Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00027

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  Ж.А-д холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 171/2018/0007/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

              Прокурор                                          Ц.Идэрмөнх

               Шүүгдэгч                                           Ж.А

               Нарийн бичгийн дарга                  Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой Ж-ийн А-д холбогдох, 1725000000232 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж оршин суух, урьд 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөгдөж байсан, хэрэг хариуцах чадвартай,  Ш овгийн Ж-ийн А.

 

Шүүгдэгч Ж.А нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байх Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах өрөөнд Н.Б-ын толгой руу өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ш овогт Ж-ийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ж.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5.д зааснаар шүүгдэгч Ж.А-д оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Ж.А-гаас 278.700 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт дэнжийн оршин суух, А овгийн Н-ийн Батдулам -д олгож

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдаж

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ж.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.А-гаас 278.700 төгрөг гаргуулан хохирогч Н.Б-д олгохоор шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоолд шүүгдэгчээс гаргуулсан хохирол буюу 278.700 төгрөгийг шүүгдэгч ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг тусгаж өгөөгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шийтгэх тогтоолд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар 1 дэх хэсгийн 1.6.д заасныг зөрчсөн байна.

 

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож...” гэсэн дүгнэлт нь хэргийн байдалтай нийцэхгүй буюу хохирол төлөгдөөгүй байхад төлсөнөөр дурдсан нь үндэслэлгүй.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Идэрмөнх дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч Ж-ийн А-г  2017 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэр, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах өрөөнд Н.Б-ын толгой руу өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт  хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүх хүлээн авч Ж.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

 

Шүүгдэгч Ж.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох

 

Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

...2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 05 цагийн үед Орхон аймгийн Бүсийн  оношлогоо эмчилгээний төв дээр агсан тавьсан гээд Ж.А гэдэг эмэгтэй хүргэгдэн ирсэн..., ирэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь илт мэдэгдэж, хэрүүл маргаан хийсэн, орилж чарласан, цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй байсан..., баруун гарных нь шууны хэсэгт хоёр оёдол тавиулсан, боолтгүй байсан...,Зүүн гартаа уян зүү тавиулсан байсан...агсан тавиад орилж чарлаад гараа савж байгаад баруун гартаа байсан уян зүүгээ хөдөлгөсөн.

 Баруун гарнаас нь цус гараад байхаар нь би уян зүүг нь авч боолт хийсэн...нүүрэнд нь ямар нэгэн гэмтэл, хөхөрсөн зүйл харагдахгүй байсан...,Зүүн талын нүд нь бага зэрэг хавдсан нь мэдэгдэж байсан..., Өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй...,Нүүрэндээ бол шалбарсан, зулгарсан гэмтэл байгаагүй, бага зэрэг цус болсон, өмссөн хувцас, үс нь цус болсон байсан..., гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

...2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-ны шилжих шөнө 03 цагийн үед түргэн тусламжийн эмч Бадамгарав хүлээн авахын утас руу залгаад судсаа ханасан хүн байна хурдан гараарай гэж хэлсэн. Би сувилагч Пүрэв-Очир, Батдулам нарын хамт гарч тухайн эмэгтэйг каталк дээр шилжүүлэн хэвтүүлээд боолтны өрөө рүү орсон...тухайн эмэгтэй баруун гарын шуун дээрээ зүсэгдсэн шархтай, өмсөж байсан хувцас, нүүр хэсэг нь цус болсон, гуталгүй хөл нүцгэн байсан...,Зүсэгдсэн шарханд нь оёдол хийх гээд сувилагч Батдулам надад зүү баригч зүүтэй авч өгсөн..., Оёдол хийх гэж байхад тэр эмэгтэй баруун талын хөлөөрөө сувилагч Б-ын толгойны  баруун талын ар дагз хэсэгт өшиглөсөн..., Нөхөртэйгээ хэрэлдсэн гээд орилж чарлаад намайг чи муу банди гэх мэтээр доромжлоод байсан..,.гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.О-ынмөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

-Хүлээн авах тасаг дээр ажилтай байх үед яаралтай түргэн тусламжаар гараа ханасан цус алдсан хүн ирж байна...гэхээр нь гараад харахад нэг эмэгтэй цус алдсан, амьсгалж чадахгүй байна, намайг авраарай гэж байсан...,Мөнхбуян эмч Батдулам сувилагч нар үүдэн дээрээс тосон аваад боолтны өрөө рүү оруулсан...,Үзлэг хийж дуусаж байхад гэнэт босож ирээд агсан тавиад та нар хэн бэ баахан юм яриад байсан..., Орон дээр тайвшруулаад хэвтүүлхэд   гэнэт хөлөө өргөөд Н.Батдулам эгчийн толгойн ар талын дагз хэсэгт өшиглөсөн..,Оёдол тавих гэхэд оюулахгүй гээд гараа татаж чангаагаад нилээд юм болсон...,Батдулам сувилагч орон дээр хэвтэж байсан эмэгтэйгийн баруун талд хөлний дунд чөмөг хавьцаа нь зогсож байсан..., гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Г.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн

 

...2017 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө ээлжийн ажилтай байх үед Дэнж багийн 3-43 тоотод гараа зүссэн эмэгтэй хүн байна гэсэн дуудлага өгсөн. ..Очоод гэрт нь ороход 2 цагдаа бас 2 согтуу эрэгтэй байсан..., Шалан дээр баруун гараа зүссэн байдалтай эмэгтэй байсан..., Хөл гараа ийш тийш ээ саваад тийчгнээд байсан. Тэр лав цус алдаад шоконд орсон хүн биш .., Гарыг нь боосон. Тариа хийх ямар ч боломж байгаагүй..., Цагдааг гуйж хүлээн авах тасаг руу хүргүүлэхээр каталк оруулж ирэн зөөсөн..., Эхлээд цуг байсан 2 залуугаар нь өргүүлэхэд хөлнөөс нь өргөж байсан залууг согтуу эмэгтэй хөлөөрөө тийрсэн, тэр залуу алдаад газар унагаасан..., Би оёдлын өрөө рүү оруулан эмчид хүлээлгэн өгөөд хүлээн авахын хажуугийн өрөөнд гараа угаагаад оо-ийн өрөө орох гээд коридорт явж байхад эрэгтэй хүн чи сувилагч өшиглөхөө болиоч гэж хэлж байгаа сонсогдсон... ,гэсэн мэдүүлэг,

 

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 992 дугаартай

...Н.Б-ын биед тархи доргилт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна..,Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ..гэсэн дүгнэлт,

 

Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн

 

       ...Энэ эмэгтэй согтуу гараа зүссэн байдалтай ирээд агсан тавиад эмчилгээ хийх гэхэд хэл амаар доромжлоод байсан..., Орон дээр хэвтэж байхдаа хөлөөрөө миний толгой руу өшиглөсөн..., Тэр шөнөдөө толгой их өвдөж хоносон..., Өглөө нь өвдөлт зовиуртай байсан..., Бид энэ эмэгтэйг цохиж зодоогүй. Хохирлоо гаргуулж авмаар байна..., гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдож байгаа бөгөөд эдгээр баримт нь  шүүгдэгч Ж.А-гийн  би  гэмт хэрэг үйлдээгүй гэсэн мэдүүлгийг үгүйсгэж байна.

 

          Шүүгдэгч Ж.А-гийн үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл,  хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял онолгдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ. 

     

            Шүүгдэгч нь  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй байхад шүүх  шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нь   ...учруулсан хохирлоо төлсөн...  нь  түүнд ял оногдуулахад хөнгөрүүлэх  нөхцөл байдал болно...  гэсэн дүгнэлт хийсэн нь  буруу бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй боловч энэ нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй. 

 

    Мөн  шүүх  хохирлыг  хэсэгчлэх, мөн ямар хэмжээгээр төлөх эсэх талаар  заах нь   шүүхийн хэрэг шийдвэрлэх эрх хэмжээний асуудлаас гадна гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нь хурдан хугацаанд хохирлоо барагдуулах хүсэлтэй байдаг бөгөөд шүүх тэдний эрх ашигт нөлөөлж хохирол төлбөрийг хугацаа заах, хойшлуулах, хэсэгчлэх боломжгүй.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрийг биелүүлдэг эрх бүхий байгууллага, субеъкт нь хохирол төлбөрийг барагдуулах, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд эд хөрөнгөнд үзлэг хийх, хөрөнгийн хэмжээ тогтоох, данс хаах, хөрөнгө битүүмжлэх хураан авах зэрэг ажиллагаа хийж төлбөр төлөх боломж, хугацаа, хэмжээг тогтоодог бөгөөд    шүүх шийтгэх тогтоолд хохирол төлбөрийн барагдуулах талаар хугацаа, хэсэгчлэн төлүүлэх хэмжээг заавал заах шаардлагагүй гэж үзлээ.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Шүүгдэгч Ж.А нь хохирлын 278 700 төгрөгийг хохирогч Н.Б-д төлөөгүй болохыг дурьдсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              

 

 

           

        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 З.ХОСБАЯР

              

              ШҮҮГЧИД                                                             Ц.ТУЯА

 

                                                                                    С.ЦЭЦЭГМАА