| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-05-27 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.Т-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е-, Т.Б-,
Шүүгдэгч Х.Р- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.П-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Р-д холбогдох 2113000400039 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан ба 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэг жилийн хугацаагаар цалингүй чөлөө олгосон, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл-6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Е овогт Х-ын Р-, регистрийн дугаар БВ............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Р- нь 2008 онд Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн №0200803732 дугаартай “Газрын кадастрын инженер” мэргэжил эзэмшсэн гэх дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт байгууллагын бичиг хэрэг, нярваар ажилд томилогдож, уг хуурамч дипломыг үргэлжилсэн үйлдлээр ашигласны улмаас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсөвт 35.414.490 /гучин таван сая дөрвөн зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун ерэн/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Х.Р- мэдүүлэхдээ: “Иргэн Х.Р- би 2004 онд Хөдөө Аж Ахуйн их сургуульд элсэн орж, 4 дүгээр дамжаанд суралцаж байгаад төгсөх жил буюу 2008 онд сургуулийн хонхны баярт оролцож, сургуулиас нэгдсэн журмаар бусад оюутнууддаа хамт диплом авсан. Тэгэхэд диплом аваад орон нутаг руу явсан. Тухайн үед би уг диплом хуурамч гэдгээ мэдээгүй байсан. 2021 онд аймгийн цагдаагийн байгууллагаас шалгасан үед уг диплом хуурамч гэдгээ мэдсэн. Энэ бол буруу зүйл байсан гэдгээ мэдлээ. Х.Р- би 2003 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нярвын ажилд томилогдсон. 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт бичиг хэргийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан. 2020 оны 5 дугаар сард ар гэрийн гачигдлаас эрүүл мэндийн байдал В,С вирустай, мөн нялх хүүхдээ асран хамгаалах шаардлагатай болж ажлаас 1 жилийн хугацаагаар цалингүй түр чөлөө авсан. Одоо ажил эрхлээгүй, гэртэй хүүхэд харж байна. Бас арилжааны банканд их хэмжээний зээлтэй байгаа. Х.Р- би гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй. Би тус байгууллагад жил бүр гэрээ хийж, өөрт оногдсон ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Би энэхүү гарсан хохирлыг төлөхөөс татгалзаж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэв.
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Х.Т-: “Иргэн Х.Р- нь манай байгууллагад 2013 оны 12 сараас эхлээд 2020 оны 5 дугаар сар хүртэл ажилласан. Ажилд томилсон тушаалыг үндэслээд би цалин хөлс олгож байсан. Тэгэхэд 2013 оноос 2020 он хүртэл 35.414.490 төгрөгийн цалин тооцож, тэрнээс нийгмийн даатгалын шимтгэл ашгийг суутгаад, цалингаа зохих журмын дагуу олгож ирсэн. Тэр хугацаандаа бид диплом нь хуурамч гэдгийг мэдээгүй ба 2020 онд цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаад тогтоогдсон үед мэдсэн. Манай байгууллагад учруулсан 35.414.490 төгрөгийг төлж, хохиролгүй болгож өгнө үү.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2113000400039 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч хуулийн этгээд болох аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хууль ёсны төлөөлөгч Х.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 11-рх/,
2. Гэрч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 15-16-рх/,
3. Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-рх/,
4. Гэрч Л.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-рх/,
5. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны 02 дугаар сарын 26- ны өдрийн 7/807 дугаартай албан бичиг /хх-ийн 42-рх/,
6. Х.Р-ы анх ажилд орох үед бүрдүүлж өгсөн Төрийн албан хаагчийн анкет, 3 үеийн түүхийн намтар, ажилд орох талаар гаргасан өргөдөл /хх-ийн 46-52, 55-рх/,
7. Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 25- ны өдрийн 17 дугаартай тушаал /хх-ийн 54-рх/,
8. Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 27- ны өдрийн 02 дугаартай тушаал /хх-ийн 53-рх/,
9. 2008 онд Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн №0200803732 дугаартай “Газрын кадастрын инженер” мэргэжил эзэмшсэн гэх дипломын хуулбар /хх-ийн 56-57-рх/,
10. Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 001/024, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 001/071 дугаартай албан бичгүүд /хх-ийн 64-68-рх/,
11. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 58-60-рх/,
12. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бичиг хэргийн эрхлэгчээр 2013 оны 12 дугаар сараас 2020 оны 05 дугаар сар хүртэл ажиллаж байсан Х.Р-ы цалингийн тодорхойлолт, хохирлын тооцоо /хх-ийн 82-92-рх/,
13. Шүүгдэгч Х.Р-ы чөлөө хүссэн өргөдөл болон тушаал /хх-ийн 95-96-рх/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Р-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Р- нь 2008 онд Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн №0200803732 дугаартай “Газрын кадастрын инженер” мэргэжил эзэмшсэн гэх дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт байгууллагын бичиг хэрэг, нярваар ажилд томилогдож, уг хуурамч дипломыг үргэлжилсэн үйлдлээр ашигласны улмаас аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төсөвт 35.414.490 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.Р-, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-, К.Е- нараас гэм буруугийн талаар маргаан байхгүй. Харин Х.Р-ы ажиллаж байсан албан тушаал нь дээд боловсролын диплом шаардсан ажил биш байсан тул өөрийн ажилласан хөдөлмөрт тохирсон хөлсөө авч байсан. Тиймээс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ямар нэгэн хохирол учраагүй тул тус байгууллагын нэхэмжилсэн 35.414.490 төгрөгийг хэрэгсэхгүй болгох талаар тайлбар гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Х.Р- нь 2008 онд Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн №0200803732 дугаартай “Газрын кадастрын инженер” мэргэжил эзэмшсэн гэх дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт байгууллагын бичиг хэрэг, нярваар ажилд томилогдож, уг хуурамч дипломыг үргэлжилсэн үйлдлээр ашигласны улсад 35.414.490 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч, Иргэний нэхэмжлэгч хуулийн этгээд болох аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын хууль ёсны төлөөлөгч Х.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...миний бие 2003 оноос одоог хүртэл уг байгууллагын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. Х.Р- бол 2013 оны өвөл 12 дугаар сард манай байгууллагад бичиг хэргийн эрхлэгчээр ажилд орж байсан ба 2020 оны 05 дугаар сар хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр нэг жилийн цалингүй чөлөө авч ажлаас гарсан байгаа. Дээд боловсролтой гэж материалаа бүрдүүлж ажилд 2013 оны 12 дугаар сард орсон байдаг. Уг материалд Хөдөө аж ахуйн их сургуулийг 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр газрын кадастрын мэргэжлээр төгссөн гэх дипломын хуулбарыг материалдаа хавсаргаж ажилд орсон байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-рх/,
- Гэрч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...манай байгууллагад бичиг хэргийн эрхлэгчээр 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бичиг хэрэг, нярваар анх ажилд орж байсан ба 2015 оноос эхлэн тус байгууллагад бичиг хэргийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хүсэлтээр цалингүй чөлөө аваад явсан юм. Тухайн үед анх ажилд авахдаа ТҮ-З-аар бичиг хэргийн ажилтан гэдэг нэршлээр цалинжуулан ажилд авсан. Тэгээд 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 02 дугаартай тушаалаар архив, бичиг хэргийн эрхлэгч болон ХАСХОМ-г гаргах ажилтнаар хавсарган гүйцэтгэх тушаал гаргасан ба уг тушаалд ТҮ-5-аар цалинжуулж эхэлсэн байдаг юм. Миний бие 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар томилогдон ажиллаж байгаа юм. Харин Х.Р- нь анх ажилд орохдоо гаргасан өргөдөл болон 2015 оны ажлын байрны тодорхойлолтдоо дээд боловсролтой, ХААИС-ийг 2008 онд төгссөн талаараа бичсэн, мөн 2017 оны Төрийн албаны анкет бөглөхдөө мөн адил дээд боловсролтой талаараа бичиж гарын үсгээ зурсан байдаг. Бичиг хэргийн ажилтан, бичиг хэргийн эрхлэгч албан тушаал 2004 оны төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтод дээд боловсролтой, бакалавр ба түүнээс дээш боловсролтой хүнийг, харин мэргэжил харгалзахгүй гэх шаардлага тавьсан байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-рх/,
- Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Х.Р- нь 2013 онд бичиг хэргийн ажилтнаар ажилд орохдоо төрийн албан хаагчийн анкет бөглөж, ажлын байрны тодорхойлолттойгоо танилцаж гарын үсгээ зурж, холбогдох материалыг надад өгч ажилд орж байсан. Анх ажилд орохдоо дээд боловсролын дипломоо хуулбарлаж, төрийн албан хаагчийн анкет бөглөж, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод танилцаж, гарын үсгээ зурж өгч ажилд ордог ба уг албан тушаал бол дээд боловсролтой, бакалавр ба түүнээс дээд боловсролтой хүн байна гэсэн шаардлага тавьсан байдаг. Харин мэргэжил заагаагүй байдаг юм. Өнгөрсөн он буюу 2020 оны 05 дугаар сард нэг жилийн цалингүй чөлөө аваад явахдаа надаас хувийн хэргээс канондож авах зүйл байна гээд надаас материалуудыг авсан ба буцааж өгөхдөө хавтас дотор байсан дипломын хуулбар ажилд орохдоо бүртгүүлж өгсөн материалыг аваад явсан байсан. Гэхдээ хувийн хэргийн хуулбар нь надад тусдаа байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-рх/,
- Гэрч Л.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...ХААИС-ийн агро биологийн сургуулийн газрын менежментийн тэнхимийн дадлагажигч багш байсан юм. Х.Р- 2004 онд манай ангид суралцаж байсан. 1-3 дугаар курс төгсөөд л алга болсон шүү дээ. Энэ хүн сургуулиа төгсөөгүй. Сураггүй хичээлээ хаяад явсан. Сая намар 8 дугаар сард надтай ирж уулзаад 9 дүгээр сараас хичээлдээ ирж сууж байгаа юм. Одоо газар зохион байгуулалтын 4 дүгээр курсийн оюутан. Газар зохион байгуулалт гэдэг ангид суралцаж байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-рх/,
- Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 7/807 дугаартай “...Тус яамны дээд боловсролын удирдлага мэдээллийн системд Х.Р- /БВ.........../ нь дээд боловсрол эзэмшсэн бүртгэлгүй байна. Харин D200803732 дугаар бүхий диплом нь Б.С-ын нэрээр системд бүртгэлтэй байна. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд үндэслэв.” гэх албан бичиг /хх-ийн 42-рх/,
- Х.Р-ы анх ажилд орох үед бүрдүүлж өгсөн Төрийн албан хаагчийн анкет, 3 үеийн түүхийн намтар, ажилд орох талаар гаргасан өргөдөл /хх-ийн 46-52, 55-рх/,
- Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 25- ны өдрийн 17 дугаартай тушаал /хх-ийн 54-рх/,
- Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 27- ны өдрийн 02 дугаартай тушаал /хх-ийн 53-рх/,
- 2008 онд Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн №0200803732 дугаартай “Газрын кадастрын инженер” мэргэжил эзэмшсэн гэх дипломын хуулбар /хх-ийн 56-57-рх/,
- Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 001/024 дугаартай “Хуаныш овогтой Раушан /БВ.........../ нь тус сургуулийг Газрын кадастр, зураглал мэргэжлээр 2008 онд D200803732 дипломын дугаартай төгсөөгүй болно.” гэх албан бичиг /хх-ийн 64/,
- Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 001/071 дугаартай “Хуаныш овогтой Раушан /БВ.........../ нь тус сургуулийг Газрын кадастр, зураглал мэргэжлээр 2008 онд D200803732 дипломын дугаартай төгсөөгүй болно. Б овогтой С нь тус сургуулийн Газрын кадастр, зураглал мэргэжлээр 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 133 тоот тушаалаар D200803732 дипломын дугаар, 480156 бүртгэлийн дугаартай төгссөн болно.” гэх албан бичиг /хх-ийн 67-68-рх/,
- Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 58-60-рх/,
- Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бичиг хэргийн эрхлэгчээр 2013 оны 12 дугаар сараас 2020 оны 05 дугаар сар хүртэл ажиллаж байсан Х.Р-ы цалингийн тодорхойлолт, хохирлын тооцоо /хх-ийн 82-92-рх/,
- Шүүгдэгч Х.Р-ы чөлөө хүссэн өргөдөл болон тушаал /хх-ийн 95-96-рх/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин хавтаст хэргийн 109-110 дугаар хуудсан авагдсан ажлын байрны тодорхойлолт нь эргэлзээтэй байх тул шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь, шүүгдэгч Х.Р-ыг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргын 17 дугаартай тушаалаар ажилд томилсон байхад түүний ажлын байрны тодорхойлолт нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар гэж зөрүүтэй, эргэлзээтэй байна.
Дөрөв. Хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х.Р-ы үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Тав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Хэргийн үйл баримтаас үзэхэд Х.Р- нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт байгууллагын бичиг хэрэг, нярваар ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.
Уг гэмт хэргийн улмаас 35.414.490 төгрөгийн хууль бус орлого олсон болох нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Ажил хариуцуулах тухай” 02 дугаартай тушаал, Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 17 дугаартай тушаал, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нягтлан бодогч Х.Т-ы гаргасан Х.Р-ы 2013-2020 он хүртэлх цалингийн тодорхойлолт /хх-ийн 82-90/, хохирлын тооцоо /хх-ийн 91-92/, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “Түр ажилд томилох тухай” 15 дугаартай тушаал, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажил хариуцуулах тухай” 40 дугаартай тушаал, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Жирэмсний амралт олгох тухай” А/3 дугаартай тушаал зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Р-ы хувьд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын дипломыг... хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн, ингэснээрээ эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй цалин буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан хөлсийг авч эдийн хөрөнгийг шууд олсон байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж зааснаар шүүгдэгч Х.Р-ы гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35.414.490 төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Ингэхдээ уг гэмт хэргийн улмаас Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хохироогүй, тус газар нь улсын төсвөөс тавьж олгосон мөнгө буюу цалин хөлсийг шүүгдэгч Х.Р-д олгох үүрэг хүлээсэн байх тул шүүгдэгч Х.Р-ы гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35.414.490 төгрөгийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэснийг дурдаж байна.
Зургаа. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б-аас шүүгдэгч Х.Р-ы холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсэж байна гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Е-аас хувийн байдал, ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан 450.000-5000.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү хэмээн дүгнэлтээ гаргаж мэтгэлцсэн болно.
Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн объектив талын шинжээс шалтгаалан гэмт хэрэг төгссөн цаг хугацаа өөрөөр тогтоогдож болно.
Тухайлбал, “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой юм.
Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр цалингүй чөлөө авснаар Х.Р-ы үйлдэл таслан зогсоогдсон” гэж тайлбарлах боловч Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 001/024 дугаар албан бичиг, 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 001/0071 дугаар албан бичгүүдээр “Х овогтой Р /БВ.........../ нь тус сургуулийг Газрын кадастр, зураглал мэргэжлээр 2008 онд D200803732 дипломын дугаартай төгсөөгүй болохыг баталж нотлох баримтуудыг цагдаагийн байгууллагад ирүүлснээр тус Цагдаагийн газраас 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.
Хуурамч баримт бичиг ашиглан төрийн байгууллагад тодорхой чиг үүрэг хэрэгжүүлэх албан тушаалд томилогдон ажиллаж байсан шүүгдэгч Х.Р-ы гэмт үйлдлийг цагдаагийн байгууллага 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлснээр таслан зогсоосон байх тул Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд тооцох ба мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэлгүй юм.
Шүүхээс шүүгдэгч Х.Р-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Р-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Х.Р- урьд ял шийтгүүлж байгаагүй нь эрүүгийн хавтаст хэргийн /97-рх/ дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Р-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Р-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнийг торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600000 /зургаан зуун мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
Долоо. Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Р-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт оногдуулсан шийтгэл, болон хохирол хор, уршиг арилах хүртэл шүүгдэгч Х.Р-ы хамтран өмчлөх эд хөрөнгө болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р баг, Их булан, Ажилчид-1 гудамж, 1100 тоот хаягт байрлах 198 мкв талбайтай, хувийн орон сууцыг битүүмжлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1,2,3,5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Е овогт Х-ын Р-ыг “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Р-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Р- нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Р-аас 35.414.490 /гучин таван сая дөрвөн зуун арван дөрвөн мянган дөрвөн зуун ерэн/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт оногдуулсан шийтгэл, болон хохирол хор, уршиг арилах хүртэл шүүгдэгч Х.Р-ы хамтран өмчлөх эд хөрөнгө болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р баг, Их булан, Ажилчид-1 гудамж, 1100 тоот хаягт байрлах 198 м.кв талбайтай, хувийн орон сууцыг битүүмжилсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Р-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК