Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 00030

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.П, Б.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                           Хэргийн индекс 142/2018/0371/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

  Прокурор                                                      Г.Эрдэнэбаатар

   Шүүгдэгч                                                       Б.П

   Нарийн бичгийн дарга                              Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолтой Б.О, Б.П нарт холбогдох, 1725002630148 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, “Эрдэнэт хаан сүү” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймаг Жаргалант сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, М овгийн Б-ийн П,

Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймаг Жаргалант сумын 3 дугаар оршин суух, ял шийтгэлгүй, Э овгийн Б-ийн О.

Шүүгдэгч Б.П нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт хаан сүү” ХХК-ийн байранд 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б.О-тай маргалдан зодолдож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.О нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт хаан сүү ХХК-ийн байранд 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б.П-той маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилж,

 

Шүүгдэгч Э овогт Б-ийн О-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М овгийн Б П-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2.д зааснаар Б.О-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлд:

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буцаан хэрэглэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох байтал шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Эрдэнэбаатар дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд хууль буцаан хэрэглэх гэж байгаа. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн. Үйлдэл нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр буюу 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад үйлдсэн. Энэ хуулиар гэмт хэргийн ангилал нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг. Хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 6 сарын хугацаа байдаг. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1.т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль хүчингүй болсон тухай 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Монгол Улсын хууль байдаг. 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай гэсэн байгаа. Энэ хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө гэсэн. 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэсэн хууль. Ийм учраас хүчингүй болсон хуулийг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ийм учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

         

        Орхон аймгийн Прокурорын газраас Б.О-д холбогдуулан Б.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Пид холбогдуулан Б.О-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

       Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 болгож өөрчилж Б.О бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Б.Пийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэхдээ Б.О-д холбогдох хэргийг эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 т зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.П-д эрүүгийн хуульд заасан ялыг хөнгөрүүлэн оногдуулсан байна.

      Шүүх хуралдаанд оролцсон прокурорын дээд шатны прокурор буюу Орхон аймгийн прокурор шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч эрсэргүүцлийг бичжээ.

      Шүүгдэгч Э овгийн Б-ийн О нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт Хаан сүү ХХК-ийн байранд 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шөнө 24 цагийн орчимд Б.Пийг нүүрний баруун талын нүд орчимд нь цохиж хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч О-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..би П-ийг ажил хийхдээ битгий хойш суугаад ажлын араар ороод бай гэхэд П уурласан. Би П-ийг нэг алгадаад автал буцаагаад нэг алгадсан.Тэгээд бид хоёр зууралдаж байгаад орон дээр хэвтэж байсан чинь П гэнэт над руу дайраад миний зүүн нүд рүү гараараа цохисон. П мөнгөн бөгж зүүдэг юм. Тэгээд бөгжтэй гараараа 3-4 удаа цохисон, цус гараад цохихоо болиод унтсан....Тэгээд өглөө бостол миний 2 нүд хавдаж юм харагдахгүй болсон. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Медипас эмнэлэгт нүдээ дурандуулсан чинь торлог цоорсон гэсэн. Хохиролд 3.263.500 төгрөг авсан. П-оос одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн мэдүүлэг,

      Шүүгдэгч Б.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....2017 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Эрдэнэт хаан сүү ХХК-ийн байранд хамт ажилладаг О-тай цуг байж байгаад гараад 6 шил пиво уусан. Буцаад компаний байранд 00 цагийн орчим ирсэн. Унтахаар орондоо ортол О 10.000 төгрөг байвал өгчих гэхээр нь би байхгүй гэхэд О намайг чи тэгж байгаад хэгжүүн зантай пизда юмаа гэсэн.Тэгээд миний орны дэргэд ирж суугаад 10.000 төгрөг өгчих ганц юм ууя гэхээр нь дахиад л байхгүй гэж хэлсэн. Тэгсэн О баруун гараараа баруун талын нүд рүү цохисон. Тухайн үед баруун гартаа хас тэмдэгтэй бөгж зүүсэн байсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм гээд алгадсан.Тэгээд чи О намайг зодчихлоо гээд ээждээ хэлээч гэхээр нь бид хоёр барилцаад авсан. Тэгээд бие биеэ нэг хоёр цохиод орондоо ороод унтсан...гэсэн мэдүүлгүүд болон Б.П-ийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 892 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч М овгийн Б П нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт Хаан сүү ХХК-ийн байранд 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шөнийн 24 цагийн орчимд Б.О-ын нүүрний орчимд цохиж хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....П-той хамт орой ажил тараад гадуур гарч пиво уусан. Ажлын газартаа манаачийн өрөөнд байдаг байсан, тэгээд энэ байрандаа ирээд би П-ийг ажил хийхдээ битгий хойш суугаад ажлын араар ороод бай гэхэд П уурласан. Би П-ийг нэг алгадаад автал буцаагаад нэг алгадсан.Тэгээд бид хоёр зууралдаж байгаад орон дээр хэвтэж байсан чинь П гэнэт над руу дайраад миний зүүн нүд рүү гараараа цохисон. П мөнгөн бөгж зүүдэг юм. Тэгээд бөгжтэй гараараа 3-4 удаа цохисон, цус гараад цохихоо болиод унтсан....гэсэн мэдүүлэг

        Шүүгдэгч Б.П-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Хохиролд 3.263.500 төгрөг төлсөн. Надад О-аас нэхэмжлэх зүйл байхгүй. О эхэлж миний баруун нүд рүү цохихоор нь би яаж байгаа юм бэ? гээд нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлгүүд болон Б.Оын биед гэмтлийн зэрэг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 824 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон шүүгдэгч тус бүрт холбогдох үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг үндэслэлтэй, Б.П-ид хуульд заасан ялыг хөнгөрүүлэн оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна гэж үзлээ. 

       Харин шүүгдэгч Б.О-д холбогдох хэргийг зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 т зааснаар өөрчлөн зүйлчилсэн нь үндэслэлтэй боловч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хүчингүй болсонд тооцогдсон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг баримталсан нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

       Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг зөвтгөх нь зүйтэй байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 т зааснаар гэснийг

           2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 д заасныг баримтлан Б.О-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай...  гэж өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

        3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ТУЯА

                                                                                      

               ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            З.ХОСБАЯР