Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1564

 

Д.Цоожийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01437 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Цоожийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох

 

Урьд эрхэлж  байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан  хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт  бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Цоож нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 31 дугаар захирамжаар Сүхбаатар Дэвшил ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан. Үүрэгт ажлаа гүйцэтгэж байх хугацаандаа Дүүргийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилдаа хариуцлагатай хандаж, байгууллагыг ашигтай ажиллуулж байсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/29 тоот захирамжид Дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ, хамтран ажиллах гэрээний 2016 оны биелэлтийг дүгнэсэн үзүүлэлтээр А үнэлгээ авч мөнгөн урамшуулал авсан. Гэтэл дүүргийн Засаг дарга Х.Болормаа 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот захирамжаар намайг өвчтэй эмнэлгийн акттай байх хугацаанд ажлаас хууль бусаар чөлөөлсөн. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь төсвийн зарцуулалтыг үр ашиггүй хяналтгүй зарцуулсан нь тогтоогдсон тул дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/01 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлсөн. Д.Цоож нь 2016 оны байгууллагын тайлангаар 2,8 гаруй тэрбум төгрөгийн зарлага гаргасан бөгөөд Нийслэлийн аудитын газраас тус байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт санхүүгийн хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллахад 1 905 410 070 төгрөгийн зөрчил үүсэж залруулах боломжгүй 241 779 010 төгрөгийн зөрчлийг Нийслэлийн аудитын байгууллагаас тогтоосон. Зөрчлөөс дурдвал ахлах нягтлан бодогч 100 гаруй сая төгрөгийг бэлнээр авч нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор гүйцэтгээгүй, Тохижилт үйлчилгээний албаны байрны түрээсийн зардлыг зах зээлийн үндэслэлгүйгээр хэт илүү үнээр гэрээ байгуулсан, арилжааны банкны дансны хуулга журналын мөнгөн дүн орлого үр дүнгийн тайланд тусгасан санхүүжилтийн дүн хоорондоо зөрүүтэй гэх мэт зөрчлийг гаргасан. Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.4-т тус тус зааснаар санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргасныг Нийслэлийн аудитын газрын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Албан шаардлага, мөн оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 583 дугаар хязгаарлалтай санал, дүгнэлт нотлоно.

Мөн тус дүүргийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай 11 дүгээр мэдэгдэлд.., Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлт байхгүй, мөнгө хураагч нарын ажилд өдөр тутам хяналт тавьж ажилладаггүй, бүртгэл тооцоололт хангалтгүй, ажилтны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах удирдах ажилтны хариуцлагагүй байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзсэн. Д.Цоож нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасны дагуу дээр дурдсан санхүүгийн тайлан, гүйлгээний эрхийг нэгдүгээр гарын үсэг зурж хариуцдаг мэдсээр байж зөрчлийг удаа дараа гаргасан.  Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах хуулийн заалтыг зөрчсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан Д.Цоожийг Сүхбаатар дэвшил Орон нутгийн өмчит, аж ахуй аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд эгүүлэн томилж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 6.215.802 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овгийн Даваасамбуугийн Цоож /РД:ГМ80122011/-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Цоожийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5. 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 114 403 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Д.Цоож нь уучлалт гуйлгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх дүүргийн Засаг даргыг хариуцагчаар татах шийдвэр гаргасан атлаа 5 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрийн тогтоох хэсгийг 1, 2 дугаар заалтаар нэхэмжлэгчийг эрхлэж байсан ажилд буюу Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын захирлаар эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгасан нь хууль бус шийдвэр болсон. Учир нь Төсвийн тухай хуулиар манай байгуууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нь Засаг дарга, мөн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар Засаг дарга нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байтал, дүүргийн Засаг даргын Тамгын газар буюу Тамгын газрын даргад эгүүлэн томилох тухай шийдвэрлэж байгаа нь илт хууль зөрчсөн шийдвэр юм.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах хүсэлт гаргахдаа эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаар дурдаагүй тийм шаардлагыг гаргаагүй, шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд тодруулаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэл зоригыг таамаглан шийдвэрлэж байгаа нь буруу. Дундаж цалин хөлсийг тооцохдоо холбогдох хууль, журмыг буруу хэрэглэсэн. Шүүх нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсийг 71 446 төгрөг гэж тооцсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг буруу тайлбарласан. Учир нь ажилтны дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тушаалаар тооцохдоо сүүлийн 3 сарыг баримталдаг. Гэтэл нэхэмжлэгчид 2016 оны 11, 12-р cap, 2017 оны 01 дүгээр сарын мөнгөн дүнг нийгмийн даатгалын дэвтрээс бодсон байна. Нэхэмжлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын цалин хөлс 677.548 төгрөг байхад сүүлийн 2 cap нь өндөр байгаа нь урамшуулал, ажлаас чөлөөлсөн тэтгэмж зэргийг тодруулахгүйгээр дундаж цалин хөлсийг тооцсон байна. Дээрх 55-р тушаалын 4 дүгээр зүйл "Ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд. нөхөх олговор, хөнгөлөлтийн орлого, 8 дугаар зүйл "Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоохдоо хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн, дундажийг тодорхойлоход энэ журам хамаарахгүй" гэж тус тус зааснаас үзвэл шүүх тодруулахгүйгээр цалин хөлсийг буруу тооцсон.

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх хугацаанд өвчтэй байсан талаар шүүхэд эмнэлэгийн магадлагаа гаргасан. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалаар эмнэлэгийн магадлагаанд эмчлүүлэгчийн регистрын дугаар зэрэг бүрдлийг шаарддаг. Гэтэл хавтас хэргийн 61 дүгээр хуудны бүртгэлийн маягтад байгаа он сарыг завсарласан. Энэ нотлох баримт эргэлзээтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 41.1.1, 41.1.4 дэх заалтуудыг баримтлан ажлаас чөлөөлсөн. Гэтэл анхан шатны шүүх тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийг тайлбарлахдаа буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Цоож нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан Сүхбаатар Дэвшил ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн, тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Цоож нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 61 дүгээр захирамжаар Сүхбаатар дэвшил орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлын ажил албан тушаалд томилогдон ажиллаж байгаад тус дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 дүгээр  захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 4, 6/

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Цоожийг ажлаас чөлөөлөхдөө контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн, контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон гэж үзжээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний төрлийг зөв тодорхойлж, оновчтой дүгнэж чадаагүйг зөвтгөн дүгнэх шаардлагатай байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.4 дэх хэсэг буюу контрактыг өмчлөгчийн санаачилгаар цуцлах үндэслэлд хамааруулан тайлбарлажээ.  

Хэргийн 107 дугаар талд авагдсан үр дүнгийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дах хэсэгт заасан контрактын гэрээний онцлог шинжүүд болох контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой заагаагүй. Мөн ажилтны ямар онцгой чадварыг, ямар өндөр хөлс урамшуулалтайгаар хөлслөн контракт байгуулсан болох нь тодорхойгүй болжээ. Дээрх ажилтантай байгуулсан гэрээ нь ердийн хугацаа заасан, хөдөлмөрийн гэрээ байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт зааснаар гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй, ажилтан ажлаа гүйцэтгэсээр байсан тул уг гэрээ анх заасан хугацаагаар сунгагджээ.

 

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль үндэслэлээр чөлөөлж байгаагаа заах ёстой юм. Хэрэв ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан буюу санхүүгийн зөрчил гаргасан, эд хөрөнгийн хохирол байгууллагад учруулсан гэж үзэж байгаа бол уг зөрчлийг ажилтныг ажлаас чөлөөлөхөөс өмнө нотлох шаардлагатай бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар итгэл алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон байхыг шууд шаарджээ. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагчийн гэм бурууг нотлож байгаа гэх аудитын дүгнэлт нь ажилтныг ажлаас чөлөөлснөөс хойш 2-3 сарын дараа гарсан байна.

 

 Хэрэв хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бол тухайн зөрчлийн тохиолдол болгоныг гэрээнд шууд нэрлэн заасан байх ёстой. Иймд ажил олгогчийн тушаалыг хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэх боломжгүй. 

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч ажлаас үндэслэлгүй халагдсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсан нь буруу болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул энэ талаар нөхөн бичилт хийхийг даалгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

Ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тодорхойлох журамтай тул дундаж цалин хөлсийг буруу тооцсон гэх гомдол мөн үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс гэсэн ойлголтод үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал багтах юм.

 

Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт төв төрийн сан нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дэргэд байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг Сүхбаатар дүүргийн Тамгын газраас гаргуулсан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа нэр төр сэргээлгэх, уучлалт гуйлгах гэх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасан эрхийн хүрээнд багасгасан байхад нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Түүнчлэн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг байхад нэхэмжлэгчийг чөлөөлснийг зөвтгөх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “60 дугаар зүйлийн 60.1” гэснийг “69 дүгээр зүйлийн 69.1” гэж, 2 дах заалтын “46 дугаар зүйлийн 46.1” гэснийг “46 дугаар зүйлийн 46.2” гэж, 3 дах заалтын “нэхэмжлэгч” гэснийг “нэхэмжлэл” гэж, 4 дэх заалтыг хүчингүй болгож, “5” дах заалтын дугаарыг “4” гэж, “6” дах заалтын дугаарыг “5” гэж, “7” дах заалтын дугаарыг 6 гэж тус тус дугаарлан өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл буюу хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

                                                                        Ш.ОЮУНХАНД