Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 00681

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2017/00681

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-2-51 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ЕЙ89122406/, Шар боржигон овогт Сумъяабатын Түмэнбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн 2-25-29 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ФА89081717/, Хасу овогт Энхбаатарын Болор-Эрдэнэд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчС.Түмэнбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагч Э.Болор-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Түмэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сумъяабат овогтой Түмэнбаяр нь 2007 онд Улаанбаатар хотод МУИС-д сурч байхдаа өөрийн нөхөр Энхбаатар овогтой Болор-Эрдэнэтэй танилцаж 2009 оны 8 сарын 17-нд гэрлэлтээ батлуулж 2009 оны 11 сарын 14-нд хүү Анх-Эрдэнэнийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын төрөх тасагт төрүүлсэн. Тэр үед манай нөхөр сургуульд сурч байсан учир би хүүтэйгээ хадам аав ээжийн хамт Орхон аймагт амьдардаг байсан.

Анх нөхөр Энхбаатар овогтой Болор-Эрдэнэ нь 2010 оны 1 сард улирлын амралтаараа ирсэн оройгоо найз нартайгаа гарч архи ууж шөнө нь орж ирээд агсам тавьсан. Тэр өдрөөс хойш архи уух бүртээ (зайлаарай, ална шүү, амьдарч чадахгүй бол яваарай гэх мэтээр) хөөж, загнаж унтуулж амраахгүй, намайг болон үр хүүхдээ зовоодог болсон. Би түүнд ямар ч үг хэлдэггүй, гомдол мэдүүлж байгаагүй. Аав ээж 2 нь уг явдлыг мэддэг мөртлөө тоодоггүйгээс гадна хадам ээж Намжилмаа нь уг явдалд нөхрөө аргалж унтуулсангүй гэж намайг буруутган загнадаг байсан. Тийм байдалтайгаар хадмындаа 3 жил амьдарсан. Ингээд нөхөр маань сургуулиа төгсөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилд орж 2013 оны 12 сард зээлээр 2 өрөө орон сууц авч тусдаа гарсан юм. Бид тусдаа гараад удаагүй байхад нөхөр маань юм л бол гадуур хонодог болсон төдийгүй согтуу ирж агсам тавих нь эрс нэмэгдсэн. 2015 оны өвлөөс чи сургуулиа төгс тэгээд хоёулаа салъя гэдэг болсон. Заримдаа гэрээс өмссөн хувцастай минь хөөж гаргаад хаалгаа түгжин оруулахгүй, мөн хүүдээ анхаарал халамж огт тавьдаггүй биднийг тоохгүй маш их ааш ууртай байх болсон. Жишээлбэл: Ханиад хүрсэн хүүхдэд эмийг нь өгчихээрэй гэж хэлээд намайг хичээлдээ явахад эмийг нь өгдөггүйгээс гадна хүүгээ өөрөө харахгүй аав, ээждээ аваачиж орхиод гадуур архи уун зугаа цэнгэл хөөгөөд явдаг. Гэтэл аав ээж нь надруу утасдан ядраад байна хүүхдээ ирж ав гээд би өвчтэй хүүхдээ очиж авахаас өөр аргагүй байдалд орж хүүхэдтэйгээ хичээл дээрээ суудаг энэ мэтчилэн байдал гаргачихаад түүнд хэлэхэд уурладаг. Нөхөр маань миний сургалтын төлбөрийг төлж өгөөгүй болохоор би арга буюу хичээлээс бусад үед технологийн сургуульд туслах номын санч хийж төлбөрөө, хэрэгцээний мөнгөө олдог байсан. Би түүнд аль болох дараа болохгүй өөрийнхөө чадах чинээгээр л зүтгэж байсан. Энэ их амьдралын хүнд явдлууд миний бие болон сэтгэл санаанд маш их дарамт учруулдаг байсан боловч сургуулиа төгсөөд ажилд орчихвол дээрх явдлууд нь засарна гэж итгэж найдаж салж хүүхдээ өнчрүүлэхгүй гэж боддог байсан. Би 2015 оны 6 сард сургуулиа төгсөөд хүүхдээ аваад хөдөө өөрийн гэртээ аав, ээждээ очоод 7 сарын сүүлчээр ирэхэд нөхөр Э.Болор-Эрдэнэ гэртээ шал согтуу унтаж байсан. Энэ үед түүний утаслуу 99361300 гэдэг дугаараас дуудлага, мессеж ирсэн. Тэгээд 8 сарын 17 нд Э.Болор-Эрдэнэ бүжгийн хамтлагийнхны хамт хуриманд явсан тэр үед би эмнэлэгт хэвтэж байсан юм. Гэтэл дараа өдөр нь буюу 18- ны өглөө надад гэртээ байна гэж ярихаар нь эмчилгээгээ хийлгэчихээд гэртээ очсон чинь архидаж байсан. Намайг хараад хамт ууж байсан залуучууд нь гарч, Э.Болор-Эрдэнийг унтуулаад байж байтал утсанд нь “Хайраа удахгүй очлоо” гэсэн мессеж ирсэн. Тэгээд би хариуд нь “Ирж байна уу “гэж бичтэл “Эхнэр чинь ирсэн гэхээр нь больчихлоо” гэсэн мессеж ирсэн. Хариуд нь дахин би “Явчихсан“ гэхэд “Айгаад байна шүү хайраа. Хоолоо идсэн үү. Хөөрхөн ш дээ гэсэн мессеж ирсэн. Энэ мэтчилэн мессежүүд ирсэнээр би нөхрөө намайг араар тавьж байгааг мэдсэн. Тэр явдлаас хойш энэ хүнийг болон амьдралаа бодон тэвчиж өдийг хүрэхэд согтуу ирж намайг орцонд зодсон. Мөн 5 сарын 14-ний өдөр ажлаас буугаад гэртээ ирэхэд буйдан дээр эмэгтэй хүний нойтон дотоож байсан. Уг явдал нь миний хүүхдийн хүмүүжил хичээл сурлагад маш их муугаар нөлөөлж байгаа төдийгүй миний хүү ааваасаа айж, ээж аавыг согтуу байвал өвөөгийнд хонуулаарай гэж хүртэл надаас гуйх болсон. Одоо би хүүгийн хамт тусдаа амьдарч байна.

Тэгээд 2016 оны 05 сарын 20-ны өдөр салах өргөдлөө Орхон аймгийн эвлэрүүлэн зуучлагчид өгсөн. Эвлэрүүлэн зуучлахаас өгсөн 3 сарын хугацаанд эвлэрэх үйлдэл огт хийгээгүй. Эвлэрэх сэтгэлгүй байсан учир 2016 оны 07 сарын 08-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг зогсоосон. Түүнээс хойш 08 сарын хугацаанд ч урьдын адил эвлэрэх үйлдэл гаргаагүй учир миний бие шүүхэд хандаж байна.

Иймд би энэ хүнтэй цаашид хамт амьдрах ямар ч хүсэлгүй хайргүй, дотно харилцаа огт байхгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Б.Анх-Эрдэнэг өөрөө асрамжиндаа авч эцэг Э.Болор-Эрдэнээс тэтгэвэр авна. Мөн бид гэр бүл болсоноос хойш авсан Оюут багийн 2- 25-29 тоот 2 өрөө байрыг Э.Болор-Эрдэнэ надаас салаад өг энэ байраа ав гэдэг тул уг байранд хүүтэйгээ хамт амьдарна. Учир нь надад Орхон аймагт хамаатан садан байхгүй би энд Э.Болор-Эрдэнэтэй гэрлээд л огт мэдэхгүй хүний газар ирсэн. Цаашид энд хүүгээ эцгийнх нь дэргэд өсгөж хааяа уулзуулж байхын тулд энэ газарт хүүгийнхээ төлөө ажиллаж амьдрахаар шийдсэн юм. Тэрээр хүүгийнхээ амьдрах орчинд саад болохгүй хэлсэнээрээ байраа өгнө гэдэг тул өөр эд зүйлийн маргаангүй болно. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүү Анх-Эрдэнийг миний асрамжинд үлдээж, эцэг Э.Болор-Эрдэнээс тэтгэвэр тогтоолгож, Оюут багийн 2-25-29 тоот 2 өрөө байрыг хүү бид 2-ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Болор-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Түмэнбаярын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь С.Түмэнбаяртай 2007 он танилцаж, улмаар 2009 оны 08 дугаар сарын 17-нд гэрлэлтээ батлуулж, бидний дундаас хүү Анх-Эрдэнэ 2009 оны 11 дүгээр сарын 14-нд төрсөн. Миний хувьд эхнэртээ гар хүрч зодож нүдэж байсан асуудал байхгүй, харин эмэгтэй хүнээс мессэж ирсэн, архи уусан, согтуудаа янз бүрийн ааш зан гаргасан асуудал байсан. Эхнэр 2016 оны 05 дугаар сард эвлэрүүлэн зуучлалд хандсан. Миний бие эхнэр, хүүхдээсээ салахыг хүсээгүй тул бидэнд эвлэрэх хугацаа олгосон. Энэ хугацаанд миний бие эхнэртэйгээ уулзаж, хоолонд урьж, утсаар удаа дараа ярьж байсан боловч өөрөө надтай эвлэрэхийг хүсээгүй гэж боддог. Түүнээс хаана байгаа юм бэ би очоод чамайг авъя гэхэд хаа байгаа хаягаа хэлж өгдөггүй, нууцалдаг байсан. Мөн чи итгэхгүй бол хүрч ирээд надтай 3 сар амьдраад үзээч одоо би амьдралаа бодноо, өөрийгөө өөрчилсөн гэж хэлж хүлээсэн боловч би бодож үзлээ, чамд итгэхгүй байна гэж хариулаад ирээгүй. Ийм байдлаас болж эвлэрч нэг гэрт орж амьдраагүй өдийг хүрсэн. Нэгэнт энэ хүн надаас гэрлэлтээ цуцлуулахыг шаардаж байгаа учир миний бие түүнээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүгээ эхээс нь салгаад яах вэ гэж бодож байгаа тул хүүдээ тэтгэлэгийг төлнө. Харин 2-25-29 тоот байр нь аав бид 2-ын нэр дээр байдаг. Анх байрыг авахдаа урьдчилгаанд нь аав, ээж хоёр өөрсдийн амьдарч байгаа 3-23-144 тоот байрыг барьцаанд тавьж уг байрыг банкны лизингээр авсан бөгөөд одоог хүртэл банкинд сар бүр 809,514 төгрөгийн төлөлтийг аав М.Энхбаатар төлж байгаа. Одоо энэ 2 байр Худалдаа хөгжил банкны барьцаанд байдаг тул байрыг Түмэнбаяр болон хүү Анх-Эрдэнэ нарын өмчлөлд шилжүүлэх боломжгүй байна. Харин байрны зах зээлийн үнээс зээлийн үлдэгдэл 30 сая төгрөгийг хасч үлдэх мөнгөнөөс оногдох хувийг өгөхөд татгалзах зүйлгүй гэж бодож байна гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Оюут багийн 2-25-29 тоот 2 өрөө байрны одоогийн зах зээлийн үнэ 43,000,000 төгрөг байгаа тул энэ үнээс Худалдаа хөгжил банкин дахь байрны зээлийн үлдэгдэл болох 30,000,000 төгрөгийг хасч үлдэх 13,000,000 төгрөгнөөс 2 хүнд оногдох хувь болох 6,500,000 төгрөгийг Э.Болор-Эрдэнэ цалингийн зээл авч мөнгийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор С.Түмэнбаярт өгснөөр цаашид эд хөрөнгийн ямар нэгэн маргаангүй болно гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                         ҮНДЭСЛЭХ нь :

            Нэхэмжлэгч С.Түмэнбаяр нь хариуцагч Э.Болор-Эрдэнэд холбогдуулан шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс оногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.Түмэнбаяр, хариуцагч Э.Болор-Эрдэнэ нар нь 2007 онд танилцаж, 2009 оны 08 дугаар сарын 17-нд өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн Г-659 дугаарт бүртгүүлж, гэрлэлтээ батлуулсан бөгөөд хамтран амьдрах хугацаанд 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүү Б.Анх-Эрдэнэ төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийг эрүүл бойжиж байгаа тухай “Мэндцэцэн” өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудаар батлагдаж байна.

Нэхэмжлэгч С.Түмэнбаяр гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ нөхөр Э.Болор-Эрдэнэ нь архи уудаг, өөрийг нь хуурсан гэснийг хариуцагч үгүйсгээгүй, үүнийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч нь  Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан гэрлэгчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргээ биелүүлээгүй байна. Мөн Гэрлэгчид гэр бүл болж амьдрах хугацаанд хайр сэтгэлийн халуун дулаан уур амьсгал байхгүй, хэрэлдэж, маргалддаг, бие биендээ итгэх итгэлгүй болсон, түүнчлэн хариуцагч нь бусадтай эр,эмийн холбоотой болсоны улмаас байнга хэрүүл маргаан гарч, гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй болсон байх ба гэрлэлтээ цуцлуулахыг аль алин нь хүлээн зөвшөөрсөн, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу эцэг Э.Болор-Эрдэнэ  эдийн засгийн хувьд боломжтой хэдий ч хүүг ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрсөн тул хүү Б.Анх-Эрдэнийг эх С.Түмэнбаярынх нь асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээ, хугацаагаар эцэг Э.Болор-Эрдэнээс тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэг эцэг, эхийн хувьд хэвээр үлдэхийг дурдаж байна.

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу зохигчдоос гаргуулах нь зүйтэй байна.

              Монгол Улсын  ИХШХШ тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115,2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

            1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-д заасныг баримтлан С.Түмэнбаяр, Э.Болор-Эрдэнэ нарын  гэрлэлтийг цуцалсугай.

2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009.11.14-ний өдөр төрсөн хүү Б.Анх-Эрдэнийг эх С.Түмэнбаярын асрамжинд үлдээсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан хүү Б.Анх-Эрдэнийг бүс нутагт тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /11-16 нас / суралцаж байгаа бол /18-н нас / хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Э.Болор-Эрдэнээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдаж, Оюут багийн 2-25-29 тоот 2 өрөө байрнаас оногдох хэсэг болох 6,500,000 төгрөгийг хариуцагч Э.Болор-Эрдэнээс гаргуулахаар зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.

7. Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН