Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/107

 


Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар М.Ж-, М.Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс шүүгдэгч М.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Е-ын хохирогч Х.И-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэл, хохирогч М.Б-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг эрүүгийн 2013000000163 дугаартай хэргээс тусгаарлан нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцаасугай.
3. Шүүгдэгч Молхы овогт Н-ы Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т овогт М-ы Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Төлек овогт М-ы Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Е-ад 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Ж-эд 6 (зургаа) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Б-эд 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Е-ад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Ж-эд оногдуулсан 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Б-эд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
7. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Е-ад оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялаас 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Ж-эд оногдуулсан 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Б-эд оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хассугай.
8.  Шүүгдэгч Н.Е-, М.Ж-, М.Б- нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Е-, М.Ж- нарын хохирол, хор уршгийн талаар иргэний хэрэг  хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Е-ын энэ хэрэгт 1 (нэг) хоног сэжигтнээр баривчлагдсан хугацааг эдлэх хорих ялд нь оруулан тооцож, шүүгдэгч М.Ж-, М.Б- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай. 
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн тээврийн хэрэгслийн гишгүүр дээр байсан чулуу 1 ширхэг, машины жолооны хүрдний хажууд байсан чулуу 1 ширхэг, баруун урд талын суудал дээр байсан хар өнгийн төмрийн хэлтэрхий 1 ширхэг,тээврийн хэрэгслийн баруун хойд талын суудал дээр байсан чулуу 1 ширхэг, улаан өнгийн өрөөсөн пүүзэн гутал 1 ширхэг, М.Б-ийн өмсөж явсан цагаан өнгийн футболк 1 ширхэг, бор өнгийн хүрэм 1 ширхэг, саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг,  М.Ж-ийн өмсөж явсан саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, улаан алаг өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, чернилэн ягаан өнгийн футболк 1 ширхэг, бор өнгийн дал футболк 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг, цагаан өнгийн хос пүүзэн гутал, хөх өнгийн жийнсэн хүрэм 1 ширхэг, цагдаагийн албан хаагч Ш.Е-аас гаргуулж авсан 3 ширхэг хар өнгийн төмрийн хэлтэрхий, хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан бор өнгийн хутганы гэр 1 ширхэг, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, арчдас 2 ширхэг, хар өнгийн төмөр 3 ширхэг, чулуу 3 ширхэг, алчуур 1 ширхэг, Н.Е-ын өмсөж явсан цагаан өнгийн малгай 1 ширхэг, Н.Е-ын өмсөж явсан өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Х.А-аас гаргаж өгсөн DVD-1 ширхэг, иргэний нэхэмжлэгч Н.Н-аас гаргаж өгсөн DVD-1 ширхэг, Н.Е-аас цагдаагийн байгууллагад өгсөн дуудлагын ярианы бичлэгийг агуулсан CD-1 ширхэг, хутга таньж олуулах ажиллагааны явцыг бэхжүүлсэн CD-1 ширхэг, гэрч Б.А-ийн мэдүүлэг бүхий CD-1 ширхэг, хэргийн газрын үзлэгийн явцыг бэхжүүлсэн CD-1 ширхэг, нийт 6 ширхэг CD хуурцаг, рентген зураг 1 ширхэг зэргийг эрүүгийн 2013000000163 дугаартай хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй. 
12. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгч М.Ж-ийн эзэмшлийн SKYWORTH маркийн 65 инчийн, 1.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий зурагтыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай тогтоол, М.Б-ийн эзэмшлийн, Samsung A-50 загварын, 380.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, хуучин гар утсыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай тогтоол, шүүгдэгч Н.Е-ын эзэмшлийн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, 2.000.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, гэр бүлийн хэрэгцээний 600м2 газрыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Е-ад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарах, хохирогч М.Ж-тэй уулзахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, М.Ж-, М.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.