Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/511

 

 

 

 

 

   2021       07          28                                       2021/ШЦТ/511

            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,                                           

улсын яллагч М.Нарантуяа,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Д.Б-т холбогдох эрүүгийн 2009005761070 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо ... тоотод түр оршин суух, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1.500.000 төгрөг торгох ялаар шийтгүүлж, уг ялаа биелүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Д.Б- нь:

 

- 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны МУИС-ийн тооцооны салбартай эд хөрөнгө барьцаалан 30.00.000 төгрөгийн бичил бизнесийн зээл авч, улмаар 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Төрийн банкны барьцаалбараас чөлөөлсөн тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, уг албан бичгийг Авто тээврийн Үндэсний төвд гарган өгч барьцаанд тавьсан байсан 22-62 УБҮ улсын дугаартай Toyota Camry маркийн тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр шилжүүлэн авах замаар хохирогч А.М-ыг хуурч, тухайн тээврийн хэрэгслийг М.Содбаярын эзэмшилд шилжүүлэн өгч 6.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 02 /

 

Төрийн банктай хийсэн гэрээний хуулбар / хх 4-23 /

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тус банкны зээлдэгч Д.Б- нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банкны МУИС-ийн тооцооны төв дээр 108801456813 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан хөдлөх хөрөнгө барьцаалсан 30 сая төгрөгийн бичил бизнесийн зээл авсан. Тухайн барьцаанд 22-62 УБҮ улсын дугаартай Тоёото камри маркийн автомашиныг тавьсан боловч 2019 оны 07 дүгээр сарын 04-ний өдөр барьцааг чөлөөлөх Төрийн банкны албан бичгийг хуурамчаар үйлдэж тухайн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлсэн хууль бус үйлдэл гаргасан учир цагдаагийн байгууллагад хандсан. Төрийн банкны зүгээс Д.Б- нь зээлээ бүрэн төлж барагдуулаагүй учир эээл чөлөөлөх боломжгүй. Д.Б- нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 1.403.862 төгрөгийг төлсөн. Үүнээс зээлийн хүүд 2.597.310 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 28.596.135.80 төгрөг, хүүний зөрчил 7.628.444.95 төгрөг буюу нийт 36.224.582.75 төгрөгийн хохирол учраад байна. Уг хохирлоо барагдуулах хүсэлттэй байна гэжээ. / хх 28-30 /

 

Гэрч Б.Саранцацрал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банкны зээлийн хорооны хурлаар Д.Б-т зээл олгох хурлын шийдвэр гарч, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр түүний данс руу 30.000.000 төгрөгийн зээлийн гүйлгээ хийгдэж сарын 2.2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Тоёота камри маркын 22-62 УБҮ улсын дугаартай автомашиныг барьцаалан зээл олгосон. Тэгээд зээлийн хугацаа төлөгдөж байх явцад Авто тээврийн Үндэсний төв рүү тухайн автомашиныг Төрийн банкны эзэмшилд байгаа эсэхийг шалгуулахад тухайн автомашин нь өөр хүний нэр дээр шилжсэн болохыг мэдсэн. Ингээд байгууллагын дотоод хяналтдаа шалгуулах талаар мэдэгдээд Авто тээврийн Үндэсний төвөөс лавлаж тодруулахад Д.Б- нь манай банкны нэр дээр Авто тээврийн Үндэсний төвд тухайн автомашиныг чөлөөлүүлэх хуурамч албан бичиг үйлдэн тухайн автомашиныг өөр хүний нэр дээр шилжүүлсэн байсан бөгөөд Д.Б- нь хуурамч бичиг баримт үйлдэж Төрийн банкны барьцаанд байсан эд хөрөнгийн бусдад шилжүүлж залилсан гэж үзэж байна. Д.Б- нь 2019 оны 10 дугаар сараас хойш зээлийн төлөлтөө хийгээгүй байгаа. Манай байгууллагад зээлийн үндсэн төлөлт, хүү хийгдээгүй бөгөөд Төрийн банкны нэр дээрх автомашиныг хуурамч бичиг баримт үйлдэж бусдад шилжүүлж хохирол учруулсан гэжээ. / хх 31-32 /

 

Гэрч М.Пүрэвдэлгэр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Авто тээврийн үндэсний төвд бүртгэлийн мэргэжилтнээр 2010 оноос хойш ажиллаж байна. Би 22-62 УБҮ улсын дугаартай Тоёото Камри маркийн автомашины нэр шилжүүлгийн бүртгэлийг хийсэн. Энэ нь 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдөр одоо санаж байгаагаар тээврийн хэрэгслийн эзэмшигч нь өөрөө ирсэн санагдаж байна. Төрийн банкнаас өөрийн нэр лүү шилжүүлж авсан гэжээ. / хх 36 /

 

Гэрч М.Содбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Д.Б- гэх 30 орчим настай эмэгтэй манай байгууллага дээр ирж уулзаад 22-62 УБҮ улсын дугаартай “Тоёото Камри” маркийн авто машиныг барьцаалж 1 жилийн хугацаатайгаар 8.500.000 сая төгрөгийг сарын 5 хувийн хүү тооцон зээл авахаар болсон. Ингээд зээлийн гэрээг бэлтгэн Д.Б-ээс холбогдох баримт бичгийг манай байгууллагад гарган өгч, байгууллагын дотоод дүрэмд заасны дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг сольж Д.Б-ийн нэрнээс миний нэр дээр шилжилт хийлгэн бүртгүүлэх шаардлагатай болсон тул Д.Б- нь "Тоёота Камри" 22-62 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийг сольж шилжилт хөдөлгөөн хийлгэхээр миний иргэний үнэмлэх болон бусад холбогдох бичиг баримтыг авч яваад орой ажил тарахын үед буюу 17 цаг өнгөрч байхад тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийлгэн миний нэр тээврийн хэрэгслийн эзэмшигчийн бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийлгэн миний нэр дээр шилжүүлж авчирсан байхаар нь гэрээнд заасны дагуу зээлдэгч Д.Б-т олгох 8.500.000 төгрөгийг түүний Хаан банкны 572786780 дугаарын дансанд шилжүүлж өгсөн. Маргааш өдөр нь дахин уулзаж гэрээнд хоёр тал гарын үсэг зурж, баталгаажуулахаар тохиролцоод салж явцгаасан. Ингээд маргааш нь би Д.Б-тэй, түүний 88101421 дугаарын гар утсаар нь холбогдон уулзаж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагатай байгаа талаар хэлэхэд би очоод зурчихна одоохондоо завгүй байна гэж хэлээд утсаа салгасан бөгөөд энэ явдлаас хойш дээрх байдал дахин хэд одэн удаа давтагдаж Д.Б- нь ирж гэрээнд гарын үсэг зураагүй. “Тоёота Камри” 22-62 УБҮ улсын дугаар дээр тээврийн хэрэгсэл нь албан ёсоор Мөнхбат овогтой Содбаяр миний эзэмшил бүртгэлтэй байгаа. Д.Б- нь манай байгууллагаас авсан зээлийн мөнгийг төлөөгүй, хаа байгаа газар нь тодорхойгүй байсан тул бид албан ёсоор өөрийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг олж авахын тулд Замын цагдаагийн албанд хэлж мэдэгдэнэ тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж ажилласны дагуу 2019 оны 11 сарын 27-ны өдөр "Тоёота Камри" 22-62 УБҮ тээврийн хэрэгслийн байгаа газрыг олж тогтоон, Д.Б-ээс автомашиныг хүлээн авсан. Одоо уг автомашин манай байгууллагын мэдэлд ямар нэгэн хүн унаж, ашигласан зүйл байхгүй гараашид тавигдсан байна гэжээ. / хх  102-103 /

 

Иргэний нэхэмжлэгч А.Даваасүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тоёота Камри 22-62 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь албан ёсоор Алтангэрэл овогтой Даваасүрэн миний эзэмшилд бүртгэлтэй байгаа. Отгонням гэх хүний нэр дээр байсан автомашины гэрчилгээ шилжүүлэхдээ Авто тээврийн үндэсний төв дээр очиж бүртгэлийг нь хийлгэж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны дагуу худалдаж авсан. Өөрийн эзэмшилд байгаа тээврийн хэрэгслийг битүүмжилж байгаад гомдолтой байна гэжээ. / хх 105 /

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол / хх 106 /

 

Яллагдагч Д.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдэ: ...Би 2019 оны 05 дугаар сард Төрийн банкны МУИС-ийн салбараас 30 сая төгрөгийн бизнесийн зээл авсан. Тэгээд барьцаанд тавьсан эд зүйлийн нэг болох 22-62 УБҮ улсын дугаартай Тоёото Камри маркийн автомашиныг 2019 оны 07 дугаар сард усанд моторыг нь цохиулаад ямар ч явах боломжгүй, засварт өгөх гэхээр нь Монголд сэлбэг олдохгүй үнэтэй байсан болохоор зарахаар шийдсэн. Намайг анх зээл авахад зээл олгосон эдийн засагч нь эхний 2-3 удаагийн төлөлт хийгээд барьцаануудаа нэг, нэгээр нь авч болно гэж хэлсэн. Тийм болохоор зарах гэсэн боловч тухайн үед авах хүн олдоогүй, тэгээд ломбардад тавихаар шийдсэн. Ломбардад тавихын тулд бичиг баримтыг удахгүй сольж авна гэсэн зорилгоор бичиг баримтыг хуурамчаар хүнээр хийлгэсэн. Тэр бичиг баримт хуурамчаар үйлдсэн хүн нь авто тээврийн газраас автомашины бичиг баримтыг миний нэр дээр болгож өгсөн болохоор хуурамч юм хийсэн гэдгийг нь мэдээгүй гэжээ. / хх 41-42 /

 

Шүүгдэгч Д.Б-ээс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 41-42 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 54 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  ...Төрийн банканд барьцаанд тавьсан байсан Тоёота камри маркийн 22-62 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл маань 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр голд живж унтарсны улмаас тус машинаа унах боломгүй болсон. Тухайн үед тээврийн хэрэгслийн үнэ нь буурахаас өмнө зарах үүднээс Батзориг гэгчтэй холбогдсон боловч тухайн хүн маань “Автотээврийн Үндэсний төвд таньдаг хүн байгаа, зарж борлуулсных нь дараа төлбөрөө өгөөд нэрээ шилжүүлж болно” гэж намайг төөрөгдөлд оруулсны үүднээс гэм буруутай үйлдэл хийсэн. Миний хувьд тухай автомашинаа зарах гэсэн боловч бичиг баримт нь Төрийн банкны барьцаанд байсан. Анх Төрийн банкаас 30 сая төгрөгийн зээл авах үед эхний 1-2 төлөлтөө төлсний дараагаар эдийн засагч нь барьцаанд байгаа эд зүйлээ нэг нэгээр авч болно гэж анх тайлбарлаж байсан. Уг барьцаа хөрөнгөө 3 сар төлөлтөө хийсний дараагаар Содбаяр гэх иргэнийн ломбарданд тээврийн хэрэгслээ 7.800.000 төгрөгөөр авто ломбарданд тавьж автомашиныхаа эвдэрсэн байсан моторыг захиалж аваад автомашинаа зарж борлуулах бодолтой байсан. Дараагаар нь Төрийн банк цагдаад өргөдөл бичиж өгсөн байсан.

 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос эхэлж Ковид-19 цар тахал гарч миний ажиллуулдаг караоке, пабын үйл ажиллагаа бүрэн зогсож хохирогч нарт төлбөрөө төлөх боломж бололцоо байхгүй болсон. Одоо бол хохирогч нарт хохирол төлбөрөө төлөх боломж бий болсон. Үйлчилгээний байгууллагууд хариуцлагын гэрээ хийгээд 08 дугаар сарын 01-нээс үйл ажиллагаа маань нээгдэхээр болсон тул хохирогч нарт хохирлыг барагдуулах боломжтой болсон. Иймд хохирол мөнгийг төлж барагдуулах хүсэлтэй байгаа. Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Төрийн банкны зээлдэгч Д.Б- нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны МУИС-ийн тооцооны төв дээр 108801456813 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан манай банкнаас 30 сая төгрөгийн бичил бизнесийн зээл авсан. Тухайн зээлсэн 30 сая төгрөгийн барьцаанд 22-62 УБҮ улсын дугаартай EBB501000507 арлын дугаартай Тоёота камри маркийн мөнгөлөг өнгийн автомашиныг бусад хөдлөх хөрөнгийн хамт барьцаалсан. Д.Б- дээрх тээврийн хэрэгслийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн фидукцын гэрээний дагуу Төрийн банкны нэр дээр шилжсэн байсан. Гэтэл Д.Б- 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр барьцааг чөлөөлөх тухай Төрийн банкны албан бичгийг хуурамчаар үйлдэж, тухайн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн улмаар бусдад худалдан борлуулсан үйлдсэн нь ил болсон учир цагдаагийн байгууллагад хандсан.

Д.Б- нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 30 сая төгрөгийн хэрэглээний зээл авсан. Д.Б- нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 1.403.860 төгрөгийг төлсөн. Үүнээс зээлийн хүүд 2.597.310 төгрөгийг зээлийн хүүд төлсөн байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 28.596.135,80 төгрөг, хүүгийн зөрчил 7.628.444.95 төгрөг буюу нийт 36.224.582,75 төгрөгийн хохирол манай банканд учраад байх тул уг хохирлоо барагдуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны МУИС-ийн тооцооны салбараас эд хөрөнгө барьцаалан 30.00.000 төгрөгийн бичил бизнесийн зээл авч, улмаар хуурч, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр барьцаанд тавьсан байсан 22-62 УБҮ улсын дугаартай EBB501000507 арлын дугаартай Тоёота камри маркийн мөнгөлөг өнгийн автомашиныг барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар уг албан бичгийг Авто тээврийн Үндэсний төвд гарган өгч, бусдыг төөрөгдөлд оруулж, дээрх тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар М.Содбаярын эзэмшилд шилжүүлэн өгч, 6.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:   ... Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 02 /,   ... Төрийн банктай хийсэн гэрээний хуулбар / хх 4-23 /,    ... Д.Б- нь 108801456813 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан хөдлөх хөрөнгө барьцаалсан 30 сая төгрөгийн бичил бизнесийн зээл авсан ба барьцаанд тавьсан 22-62 УБҮ улсын дугаартай Тоёото камри маркийн автомашинаа 2019 оны 07 дүгээр сарын 04-ний өдөр барьцаанаас чөлөөлсөн Төрийн банкны албан бичгийг хуурамчаар үйлдэж тухайн автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлсэн хууль бус үйлдэл гаргасан учир цагдаагийн байгууллагад хандсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ын мэдүүлэг / хх 28-30 /,     ... Зээл төлөгдөж байх явцад Авто тээврийн Үндэсний төв рүү тухайн автомашиныг Төрийн банкны эзэмшилд байгаа эсэхийг шалгуулахад тухайн автомашин нь өөр хүний нэр дээр шилжсэн болохыг мэдсэн. Ингээд байгууллагын дотоод хяналтдаа шалгуулах талаар мэдэгдээд Авто тээврийн Үндэсний төвөөс лавлаж тодруулахад Д.Б- нь манай банкны нэр дээр Авто тээврийн Үндэсний төвд тухайн автомашиныг чөлөөлүүлэх хуурамч албан бичиг үйлдэн тухайн автомашиныг өөр хүний нэр дээр шилжүүлсэн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Саранцацралын мэдүүлэг / хх 31-32 /,    ... Би 22-62 УБҮ улсын дугаартай Тоёото Камри маркийн автомашины нэр шилжүүлгийн бүртгэлийг хийсэн. Энэ нь 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдөр одоо санаж байгаагаар тээврийн хэрэгслийн эзэмшигч нь өөрөө ирсэн санагдаж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Пүрэвдэлгэрийн мэдүүлэг  / хх 36 /,     ... 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Д.Б- 22-62 УБҮ улсын дугаартай “Тоёото Камри” маркийн авто машиныг барьцаалж 1 жилийн хугацаатайгаар 8.500.000 сая төгрөгийг сарын 5 хувийн хүү тооцон зээлж, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг сольж Д.Б-ийн нэрнээс миний нэр дээр шилжилт хийлгэн авчирсан. Д.Б- нь ирж гэрээнд гарын үсэг зураагүй. “Тоёота Камри” 22-62 УБҮ улсын дугаар дээр тээврийн хэрэгсэл нь албан ёсоор Мөнхбат овогтой Содбаяр миний эзэмшил бүртгэлтэй байгаа гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Содбаярын мэдүүлэг / хх  102-103 /,     ...Тоёота Камри 22-62 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь албан ёсоор Алтангэрэл овогтой Даваасүрэн миний эзэмшилд бүртгэлтэй байгаа. Отгонням гэх хүний нэр дээр байсан автомашины гэрчилгээ шилжүүлэхдээ Авто тээврийн үндэсний төв дээр очиж бүртгэлийг нь хийлгэж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны дагуу худалдаж авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч А.Даваасүрэнгийн мэдүүлэг / хх 105 /,      ...Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол / хх 106 /,      ... Тэр бичиг баримт хуурамчаар үйлдсэн хүн нь авто тээврийн газраас автомашины бичиг баримтыг миний нэр дээр болгож өгсөн болохоор хуурамч юм хийсэн гэдгийг нь мэдээгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Б-ийн мэдүүлэг / хх 41-42 /  зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Б- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, бага насны хүүхдүүдтэй хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 1 / нэг / жилийн хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байна.

Мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөл үзүүлэхгүй хэсгүүдэд байхгүй, мөн хуулийн 3.2 дугаар зүйлд заасан хориглосон заалтад хамаарахгүй байх тул түүнд өршөөл үзүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Д.Б-ийн хувьд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, Ковид-19 цар тахал өвчний улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүйгээс орлого олох боломжгүй болсон, байнга оршин суух хаягтай зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Д.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Д.Б- нь дээрх барьцааны хөрөнгө болох 22-62 УБҮ улсын дугаартай EBB501000507 арлын дугаартай Тоёота камри маркийн мөнгөлөг өнгийн автомашиныг барьцаанаас чөлөөлүүлж, улмаар ” Баян Төгөлийн Ундарга “ ХХК-д барьцаалан 8.500.000 төгрөгний зээл авсны дагуу М.Содбаяр нь өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, зээлээ төлөөгүй учир бусдад зарсны / хх 102-103 / дагуу А.Даваасүрэн нь 18.000.000 төгрөгөөр авто машины ченж Отгонням гэх хүнээс худалдан / хх 105 / авчээ.

Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар А.Даваасүрэн нь шударга эзэмшигч байх тул түүний эзэмшлийн 22-62 УБҮ улсын дугаартай EBB501000507 арлын дугаартай Тоёота камри маркийн мөнгөлөг өнгийн автомашиныг битүүмжилсэн  мөрдөгчийн тогтоолыг / хх 106 / хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 36.224.582,75 төгрөг нэхэмжилсэн болно. Шүүгдэгч Д.Б- болон Төрийн банкны хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд Д.Б- нь барьцааны гэрээний эд хөрөнгө болох 22-62 УБҮ улсын дугаартай EBB501000507 арлын дугаартай Тоёота камри маркийн мөнгөлөг өнгийн автомашиныг барьцаанаас чөлөөлүүлсэн, бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой байна.

Дээрх машиныг тус банкны 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн барьцааны гэрээнд заасны дагуу 6.600.000 төгрөгний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан / хх 10 / байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол 6.600.000 төгрөгийг шүүгдэгч Д.Б-ээс гаргуулан Төрийн банканд олгож,  нэхэмжлэгч нь бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б-ийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй цагаатгаж өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Б- болон Төрийн банкны хоорондын байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн болон барьцааны гэрээ нь 40 сарын хугацаатай байгуулагдсан буюу одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэхүү гэрээ нь дуусгавар болоогүй байна. Мөн гэрээнд заасны дагуу Д.Б-ийн барьцаанд тавьсан хөрөнгө болох авто машин нь Төрийн банкны эзэмшил / өмчлөл /-д шилжсэн гэж ойлгоно.

2. Гэтэл Д.Б- нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, банкны зөвшөөрөлгүйгээр барьцааны зүйл болох 22-62 УБҮ улсын дугаартай EBB501000507 арлын дугаартай Тоёота камри маркийн мөнгөлөг өнгийн автомашиныг Төрийн банкны барьцаанаас чөлөөлсөн баримт бичгийг хуурамчаар үйлдэж, банкыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан машиныг өөрийн мэдэлд шилжүүлэн авч, улмаар ББСБ-д барьцаанд тавьсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдхүүнийг бүрэн хангасан, өөрөөр хэлбэл Төрийн банкыг залилсан гэж үзнэ.

3. Дээрх  хуурамч бичиг баримт үйлдэх хэрэг нь тусдаа шалгагдаж байгаа талаар улсын яллагчаас шүүх хуралдаанд тайлбарласан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Д.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

7. Мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Иргэний нэхэмжлэгч А.Даваасүрэнгийн 22-62 УБҮ улсын дугаартай Toyota Camry маркийн авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Д.Б-ээс 6.600.000 төгрөг гаргуулан хохирогч Төрийн банканд олгож, хохирогч нь бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэйг дурьдсугай.

 

9.  Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ