэн албан бичгийг өгсөн боловч хариу мэдэгдлийг ирүүлээгүй. Уг үйл ажиллагаа нь хуйвалдсан, хууль бус ажиллагаа болсон гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Сонинд нийтлэгдсэн зар дээр “2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагт бүх материалыг авч дуусна. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны 17 цагт сонгон шалгаруулалтыг нээлттэй задална” гэж нийтлэгдсэн. Гэтэл сонгон шалгаруулалтын материалыг товлон өдрөөс 3 хоногийн дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр задалсан. Задлахдаа талуудад үнийн саналыг мэдэгддэг. Гэтэл үнийн саналыг мэдэгдэхгүйгээр бүгдийг гаргаад утсаар хариу өгнө гэсэн шаардлага тавьсан. Сонгон шалгаруулалт эхнээсээ будлиантай болсон. Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан журмыг баримталсан гэж байгаа боловч тус журмаа зөрчсөн байдаг. Сонгон шалгаруулалтад оролцогчдоос дансны хуулга авдаггүй, банкны тодорхойлолт авдаг. Үүнийг журамд заасан байгаа. Сонгон шалгаруулалтын комисс материалыг үнэлэхдээ явцуу, нэг талыг барьсан, “ТЯ” ХХК-ийг ялуулах зорилгоор дүгнэсэн нь гишүүдийн үнэлгээний хуудаснаас харагдаж байгаа. Жишээлбэл манай компани журамд зааснаар банкны тодорхойлолтыг гарган өгсөөр байтал 0 оноо өгсөн. Гэтэл сүүлд нь үүнийг нөхөж хийсэн гэдэг. Тэмдэглэлд ямар материал ирүүлснийг бүртгэж авсан байгаа.

“ТЯ” ХХК нь 2 жил үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гэх боловч сургууль, Өмчийн харилцааны газартай байгуулсан гурвалсан гэрээ байдаггүй. Өөрөөр хэлбэл туршлагаа нотолсон баримт байгаагүй. Гэтэл үүнд дээр 10 оноо өгсөн байдаг. Мөн хөдөлмөрийн гэрээнүүд, өмнөх ажлын түрээсийн гэрээнүүд, ажлын байрны тодорхойлолт байгаагүй. Энэ байдлаар хэт нэг талыг барьсан, шударга бус, журмаа зөрчсөн үнэлгээг хийсэн. Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “Н” ХХК нэхэмжлэлтэй ЕБ-ийн Нэгдүгээр сургуульд холбогдох “ЕБ- ийн нэгдүгээр сургуулийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн А/46тоот тушаал, 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн цайны газар түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг тус тус хүчингүй болгож өгнө үү?” гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс дараахь хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

НЭГДҮГЭЭРТ: 2018 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн А/46тоот тушаалыг хүчингүй болгох тухайд:

А/46 тоот тушаал нь “Сонгон шалгаруулалт зохион байгууллах ажиллын хэсэг байгуулах” тухай тушаал нь зөвхөн дотоодод чиглэсэн актын гадагш чиглэсэн актын шинжийг агуулахгүй байх тул захиргааны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага болохгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХОЁРДУГААРТ: 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн цайны газар түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухайд:

1.  Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/671 тоот захирамжаар Нийслэлийн өмчийн ЕБ-ийн сургуулийн сурагчдад хоол хүнсээр үйлчлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах ЭРХ-ийг Нийслэлийн өмчийн ЕБ-ийн сургуулийн захирлуудад шилжүүлсэн.

Тус сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч хоёр цайныг азартай байгуулсан гэрээ 2018 оны өдөр, .... өдөр тус тус дуусаж байгаатай холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 13-ний өдөр Гэрээг дүгнэх ажлын хэсэг байгуулан, 15-ний өдөр ажлын хэсгийн дүгнэлтээр “Сор алтай” ХХК-тай байгуулсан гэрээг цааш сунгах боломжтой, “Н” ХХК-тай байгуулсан гэрээг цааш сунгах боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан.

Дүгнэлтийг Нийслэлийн өмчийн харилцааны газар болон түрээслэгч хнарт танилцуулсан. /2018.08.15 өдөр 441 тоот албан бичгээр НӨХГ, 2018.08.15 өдөр 442 тоот албан бичгээр түрээслэгчид /.

Ингээд тухайн дүгнэлттэй холбоотойгоор түрээслэгч маргаагүй бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн цайны газар түрээслэгчийн сонгон шалгаруулалтад бичиг баримтаа бүрдүүлэн оролцсоноор нотлогдоно.

2. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн цайны газар түрээслэгчийн сонгон шалгаруулалтад нийт 7 аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлснээс хамгийн өндөр буюу 395 оноогоор “ТЯ” ХХК шалгарсан.

Өнөө маргаж байгаа “Н” ХХК-ийн хувьд 7 аж ахуй нэгжээс оноогоор 4-т буюу 277 оноо авсан байдаг. 

Тухайн сонгон шалгаруулалтыг 2,3-р байранд орсон өндөр оноо бүхий аж ахуй нэгжүүд хүлээн зөвшөөрч, нээлттэй ил тод боллоо гэсэн байдаг ба харин олон оноо дутсан “Н” ХХК-ийн зүгээс маргаж байгаа нь тун ойлгомжгүй байна. 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ Нийслэлийн ИТХ-ийн 65-р тогтоолын холбогдох заалтыг зөрчсөн хэмээн тодруулбал: 3.3.1-д Харилиах банкны мэдэгдэл, 3.3.2 Түрээслэх эд хөрөнгийн цаашид ямар зорилгоор эзэмших, ашиглах тухай үндэслэлтэй хийсэн төсөл, төсвийн тооцоо, 5.1.2 40м2 ба түүнээс дээш талбай бүхий нийслэлийн өмчийг түрээслүүлэх тохиолдолд Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаалаар комиссод түрээслүүлэгч нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулна, 5.2.1 шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулна., 6.3 Комисс нь шалгаруулалтад ирүүлсэн материалыг шалгаж, бүрдүүлбэр гүйцэд байна гэж үзвэл хүлээн авах бөгөөд энэ тухай акт үйлдэж гарын үсэг зурна. , 6.4 материал дутуу тохиолдолд шалгаруулалтаас хасна. Хэмээн зохицуулсанг зөрчсөн байна гэж маргадаг.

Журмын 3.3.1 Харилцах банкны мэдэгдлийн тухайд: “Н” ХХК -ийн дансны мэдээлэл зөвхөн хуулга байсан  бөгөөд сая сүүлд шүүхэд ирүүлэхэд нэмж дэлгэрэнгүй хуулга хийсэн байсан. Энэ нь ч тухай үед авсан оноо, комиссын гишүүдийн тэмдэглэлээр тодорхой харагдана.

.... мэргэжилтэн Н******* гэж эмэгтэй сургуулийн дотоод хяналтын ажилтангаас ажил тарж байхад 18 цагт гэнэт ирж, сонгон шалгаруулалтын материалуудыг шалгана гэж ямар ч нарийн тэмдэглэл үйлдэлгүй бүгдийг нь авч явсан. Ингээд дээрх материалууд сүүлд шүүхийн журмаар хэрэгт авагдахад дунд нь “Н” ХХК -ийн байхгүй байсан дансны мэдээлэл нэмэгдсэн байсан. Энэ бол төрийн байгууллагын ажилтан өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн ноцтой хэрэг гэж үзэж байна. Тухайн дансны мэдээлэл байхгүй байсан тухайд комиссын бүх гишүүд мэдэж байгаа бөгөөд өнөө ч гэрчээр асуухад хэрэг тодорхой болно. Гэтэл ингэж дураар аашлан материал нэмж, шүүхэд сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байгаа нь ёс суртахуунгүй үйлдэл болж байна..

Хэдий байхгүй байсан материалаа хууль бусаар нэмж шүүхдэж байгаа ч комиссын дүгнэлт, тэмдэглэлийг үндэс болгоно хэмээн шүүхэд найдаж байна.

Журмын 3.3.2 Түрээслэх эд хөрөнгийн цаашид ямар зорилгоор эзэмших, ашиглах тухай үндэслэлтэй хийсэн төсөл, төсвийн тооцооны тухайд:

Тухай журмьн энэ заалтад маргаж байгаа нь бүүр ч хачин, сонгон шалгаруулалтад шалгарсан “ТЯ” ХХК-ийн зүгээс дээрх төсөл тооцоог маш чамбай бэлтгэн ирүүлсэн байхад нэхэмжлэгчийн зүгээс дан ЗУРАГ юун бүү мэд!!! тайлбаргүй яах нь бүү мэд зураг л оруулсан байсан. Үүнд комиссын гишүүд 0 оноо өгсөн байгаагаас ч харж болно.

ЖУРМЫН 5.1.2 40м2 ба түүнээс дээш талбай бүхий нийслэлийн өмчийг түрээслүүлэх тохиолдолд Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын, тушаалаар комиссод түрээслүүлэгч нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулна гэсэн тухайд:

Тухайн сонгон шалгаруулалтын комиссод Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Н.Раднаа-Сэд оролцсон .

Журмын 5.2.1 шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулсан эсэх тухайд: Дээрх шалгаруулалт хууль тогтоомж зөрчөөгүй.

Журмын 6.3 Комисс нь шалгаруулалтад ирүүлсэн материалыг шалгаж, бүрдүүлбэр гүйцэд байна гэж үзвэл хүлээн авах бөгөөд энэ тухай акт үйлдэж гарын үсэг зурна , 6.4 материал дутуу тохиолдолд шалгаруулалтаас хасна гэсэн тухайд:

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авч байгаа тал материалыг сонгон шалгаруулалт нээх хүртэл задалж болохгүй, зөвхөн тусгай тэмдэглэл үйлдэж комиссод хүлээлгэн өгнө гэсэн л зохицуулалттай. Сонгон шалгаруулалтыг нээхэд сая комиссын гишүүд оролцогч нарыг байлцуулан сонгон шалгаруулалтын материалын битүүмжлэлийг задална. Харин материал дутуу. эсвэл ор байхгүй аж ахуй нэгжүүд холбогдох материалууд дээрээ оноо авах боломжгүй болж байгааг дүгнэлтээс харж болно. Харин ч нэхэмжлэгч нарын бичиг баримт илтэд дутуу байсан, үүнийг ч шүүх анхаарна байх аа.

Иймд нэхэмжлэгч “Н” ХХК-ийн “ЕБ-ийн нэгдүгээр сургуулийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн цайны газар түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн хүсэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 10-ны болсон НЕБНС-ийн цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулалттай хамааралгүй зүйлийг ярьж байна. Тухайн үед гэрээ дүгнэсэн асуудалтай нэхэмжлэгч талаас маргаагүй, хүлээн зөвшөөрч сонгон шалгаруулалтад оролцсон.

2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргын А/671 дүгээр захирамжаар ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад түрээслэгч сонгон шалгаруулах эрхийг шилжүүлж, чиглэл өгсөн баримт бичиг гарсан. Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийтлэг эрх, үүрэг гэсэн заалтын 20.1.7-д сургуулийн барилга байгууламж дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг нийтийн өмчийг ашиглах, эзэмших, захиран зарцуулахтай холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актаар тогтоосон журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар зориулалтын дагуу түрээслүүлэх гэж зааж өгсөн.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 65 дугаар тогтоол уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үндсэн баримт бичиг болсон. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд нэхэмжлэгчийн маргаж байгаа шиг зөрчил байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дээрх 65 дугаар тогтоолоор батлагдсан журмын 3.3.1, 3.3.2, 5.1.2, 5.2.1, 6.3, 6.4 дэх заалтуудыг зөрсөн гэж маргаж байгаа. Тус журмын 3.3.1-д харилцах банкны мэдээлэл ирүүлэхээр заасан бөгөөд сонгон шалгаруулалтад оролцогчид бүгд дансны хуулга ирүүлсэн байсан. Харин нэхэмжлэгч “Н” ХХК нь дансны хуулга ирүүлсэн, харилцах банкны мэдээлэл нь байгаагүй. Гэвч нь энэ нь сонгон шалгаруулалтын дүнг өөрчлөхөд нөлөө болохгүй. Мөн журмын 3.3.2-д Түрээслэх эд хөрөнгийн цаашид ямар зорилгоор эзэмших, ашиглах тухай үндэслэлтэй хийсэн төсөл, төсвийн тооцооллыг шаардсан байдаг. Үүнд сонгон шалгаруулалтад оролцогчид илт ялгаатай баримтуудыг ирүүлсэн. Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт үндэслэлтэй болох нь нотлох баримтаас харагдах байх. Журмын 5.1.2-д 40 м.кв ба түүнээс дээш талбай бүхий нийслэлийн өмчийг түрээслүүлэх тохиолдолд Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаалаар комисст түрээслүүлэгч нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулна гэж заасан. Үүний дагуу сонгон шалгаруулалтын комисст Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн Н.Раднаасэд оролцож, сонгон шалгаруулалтыг удирдан зохион байгуулсан. Тэгэхээр оролцоог хангасан байна. Журмын 5.2.1-д заасны дагуу шалгаруулалт холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулсан. Үүнд хууль тогтоомж зөрчигдсөн асуудал байхгүй. Журмын 6.3-д комисс нь шалгаруулалтад ирүүлсэн материалыг шалгаж, бүрдүүлбэр гүйцэд байна гэж үзвэл хүлээн авах бөгөөд энэ тухай акт үйлдэж гарын үсэг зурна, 6.4-д материал дутуу тохиолдолд шалгаруулалтаас хасна гэж заасан. Гэтэл сонгон шалгаруулалтад ирүүлж буй материал нь бүгд битүүмжлэгдэн ирсэн учраас сонгон шалгаруулалтын комисс бүрдүүлбэр хангасан эсэхийг сонгон шалгаруулалтыг нээхээс өмнө мэдэх, дүгнэлт хийх боломж байгаагүй. Сонгон шалгаруулалтад оролцогч 7 аж ахуйн нэгжийг байлцуулан сонгон шалгаруулалтын материалыг нээсэн. Ямар материал ирүүлсэн талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Үүнтэй холбоотой зөрчил байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү..” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн өмчийн харилцааны газраас зарласан НЕБНС-ийн цайны газрыг түрээслэгчийн сонгон шалгаруулах зарыг сонинд нийтэлсэн байдаг. Сонинд гарсан зарын дагуу аж ахуйн нэгжүүд материалаа бүрдүүлэн сонгон шалгаруулалтад оролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс “ТЯ” ХХК нь банкны мэдэгдэл өгөөгүй, дансны хуулга өгсөн гэж нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байдаг. НЕБНС-иас сонинд зар нийтлүүлэхдээ бүрдүүлэх материал гэдэгт дансны хуулга гэж бичсэн байдаг. Тавьсан шаардлагын дагуу манай компани материал бүрдүүлэн өгсөн. Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр үнэлгээг манай “ТЯ” ХХК авсан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх нь чухал асуудал юм. Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг зөрчигдсөн эсэх асуудал яригдах ёстой. Захиргааны байгууллагаас хуульд заасан үндэслэлээр иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хөнддөг. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Н” ХХК-ийн ямар эрхийг зөрчсөн нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна...” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал Л.Ц  НЕБНС-ийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/46 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус сургуулийн захирлын тушаалаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан сургуулийн цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох гэж өөрчилжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ уг сонгон шалгаруулалт Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмын 3.3.1, 3.3.2, 5.1.2, 5.2.1, 6.3, 6.4, 7.1 дэх заалтуудыг зөрчсөн, мөн сонгон шалгаруулалтад оролцогчдын тавьсан шаардлагыг биелүүлээгүй “ТЯ” ХХК-ийг сонгон шалгаруулсан нь хууль бус гэж тодорхойлсон шаардлагын хүрээнд дүгнэлт өгч хянан шийдвэрлэв.

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтыг өдөр тутмын “Үндэсний шуудан”, “Өдрийн сонин” сонингийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн, “Монголын үнэн” сонины 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн дугааруудад зарлаж 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан бөгөөд энэ шалгаруулалтад нэхэмжлэгч “Н” ХХК болон шалгарсан “ТЯ” ХХК зэрэг 7 компани материалаа ирүүлж оролцжээ.

Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг тус сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/46 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг хүлээн авч дүгнэн шалгаруулсан бөгөөд нэхэмжлэгч энэхүү ажлын хэсгийн дүгнэлттэй маргаагүй байна.

Сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтээр “ТЯ” ХХК-ийг нийт 395 оноогоор 2018-2019 оны хичээлийн жилд тус сургуулийн цайны газрын түрээслэгчээр шалгаруулжээ.

Ерөнхий боловсролын сургуулийн цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулахдаа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ыг баримталдаг байна.

Энэхүү журмын 5.1.2 дахь хэсэгт зааснаар 40 м кв ба түүнээс дээш талбай бүхий нийслэлийн өмчийг түрээслүүлэх комиссыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаалаар томилохоор заасан хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Нийслэлийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хоол хүнсээр үйлчлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай” А/671 дүгээр захирамжаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “сургуулийн барилга байгууламж дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг нийтийн өмчийг ашиглах, эзэмших, захиран зарцуулахтай холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актаар тогтоосон журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар зориулалтын дагуу түрээслүүлэх.” гэж заасныг үндэслэн цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулж ажиллахыг сургуулийн захирлуудад даалгаж эрхийг шилжүүлжээ. 

Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Захирал нь дараахь эрхтэй:”, 20.1.7-д “сургуулийн барилга байгууламж дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг нийтийн өмчийг ашиглах, эзэмших, захиран зарцуулахтай холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актаар тогтоосон журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар зориулалтын дагуу түрээслүүлэх.” гэж зохицуулсан бөгөөд хуулийн энэхүү заалтын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрхийг сургуулийн захирлуудад шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэр хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тоочих байдлаар томъёолсон шаардлагуудыг хэрэгт цугларсан болон уг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн “ТЯ” ХХК-ийн баримт бичгийн материалтай тулгаж үзээд дараахь байдлаар дүгнэж болохоор байна.Үүнд:

 1.Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмын 3.3-д “Санхүүгийн чадавхийг дараахь баримт бичгээр нотолж болно.”, 3.3.1-д “Харилцах банкны мэдэгдэл;” гэсэн хэдий ч хариуцагчийн өдөр тутмын сонингуудад хэвлүүлсэн түрээслэгчийг сонгон шалгаруулах зар/урилга/-ын 2-ын “а”-д Харилцах банкны дансны хуулга /Сүүлийн 6 сар/ гэж шаардсаны дагуу “ТЯ” ХХК харилцах банкны дансны хуулгыг ирүүлсэн; 

2.Журмын 3.3.2-т “Түрээслэх эд хөрөнгийг цаашид ямар зорилгоор эзэмших, ашиглах тухай үндэслэлтэй хийсэн төсөл, төсвийн тооцоо;” гэсний дагуу “ТЯ” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт бичгийн Үйлдвэрлэл, үйл ажиллагааны төлөвлөгөө гэсэн хэсэгт “Сургуулийн эд хөрөнгийг ашиглах ба хамгаалах төлөвлөгөө”  /Нотлох баримтаар ирүүлсэн баримт бичгийг дугаарлаагүй ба энэхүү төлөвлөгөө уг баримт бичгийн 26-27 дугаар хуудаст байна гэж үзлээ/ боловсруулан ирүүлсэн;

3.Журмын 5.1.2-т “40 м кв ба түүнээс дээш талбай бүхий нийслэлийн өмчийг түрээслүүлэх тохиолдолд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын тушаалаар /комисст түрээслүүлэгч нийслэлийн өмчит хуулийн этгээдийн төлөөллийг оруулна/ ...томилно.” гэсний дагуу Нийслэлийн Засаг даргын А/671 дүгээр захирамжид нийслэлийн өмчийн харилцааны төлөөллийг оролцуулж байх тухай тусгасны дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Раднаасэд оролцсон нь сонгон шалгаруулалтын тэмдэглэлээр  нотлогдсон; 

4.Журмын 5.2.1-д “Шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулах;” гэснийг Нийслэлийн Засаг даргын А/671 дүгээр захирамжийг үндэслэн явуулсан;

 5.Журмын  6.3-д “Комисс нь шалгаруулалтад ирүүлсэн материалыг шалгаж бүрдүүлбэр гүйцэд байна гэж үзвэл хүлээн авах бөгөөд энэ тухай акт үйлдэж гарын үсэг зурна.” гэсний дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс ирүүлсэн материалыг хүлээн авч баримт  үйлдэн баталгаажуулсан байна.

Мөн журмын 7.1-д “...журмын 3.1-д заасан шаардлагыг хангасан оролцогчдоос түрээслэх хамгийн өндөр үнийн санал өгсөн этгээдийг шалгаруулна.......” гэсэн заалтаар “Н” ХХК бусад компаниудаас өндөр санал /20000 төгрөг/ ирүүлснийг ажлын хэсгийн гишүүд авбал зохих дээд оноог өгсөн хэдий ч нийт авсан үнэлгээнд нөлөөлөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсноор “ТЯ” ХХК-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт бичиг материал нэхэмжлэгч “Н” ХХК-ийн ирүүлсэн баримт бичиг материалтай харьцуулахад учир дутагдалтай хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох хэмжээний үндэслэл болохгүй байна.

Харин журмын 6.4-д “Материал дутуу тохиолдолд шалгаруулалтаас хасна.”, гэсэн заалтыг зөрчсөн гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

Учир нь “ТЯ” ХХК-ийн тус сонгон шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн материалын хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боловсон хүчний мэргэшсэн байдлыг тодорхойлсон баримт бичгүүд нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар ирүүлсэн байхад хүлээн авч шалгаруулсан нь уг сонгон шалгаруулалтыг хууль бус гэж дүгнэх хангалттай үндэслэл болж байгаа хэдий ч ерөнхий боловсролын дунд сургуулийн хичээлийн жилд цайны газрын үйл ажиллагааг түрээслэх үйл ажиллагааны хугацаа дуусах дөхсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосноор нэхэмжлэлийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитой сэргэх боломжгүй, дахин сонгон шалгаруулалт явуулах хугацаа байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулж, үйл ажиллагаа явуулдаг цаг хугацааны онцлогоос хамаарч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа уг сонгон шалгаруулалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох боломжтой байсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байна.

Мөн хариуцагч 1 дүгээр сургуулийн захиргаа цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулахдаа баримт бичиг материал дутуу ирүүлсэн, хоол үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөлгүй, цайны газрын түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай зар/урилга/-ын 3-д заасан холбогдох байгууллагаас гаргадаг ажлын байрны дүгнэлт/галын аюулгүй байдлын, цахилгааны г м /-гүй компанийн шалгаруулж хууль, журмыг ноцтой зөрчсөнийг тэмдэглэж байна. 

   Хариуцагч цаашдаа Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн журмын хүрээнд зохион байгуулж, дээр дурдсан зөрчлийг гаргахгүйгээр түрээслэгчийн гэрээ дүгнэж, сонгон шалгаруулж байвал зохино.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.5-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь:

 

1. Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.7-д заасныг баримтлан Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын тушаалаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан сургуулийн цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.НАСАНДЭЛГЭР