Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2023/0273

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

                   Д.Д-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, В.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Д

Хариуцагч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага:

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Д.Б, ХШДА тасгийн хяналт шалгалтын байцаагч Б.Х нарын 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 23000124 тоот улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 40 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Э, Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0809/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Д-с Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Б, Б.Х нарт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчилгээний тасгийн дарга Д.Басан, ХШДА тасгийн хяналт шалгалтын байцаагч Б.Х нарын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23000124 тоот улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 40 дүгээр шийдвэрээр: 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23000124 тоот актын 2009 оны 04 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар гэсэн /6,195,200 төгрөг/-ийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, В.Э нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Анхан шатны шүүхээс Д.Д-г Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан "Хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаа хугацаагаар алдсан" гэх зохицуулалтад 2009 оны 4 дүгээр сарны 21-ний өдрөөс эхэлж, хамаарсан, мөн тахир дутуу болохын өмнө 5 жилийн 3 жилд хөдөлмөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх нөхцөлийг мөн өдрөөс хойш хангасан гэж үзэж, Д.Д-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ нь хуулийн 1 дэх заалт дахь 50-иас доошгүй хувь, байнга гэх зохицуулалтад 2009 оноос эхлэн хамаарах болсныг үл харгалзан түүний тахир дутуугийн бүрэн тэтгэвэр авах эрхийг хязгаарласан хууль бус шийдвэр гаргасан байх тул маргаан бүхий 23000124 тоот актын 2009 оны 4 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар гэснийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь иргэн Д.Д нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй гэх үндэслэлээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгон нийгмийн халамжийн сангаас 1998 оны 11 дүгээр сарын 1-нээс 2004 он 4 дүгээр сарын 18-ныг дуусталх хугацаанд халамжийн тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон.

Хөдөлмөр, халамжийн байгууллагаас халамжийн тахир дутуугийн тэтгэвэр авч байх хугацаанд 1998 оны 01 дүгээр сараас 2003 оны 06 дугаар сарыг дуустал ажил хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр нийгмийн даатгалын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсч 2004 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэрт шилжсэн.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй" гэж хуулиар зохицуулсан.

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтоож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20- иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараах хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй," 7.2-т "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй," мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т "Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэврийг түүний хөдөлмөрийн хөлснөөс энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр тогтооно", 9.2-т "Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэврийг түүний хөдөлмөрийн хөлсний энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээнд ногдох хэсгээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр бодож тогтооно" гэж тус тус заасны дагуу Д.Дуламсүрэнгийн тахир дутуугийн тэтгэврийг тогтоож олгосон бөгөөд тэтгэврийг авч байх хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг өөрчлөгдсөн тохиолдолд тухайн тэтгэврийн 60 сарын цалингийн дунджаас хамааруулан нэмэх хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл иргэн Д.Д-г 2002 оны 4 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан гэж тогтоож, тухай бүрд сунгаж, 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1277 тоот актаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70-100 хувь, хугацаагүй өөрчилж тогтоосон бөгөөд тухайн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хэдийгээр өөрчлөгдөж байгаа боловч тахир дутуугийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 40 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

 

            Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

            1.Маргаан бүхий актаар Д.Д-г тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн авах байсныг бүрэн тэтгэврийн эрх үүссэн мэтээр тэтгэвэр олгосноос 2004 оны 4 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сарыг дуусталх хугацаанд нийтдээ 7.313.490 төгрөгийн илүү тэтгэвэр авсан байна гэж буруутгаж, энэхүү төлбөрийг буцаан төлүүлэхийг тэтгэврийн байцаагч М.М хариуцуулжээ.

            Харин шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчид тахир дутуугийн бүрэн тэтгэвэр авах эрх 2009 оны 4 дүгээр сараас эхэлж үүссэн талаар, өөрөөр хэлбэл 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1277 дугаар актаар түүний хөдөлмөрийн чадвар алдалтыг 70-100 хувиар, хугацаагүй гэж өөрчлөхөөс өмнөх 5 жилд тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар тус тус үндэслэлтэй дүгнэсэн, иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах байсан гэх улсын байцаагчийн дүгнэлт буруу.

            Учир нь Д.Д хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгал төлж байсан, тэрхүү шимтгэл төлсөн хугацаа нь хуульд заасан тахир дутуугийн бүрэн тэтгэвэр авах болзлыг хангасан байна.

 

            2.Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 2002 оноос 2016 оны 9 сар хүртэл 50-100 хувь болж өөрчлөгдсөнөөс хамаарч тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөөгүй, анх тэтгэвэр тогтоохдоо л 1998-2003 оны хооронд “Хондо интернационал” ХХК-д ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлыг харгалзан дээрх хуулийн 7.1-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараах хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй” гэсний дагуу тэтгэвэр тогтоогджээ.

            Хэдийгээр энэ үед хувь тэнцүүлэн тогтоохоор байсан ч, нэхэмжлэгчийн бүрэн тэтгэвэр авах эрх нь 2009 оны 4 дүгээр сараас эхлэн үүссэн байх тул шүүхийн шийдвэрээр актын энэ хэсэгт холбогдох төлбөрийг хүчингүй болгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.

 

            3.Д.Дуламсүрэн төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй гэж үндэслэлээр эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоолгон нийгмийн халамжийн сангаас 1998 оны 11 дүгээр сарын 1-нээс 2004 оны 4 дүгээр сарын 18-ныг дуусталх хугацаанд халамжийн тахир дутуугийн тэтгэвэр авч байсныг, Хөдөлмөр халамжийн байгууллагаас халамжийн тахир дутуугийн тэтгэвэр авч байх хугацаанд 1998 оны 1 дүгээр сараас 2003 оны 6 дугаар сарыг дуустал ажил хийж, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөс нийгмийн даатгалын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсч 2004 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэрт шилжсэнтэй хариуцагч маргаагүй, “Илүү олгогдсон тэтгэврийг санд буцаан төлүүлэх тухай” актад энэ талаар тодорхой тусгасан, гагцхүү анхнаасаа тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн олгоогүй зөрчил илэрсэн гэж үзсэн боловч шийдвэрт дүгнэсэнчлэн 2009 оны 4 сараас энэхүү нөхцөл байдал арилсан болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.  

 

            4.Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн “Өргөдлийн хариу” 07/114 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Д.Дуламсүрэнд өгсөн хариунд “…Таны тэтгэврийг анх 2004 онд Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж бүрэн тэтгэвэр тогтоосон нь үндэслэлгүй байна…” гэснийг шүүхийн шийдвэрээр үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл анхнаасаа буруу тогтоосон буюу 2004 оны 4 дүгээр сараас 2009 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны илүү олгосон тэтгэврийг буцаан төлүүлэхээр тогтоосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгчээс ч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, В.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                                        

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БААТАРХҮҮ

 

    ШҮҮГЧ                                                  Т.ЭНХМАА

 

    ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН