| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2021/0165/Э |
| Дугаар | 195 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Пүрэвжавын Эт холбогдох эрүүгийн 2111 00000 0159 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Э нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Энхтүвшинтэй маргалдан улмаар түүний толгой руу цохиж биед нь хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
Шүүгдэгч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2021 оны 02 дугаар сарын 05-ны 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Соёл Урлагийн Их сургуулийн урд байрлах найзуудаараа түрээсэлдэг подвалын студи дээр 5 найзын ирэхэд манай Батжа гэх найзын ах нар болох 5 хүн байсан ба бид нар уг байранд нь хөзөр тоглосон юм. Бид нарыг хөзөр тоглож байтал нөгөө 5 ах бие засахаар гарчихаад орж ирэхдээ студийн үүдэнд хажуу талын студийн ах нартай хэрэлдэж байхаар нь би очиж салгаад хажуу талын студийн ах нарыг өрөөнд нь оруулчихаад нөгөө 5 ахад та нар яагаад хэрүүл хийгээд байгаа юм бэ? гэж уурлаад одоо та нар зайлцгаа гэтэл миний цохисон залуу надад өөдөөс яагаад өрвөлзөөд байгаа юм бэ чи? гэхээр нь би уур хүрээд шууд очоод нүүр лүү нь нэг удаа алгадтал зөрүүлээд миний нүүр лүү нь гараараа нэг цохихоор нь би дахин зөрүүлж нүүр лүү нь нэг удаа цохиод эргээд дагз руу нь нэг удаа цохисон чинь манай найз нар намайг салгахаар нь гадаа гараад байж байтал надад цохиулсан залуугийн найз нь Ариука гэх залуу миний цээж рүү өшиглөөд миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би хариу үйлдэл үзүүлэлгүй байж байгаад салаад явцгаасан юм...." гэх /хх-ийн 34х/,
Хохирогч Б.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Соёл Урлагийн Их сургуулийн замын эсрэг талын байрны /дугаарыг нь мэдэхгүй байна/ подвалд байрлах найзынхаа дууны студид Ариунболд, Тэнгисболд, Баярхүү, Мандуул нарын хамт дуу бичүүлж байхад Эби гэх залуу 10 орчим найзуудынхаа хамт орж ирээд бид нарын хажууд хөзөр тоглож суусан юм. Тэгээд би хэсэг хугацааны дараа Тэнгисболд, Баярхүү нарын хамт 2 давхарт байрлах жорлон орж бие засчихаад эргээд буугаад иртэл манай найзын студийн коридорт нэлээн олон хүмүүс гараад ирчихсэн хоорондоо хэрэлдээд байсан ба түүн дотроос намайг цохидог Эби гэх залуу чанга дуугаар орилохоор нь би очоод “чи одоо тайвширчих” гэж хэлтэл миний хамар луу гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд түүний толгойны дагз хэсэг рүү нь нэг удаа цохиход Эби намайг гараараа барьж байгаад миний толгой руу ахиад гараараа 5-6 удаа цохиод байж байтал миний хамраас нэлээн их цус гараад тэнд байсан хүмүүс түүнийг надаас салгаад явуулсан юм. Тухайн үед уг барилгын хамгаалагч цагдаа дуудсан байх шиг байсан” гэх /хх-ийн 8х/,
Гэрч Б.Ариунболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх байрны подвалд байх дуу хөгжмийн студид найз нарын хамт байсан. Тэгээд би тэндээс гараад ариун цэврийн өрөө орох гээд гарсан чинь хажуу талын өрөөний ах нар коридорт зөрсөн тухайн үед тэд нартай мөрлөөд гарсан тэгэхээр нь би эргээд харсан чинь тэр ах нар үхсэнээ хараад байгаа юм бэ гэж хэлсэн тэгэхээр нь би таныг хараагүй гэж хэлсэн чинь тэр ах над руу ирээд ямар том дуутай бацаан бэ гэхээр нь уучлалт гуйгаад салсан. Тэр үед манай найз нар тамхи татах гээд гадагшаа гарч ирсэн. Тэгсэн тэнд байсан Эби гэж дууддаг миний таньдаг хүний найзууд коридор хэсэгт гарч ирсэн. Тэгсэн тэнд байсан ах нар өрөөндөө ороогүй байсан. Тэгээд би найзуудынхаа хамт гарах гээд байж байтал Эби Энхтүвшингийн хамар луу цохиод Энхтүвшингийн хамраас цус гарсан тэгээд Энхтүвшин 00-ийн өрөө орсон” гэх /хх-ийн 20-21х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Энхбаатарын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1360 дугаартай дүгнэлтэд:
Энхтүвшингийн биед хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 23-24х/,
Хохирогч Б.Энхтүвшин хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 48х/,
Шүүгдэгч П.Э хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 49х/,
Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 51х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч П.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсан болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халх овогтой Пүрэвжавын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч П.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× П.АРИУНБОЛД