Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 362

 

Иргэн Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Д.Гэрэл, түүний өмгөөлөгч Г.Жанчив, Д.Хаш-Эрдэнэ, гуравдагч этгээд “Жем интернэйшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нарангэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 346 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0482 дугаар магадлалтай, Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй, Хууль зүйн Сайд, Оюуны өмчийн газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр Зохиогчийн эрхийн тухай хуулийн /1993 оны/ 8 дугаар зүйлийн 3, 17 дугаар зүйлийн 5, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.4.4, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн /2010 оны шинэчилсэн найруулга/ 5 дугаар зүйлийн 5.2.9-д заасныг тус тус баримтлан иргэн Д.Гэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Барааны тэмдэг бүртгэх, гэрчилгээ олгохыг зөвшөөрөх тухай” 123 дугаар тушаалын хавсралтын “Жем интернэйшнл” ХХК-д холбогдох хэсэг, мөн 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр олгосон 4650 дугаартай Барааны тэмдгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0482 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Нэхэмжлэгч Д.Гэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй. Учир нь, Оюуны өмчийн газраас ирүүлсэн “Барааны тэмдгийн магадлан дүгнэлтийн тайлан”-д ямар баримт, ямар санд тулгуурлан шүүлт хийсэн талаар хангалттай тусгагдсан байхад давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх маргаан бүхий хэргийг шийдвэрлэхэд 2 удаа шинжээч томилж, сүүлд 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан нь шинжээчийн нэгдмэл нэг хариулт өгсөн байдаг. Иймээс нэг шинжээчид хууль сануулаагүй гэдгээр хэргийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, шинжээч Д.Гунгаа, Ц.Нарангэрэл нарт хууль сануулсан ба тус бүр томилогдсон дээрх шинжээч нь дүгнэлтээ гаргасан байгаа нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж байна. Иймд, дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийг хангасан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

                                                                                          ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх Зохиогчийн эрхийн тухай хууль /1993 он/, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Д.Гэрэл нь “Чингис хаан гурвал” хэмээх хагас товгор буюу рельефийн төрлийн зэс-гибалниз материал бүхий урлагийн бүтээлийг анх 1990 онд бүтээн, үүнээс “Чингис хааны залуу нас” бүтээлийг Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутагт байгаа хөшөөнд суулган үлдээснийг АНУ-ын “National Geogrephiс” сэтгүүл нийтэлснээс гадна 2005 онд “Өдрийн сонин”-д нийтлэгдэж, нийтийн хүртээл олгосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

Тэрээр уг бүтээлийг зохиогчийн эрхэд хамаарах бүтээлд бүртгүүлэх өргөдлийг 2005 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Оюуны өмчийн газарт гаргасан байх бөгөөд Монгол Улсын Шадар Сайдын 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар тушаалаар зохиогчийн эрхэд хамаарах бүтээлд бүртгэн, 2332 дугаар зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна.

Харин “Жем интернэйшнл” ХХК-д 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 123 дугаар тушаалаар тус компанийн үйлдвэрлэдэг “CHINGGIS GOLD” архины “Чингис хаан”-ын хөрөг бүхий шошгод 4650 дугаар барааны тэмдгийн гэрчилгээ олгосон, өөрөөр хэлбэл, “Жем интернэйшнл” ХХК-ийн “CHINGGIS GOLD” архины шошгод барааны тэмдгийн гэрчилгээ олгогдсоны дараа Д.Гэрэл өөрийн бүтээлд зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан нь тодорхой байна.

Гэтэл “барааны тэмдгийн магадлан дүгнэлтийн тайлан гаргах үндэслэл болсон шүүлтийн эх үүсвэртэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, ...ямар баримт, санд тулгуурлан шүүлт хийснийг тодруулах шаардлагатай” гэж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай, хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байжээ. 

“Жем интернэйшнл” ХХК-ийн үйлдвэрлэдэг “CHINGGIS GOLD” архины шошго дээрх “Чингис хаан”-ы хөрөг зураг нь туурвих аргын хувьд өөр боловч Д.Гэрэлийн “Чингис хаан гурвал” хэмээх бүтээлийн эх медалионы дүрслэлээс буулгасан хувилбар бүтээл болох  нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн /1993 он/ 17 дугаар зүйлийн 1-д “тодорхой бүтээлийн зохиогчийн эрхийн хугацааг уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн тооцно”, 5-д “зохиогчийн эд хөрөнгийн бус амины эрх хугацаагаар хязгаарлагдахгүй” гэж заасны дагуу Д.Гэрэл “Чингис хаан гурвал” бүтээлээ тууривсан үеэс тухайн бүтээлийн зохиогчийн амины эрхийг эдлэх ба мөн хуулийн 25 дугаар зүйлд “Бүтээлийн халдашгүй байдал болон зохиогчийн эд хөрөнгийн бус амины бусад эрхийг зөрчсөн тохиолдолд зохиогч нь,...зөрчигдсөн эрхийг зохих журмаар сэргээн тогтоохыг уг эрхийг зөрчсөн этгээдээс шаардах, улмаар шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасны дагуу зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шаардах эрхтэй юм.

Хэдийгээр “Жем интернэйшнл” ХХК-д 4650 дугаар барааны тэмдгийн гэрчилгээ олгогдсоны дараа Д.Гэрэлийг тухайн бүтээлийн зохиогчоор бүртгүүлсэн байх боловч хэзээ бүртгэгдсэнээс үл хамааран тэрээр “Чингис хааны гурвал” бүтээлийг 1990 туурвин, нийтийн хүртээл болгосон нийтэд илэрхий үйл баримт байна.

Иймд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн /2003 он/ 5 дугаар зүйлийн 5.4.4-т “бусдын зохиогчийн эрх буюу аж үйлдвэрийн өмчийн эрхтэй зөрчилдөхөөр бол барааны тэмдгийг бүртгэхгүй”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Сонирхогч этгээд энэ хуулийн 5.2, 5.3, 5.4-т заасныг зөрчиж барааны тэмдгийг,   ... бүртгэсэн гэж үзвэл уг тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг хүчингүй болгох тухай хүсэлтээ шүүхэд гаргаж болно”, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн /2010 он/ 33 дугаар зүйлийн 33.1-д “Барааны тэмдэг, газар зүйн заалтын бүртгэлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно: 33.1.1-д “барааны тэмдэг, газар зүйн заалтыг энэ хуулийн 5, 20 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн бол” гэж  заасны дагуу нэгэнт бүртгэгдсэн барааны тэмдгийг хүчингүй болгох үндэслэлтэй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа шинжээч томилж, дүгнэлт гаргуулснаас 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 6453 дугаар шүүгчийн захирамжаар томилогдсон Д.Энхдаваа, Ц.Нарангэрэл, Д.Гунгаа нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдээс Д.Энхдаваад шинжээчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил боловч бүрэлдэхүүнээр гаргасан шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл биш, өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц гэж үзэхээргүй байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 221/МА2016/0482 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                                  ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН