Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар ШЦТ0036

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо,

улсын яллагч Д.......

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

..... сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Т-н Б д холбогдох 146/2016/0032/Э/ индекстэй, эрүүгийн 201615010037 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19..... оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн .....суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймаг, ......сум, 3 дугаар баг, ...... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл: 1982 онд Эрүүгийн хуулийн 168б–р 2 жилийн тэнсэн, 1986 онд Эрүүгийн хуулийн 169б–р 1 жил 6 сарын хорих, 1995 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 6 сарын хорих, 2007 оны 03 дугаар сарын 28-нд Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 2-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэн хянан харгалзах ялаар тус тус  шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Т-н Б . /РД: ЙЮ56031371/

Холбогдох хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/ 

Яллагдагч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн нутагт байх иргэн Ж.Бын эзэмшлийн .... улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийн кабинаас Чех улсад үйлдвэрлэсэн карбин маркийн галт зэвсгийг хулгайлан Ж.Бт 3.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Т.Бын

            2016 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хадам аавынх хөдөө нүүсэн. Тэднийхийг нүүлгэж өгчихөөд тэнд нэг жаахан архи уусан. Тэгээд явж байтал замдаа архи аваад Төмөртэй хувааж уучихаад 5 дугаар хороонд явж байтал Баатарын гадаа машин байсан. Хаалгыг нь онгойлготол машинд буу байхаар нь аваад гэртээ харьсан. Хариад 20 гаруй минут болсны дараа цагдаа нар ирсэн гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн хохирогч Ж.Бын:

“...Би хөдөө байж байгаад 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр сумын төвд байдаг гэртээ ирсэн юм. Тэгэхдээ өөрийн эзэмшдэг карби маркийн буугаа машиндаа аваад ирсэн юм. Сумын төвд ирээд ажлаа амжуулчихаад орой буцах гээд байж байтал манайд хүн ирсэн. Тэгэхээр нь машинаа хашааныхаа гадаа үлдээчихээд гэртээ орж нөгөө хүнтэйгээ жоохон юм ярьж сууж байгаад явах гээд гараад ирсэн чинь машины ард суудал дээр байсан миний буу байхгүй болчихсон байсан. Тэгэхээр хүүхдүүд хойш нь хийчихсэн юм байхдаа гэж бодоод машиныхаа ард ачаанд үзсэн чинь бас л байхгүй байсан. Тэгэхээр нь цагдаад хэлсэн. Би яг явах гээд машиндаа ачаагаа аччихаад хүмүүсээ суулгаад хөдлөх гэж байтал манайд хүн ирсэн юм. Тэгээд гэртээ орсон. Намайг гэртээ ороход машинд хүүхэд үлдсэн болохоор нь машинаа түгжилгүй орхичихсон юм. Тэгсэн нөгөө хүүхэд намайг орсон хойгуур машинаас буугаад явчихсан юм байна лээ. Би 4-5 жилийн өмнө хөдөөний хүнээс авч байсан. Чех улсад үйлдвэрлэсэн карбин маркийн буу байгаа юм. Би уг нь буугаа 4.500.000 төгрөгөөр үнэлсэн юм. Харин үнэлгээний комисс 3.500.000 төгрөгөөр үнэлсэн байна лээ. Би үнэлгээний комиссийн үнэлгээтэй санал нийлж байна. Би буугаа бүрэн бүтэн олж авсан болохоор надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-20, 42/

Мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн гэрч Ж.Пүрвээгийн:

“...2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын төвд Б-н хашааны гадаа машин дотроосоо буугаа хулгайд алдсан. Хөдөө явах гэж байхад нь хүмүүс ирээд гэртээ дагуулаад орсон. Тэгээд хүмүүстэй юм ярьж байгаад хөдөө явахаар гарч иртэл машин дотор нь байсан буу нь алга болсон байсан. Тэгээд л эрж хайгаад олоогүй. Машинаа түгжээгүй орхисон байсан. Машин дотор нь 4 настай хүүхэд нь үлдсэн гэсэн. Тэгэхээр нь хүүхдээ үлдээгээд машинаа түгжилгүй орхисон гэсэн. Чех улсад үйлдвэрлэсэн карбин маркийн дурантай буу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-45/

Мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн гэрч Д.Дүгэрдоржийн:

“...Би олон жилийн өмнө Өвөрхангай аймгийн ...... сумын 1 дүгээр багийн иргэн Томоо буюу Сүхбаатар гэх хүнд худалдаж байсан. Тухайн хүн нас барсан сураг байсан. Сүхбаатар гэх хүн нас барахад хэнд зарсныг нь мэдээгүй байсан юм. Одоо мэдэж авсан учраас бичиг баримтыг нь тухайн Баатар гэх хүний нэр дээр нь шилжүүлэх болно. Би Сүхбаатр гэх хүнд мал, талд нь мөнгө оролцуулаад тухайн үед хямд зарж байсан. Одоо мөнгөний өгөө аваа байхгүй...” /хх-46/

Мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн гэрч Н.Б"н:

“...Манай хадам аав Сүхбаатар 2007 онд нас барсан. ...... сумын 1 дүгээр багийн иргэн Д.Дүгэрдорж гэх тусгай хамгаалалтын байцаагч хүнээс худалдан авч байсан. Тэгээд тухайн буугаа Баатар гэх хүнд 4.500.000 мянган төгрөгөөр зарж байсан. Бэлэн мөнгөнөөс өгч байсан юм. Учир нь эхнэр бид хоёрт мөнгөний хэрэг болоод бэлэн мөнгөөр нь зарж байсан. Одоо мөнгөний өгөө аваа байхгүй. Бэлэн мөнгөөр наймаа хийж байсан хүмүүс байгаа юм...” /хх-47/

            Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/

Карбин маркийн бууг хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, буу хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-13-17/

Эд зүйлийн үнэлгээ /хх-22/

Өвөрхангай аймгийн ..... сумын ...... сумын 3 дугаар багийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн № 107 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-31-32/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/

Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-51

Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-64/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн нутагт байх иргэн Ж.Бын эзэмшлийн .... улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийн кабинаас Чех улсад үйлдвэрлэсэн карбин маркийн галт зэвсгийг хулгайлан Ж.Бт 3.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ж.Бын ...би хөдөө байж байгаад 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр сумын төвд байдаг гэртээ ирсэн..., ...өөрийн эзэмшдэг карби маркийн буугаа машиндаа аваад ирсэн юм..., ...ажлаа амжуулчихаад орой буцах гээд байж байтал манайд хүн ирсэн..., машинаа хашааныхаа гадаа үлдээчихээд гэртээ орж нөгөө хүнтэйгээ жоохон юм ярьж сууж байгаад явах гээд гараад ирсэн..., ...машины ард суудал дээр байсан миний буу байхгүй болчихсон байсан..., ...хүүхдүүд хойш нь хийчихсэн юм байхдаа гэж бодоод машиныхаа ард ачаанд үзсэн чинь бас л байхгүй байсан...”

гэрч Ж.П-н: “...2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын төвд Б-н хашааны гадаа машин дотроосоо буугаа хулгайд алдсан..., ...Чех улсад үйлдвэрлэсэн карбин маркийн дурантай буу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-45/

гэрч Д.Д-н: “...Өвөрхангай аймгийн ...... сумын 1 дүгээр багийн иргэн Томоо буюу Сүхбаатар гэх хүнд худалдаж байсан..., ...Сүхбаатар гэх хүн нас барахад хэнд зарсныг нь мэдээгүй байсан юм..., ...одоо мэдэж авсан учраас бичиг баримтыг нь тухайн Баатар гэх хүний нэр дээр нь шилжүүлэх болно..., ...одоо мөнгөний өгөө аваа байхгүй...,

гэрч Н.Б-н: “...Манай хадам аав Сүхбаатар 2007 онд нас барсан..., ...Д.Д гэх тусгай хамгаалалтын байцаагч хүнээс худалдан авч байсан..., ...Баатар гэх хүнд 4.500.000 мянган төгрөгөөр зарж байсан..., ...бэлэн мөнгөөр наймаа хийж байсан хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дүгнэвэл: Шүүх шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9 дэх хэсэгт заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүжлэгдсэн хөрөнгөгүй болохыг,

Хэрэгт бичгийн баримт хураагдан ирээгүйг, цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3., 294-298., 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т овгийн Т-н Б ийг бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-н Б-г эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т-н Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

                4. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

               5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн ...... сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

                6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч дээд шатны прокурор эсэргүйцэл бичих эрхтэйг дурдсугай

              8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Бийн урьд авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                     Ц.ДАГИЙМАА