Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/98      

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, шүүгч Х.Т-,  Б.Болормаа /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,  

Орчуулагч, хэлмэрч А.А,

Иргэдийн төлөөлөгч: А.С-,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Д,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ы төлөөлөгч Ш.Ж-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч  Х.З-,

Шүүгдэгч А.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, А.Е-т холбогдох эрүүгийн 2113000600079 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн, 1963 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Н суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тус аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж.б овогт А-ы Е- регистрийн дугаар: БВ.............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Е- нь 2021 оны 3 сарын 1-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч М.Ж-ийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, зодож улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг: Шүүгдэгч А.Е- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч А.С- гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ”Шүүгдэгч  А.Е- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Ж-ийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул  гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.

Хоёр: Хавтаст хэргээс шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас хэргийн 2-8 дугаар хуудас/,

Хохирогч М.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Өчигдөр буюу 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед хамтран амьдрагч А.Е- бид хоёр Бугат сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байдаг гэртээ байхад гаднаас Т- гэх хүн ирсэн. Урьд өдөр нь манай гэрт гадуур тэнэж явдаг эмэгтэй К- гэх эмэгтэй ирж хоноод өглөө нь гэрт  байхад Т- орж ирэхээр нь К- дэлгүүр орж, 0.5 граммын “Хараа” нэртэй 1 шил архи авч ирсэн. Тэгээд тэр архийг А.Е-, Т-, К- нар хувааж уугаад тэр архи дууссаны дараа Т- дахин 0.75 гр 1 шил архи авч ирсэн. Тэгээд тэр архийг 14 цагийн үед ууж дуусгах үед А.Е- агсам тавьж чи намайг тухтай архи уулгасангүй гэх шалтгаанаар над руу дайрч миний толгой хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиод авахад би газар унасан. Тэр үед миний нүүр тус газарт гараараа цохиод авсан. Тэр үед гэрт К-, Т- хоёр байсан ба тэр хоёр салгаж байх шиг байсан. Тэгээд би ухаан алдсан. Нэг мэдэхэд миний ам руу архи хийж байсан. Тэгээд би гэрт хэчнээн цаг байсныг мэдэхгүй. Т- түргэн тусламж дуудаж би эмнэлэгт 18 цагийн үед ирсэн. Архи зүгээр уулгасангүй гэж уурлаж гараараа толгой, нүүр биеийн хэсэг рүү цохиж сүүлдээ аягыг миний ам хэсэг рүү шидэж цохисон юм. Мөн биеийн бүх хэсэг рүү өшиглөсөн.  Толгой цээж нүүр, ам, нүд бүгд л зовиуртай байна. Би А.Е- гэх хүнтэй 2020 оны 12 сараас эхлэн хамтран амьдарч байгаа бөгөөд урьд өмнө нь намайг зодож цохиж байгаагүй тул би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй.  Намайг зодож гэмтээсэн А.Е-д хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

Хууль ёсны төлөөлөгч Б.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “М.Ж- маань миний отгон охин байгаа юм. Манайх 5 хүүхэдтэй айл байсан бөгөөд эхнэр маань нас бараад 4 жил болж байна. Мөн охин болох Ж- маань 2021 оны 4 сарын 17-ны өдөр Ховд голын усанд живж цогцос нь олдсон. Надад маш хэцүү байна. Би харамсаад барахгүй байна. Ж- маань А.Е- гэх залуутай хамтран амьдаад 4 сар гаруй болж байсан. Он сар өдрийг нь санахгүй байна, Ж-ийн хамтран амьдрагч А.Е- нь гэртээ архи архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж Ж-ийг зодож, охин маань ухаан алдаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж гарсан. Эхний өдөр сэхээн амьдруулах тасагт байсан. Тухайн өдөр би өөрөө очиж чадаагүй. Харин хүү болох Б- очиж Ж-ийг сахиж, хажууд нь байсан. Би Б-аас сонсоход Ж-ийн хамар, чих, амнаас цус гарсан байдалтай А.Е- зодсон байна гэж хэлсэн. Хуулийн дагуу шалгаж зохих арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.

...Би хохирлын талаарх нэхэмжлэлээ шүүхийн шатанд иргэний журмаар тусдаа гаргаж өгнө. Одоогийн байдлаар гаргаж өгөх ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. А.Е- нь надаас уучлалт гуйж ирээгүй. Архи ууж согтуураад охиныг минь зодож, түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 27-28, 31 дүгээр хуудас/,

Гэрч М.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ж- маань миний эмэгтэй дүү байгаа юМ.Ж- нь А.Е- гэх залуутай 2020 оны 12 сараас эхлэн хамтран амьдарч байсан. Он сар өдрийг нь санахгүй байна. Ж-ийг хамтран амьдрагч А.Е- нь зодож Ж- ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэж 23 цаг болж байхад сонсоод миний бие очсон. Намайг очиход Ж- хүлээн авах тасагт байсан бөгөөд нүүр, нүд хэсгээр нь хөхөрсөн байдалтай ухаангүй байсан. Тэрээр сэхээн амьдруулах тасагт 3 хоног байсан. Энэ хугацаанд 2 дахь өдрөөс Ж- ухаан орсон. Тэгээд болсон явдлын талаар асуухад манайд хэдэн хүмүүс архи уусан. Дараа нь юу болсныг мэдэхгүй байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Б.К-ийн “2021 оны 2 дугаар сарын сүүлчээр байсан байх, өдрийг нь сайн санахгүй байна. Би А.Е-ынд очиж 2 хоносон. Эхний өдөр А.Е-ын гэрт бид нар архи ууж сууж байсан ба Ж- цай аягалах гэж төмөр орны хажууд зогсож байхад А.Е- нь Ж-тай хэрэлдэж, чи С-н гэр лүү яв, чи түүнтэй гэр бүл болох байсан байна.Чамтай гэр бүл болсондоо харамсаж байна гээд түүний нуруу тус газарт хоёр гараараа зэрэг хүчтэй цохиход Ж- нь гэрийн хаалганы үүд хэсэгт доошоо хараад унасан. Тэгэхээр нь би сууж байсан буйдангаас гүйж очоод Ж-г яагаад цохиж байгаа юм бэ? надад битгий гай болоод бай. Та нарын хажууд надаас өөр хүн байхгүй байна шүү гэж хэлсэн. Тэгсэн А.Е- юу ч хэлээгүй суугаад байсан. Дараа нь Т- ирсэн өдөр Ж- нь оронд очоод хэвтэж унтах гэхэд А.Е- нь түүний хоёр мөрнөөс нь татаж, хүчээр босгож аваад хоёр хацар луу нь ээлжилж нэг нэг удаа алгадсан. А.Е- Ж-г алгадаж хэвтсэн газраас нь босгож ирсний дараа та хоёр одоо явцгаа, та манайд 3 өдөр хонолоо гэж хэлээд бид хоёрыг хөөгөөд байхаар нь гараад явсан. Намайг тэднийд байх хугацаанд ямар нэгэн байдлаар хэн нэгний биенээс цус гараагүй. Ж- нь газар унах үед түүний биенээс цус гараагүй. Т- бид хоёр явсны дараа ямар асуудал болсныг мэдэхгүй байна. А.Е- Т- бид хоёрыг хөөж гаргаад гэрийнхээ хаалгыг дотор талаасаа цоожлоод авсан. Ж- үг цөөнтэй даруухан эмэгтэй байсан. Тэр надад урьд нь өөрийг нь А.Е- зодож байсан тухай хэлээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/,

Гэрч С.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 3 сарын 01-ний өдөр Их буланд байдаг гэртээ байж байтал миний утас руу 95229472 дугаарын утаснаас А.Е- залгаад К- манай гэрт байна,чи хүрээд ирэх үү, К- тэтгэврээ авна гэнэ гэхээр нь би тэдний гэрт өдрийн 13:00 цагийн үед очсон.  Намайг А.Е-ын гэрт ирэхэд 'К-, А.Е- Ж- гурав архи уугаад сууж байсан бөгөөд К- надад А.Е-ийн гэрт 3 хонолоо одоо гараад тэтгэврээ авна гэж хэлж байсан. Тэр гурав “Амуу буудай” нэртэй шилтэй архи ууцгааж байсан бөгөөд надад архинаас хийж өгөхөд нь би архийг нь уусан. Уг архийг уусны дараа К- А.Е-ийн гэрийн хажууд байдаг “Париза” гэх дэлгүүрээс 0.75 граммын “Амуу” нэртэй архи авчирсан. Уг архийг бид 4 ууцгаасан ба К- дахин гараад нөгөө дэлгүүрээс 0.5 грамын “Сэржим" нэртэй архи авчирсан. Уг архийг ууж эхлээд дунд нь ортол Ж- унтчихсан юм. Тэгтэл А.Е- Ж-г хоёр мөрнөөс нь татаж сэрээгээд би чамтай гэрлэхгүй байж, гэрлэх ёсгүй байж чи гэртээ харь гэж түүний хоёр талын хацар луу 2-3 удаа ээлжилж алгадхаар нь би А.Е-д таны наад үйлдэл болохгүй шүү, битгий агсам тавиараа гэхэд А.Е- больчихоод бидний хажууд ирээд архи уусан. Архи уусны дараагаар А.Е- К-ыг чи манай гэрт 3 хонолоо. Одоо зайлцгаа гэж бид хоёрыг хөөсөн. Тэгээд А.А.Е- К- бид хоёрыг гэрээсээ хөөж гаргаад хаалгаа цоожилж авсан. Түүний дараагаар юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч С.Т-ын мөрдөн байцаалтын шатанд  2 дахь удаагаа өгсөн “К- бид хоёр тэднийд байх хугацаанд ямар нэгэн байдлаар хэн нэгний биенээс цус гараагүй. Бид хоёр явсны дараагаар ямар асуудал болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/,

Гэрч М.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“Би М.Ж-ийг аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлж байхад нь үзсэн. Түүний хажууд нь байсан сахиур нь гадагш гарсан байсан тул түүнээс өөрөөс нь асуумж авахад ухаантай боловч орчиндоо харьцаа сул, асуултанд толгой дохиж хариулж, команд сул биелүүлж байсан. Нүүр хүзүүний ихэнх хэсэг хөхрөлттэй байсан. Мэдрэлийн үзлэгээр хүзүүний хөшингөтэй, хоёр хуруу орчим симптон керник тод байсан. Симптон бабинский баруун тавхайнд илэрч байсан. Би урд өмнө нь Ж-ийг үзэж байгаагүй бөгөөд Ж- нь гуя хэсгээрээ түлэгдэлтэй байхаар нь унаж татдаг уу яагаад түлэгдсэн бэ гэхэд би унаж татдаг, унаж татдагаасаа болж түлэгдсэн гэж хэлсэн. Би түүнээс сэхээний тасагт яагаад ирсэн талаар асуухад салсан нөхөр маань зодсон гэж хэлсэн. Би өөр зүйл асуугаагүй үзлэгээ хийгээд эмчилгээгээ бичээд явсан. Хохирогч Ж-ийн нүүр болон хүзүү хэсгүүдэд хөхрөлт байсан учраас бусдад зодуулсан байх гэж дүгнэж байгаа. Уналт таталт өгөх үед тархины аалзан бүрхүүлийн цус хуралт үүсэх боломжтой боловч нүүр, хүзүүнд хөхрөлт бий болох боломжгүй юм” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,

Гэрч Х.Т-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Би Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн рентгений тасагт дүрс оношлогооны их эмч ажилтай. Иргэн М.Ж-ийн толгойн компьютер, томографийн зургийг үзэж, тархины дунд бүрдэл хазайлтгүй, субарахнойд зай өргөссөн, хажуугийн ховдлууд, урд эвэр нарийссан, ховдлууд чөлөөтэй, гавал ясанд илэрхий цөмөрсөн хугаралтгүй, зүүн гайморийн хөндий дотогшоо цөмөрч хугарсан, зүүн хацар, нүдний ухархайн гадна хэсэгт хугаралттай, зулай хэсэгт субарахнойд зай болон тархины эдэд 1.8 см орчим, зүүн чамархай орчим субарахнойд зайд цус хурсан няцралттай, самалдагийн хөндий, зүүн гайморийн хөндий шингэнтэй /цустай/ хамрын таславч хугарч, муруйсан, зүүн нүдний эргэн тойронд хий хуримтлагдсан, хоёр талд гадна чих орчимд цустай байсан талаар картад бичсэн байна. Тархины аалзан бүрхүүлийг субарахнойд гэж хэлдэг. М.Ж-ийн биед учирсан дээрх гэмтлийг харахад гэмтлийн гаралтай байах боломжтой юм. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан. Тухайн үед би КТГ-ын зургийг хохирогч М.Ж-д өгсөн, надад үлдээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57,59 дүгээр хуудас/,

Гэрч Н.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” М.Ж- нь сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь сайжраад мэс заслын тасагт шилжин эмчилгээ хийлгээд гарсан. Тухайн үед би эмчлэгч эмч нь байсан бөгөөд Ж- нь 2021 оны 3 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө эмнэлэгт хүргэгдэн ирэх үед биеийн байдал нь хүндэвтэр ирсэн бөгөөд сэхээний тасаг, мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь тогтворжоод 2021 оны 3 сарын 11-ний өдөр эмнэлгээс гарсан. М.Ж-ийн тархины аалзан бүрхүүлийн доорх цус хуралт, зүүн гайморын хөндий дотогш цөмөрч хугарсан, зүүн хацар, нүдний ухархайн гадна хэсэгт хугаралттай, Самалдагийн хөндий, зүүн гайморын хөндийд цус хуралттай, хамрын таславч муруйж хугарсан, зүүн нүдний эргэн тойронд хий хуримтлагдсан, хоёр талд гадна чих орчимд цустай, зулай хэсэгт субарахнойд зай болон тархины эдэд 1.8 см орчим зүүн чамархай орчимд цус хурсан няцралттай байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

Гэрч Д.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Миний бие тухайн орой эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 22 цаг 58 минутын үед Ө сумын 4 дүгээр багт иргэн Ж- гэх эмэгтэй зодуулсан байна гэх дуудлагын дагуу очсон. Тухайн гэрт очиход иргэн М.Ж- нь нүүр ам нь хавдчихсан, цус гарсан байдалтай байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй, харин нөхөр нь гэх А.Е- гэх хүн “Бид хоёр хоорондоо маргалдсан, би эхнэрээ өөр хүнтэй хардсан. Тэгээд би гар хүрэх нь хүрчихсэн гэх зүйлс хэлж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудас/

Гэрч К.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие тухайн өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд орой 23 цаг өнгөрч байх үеэр М.Ж- гэх эмэгтэй бусдад зодуулсны улмаас ухаангүй байна гэх дуудлагын дагуу Ө сумын 4 дүгээр багт байрлах иргэн А.Е-ын гэрт очиход хохирогч М.Ж-ийг эмнэлэг рүү авч явсан байсан. Харин түүний нөхөр гэх А.Е- нь цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд байсан ба би болсон асуудлын талаар асуухад би Ж-ийг Т-тай хардаад зодчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,

Гэрч Н.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний ах А.Е- нь 2020 оны 12 сараас 4 дүгээр сар хүртэл Ж- гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байсан. А.Е- ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болохоор бид нар байнга санаа зовож архи уухгүй байх талаар хэлдэг боловч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 75-76 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 101 дугаартай “Иргэн М.Ж-ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины няцралт ба тархины доргилт, тархины эдэд цус хуралт, тархинд цусан хуураатай, зулай хэсэгт субархнойд зай болон тархины эдэд зүүн чамархай орчимд субархнойд зайд цус хурсан, няцралттай, гэмтлийн гаралтай САК /тархины алзан бүрхүүлийн цус хуралт/ таталт өгсөн. /эпилепсия/ зүүн гайморын хөндийд дотогшоо цөмөрч хугарсан, зүүн хацар нүдний ухархайн гадна хэсэгт хугаралттай, хамрын ясны шинэ хугаралт, зүүн талын чихний суваганд цус хуралттай. Хамрын таславч хугарч, мурийсан, баруун ба зүүн нүдэнд хавдартай, дээд ба доод зовхинд хөх ягаан өнгийн туяатай цус хуралттай, баруун ба зүүн нүдний салстанд цус харвасан, баруун ба зүүн хацарт хавдартай, хамрын нуруунд хавдартай, хамрын нуруунд хөх ягаан туяатай цус хуралттай дээд ба доод эрүүнд цус хуралттай, дотор талын салст хэгзэрсэн, дээд уруулын баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, доод эрүүний баруун талд хөх ягаан өнгийн туяатай цус хуралттай, хавдартай гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн М.Ж-ийн биед үүссэн дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтлүүд. Иргэн М.Ж-ийн дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтанд удаан нөлөөлөх. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх  дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/,

Шинжээч К.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие иргэн М.Ж-ийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргасан. Дүгнэлт дээр дурдсан олон тооны  гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Ганц удаа унахад үүсэх боломжгүй, олон удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118 дугаар хуудас/,

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай “Шүүх сэтгэц, гэм судлалын магадлагаа” /1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/,

Хохирогч М.Ж-ийн 2021 оны 3 сарын 02-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг болон мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, /1 дүгээр хавтаст хэргийн 121-144 дүгээр хуудас/,

Гэрч Ш.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт их эмчээр 2021 оны 01 дүгээр сараас эхлэн томилогдон ажиллаж байна. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 08 цаг 00 минутаас 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл 24 цаг жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн.

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 21 цаг 44 минутанд тус сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, нас тодорхойгүй, эмэгтэй хүний нүүр хэсгээр шархтай байна гэх дуудлагыг хүлээж авч, 21 цаг 50 минутанд уг газарт очсон. Уг эмэгтэйгийн хамар амнаас нь цус гарсан. Хамар нь хугарсан, хоёр нүд нь битүү хавантай, нээж үзэх боломжгүй, нүдний арьсны өнгө нь өөрчлөгдөж, шарласан. Нүүр хэсгээр битүү хавантай. Эмэгтэйгийн ухаан санаа нь бүдгэрсэн байдалтай, орчинд харьцах харьцаа сул, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, дуу аялаад байсан. Ингээд уг эмэгтэйгийн биед үзлэг хийхэд биеийн байдал нь хүнд, хамар амнаас нь цус тогтохгүй байсан. Тэрээр би уг эмэгтэйг яаралтай тусламжийн тасагт хүргэж өгсөн. Мөн намайг уг дуудлагын дагуу очиход нөхөр нь гэх 50 орчим насны эрэгтэй согтуу ,монгол гэрт байсан бөгөөд гэр доторх эд зүйлүүд нь эмх цэгцгүй, шалан дээр асгарсан зүйлтэй, цус болсон байсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” “Би Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн юм. 2001 онд Монгол улсын иргэнээс гарсан. 2016 онд Казакстанаас Монгол Улс руу ирсэн. Казакстанд амьдарч байсан эхнэрээсээ салсан. Амьдрах газаргүй тул Монголд ирсэн. Мөн би Монголхан овогтой Ж- гэх эмэгтэйтэй 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч байсан. Би Ж-тэй хамтран амьдарч байсан бөгөөд манай гэрт К- 3 хоногийн өмнө ирээд намайг хүргэн хүү минь гэрээс хөөж гаргасан, архи уудаг тул гэртээ оруулахгүй байна, чамд мөнгө өгье би чиний ээж шиг хүн шүү дээ гэхэд би түүнийг өрөвдөөд гэртээ байлгасан. Энэ хугацаанд мөн танил болох Т-ыг гэртээ дуудаж бид хэд архи ууцгаасан. Ингээд би 2021 оны 03 сарын 01-ний өдөр нэлээн халамцуу согтуу байсан бөгөөд Ж-д гар хүрсэн байсан. Би Ж-ийг Т-аас хардаж түүнийг гараараа цохисноо санаж байна. Чухам биеийнх нь  аль хэсэг рүү цохиж гэмтэл учруулсан эсэхээ мэдэхгүй байна. Учир нь би тухайн үед би нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 244- 245 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Е-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...Миний бие 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр М.Ж-тэй гэр бүл болсон бөгөөд 4 дүгээр сар хүртэл хамт амьдарч байхдаа бид хоёрын хооронд ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан гарч байгаагүй, эвтэй найртай амьдарч байсан. Ингэж байхад К- гэх эмэгтэй хүргэн маань гэрээс хөөж гаргалаа, танайд 3 хоног хонож болох уу гэж гуйгаад ирсэн. Тэгэхэд би эхнэр Ж-тэй зөвлөлдөөд К-ийг гэртээ 3 хоног хонуулахаар шийдсэн. К- манайд 3 хоног хонохдоо нэг хоногийн төлбөрийг 20000 төгрөгөөр тооцоод 3 хоногийн төлбөрт 60000 төгрөг өгөхөөр болж тохиролцсон. Дараа нь К- би танайд 3 хоног хонолоо, та нарт баярласнаа илэрхийлээд нэг шил архи задалмаар байна гээд 1 шил архи аваад ирсэн. Дараа нь утсаар нэг хүнтэй яриад архи захисан бөгөөд гаднаас Т- гэх хүн 750 граммын 1 шил архи авчирсан. Энэ архийг уусны дараа би тасраад унтчихсан. Т- манай гэрт архи аваад ирснийг санаж байгаа боловч үүний дараа болсон үйл явдлыг огт санахгүй байна. Унтаж байхдаа хүний хашхирсан дууг сонсоод сэрэхэд эхнэр маань бие нь бүхэлдээ цус болчихсон орны дэргэд хулдаасан шал дээр хэвтэж байсан. Тэгээд би эхнэрийгээ тэврээд юу тохиолдсоныг асуухад намайг “Т- гэх хүн хүчиндсэн” гэж хэлсэн. Иймээс би нэн даруй түргэн тусламж болон цагдаагийн алба хаагч нарыг дуудсан. Тэр хүмүүс эхнэрийн маань хэлсэн зүйлийг нь бичлэгт буулгаад авч байсан. Эхнэр маань ухаангүй хэвтэж байхдаа түүнээс “чамайг нөхөр чинь зодсон уу?” гэж асуухад ч “тийм” гэж, “Т- зодсон уу?” гэж асуухад ч мөн адил “тийм” гэж хариулж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь тодруулах үүднээс тусгай багажаар үлээлгэж үзэхэд 50 хувийн согтолттой гарсан. Эхнэр маань өөрийн гэсэн ухаангүй байхдаа “Т- миний ам руу шилтэй архи цутгасан” гэж хэлж байсан юм. Тэгээд би эхнэрийг маань гартаа өргөөд эмнэлгийн хүлээн авах тасагт нь хүргүүлээд өгсөн. Дараагаар нь цагдаагийн алба хаагч нар намайг эрүүлжүүлэх байрт оруулж саатуулсан. Намайг яаж эрүүлжүүлэх байранд оруулж, саатуулсныг санахгүй байна. Маргааш өдөр нь надаас мэдүүлэг аваад, орой суллаад явуулж маргааш 10 цаг гэхэд бэлэн байгаарай гэсэн. Үүний дагуу би маргааш өдөрт нь 10 цагт очиход Монгол эмэгтэй цагдаа надаас мэдүүлэг аваад эмнэлэгт хэвтэж байгаа эхнэрийнхээ хажууд очоорой гээд явуулсан. Би эмнэлэгт очиход эхнэр маань эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан ба түүний хажууд ах нь сахиад сууж байсан. Намайг очсоны дараа ах нь явчихсан. Маргааш нь эхнэр маань сэхээн амьдруулах тасгаас мэс заслын тасаг руу шилжээд, мэс заслын тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс бүрэн эдгэрч гарсан. Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байхад нь би эхнэрийнхээ үсийг нь самнаж өгч, ор хөнжлийг нь цэвэрлэж, эмнэлгийн хоолыг хугацаанд идүүлж, эмнэлгийн хоолонд цадаагүй бол гаднаас ус буцалгагч авч ирж цай чанаж өгч, хоолны газруудаас хоол авчирч өгч бүхий л талаас дэмжлэг, туслалцаа үзүүлж хажууд нь байж асарсан. Эмнэлгээс гарахдаа эмчлэгч эмч Н.М-д толгойных нь зургийг үзүүлээд эмчилгээний үр дүнгийн талаар асуухад Ж- татаж унах архаг өвчтэй болохоос биш бүрэн эдгэрсэн, толгойд нь ямар нэгэн өөрчлөлт ороогүй гэсэн. М.Ж- надтай гэр бүл болохоос өмнө буюу эцгийнхээ гэрт байхдаа өдөр өнжүүлээд татаж унадаг байсан ба анх бид хоёр гэрлэх үед түүний баруун гуяндаа болон бүсэлхийгээс хөл хүртлээ түлэгдсэн шархтай байсан. Түүний биед нь байсан шарх сорвинуудыг тахианы өндөг хэрэглэн анагаагаад авсан. Үүний дараа бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал гараагүй юм. Эмнэлгээс гарсны дараа эхнэр маань “би ухаангүй байхдаа яг юу гэж хэлснээ санахгүй байна, ямар ч байсан чи намайг зодоогүй, өөр хүн миний уруулыг хазаад, сахлаа миний нүүрт хүргээд миний ам руу шилтэй архи цутгасан” гэж хэлсэн. Ингэхэд би эхнэртээ “ухаангүй байхдаа буруу зөрүү өгсөн мэдүүлгийг чинь зөвтгөөд миний нэрийг гэмт хэргээс салгаад авъя” гээд анх надаас мэдүүлэг авсан мөрдөгчид утсаар залгасан боловч мөрдөгчийн утас холбогдох боломжгүй байсан. Ж- надтай суухаас өмнө байнга таталт өгдөг өвчтэй байснаа надтай гэр бүл болсноос хойш өвчин нь гайгүй болж, татаж унах нь цөөрсөн. Нэг өдөр эхнэр маань би талийгаач ээж болон эгчдээ зориулаад ном уншуулмаар байна, хоёулаа миний аавын гэрт очоод ирье гэсэн. Тэгээд бид хоёр эхнэрийн аавынх нь гэрт очиход гэрт нь дүү нар нь цай уугаад сууж байсан ба аав нь ширээний хажуу талд хэвтэж байсан. Тухайн үед аав нь надад уурлаад “чамайг хэн энэ гэрт дуудсан вэ? Зайлаад үз” гээд бид хоёрыг хөөж гаргасан. Аягалж өгсөн цайг уугаад хурдан тэр айлаас гараад гэр лүүгээ харьсан. Гэр лүүгээ хариад явж байхдаа эхнэр маань “би эцгийнхээ гэрт зөвхөн талийгаач ээж болон эгчдээ ном уншуулах санаатай л очсон юм, намайг төрж өссөн гэрээс минь хөөж гаргасанд маш их эмзэглэж байна” гээд гомдолтой байсан. Тэгэхэд би сэтгэл санаагаар унах шаардлагагүй, гэрийнхээ ойролцоо байдаг сүмийн санваартныг гэрт дуудаад ном уншуулъя гээд санваартны утас руу залгахад тэр хүн хөдөө явж байна гэсэн. Хэрэг учрал болох өдөр Ж- боорцог хайрч, хувцас хунараа угаагаад гэрийн ажлыг хийгээд явж байсан. Шөнө би унтаж байхдаа гэрийн хаалгыг онгорхой үлдээгээд гараад явж, усанд осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Өчигдөр эхнэрийн маань ахаас нь дуулахдаа хэрэг учрал болсон шөнө Ж- эцгийнхээ гэрт очсон боловч эцэг нь хаалга тайлж өгөөгүй юм байна. Энэ бүх үйл явдалд намайг буруутай болгоод хэргийн бүх материалд бичсэн юм байна. Ж-ийн эрүүл мэнд нь сул байсан учраас хамаг бие нь хөхөрсөн байсан нь үнэн юм гэв. /орчуулагч орчуулав.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч А.Е-ын хувийн байдлын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 283 дугаартай “БВ............. регистртэй, А.Е-ын эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй газар байхгүй тухай тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 120 дугаартай “БВ............. регистртэй, А.Е-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй” гэх тодорхойлолт, /2 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Е-ын гэрлэлтийн бүртгэлтийн лавлагаа, /2 дугаар хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Е-ын нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Е-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

Гадаадын иргэн, харьяатын газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 018/19 дугаартай “А овогтой А.Е- нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 5 сарын 19-ний өдрийн 73 дугаар зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан мэдээлэл тус санд бүртгэлтэй байна. А.Е- нь БНКаз Улсын ******дугаарын үндэсний гадаад паспорттой, БНКаз улсын иргэн болно” гэх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багийн засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4/19 дугаартай “Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн А овогтой Е- нь ганц бие, 2020 оны 6 дугаар сараас одоо хүртэл Ө сумын 4 дүгээр баг, “Шинэ айл” 5-17 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Е-ын согтуурлын хэмжээг 2021 оны 3 дугаар сарын 01-ний 22 цаг 23 минутад шалгасан тухай  тэмдэглэл (2.39 хувь) /2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Е-ын хувийн байдлын талаар гэрч А.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... А.Е- нь миний төрсөн ах бөгөөд  1963 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, цэргийн алба хааж ирээд, С гэх эмэгтэйтэй гэр бүл болж 2 гаруй жил хамт амьдарч байгаад салсан. Дараа нь хэдэн онд гэдгийг сайн санахгүй байна А гэх 3 хүүхэдтэй эмэгтэйтэй гэр бүл болж, уг эмэгтэйгээс 2 хүүхэдтэй болсон. Тэрээр 1999 онд Бүгд Найрамдах Казакстан улс руу нүүж яваад, 2015 онд эхнэрээсээ салаад Баян-Өлгий аймагт буцаж ирсэн. 2003 онд Монгол улсын харьяатаас гараад Бүгд найрамдах Казакстан улсын иргэн болсон байсан. Одоогийн байдлаар тус аймгийн Ө сумын 4 дүгээр багт байрлах миний байшингийн хажууд гэр барьж амьдарч байгаа юм. Өөрийн гэсэн гэр оронгүй, эрхэлсэн ажилгүй юм. Мөн 2020 оны 12 дугаар сараас 04 дүгээр сар хүртэл Ж- гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байсан. А.Е- ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болохоор бид нар байнга санаа зовж, архи уухгүй бай гэж хэлдэг боловч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. А- тэр хоёрын дундаас 2 хүүхэдтэй болсон бөгөөд хүү нь 2020 онд Бүгд Найрамдах Казакстан улсад авто осолд орж нас барсан. Одоо нэг охин нь А гэх эмэгтэйтэй хамт Казакстан улсад амьдарч байна. А.Е- ах цайлган сэтгэлтэй, зөрүүд зантай, бусдын үгэнд ордоггүй сул талтай. Ямар нэгэн хууч өвчингүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Е-ын хувийн байдлын талаар гэрч Р.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...А.Е- нь миний нөхөр болох К-ы хамаатаны дүү нь юм. А.Е- нь багаасаа миний гарт өссөн. Манайд хамт амьдарч ирсэн. А.Е- нь 1963 онд төрсөн бөгөөд бүрэн бус дунд боловсролтой, цэргийн алба хааж ирээд, С- гэх эмэгтэйтэй гэр бүл болж 2 гаруй жил хамт амьдарч байгаад салсан. Уг эмэгтэйгээс хүүхэдгүй, дараа нь хэдэн онд гэдгийг сайн санахгүй байна, А- гэх 4 хүүхэдтэй эмэгтэйтэй гэр бүл болж, уг эмэгтэйгээс 2 хүүхэдтэй болсон. Тэрээр миний санаж байгаагаар 1999 онд Бүгд Найрамдах Казакстан улс руу нүүж яваад, 2015 онд эхнэрээсээ салаад Баян-Өлгий аймагт буцаж ирсэн. 2003 онд Монгол улсын харьяатаас гараад Бүгд найрамдах Казакстан улсын иргэн болсон байсан. Одоогийн байдлаар тус аймгийн Ө сумын 4 дүгээр багт байрлах өөрийн төрсөн дүү болох А-ын байшингийн хажууд гэр барьж амьдарч байна. Өөрийн гэсэн гэр оронгүй, эрхэлсэн ажилгүй юм. 2020 оны 12 дугаар сараас 04 дүгээр сар хүртэл Ж- гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байсан. Ер нь А.Е- нь архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, А- тэр хоёрын дундаас 2 хүүхэдтэй болсон бөгөөд хүү нь ноднин Бүгд Найрамдах Казакстан улсад авто осолд орж нас барсан. Одоо нэг охин нь А- гэх эмэгтэйтэй хамт Казакстан улсад байгаа болно. А.Е- нь тэд нартай холбоотой эсэхийг мэдэхгүй. А.Е- нь архи ууж, худлаа ярьдаг бөгөөд бусдын үгэнд ордоггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг сул талтай. Бусад байдлаар нийтэч, хөдөлмөрч залуу, хар ажлыг сайн хийдэг. Сэтгэцийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчингүй, харин хоёр чих нь сайн сонсохгүй, сонсгол муутай. Түүнээс биш сэтгэцийн хувьд эрүүл болно.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч А.Е-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт,

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.Е-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч А.Е-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч А.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч А.С-аас шүүгдэгч А.Е-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч М.Ж-ийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд хохирлын талаар шинээр 6 хуудас нотлох баримт гаргаж өгөн, гэмт хэргийн хохирол, хор уршигт нийт 2.270.000 төгрөг гаргуулах хүсэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- нь “Гэм буруу болон зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаан байхгүй тул А.Е-т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” дүгнэлтийг,

Шүүгдэгч А.Е- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Е-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хэрэгт авагдсан хохирогч М.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би А.Е- гэх хүнтэй 2020 оны 12 сараас эхлэн хамтран амьдарч байгаа” гэх мэдүүлэг[1], хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “М.Ж- миний отгон охин байгаа юм. Охин маань А.Е- гэх залуутай хамтран амьдрахаар болон гэхээр нь би уг залуугаар гараар нь баримт бичүүлж аваад охиноо өгч явуулсан. Ж- А.Е- гэх залуутай хамтран амьдаад 4 сар гаруй болж байсан” гэх мэдүүлэг[2], гэрч М.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ж- миний эмэгтэй дүү бөгөөд тэр А.Е- гэх хүнтэй 2020 оны 12 сараас эхлэн хамтран амьдарч байсан” гэх мэдүүлэг[3], гэрч Б.К-ийн “А.Е- нь миний санаж байгаагаар 2020 оны 12 дугаар сараас эхлэн М.Ж-тэй хамтран амьдарч эхэлсэн” гэх мэдүүлэг[4], гэрч С.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Е-, М.Ж- нар хамтран амьдраад удаагүй байгаа, миний мэдэхээр тэд хамтран амьдраад сар гаруй болж байгаа байх“ гэх мэдүүлэг[5], гэрч Н.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний ах А.Е- нь 2020 оны 12 сараас 4 дүгээр сар хүртэл Ж- гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байсан” гэх мэдүүлэг[6], гэрч Р.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “А.Е- нь 2020 оны 12 дугаар сараас 04 дүгээр сар хүртэл Ж- гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байсан” гэх мэдүүлэг[7], шүүгдэгч А.Е-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2020 оны 12 дугаар сараас хойш М.Ж-ийг нас барах хүртэл түүнтэй хамтран амьдарч байсан” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгч А.Е-, хохирогч М.Ж- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч А.Е- нь 2021 оны 3 сарын 1-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ хамтран амьдрагч М.Ж-ийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох хохирогч М.Ж-[8], хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-[9], гэрч М.Б-[10], гэрч Б.К-[11], гэрч С.Т-[12], гэрч М.А-[13], гэрч Х.Т-[14],гэрч Н.М-[15], гэрч Д.С-[16], гэрч К.Е-[17], гэрч Ш.А-[18] нарын мэдүүлэг болон хохирогч М.Ж-ийн 2021 оны 3 сарын 02-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг болон мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар[19], шүүгдэгч А.Е-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн шинжилгээний байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2021 оны 3 сарын 05-ны өдрийн 101 дугаартай дүгнэлтээр хохирогч М.Ж-ийн эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, тархины няцралт ба тархины доргилт, тархины эдэд цус хуралт, тархинд цусан хураатай, зулай хэсэгт субархнойд зай болон тархины эдэд зүүн чамархай орчимд субархнойд зайд цус хурсан, няцралттай, гэмтлийн гаралтай САК /тархины аалзан бүрхүүлийн цус хуралт/ таталт өгсөн. /эпилепсия/ зүүн гайморын хөндийд дотогшоо цөмөрч хугарсан, зүүн хацар нүдний ухархайн гадна хэсэгт хугаралттай, хамрын ясны шинэ хугаралт, зүүн талын чихний сувганд цус хуралттай. Хамрын таславч хугарч, мурийсан, баруун ба зүүн нүдэнд хавдартай, дээд ба доод зовхинд хөх ягаан өнгийн туяатай цус хуралттай, баруун ба зүүн нүдний салстанд цус харвасан, баруун ба зүүн хацарт хавдартай, хамрын нуруунд хавдартай, хамрын нуруунд хөх ягаан туяатай цус хуралттай дээд ба доод эрүүнд цус хуралттай, дотор талын салст хэгзэрсэн, дээд уруулын баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, доод эрүүний баруун талд хөх ягаан өнгийн туяатай цус хуралттай, хавдар бүхий гэмтлүүд учирсан нь тогтоогдсон бөгөөд эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн, ерөнхий хөдөлмөрлөх чадварт удаан нөлөөлөх, амь насанд аюултай, гэмтлийн хүнд[20] зэрэгт хамаарах, шинэ гэмтлүүд болох нь тогтоогджээ.

Иргэн М.Ж-ийн биед учирсан дээрх олон тооны гэмтлүүд нь уналт, таталтын үед үүсэх боломжгүй, олон удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байсан талаар шинжээч К.Х- мэдүүлсэн[21] байх ба хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч М.Ж-ийн биед хэрэг учрал болох үед үүссэн дээрх гавал тархины битүү гэмтэл, олон тооны хөхрөлт, няцралт, хугаралт бүхий хүнд гэмтлийг шүүгдэгч А.Е- учруулсан нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-, гэрч М.Б-,  гэрч Н.М-, шүүгдэгч А.Е- нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан хохирогч М.Ж-ийн өвчний түүхийн хуулбар[22],  Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай “Шүүх сэтгэц, гэм судлалын магадлагаа”[23] зэрэг нотлох баримтуудаар хохирогч М.Ж- нь сэтгэл мэдрэлийн хувьд эмгэгтэй, F71.0 оюуны хүндэвтэр хомсдолтой, G40.0 уналт таталт өвчний тэнэгрэл гэх оношоор хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдан, нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байжээ.

Өөрөөр хэлбэл хохирогч М.Ж- нь гэмт хэрэгт өртөх үедээ бие махбодь, сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, идэвхтэй эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, өвчин эмгэгтэй байсан нь нотлогдож байх бөгөөд хамтран амьдрагчийн хувьд А.Е- нь  түүний дээрх байдлыг мэдсээр байж биед нь халдаж хүнд хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.

Иймд байдлаар А.Е-ын 2021 оны 3 сарын 01-ний өдөр архидан согтуурсан үедээ хохирогч М.Ж-ийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэх гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар  шүүгдэгч А.Е-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн”  гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн тогтоогдохгүй байх тул дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу шүүх дараах үндэслэлээр хяналтын прокуророос шүүгдэгч А.Е-т “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасан ба энэ нь гэмт хэрэг, түүний шинжийг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон байх хууль ёсны зарчим юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлжээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэхдээ хэдийгээр энэ нь нэг удаагийн шинжтэй үйлдэл байж болох боловч тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Е- нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ гэрч С.Т-, Б.К- болон хамтран амьдрагч М.Ж- нарын хамт архидан согтуурсан үедээ эр эмийн хардалтаас үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Ж-ийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Е- нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Ж-ийн биед халдаж, хүнд хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон боловч хохирогчийг гэр бүлийн хамааралтай байдлыг нь далимдуулан байнга зодож байсан, эсхүл байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

Энэ талаар хохирогч М.Ж- мөрдөн байцаалтын шатанд “А.Е- намайг урьд өмнө нь зодож байгаагүй тул цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй” гэж[24] мэдүүлсэн бөгөөд  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн бусад гэрчүүд А.Е-ыг урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, М.Ж-ийг зодож байсан талаар мэдүүлээгүй байна.

Шүүгдэгч А.Е-, хохирогч М.Ж- нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үүссэн нөхцөл байдал нь эр эмийн хардалтаас үүссэн таарамжгүй харилцааны улмаас үүссэн болох нь гэрч Д.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” Тухайн гэрт очиход иргэн М.Ж- нь нүүр ам нь хавдчихсан, цус гарсан байдалтай байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй, харин нөхөр нь гэх А.Е- гэх хүн “Бид хоёр хоорондоо маргалдсан, би эхнэрээ өөр хүнтэй хардсан. Тэгээд би гар хүрэх нь хүрчихсэн гэх зүйлс хэлж байсан” гэх мэдүүлэг[25],

Гэрч К.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дуудлагын дагуу Ө сумын 4 дүгээр багт байрлах иргэн А.Е-ын гэрт очиход хохирогч М.Ж-ийг эмнэлэг рүү авч явсан байсан. Харин түүний нөхөр гэх А.Е- нь цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд байсан ба би болсон асуудлын талаар асуухад би Ж-ийг Т-тай хардаад зодчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг[26],

Шүүгдэгч А.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.....би 2021 оны 03 сарын 01-ний өдөр нэлээн халамцуу согтуу байсан бөгөөд Ж-д гар хүрсэн байсан. Би Ж-ийг Т-тай хардаж түүнийг гараараа цохисноо санаж байна. Чухам биеийнх нь  аль хэсэг рүү цохиж гэмтэл учруулсан эсэхээ мэдэхгүй байна. Учир нь би тухайн үед би нэлээн согтуу байсан гэх мэдүүлэг[27] зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Е-ын дээрх үйлдэлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх санаа зорилго тогтоогдохгүй байх тул прокуророос түүний үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэдийн төлөөлөгч А.С-ы гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээс  шүүгдэгч А.Е-ыг “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай хэсэг нь хэргийн бодит байдалтай нийцэж байх тул иргэдийн төлөөлөгч А.С-ы гаргасан дүгнэлтийг хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

     Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан бөгөөд шүүгдэгч А.Е- нь хохирогч М.Ж-ийн бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, хүнд хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн нь нотлогдож байх ба  уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул А.Е-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч А.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2113000600079 дугаартай тогтоолоор[28] А.Е-ыг 2021 оны 3 дугаар сарын 01-ний шөнө тус аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутагт байрлах өөрийн гэрт архидан согтуурсан үедээ хохирогч М.Ж-ийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Улмаар тус прокурорын газрын орлогч прокурорын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор[29] А.Е-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Е-ыг 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус тус архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлах өөрийн гэртээ гэр бүлийн харьцаатай, хамтран амьдрагч М.Ж-ийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн байна.

Өөрөөр хэлбэл А.Е-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулахдаа түүнийг 2 удаа буюу 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр, мөн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус тус хохирогчийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж хүндрүүлэн зүйлчилсэн боловч хяналтын прокурор нь А.Е-ын 2021 оны 3 сарын 01-ний өдрийн үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Ийм байдлаар шүүгдэгч А.Е-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай 14 дугаартай прокурорын тогтоол, яллах дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй байх ба энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хяналтын прокурор Д.Дуламжав “А.Е-т холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянахад шүүгдэгч А.Е- нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хохирогч М.Ж-ийг зодсон гэх үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байсан тул, түүнийг зөвхөн 2021 оны 3 дугаар сарын 01-ний үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн” гэж тайлбарласан.

А.Е-т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, яллах дүгнэлт хоорондоо зөрүүтэй байгаа боловч хяналтын прокурор Д.Дуламжав нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч А.Е-ын 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр М.Ж-ийг зодсон гэх үйлдэл нь нотлогдон тогтоогдоогүй гэж тайлбарлаж, хөнгөрүүлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг буруутгах боломжгүй, түүнчлэн энэ зөрүүтэй нөхцөл байдал нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж шүүхээс үзсэн тул дээрх зөрчлийг арилгуулахаар А.Е-т холбогдох хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 Гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Е-ын ёс зүй, төлөвшил дутмаг, эрхэлсэн ажилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Гэмт хэргийн хор уршгийн тухай

            А.Е-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Ж-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М- мөрдөн байцаалтын шатанд “Миний охин М.Ж- нь энэ гэмт хэрэгт өртсөний дараа 2021 оны 4 дүгээр сарын 17-ны орчим усанд живж нас барсан. Охины оршуулгын ажил болон 7 хоног, 40 хоног болоход нь хүнсний зүйл, мал гаргаж, ажилд явдалд нь зарцуулсан. Чухам хэдэн төгрөгийн зардал гарсныг мэдэхгүй байна. Тухайн үед бид ямар нэгэн баримт бүрдүүлээгүй. А.Е-ын хувьд 1 хонь болон 40.000 төгрөг өгсөн. Би нэхэмжлэлээ шүүхийн шатанд иргэний журмаар тусдаа гаргах болно. А.Е- нь архи ууж согтуураад миний охиныг зодож хүнд гэмтэл учруулсан. Би гомдолтой байна[30]” гэж мэдүүлж, шүүх хуралдаанд өөрийн төлөөлөгч Ш.Ж-гээр дамжуулан хохирогч М.Ж-ийн нас барсантай холбоотой зардалд нийт 2.270.000 төгрөг нэхэмжилж, 6 хуудас нотлох баримт гаргаж өгсөн байна.

            Хохирогч М.Ж- нь 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Ховд голын усанд живж нас барсан гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, улмаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 56 дугаартай тогтоолоор[31] “М.Ж- нь 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Ховд голын усанд живж нас барсан” гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэжээ.  

            Түүнчлэн шүүхээс шүүгдэгч А.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч А.Е-ын энэхүү гэм буруутай үйлдэл нь хохирогч М.Ж- нас барсан гэх үйлдэлтэй  шалтгаант холбоогүй болох нь тогтоогдож байна.

            Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-аас нэхэмжилсэн хохирогч М.Ж-ийн нас барсантай холбоотой зардал 2.270.000 төгрөгийг А.Е-аас гаргуулж, олгох хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-, Ш.Ж- нарын  2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хохирогч М.Ж-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн А.Е-аас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч А.Е- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Е-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Шүүхээс шүүгдэгч А.Е-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.Е- нь хувийн байдлын хувьд 1963 оны 3 сарын 15-ны өдөр төрсөн, 58 настай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 5 сарын 19-ний өдрийн 73 дугаар зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан, Бүгд Найрамдах Казакстан Улсын ******дугаарын үндэсний гадаад паспорттой, тус улсын иргэн бөгөөд одоо Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багт ганцаараа амьдардаг болох нь тогтоогдож байна.

А.Е-ын хувийн байдлын талаар гэрч А.А:”... А.Е- нь миний төрсөн ах бөгөөд  1963 онд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, 1999 онд Бүгд Найрамдах Казакстан улс руу нүүж яваад, 2015 онд эхнэрээсээ салаад Баян-Өлгий аймагт буцаж ирсэн. 2003 онд Монгол улсын харьяатаас гараад Бүгд найрамдах Казакстан улсын иргэн болсон байсан. Одоогийн байдлаар тус аймгийн Ө сумын 4 дүгээр багт байрлах миний байшингийн хажууд гэр барьж амьдарч байгаа юм. Өөрийн гэсэн гэр оронгүй, эрхэлсэн ажилгүй юм. А.Е- ах цайлган сэтгэлтэй, зөрүүд зантай, бусдын үгэнд ордоггүй сул талтай.” гэж, гэрч Р.Б- “А.Е- нь нийтэч, хөдөлмөрч залуу, хар ажлыг сайн хийдэг. Сэтгэцийн хувьд ямар нэгэн архаг хууч өвчингүй, харин хоёр чих нь сайн сонсохгүй, сонсгол муутай. Түүнээс биш сэтгэцийн хувьд эрүүл болно.” гэж тус тус мэдүүлжээ.

Шүүгдэгч А.Е- нь урьд гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар[32] нотлогдож байх ба эдгээр нотлох баримтуудыг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

А.Е-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн", 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д заасан хүндрүүлэх шинжид хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж түүний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөлд байдалд тооцохоор заажээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч А.Е- нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон боловч уг үйлдэл нь “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэх шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэгдэж байгаа тул А.Е-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д заасан хүндрүүлэх шинжид хамааруулж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

            Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч А.Е-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар уг хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч А.Е- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүхийн шатанд нэхэмжилсэн хохирлыг А.Е- төлж барагдуулахаа илэрхийлсэн тул А.Е-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял буюу 3 жил 4 сарын хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын  02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, нийт эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх бүрэлдэхүүнээс шүүгдэгч А.Е-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ буюу ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ы мэдүүлэг, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч А.Е-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.Е-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Е-  нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-аас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч А.Е-т  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг хэрэглэж, оногдуулах хорих ялыг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” журмыг, тус зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус заасан бөгөөд шүүхээс тодорхой нөхцөл хангагдсан үед дээрх зохицуулалтыг заавал хэрэглэхийг хуулиар үүрэг болгож зохицуулаагүй, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. 

Шүүгдэгч А.Е-ын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж , учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн,  хувийн байдал зэргийг харгалзан А.Е-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг батлан, уг хууль 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Өршөөл үзүүлэх тухай хуульд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж, 4.2-д “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.Е- нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны хувьд  2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2021 оны  3 дугаар сарын 01-ний өдрийн 13:00 цагийн үед  2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэх гэмт хэргийг үйлдэж, шүүхээс  гэм буруутайд тооцогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-аас шүүхийн шатанд нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн  6.2, 6.5-д заасантай тус тус нийцжээ.

Иймд шүүгдэгч А.Е-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжилбэл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, ял шийтгүүлсэн зүйл, хэсэг зэргийг тус тус харгалзан үзэж Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.2, 6.5 дахь хэсэгт заасныг үндэслэн өршөөлд хамруулан, шүүхээс түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, А.Е-ын эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Дөрөв: Бусад асуудлаар:

Шүүгдэгч А.Е- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Е-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Баян-Өлгий аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Е-т “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Ж.б овогт А-ы Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Е-т  5  /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлаас  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч А.Е-т Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүхээс оногдуулсан  5 /тав/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар  хохирогч М.Ж-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М-, Ш.Ж- нараас гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжилсэн 2.270.000 (хоёр сая хоёр зуун далан мянга)-н төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хууль ёсны төлөөлөгч Б.М-, Ш.Ж- нар нь хохирогч М.Ж-ийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын  улмаас эмчүүлсэн эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7.  Шүүгдэгч А.Е- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч А.Е-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Баян-Өлгий аймгийн Ө сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг өнөөдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                А.ДАУРЕНБЕК

                                                       ШҮҮГЧИД                               Х.ТАЛГАТ

                                                                                                       Б.БОЛОРМАА

 

 

[1] 1-р хх-ийн 15-16-р тал

[2] 1-р хх-ийн 27-28-р тал

[3] 1-р хх-ийн 33-34-р тал

[4] 1-р хх-ийн 45-46-р тал

[5] 1-р хх-ийн 50-р тал

[6] 1-р хх-ийн 75-76-р тал

[7] 2-р хх-ийн 72-73-р тал

[8] 1-р хх-ийн 15-16-р тал

[9] 1-р хх-ийн 27-28, 31-р тал

[10] 1-р хх-ийн 33-34-р тал

[11] 1-р хх-ийн 45-47-р тал

[12] 1-р хх-ийн 49-50, 52-53-р тал

[13] 1-р хх-ийн 55-р тал

[14] 1-р хх-ийн 57,59-р тал

[15] 1-р хх-ийн 61-р тал

[16] 1-р хх-ийн 63-р тал

[17] 1-р хх-ийн 64-р тал

[18] 2-р хх-ийн 25-р тал

[19] 1-р хх-ийн 121-144-р тал

[20] 1-р хх-ийн 81-82-р тал

[21] 1-р хх-ийн 118-р тал

[22] 1-р хх-ийн 170-218-р тал

[23] 1-р хх-ийн 112-113-р тал

[24] 1-р хх-ийн 15-16-р тал

[25] 1-р хх-ийн 63-р тал

[26] 1-р хх-ийн 64-р тал

[27] 1-р хх-ийн 244-245-р тал

[28] 1-р хх-ийн 236-241-р тал

[29] 2-р хх-ийн 1-3-р тал

[30] 1-р хх-ийн 31-р тал

[31] 1-р хх-ийн 86-р тал

[32] 2-р хх-ийн 31-р тал