| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/00362/И |
| Дугаар | 00722 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 00722
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч:Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-2-104 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ПБ84031806/ Егөс овогт Мөнхөөгийн Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга
Хариуцагч: Орон нутгийн Өмчийн харилцааны газарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү, Ц.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэдээ: Мөнхөө овогтой Мөнх-Эрдэнэ миний бие Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Өмчийн харилцааны газар ажиллаж байгаад 2015 оны 12-р сарын 01-ний өдрөөс жирэмсний амралтаа авсан бөгөөд амралттай байх хугацаанд буюу 2016 оны 09-р сарын 12-ны өдөр тус байгууллага нь татан буугдаж Орон нутгийн өмчийн харилцааны газар болон өөрчлөгдсөн байдаг. Өөрчлөгдөхдөө миний ажиллаж байсан орон тоо буюу програм хангамжийн инженерийн ажлаас намайг чөлөөлсөн болохыг хамт ажиллаж байсан хүнээс сонсож өөрөө хөөцөлдөж ажлаас чөлөөлсөн захирамжийг 2017 оны 02-р сарын 20-ны өдөр хуулбарлуулж авсан.
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.5-д ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээгээ цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх хуультай байтал надад энэ талаар огт мэдэгдээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн долдугаар бүлгийн эмэгтэй хүний хөдөлмөрийг зохицуулсан хэсэгт буюу 106.2-д “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсвэл дуусаагүй боловч эцэг эх өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил албанд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж хуульчилсан байна. Ийнхүү тус байгууллага нь хуулиар хамгаалсан хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд миний эрхийг зөрчиж ажлаас халсан явдлыг би хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.
Энэхүү гомдлыг минь хүлээн авч энэ хугацаанд тасалдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж ажлын байранд минь эргүүлэн авах талаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Мөнх-Эрдэнэ нь Орон нутгийн өмчийн харилцааны газрын даргын 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15 дугаар тушаалаар программ хангамжийн инженерээр ажилд орж, мөн байгууллагын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Энэхүү ажлын байр нь Өмчийн харилцааны газрын батлагдсан бүтэц, орон тоонд хамаарч байсан бөгөөд Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчийн газар шинээр байгуулагдсанаар /өмчийн харилцааны газрыг худалдан авах ажиллагааны албатай нэгтгэн/ орон тоо нь хасагдсан байна. Дээрхи орон тоо нь аймгийн ЗДТГ-ын албан ёсоор шилжиж ирээгүй энэ талаар дурдаагүй болно. Иймд аймгийн ЗДТГ нь М.Мөнх-Эрдэнийг ажлаар хангах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хууль зүйн үндэслэл байгүй бөгөөд М.мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч биш болно гэжээ.
Хариуцагч Орон нутгийн Өмчийн харилцааны газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
1.Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо батлагдсан орон тооноос хэтэрсэн тул 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Мэдээлэл технологийн тасаг”-ийг 4 хүний орон тоотойгоор байгуулсан. Энэ тасгийн ажил үүрэг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын ажлын чиг үүргээр ажиллаж Эрдэнэт сангаас цалин хөлс, урамшуулал авдаг байсан.
2. Өмчийн харилцааны газар нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Худалдан авах ажиллагааны албатай нэгтгэн зохион байгуулагдаж 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс Орон нутгийн Өмчийн газар болсон. Орон нутгийн Өмчийн газар болсноор манай байгууллагад мэдээлэл технологийн орон тоо батлагдаагүй.
3.Орон нутгийн Өмчийн газар болсноор Мэдээлэл технологийн ажилчдын ажлын чиг үүрэг нь аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжсэн болно.
4.М.Мөнх-Эрдэнэ нь 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмчийн харилцааны газарт программ хангамжийн инженерээр орсон тул 1 дүгээр тайлбарт дурьдснаар Мэдээлэл технологийн тасгийн ажилтан тул анхнаасаа аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан байсан. Иймд М.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэлээ дан ганц аймгийн Засаг даргын Тамгын газарт гаргах ёстой гэж үзэж байна гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарыг дуустал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 06 дугаар сарыг дуустал Орон нутгийн Өмчийн харилцааны газар төлөхөөр, М.Мөнх-Эрдэнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн халтсийн архивын тасагт архивын мэдээлэл лавлагааны ажилтнаар, М.Мөнх-Эрдэнэ нь дээрх ажлын байранд 2017.07.03-ны өдрөөс ажиллах, нэхэмжлэгч нь өмнө нь ТҮ-7 зэрэглэлийн 1 дүгээр шатлалаар цалинжиж байсан тул энэ цалин буурахгүй байх гэж тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч Орхон аймгийн Засаг дарга, Орон нутгийн Өмчийн харилцааны газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү, Ц.Эрдэнэчимэг нар дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Үүнд: Нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарыг дуустал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 06 дугаар сарыг дуустал Орон нутгийн Өмчийн харилцааны газар төлөхөөр, М.Мөнх-Эрдэнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн халтсийн архивын тасагт архивын мэдээлэл лавлагааны ажилтнаар, М.Мөнх-Эрдэнэ нь дээрх ажлын байранд 2017.07.03-ны өдрөөс ажиллах, нэхэмжлэгч нь өмнө нь ТҮ-7 зэрэглэлийн 1 дүгээр шатлалаар цалинжиж байсан тул энэ цалин буурахгүй байна гэж зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 227,242 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Цогбадрахаас 63,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн засаг дарга, Орон нутгийн Өмчийн харилцааны газарт холбогдох иргэний хэрэгт М.Мөнх-Эрдэнийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 06 дугаар сарыг дуустал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 06 дугаар сарыг дуустал Орон нутгийн Өмчийн харилцааны газар төлөхөөр, М.Мөнх-Эрдэнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн халтсийн архивын тасагт архивын мэдээлэл лавлагааны ажилтнаар авч ажиллуулах, М.Мөнх-Эрдэнэ нь дээрх ажлын байранд 2017.07.03-ны өдрөөс эхлэн ажиллах, нэхэмжлэгчийн цалинг өмнө нь ТҮ-7 зэрэглэлийн 1 дүгээр шатлалаар цалинжиж байсан тул энэ цалин буурахгүй байна гэж эвлэрсэн зохигчдийн эвлэрлэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг, Орон нутгийн Өмчийн харилцааны газраас 70200төгрөгийг тус тус гаргуулж төрийн санд оруулсугай.
3.Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэгдэхийг заасугай.
4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН