| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2021/0172/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/212 |
| Огноо | 2021-03-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч Э.Э, Ө.Н /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлттэй/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайн ноён овогт Энхтуяагийн Э, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт Өсөхбаярын Н нарт холбогдох эрүүгийн 2011 01976 0018 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус задгай 16 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сайн ноён овгийн Энхтуяагийн Э, /РД: ___/,
Монгол Улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, аялал жуулчлалын хөтөч мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Шинэ” хотхоны 8 дугаар байрны 51 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчу овгийн Өсөхбаярын Н, /РД:УШ _____/,
Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Шүүгдэгч Ө.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мандухай” зочид буудлын караокед бусадтай маргалдаж улмаар О.Тэмүүжин рүү шил шидэж, эрүүл мэндэд нь “...баруун гарын сарвууны чигчий хурууны алган шивнүүрийн ясны хугарал, дух, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн бугуйд зулгаралт...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ө.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мандухай” зочид буудлын караокед Э.Этай маргалдаж олон удаа хөлөөрөө өшиглөж, цаасны хутгаар нүүрийг зүсэж эрүүл мэндэд нь “...тархи доргилт, зүүн нүдний гадна булангаас зүүн шанаа руу үргэлжилсэн зүсэгдсэн шарх, зүүн шанаа, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр тохой, баруун шууны цус хуралт ...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.
Шүүгдэгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.
Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ар гэрийнхэнтэйгээ муудалцаад гэрээсээ гараад дэлгүүрээс 0,33 литрийн “Архи” нэртэй архи худалдаж аваад Төмөр замын орчим байдаг “Их уулс” нэртэй буудалд ороод ганцаараа уусан. Тэгээд орой 22 цагийн орчим найз Ө.Нтай утсаар ярьж уулзахаар болоод өөрийнхөө байрлаж байсан буудалд дуудсан юм. Тэгээд Н бараг 2 цагийн дараа буюу 00 цагийн орчим ирсэн. Номинбайгалийг ирэхэд би нөгөө архинаасаа аяганы ёроолоор хийгээд жоохон хийгээд 2 удаа л уусан байх тэгээд бид хоёр буудлаас гараад 3, 4 дүгээр хороололд уугаад баар хаах үед буюу 04 цагийн орчим баарнаас гараад Н найз Тэмүүжингийн ажиллуулдаг караокед ороод дуулцгаая гээд. Тэгээд нэлээн дуулж байгаад Н бид хоёр нэг ялихгүй юмнаас л болсон байх маргалдаад ноцолдоод үсдэлцсэн боловч буцаад эвлэрсэн. Тэгээд Н бид хоёр нэлээн уусан. Тэгсэн чинь Тэмүүжин нь намайг Төгөлдөрийн дэвсгэр нь биз дээ гэх мэтээр элдвээр хэлээд хараагаад байсан. Төгөлдөр гэдэг нь Тэмүүжинтэй найз бөгөөд урьд нь үерхэж байсан юм. Намайг Тэмүүжин элдвээр хэлээд доромжлоод байсан болохоор миний уур хүрээд Тэмүүжинтэй маргалдахдаа л гарыг нь гэмтээсэн. Тэр үед намайг текний хойно сууж байсан чинь Н хаанаас ч авсан юм мэдэхгүй, нэг цаасны хутга барьчихсан миний зүүн нүд, шанааны орчим зүсчихсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн ....” гэх /хх-ийн 119-120х/,
Шүүгдэгч Ө.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Э.Этай өөрийнхөө 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн өдрөөсөө найзалсан. Э.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орой 22 цагийн үед над руу залгаад гараад ир, надад хэцүү байна гэхээр нь Э.Этай уулзахаар “Хермес” төвөөс Төмөр зам явах замд байрлах “Их уулс” гэх нэртэй зочид буудалд очсон. Зочид буудалд Э.Э ганцаараа цэнхэр өнгийн “Архи” гэсэн бичигтэй архинаас /хэмжээг нь санахгүй байна/ талыг уучихсан байсан ба Э.Э нээх аймар согтоогүй халчихсан байсан. Улмаар зочид буудлаасаа бид хоёр гараад 25 дугаар эмийн сангийн дэргэд байрлах “Коко банана" гэх бааранд ороод хамтдаа “Тайгер” болон бусад өөр төрлийн пивоноос хоёр, хоёр ширхгийг авч ууцгаасан. Дараа нь “Коко банана" гэх баарнаас шөнийн 04 цагийн үед хааж байхад нь гараад найз О.Тэмүүжингийн “Мандухай” нэртэй зочид буудлын 3 дугаар давхарт байрлах караокед орсон. Тэгээд Э.Э бид хоёр 1 дугаартай өрөөнд байж байгаад 4 дугаартай өрөөнд орсон, улмаар О.Тэмүүжин орж ирээд бид гурав “Сэнгүр” нэртэй лаазтай пивоноос нэлээн олон шил ууцгааж, караокед дуу дуулцгаасан. Яг хэдэн цагийн үед гэдийг санахгүй байна гэхдээ миний гар утасны кодыг Э.Э мэддэг ба би гар утсаа цэнэглэхээс өмнө Э.Эд гар утсаа өгсөн байсан. Э.Э өөрийнхөө сим картаа хийгээд миний утсанд хийгээд утсаар ярьж байгаад өгье гэж хэлж авсан байсан. Нэлээн байж байгаад би гар утсаа хайтал олдохгүй байхаар нь О.Тэмүүжингийн утсаар залгахад холбогдох боломжгүй болчихсон. Тэгээд Э.Эаас гар утсаа нэхэхэд Э.Э надад хандаж “мэдэхгүй, чамд өгсөн” гэж хэлсэн. Дараа нь Э.Э миний утсыг авчихаад аваагүй гэж хэлээд О.Тэмүүжинтэй маргалдаад, тэгээд О.Тэмүүжин тэр хоёр ноцолдоод караокены өрөөний хаалгыг онгойлго, онгойлгохгүй гэж байгаад Э.Э гаднаас хаалга түлхээд, харин О.Тэмүүжин дотроос хаалга түлхэж байгаад тэр хоёр хаалга эвдчихсэн. Тэгээд Э.Э хаалга түлхсээр байгаад орж ирээд ширээн дээр байсан ногоон өнгийн вискиний шилийг О.Тэмүүжин лүү шидээд, тэгтэл О.Тэмүүжингийн баруун гарын чигчий хурууны дээд хэсэгт яс хавдаад гараад ирэхээр нь О.Тэмүүжингийн подволкыг урж байгаад гарыг нь ороож өгсөн. Ингээд Э.Э, О.Тэмүүжин маргалдахаас өмнө Э.Э надад хандаж “чамайг Төгөлдөр янхан гэж хэлж байна лээ” гээд намайг аймар О.Тэмүүжингийн хажууд хийгээд хэл амаар доромжилсон ба тухайн үед О.Тэмүүжин, Э.Э “чи юу яриад байгаа юм бэ? Наад чинь манай найз, би олон жилийн өмнөөс, хэрэв тийм байсан бол би дуудахгүй, урихгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл миний алга болчихсон байсан гар утас Э.Эын зогсож байсан газраас 2 алхмын зайтай газраас олдсон. Тэр газраас би гар утсаа буйдан энэ тэрийг онгичиж хайхад олдохгүй байж байгаад олсон. О.Тэмүүжин, Э.Э хоёр хоорондоо хэрэлдээд нэг нэгнийгээ “ална, хядна, цагдаагаар явна, ар талаа харуулна” гээд хэлээд байсан. Ингээд О.Тэмүүжин, Э.Э хоёрын дундуур би орж салгаад улмаар Э.Э бид хоорондоо үргэлжлүүлж уухаар суусан ба харин О.Тэмүүжин хяналтын камерын өрөө рүү ороод унтаад өгсөн. Э.Э бид хоёр юунаас болж хоорондоо маргалдсанаа мэдэхгүй байна гэхдээ эхэлж Э.Э миний үснээс үстсэн, бас намайг нүүр, хүзүү, чих, ам руу маажсан, намайг үстэж байхад нүүр хавиар аймар хорсох мэдрэмж төрөөд байсан. Улмаар бид хоёр ноцолдож байгаад гэнэт миний санаж байгаагаар Э.Э миний дэргэд чанга орилоод нүүр ам нь цус болчихсон байсан ба ингээд би сэргэсэн. Би аймар их согтуу байсан ба Э.Э бол намайг нүүрийг нь зүссэн гээд байгаа боловч би зүссэн эсэхээ сайн санахгүй байна. Ер нь бол би миний үсийг зулгаагаад, нүүр, амыг нь маажсан болохоор Э.Этай зодолдсон байхаа, согтуу байсан болохоор зарим зүйлээ санахгүй байгаа. Тэр өрөөнд бид хоёроос өөр хүн байгаагүй. Би дуу чимээтэй, харанхуй, бүдэг гэрэлтэй газар байхаараа амархан согтчихдог. Би гэрчийн мэдүүлэг өгөх үедээ шүүх эмнэлэгт үзүүлэхээр тогтоол авч явчхаад үзүүлж чадаагүй, тэгээд ч нүүр, ам, хүзүү чихний ард хэсэгт хумсны зүссэн сорвинууд байсан. Би Э.Этай караокены өрөөн дотор зодолдож байгаад гэнэт текний ард хэсэгт оччихсон байсан. Надад гомдол, санал байхгүй. Би Э.Эд сорвины тосны мөнгө гэж 55,000 төгрөгийг өгсөн. Надаас Э.Э 2,000,000 төгрөг өгчихөө, чи өгвөл би гомдлоо татна, өгөхгүй бол чи хүйтэн мэс хэрэглэсэн гээд хоригдоно гэж хэлээд айлгасан...” гэх /хх-ийн 75-76х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-26х/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-35х/,
Хохирогч О.Тэмүүжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надтай зөрөөд Зулаа өрөө рүү орсон ба би араас нь очиход ширээн дээр байсан “Жимисон” нэртэй вискиний хоосон шилийг аваад Н руу дайрахаар нь би гарыг нь бариад чи боль доо гэхэд над руу “би чамайг ч гэсэн ална” гээд барьж байсан шилээрээ намайг цохих гэхээр нь би баруун гараараа хаасан боловч миний гар луу цохиж гар тухайн үед өвдөөд гараа харахад миний чигчий болон долоовор хурууны савхан яс дээшээ бага зэрэг түрээд гараад ирсэн байсан...” гэх /хх-ийн 44-47х/,
Гэрч Ө.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд Э 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орой 22 цагийн үед над руу залгаад нүүр амаа будаад гараад ирээ хамтдаа бааранд орж ууцгаая гэсэн тэгээд би шууд Эын хэлснээр байгаа газар болох Хермесээс Төмөр явах замд байрлах “Их уулс” нэртэй зочид буудалд очиход Э ганцаараа цэнхэр өнгийн “Архи” гэсэн бичигтэй хэмжээг нь санахгүй байна архинаас талыг нь уучихсан байсан...Миний гар утасны кодыг Э мэддэг ба би гар утсаа цэнэглэхээс өмнө Эд гар утсаа өгсөн байсан. Учир нь Э өөрийнхөө сим картаа хийгээд утсаар ярьж байгаад өгье гэж хэлсэн. Тэгээд Э миний утсыг авчихаад аваагүй гэж хэлээд Тэмүүжинтэй маргалдаад улмаар Тэмүүжин тэр хоёр ноцолдоод караокены өрөөний хаалгыг онгойлго, онгойлгохгүй гэж байгаад Э Тэмүүжин хоёр караокены хаалга эвдчихсэн. Тэгээд Э надад “Тэмүүжин намайг зодчихлоо, хацар луу цохисон, уруул өвдөөд хавчихлаа, зүүн гарын эрхий хурууны дотор хэсэг хавдаад зулгарчихсан” гэж хэлж бүх зүйлээ харуулаад байсан...Буйдангийн ар хэсэг энэ тэргүй хайж байсан гар утас маань Эын зогсож байсан газраас 2 алхмын зайтай газраас олдсон. Тэмүүжин Э хоёр хоорондоо хэрэлдээд нэг нэгийгээ “ална, хядна, цагдаагаар явна, ар талаа харуулна” гээд хэлэхэд Тэмүүжин Эын хувцаснаас татаад чирээд байхад Э пивоны шил шидээд улмаар Э Тэмүүжингийн нүүрний зүүн хэсэг хацар дээр маажсан байна лээ. Ингээд Тэмүүжин Э хоёрын дундуур би орж салгаад улмаар Э бид хоёр үргэлжлүүлж суусан ба Тэмүүжин өөр өрөөнд ороод унтсан. Э бид хоёр юунаас болж маргалдсан аа мэдэхгүй байна, гэхдээ шууд эхлээд Э миний үснээс үсэдсэн бас намайг маажсан байна лээ, намайг үсдэж байхад нүүр хавиар аймар хорсох мэдрэмж төрөөд байсан улмаар бид хоёр ноцолдож байгаад Эын араас би текний дэргэд очиход хаанаас ч юм цаасны улаан өнгийн иштэй хутга байхаар нь түүнийг аваад нүүрийг нь зүсчихсэн байна лээ....” гэх /хх-ийн 42-43х/,
Шинжээчийн эмчийн №12982 дугаартай дүгнэлтэд:
О.Тэмүүжингийн биед баруун гарын сарвууны чигчий хурууны алган шивнүүрийн ясны сэлтэрсэн хугарал, дух, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх /хх-ийн 63х/,
Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэмүүжинтэй маргалдаад би Тэмүүжингийн нүүр хавьцаа гараараа маажсан байх харин Тэмүүжин намайг “чи зайл яваач” гэж хэлж түлхээд байсан байх тухайн үед караокены хаалга эвдэрсэн. Мөн Номинбайгалийн утас алга болчихсон ба тухайн үед Тэмүүжин надаас гар утсыг нь нэхээд “чи хулгайч охин байна, чи авчихсан байна “ гэж хэрэлдэж байхад Н бас над руу уурласан. Тэгээд гэнэт буйдангийн доороос Номинбайгалийн гар утас гарч ирсэн ба Тэмүүжин тухайн үед надад “чи Номинбайгалийн гар утсыг өөртэйгөө ойрхон тавьсан байна” гэсэн. Тэгээд бид нар хоорондоо хэрэлдэхээ болиод эвлэрээд дараа нь Тэмүүжин унтаад өгсөн. Тэгж байж байхад Номинбайгалийн хайрладаг залуу Мөнхөө Н бид хоёрт өглөө 11 цагийн үед ирж хоол авчирч өгсөн. Тэгтэл Н чи өлсгөлөн юм шиг хүний хоол идлээ гэж уурлаад үүнээс болоод хоорондоо хэрэлдээд зодолдож эхэлсэн.Тэгээд Н над руу хөлөөрөө нүүр лүү 2 удаа жийж, бид хоёр нэг нэгийгээ үсийг зулгаагаад миний өшиглөж болох бүх газар луу олон удаа өшиглөсөн ба улмаар би айсандаа болоод текний ард очоод сууж байсан.Тэгээд хаанаас ч юм Н гарч ирээд текний хажууд байсан улаан өнгийн цаасны хутгыг барьж байгаад “чамайг одоо ална” гэж хэлээд шууд цаасны хутгаараа зүүн талын нүдний орчим зүссэн ба аймар их цус гарсан. Шууд намайг зүсчихээд зугтаад алга болчихсон ба надад эмнэлэг дуудаад өгөөч гэхэд Н, Тэмүүжин тоохгүй байсан ба Тэмүүжин шууд над руу хандаж “очиж наад цусаа арилга” гэж хэлсэн. Одоо миний толгой маш их өвдөж байсан, бас оёдол тавиулсан газар болон уруул сэтэрчихсэн хавдсан байна. Хөл гарын хэсэг бүгд аймар хөндүүртэй хэцүү байна. Үнэхээр гомдолтой байна...” гэх /хх-ийн 37-38х/,
Шинжээч эмчийн 12951 дугаартай дүгнэлтэд:
Э.Эын биед тархи доргилт, зүүн нүдний гадна булангаас зүүн шанаа руу үргэлжилсэн зүсэгдсэн шарх, зүүн шанаа, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр тохой, баруун шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагтанд нөлөөлөхгүй.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 67х/,
Шүүгдэгч Э.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 98х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105х/,
Шүүгдэгч Ө.Номинбайгалийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Иймд шүүгдэгч Э.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мандухай” зочид буудлын караокед бусадтай маргалдаж улмаар О.Тэмүүжин рүү шил шидэж, эрүүл мэндэд нь “...баруун гарын сарвууны чигчий хурууны алган шивнүүрийн ясны хугарал, дух, зүүн хацар, эрүү, хүзүү, зүүн бугуйд зулгаралт...” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ө.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мандухай” зочид буудлын караокед Э.Этай маргалдаж олон удаа хөлөөрөө өшиглөж, цаасны хутгаар нүүрийг зүсэж эрүүл мэндэд нь “...тархи доргилт, зүүн нүдний гадна булангаас зүүн шанаа руу үргэлжилсэн зүсэгдсэн шарх, зүүн шанаа, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр тохой, баруун шууны цус хуралт...” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээж буй байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг нь харгалзан шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ө.Номинбайгалийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирогч О.Тэмүүжин хавтаст хэрэгт цалингийн тодорхойлолт, нэхэмжлэх зэрэг 3 хуудас хохирлын баримт гаргаж өгсөн боловч шүүх уг баримтыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хохирогч Э.Э нь хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүйг дурдав.
Иймд хохирогч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Э.Эын эрүүн тус газар зүссэн гэх улаан өнгийн иштэй цаасны хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нэг ширхэг компакт дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сайн ноён овгийн Энхтуяагийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Харчу овгийн Өсөхбаярын Номинбайгалийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нд 600 /зургаан зуун/ цаг нийтэд тусгай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хохирогч О.Тэмүүжин, Э.Э нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн иштэй цаасны хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, нэг ширхэг компакт дискийг хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД