Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2023/0470

 

 

 

 

 

 

 

 

“М ч и э”  ХХК

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн төлөөлөгч Б.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “М ч и э”  ХХК

Хариуцагч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 120/2020/0002/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “М ч и э”  ХХК-иас Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 3 дугаар шийдвэрээр: 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, 55 дугаар зүйлийн 55.1, Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.8, 27.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.8 дахь заалтыг тус тус баримтлан ”М ч и э”  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгожшийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн төлөөлөгч Б.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заасанчлан Гурвантэс сумын Баясах багийн 300 гаран иргэд гарын үсэг зурцгаан багаас сонгогдсон Хурлын Төлөөлөгчдөөрөө уламжлуулан сумын иргэдийн Төлөөлөгчийн Хуралд гаргасан саналыг харгалзан Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь заалтыг баримтлан 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дугаартай тогтоолыг гаргасан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэдийн гомдол, санал, Хурлын Төлөөлөгчдийн хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасанчлан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зарлан 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 27 төлөөлөгч оролцохоос 26 төлөөлөгч оролцож 96.3 ирцтэйгээр хуралдсан ба хуралдаанд гомдол санал гаргасан Баясах багийн иргэдийг төлөөлөн 7 иргэн оролцсон.

Тус хуралдаанаар “М ч и э” ХХК-ийн газрын асуудлыг иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу цуцалъя гэсэн санал хураалт явуулж хуралдаанд оролцсон 24 төлөөлөгч гар өргөснөөр 88.8 хувийн саналаар дэмжигдэж “М ч и э”  ХХК-ийн “Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай" 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 9/10 дугаартай тогтоолын хавсралтын уул уурхай ашиглалт, олборлолт, үйлдвэрийн барилга байгууламж явуулах зориулалтаар тусгагдсан Ихэр нэртэй 94 га газрыг сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасаж шийдвэрлэсэн.

3.2.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 120/ШШ2023/0003 дугаартай шийдвэр гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, 55 дугаар зүйлийн 55.1, Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.8, 27.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.8 дахь заалтыг тус тус баримталсан нь илтэд нэг талыг барьсан хэдэн зуун жил, үе удмаараа тэр нутагт уламжлалт хэлбэрээр мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн иргэдийн эрх ашгийг бодолцоогүй гэж үзэж байна.

3.3.Шүүгч шийдвэрийн үндэслэлдээ ... сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан долоон байршилд буюу 94 га газар нь дээрх таван иргэний өвөлжөө, хаваржааны газруудтай давхцалгүй, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 6/01 дүгээр тогтоолоор баталсан "Сумын есөн гайхамшиг" тодруулсан нэршил бүхий газар нутагт хамаарахгүй, эдгээрийг нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах 94 га газрыг сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасах маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ болгоогүй байна гэсэн.

Гэтэл Өмнөговь аймгийн Газрын харилцаа, Хот байгуулалтын газраас Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 70 дугаартай албан тоотод “...Ашигт малтмалын MV-019137 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбайд 5 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалттай газар, эзэмшигч тодорхойгүй 1 өвөлжөө, мөн ундны усны худаг, малын бэлчээрийн газар нь хамрагдсан 16 иргэн байна” гэжээ. Мэргэжлийн төрийн байгууллага худал мэдээлэл шүүхэд хүргүүлсэн болж таарах гээд байна уу ойлгохгүй байгаа.

Гурвантэс сумын иргэдийн байтугай дэлхийд гайхагдах өвөрмөц төрх, унаган байгаль, тогтоц, хүн төрөлхтний түүхийн дурсгалт газрууд /хадны сүг зураг, булш, хиргисүүр/ уг уул уурхайн нөлөөллөөр устаж алга болох, ул мөр нь бүдгэрэх, үрэгдэн доройтох нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа нь нөлөөлөлд байгаа хэдэн өрх айл төдийгүй Гурвантэс суманд ажиллаж амьдарч байгаа 5000 гаруй иргэдэд бүгдэд нь хамаатай гэдгийг дахин дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Гурвантэс сумын иргэдийн Хурлын Төлөөлөгчид бид иргэдийн төлөөлөл учир иргэдээс ирсэн хууль, журамд нийцсэн санал хүсэлтийг иргэдийнхээ эрх ашгийг 1-рт тавин шийдвэрлэхээр эрмэлзэж ирсэн. Тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа 8-н уул уурхайн компанийн нөлөөгөөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд малын бэлчээр, усны хомсдол туйлдаа хүрч байна.

Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12-т Зангатын нүүрсний уурхайн нөлөөллийн бүсэд өвөлжөө, хаваржаа нь орсон Гурвантэс сумын Баясах багийн 8 малчин өрх айлуудтай харилцан тохиролцож, 2017-2018 онд "Худалдах, худалдан авах", "Хөршийн эрхийн" гэрээнүүдийг байгуулж өвөлжөө, хаваржааны газрыг худалдан авах нь хуулиар хориглоогүй талаар дурджээ. Газрын тухай хуулиар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүрэгтэйг зааж өгсөн.

Гэтэл газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан сумын Засаг даргад мэдэгдэлгүйгээр нөлөөлөлд орсон таван өрхийн өвөлжөөний газрын гэрчилгээг худалдах, худалдан авах гэрээ хийн хурааж авсныг хууль зөрчөөгүй гэж үзсэнийг мөн хэт нэг талыг барьсан үйлдэл гэж үзэж байна. Баясах багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр хуурамч баримт байсан гэдгийг шалгаж тогтоосон байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэжээ.

Энэ мэдээллийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдах үед иргэд, төлөөлөгчдийн илтгэлээс мэдсэн ба хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлийг холбогдох байгууллагаар шалгуулах хүсэлт өгч амжаагүй байтал тус компанитай шүүхийн маргаан үүссэн учир гомдол гаргаж амжаагүй, хууль зүйн дүгнэлт гаргуулаагүй байгаа.

Эдгээр үндэслэлүүдээс үүдэн Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04-р сарын 17-ны өдрийн 120/ШШ2023/0003 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байгаа тул уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            1.Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн “Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 9/10 дугаар тогтоолын хавсралтад “уул уурхайн ашиглалт, олборлолт явуулах зорилгоор 7 солбилцолд нийт 94 га газар” гэж тусгасан атлаа үүнээс 19 хоногийн дараа буюу 28-ны өдрийн маргаан бүхий тогтоолоор дээрх заалтыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасч шийдвэрлэсэн нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар шийдвэрт үндэслэлтэй дүгнэжээ.

            “М ч и э” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 672 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Зангат Уул нэртэй газарт 1110.49 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-019137 тоот тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай эзэмшиж байгаа, уг зөвшөөрлийг цуцалсан хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй энэ тохиолдолд тус компанийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчаас сумын 2023 оны газар зохин байгуулалтын төлөвлөгөөнд уурхайн эдэлбэрт зориулж тусгай зөвшөөрлийн талбайд нь нийт 94 га газрыг ашиглуулахаар тусгасныг хуульд нийцсэн гэж үзнэ.

            Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч анхан шатны шүүлт хийсний дараа “хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх”-ийг тодруулсны үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.14-т зааснаар “газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх”-аар, анх хайгуулын тусгай зөвшөөрөл олгох харилцаанд ч уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал саналаа өгөхөөр тус тус заасан байх тул нэгэнт олгогдсон, хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээдэд хуульд заасны дагуу тухайн зориулалтаар нь газар ашиглуулах зорилгоор газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах нь хариуцагчийн үүрэг болно.

Нөгөөтээгүүр маргаан бүхий тогтоолоор 94 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хассан ч ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах нэхэмжлэгчийн эрх хязгаарлагдахгүй.

2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 6/01 дүгээр тогтоолоор баталсан сумын “Есөн гайхамшиг”-ийг хамруулсан гэх боловч Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 10/940 дүгээр албан бичгээс үзэхэд нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нь тусгай хэрэгцээний газар болон хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй болох нь тогтоогдсон, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ч энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй болохыг тэмдэглэв.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар аймгийн Засаг дарга “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох” бүрэн эрхтэй, иймд нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжоор бүрэн хангагдах учиртай.

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “газар, ус ашиглах тухай гэрээ”-г уурхай дээр байлгах үүрэгтэй, энэхүү гэрээг байгуулахын тулд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тухайн газар тусгагдсанаар уг төлөвлөгөөг үндэслэн Засаг даргаас газар ашиглуулах шийдвэр гаргах, улмаар гэрээ байгуулах харилцаа хууль зүйн хувьд хэрэгжинэ.

Уурхайн нөлөөллийн бүсэд өвөлжөө, хаваржаа нь хамрагдсан нэр бүхий малчин өрхтэй харилцан тохиролцож, Худалдах, худалдан авах, Хөршийн эрхийн болон Хамтран ажиллах, харилцах туслах гэрээний талаар дүгнэлт хийх эрх захиргааны хэргийн шүүхэд хуулиар олгогдоогүй, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд мэдэгдэх, сонсгох ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

3.Өмнөговь аймгийн Газрын харилцаа, Барилга, хот байгуулалтын газраас анхан шатны шүүхэд ирүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 70 дугаар албан бичгээс үзэхэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, мөн хасагдсан 94 га талбай бус харин нэхэмжлэгчийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-0191137 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 5 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалттай газар давхацсан, ундны усны худаг, малын бэлчээрийн газар нь хамрагдсан 16 иргэн байгаа талаар дурджээ.

Иймд шүүхийн шийдвэрт “…газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 7 байршилд буюу 94 га газарт таван иргэний өвөлжөө, хаваржааны газрууд давхцалгүй…” гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтад нийцсэн байна.

Харин шийдвэрийн Тогтоох хэсэгт  “…Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.8, 27.1.11, …” гэж тухайн заалтын зүйлийг орхигдуулан бичсэн байгааг цаашид анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04-р сарын 17-ны өдрийн 3 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БААТАРХҮҮ

 

    ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

    ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН