Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/220

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

улсын яллагч Г.Анармөнх,

хохирогч Б.Цэрэн-Очир,  

шүүгдэгч Ч.У, түүний өмгөөлөгч Ш.Төгсгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чойжамцын Ут холбогдох эрүүгийн 1911 00367 0843 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, их наран 1-39 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо 4-39 тоотод оршин суух,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 698 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Чойжамцын У, /РД: УШ_____/,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ч.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.У нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж иргэн Г.Мөнхзулаас 3 удаагийн шилжүүлгээр нийт 7,917,000 төгрөгийг "Хаан” банкны 5084474513, 5014109869 дугаартай дансуудаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 08 дугаар сарын 23, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж иргэн Н.Туяагаас бэлнээр 1000 ам.доллар /2,469,360 төгрөг/, 1,500,000 төгрөгийг, Б.Золжаргалаас бэлнээр 1000 ам.доллар /2.469.360 төгрөг/, 1,500,000       төгрөгийг тус тус авч залилсан,

2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэр төр” сонины байранд “ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж иргэн Б.Цэрэн-Очироос 1500 ам.доллар /3,709,095 төгрөгийг/ бэлнээр авч залилан бусдад нийт 19,564,815 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь                                

Шүүгдэгч Ч.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ч.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Мөнхзулыг Цэрэн-Очирын эхнэрийн дүү гэдгээр нь мэднэ. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын эхээр надад мөнгөний хэрэг гараад Мөнхзултай утсаар холбогдож эгчдээ зээлүүлэх мөнгө байна уу гэж асуухад надад нэг 6 сая гаруй төгрөг байна  гэхээр нь эгчдээ тэр мөнгөө зээлүүлчих гэж хэлээд өөрийн Хаан банкны дансаар нийт 6,600,000 төгрөг зээлж авч байсан. Тэгээд мөнгөө өгч чадахгүй явж байгаад 2019 оны эхэн үе болоход Мөнхзул надаас мөнгөө нэхэхээр нь би мөнгөгүй байсан болохоор өгч чадаагүй байж байтал Г.Мөнхзул нь Цэрэн-Очирын хамтаар намайг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн байсан...” /хх-ийн 20-21х/...“...Би Цэрэн-Очирыг дүү нараараа дамжуулан танина. Цэрэн-Очир нь 2018 оны 08 дугаар сард Цэрэн-Очир нь манай ажил дээр ирээд ногоон паспорт гаргуулах хэрэгтэй байна, яаж гаргуулах уу таньд таньдаг мэддэг хүн байна уу гэхээр нь уг нь таньдаг хүн байсан одоо бол таньж мэдэх хүн байхгүй болж дээ гэсэн чинь тэгээд хэсэг юм ярьж сууж байгаад Цэрэн-Очироос 3000 доллар байна уу эгч нь энэ сонины газрынхаа үйл ажиллагаанд хэрэглэх гэсэн юм гэтэл надад одоогоор тийм их мөнгө байхгүй. Одоо байгаа нь энэ гээд 1500 доллар зээлүүлсэн. Тэгээд би 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1500 долларыг нь эргүүлээд төлсөн байгаа.../хх-ийн 81-82х/,

Хохирогч Г.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдрийн хооронд манай ах Цэрэн-Очир миний утас руу залгаад би гадаад улс руу визгүй аялах аяллын паспорт гаргуулахаар Билгүүн, Золбоо нарын иргэний үнэмлэх, зураг мөнгө зэргийг өгчихлөө чи Азбилэгтэй хамт гаргуулахгүй юм уу ярилцаж байгаад хэлээрэй гэхээр нь би ямар учиртай юм бэ гэж асуусан чинь 1 хүний 3000 ам доллароор найдвартай гаргаж байгаа юм байна гэхээр нь би Азаатай ярьж байгаад хэлье гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Цэрэн-Очир ах руу залгаад бид 2 хамт гаргуулж болох юм уу гэж асуусан чинь ах нь асуугаад хариу хэлье гэж хэлээд нэлээн хэд хоногийн дараа болох юм байна гэхээр нь хэдэн төгрөг болох вэ гэж асуусан чинь ах нь хэдэн төгрөгийн урьдчилгаа өгөхийн мэдэхгүй байна миний дүү энэ дугаар руу нь залгаад би Цэрэн-Очир ахын дүү нь байна гэсэн чинь өө за за эгч нь найдвартай гаргаж өгнө, 1 хүний 3000 ам доллар болно гэхээр нь нөхөртэйгөө хамт гэж хэлтэл тэгвэл 2 хүний урьдчилгаа болох 2600 ам доллар болно, тэгээд иргэний үнэмлэх болон зургаа өгөөд явуулчих гэхээр нь би Хаан банкнаас зээл аваад Монгол мөнгөөр 6,617,000 төгрөгийг Уийн өгсөн Хаан банкны 5014109869 дугаартай данс руу шилжүүлчхээд хэлсэн чинь эхний паспорт 10 сард гарна, чинийх арай хойгуур гарна шүү гэж хэлсэн.,.2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр У миний утас руу залгаад за чиний материалыг өөрийнхтэй чинь хамт цааш нь өгчихсөн байгаа, явцын мөнгө гэж 1,300,000 төгрөг авдаг юм, яг одоо хийгээдхээч гэхээр нь надад 600,000 төгрөг байна яах вэ гэсэн чинь за тэгвэл эгч нь эндээс 700,000 төгрөгийг нь чиний өмнөөс хийчихье, чи дараа нь надад өгөөрэй, харин байгаа 600,000 төгрөгөө 5084474513 гэсэн данс руу хийчих гэхээр нь 600,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 700,000 төгрөгийг Хаан банкны 5084474513 Хажидсүрэнгийн Оюундарь гэсэн данс руу шилжүүлчхээд ярьсан чинь за паспортыг чинь 2018 оны 11 дүгээр сардаа багтаагаад 2 паспортыг чинь гаргаж өгнө гэж хэлсэн. 11 дүгээр сард У рүү ярьсан чинь эхний 3 паспорт гарсан байгаа, би өөрийнхөө нүдээр харсан байгаа. Дараа нь та хоёрын паспортыг гаргаж өгнө, түр хүлээж бай гэж хэлсэн...Би 7,917,000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн,..” гэх /хх-ийн 10-11х/,

Гэрч Ч.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хаан банкны 5014109869 дугаартай Хаан банкны данс эзэмшдэг...У надад хүмүүс хэдэн төгрөг шилжүүлэх гэж байгаа юм, та картаа өгч байгаач гэж байсан, түүний дагуу картаа өгч явуулж байсан...” гэх /хх-ийн 13х/,

2018 оны 08 дугаар сарын 23, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ногоон паспорт гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч иргэн Н.Туяагаас бэлнээр 1000 ам доллар /2,469,360 төгрөг/, 1,500,000 төгрөгийг, Б.Золжаргалаас бэлнээр 1000 ам доллар /2,469,360 төгрөг/, 1,500,000 төгрөгийг тус тус авч залилсан болох нь:

Хохирогч Б.Золжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай төрсөн ах Цэрэн-Очир гадаад улсад зорчих эрхтэй ногоон паспорт гаргадаг хүн байна, чи паспорт гаргуулах уу гэхээр нь тэгье гэж зөвшөөрөөд найз Туяа руу яриад ногоон паспорт гаргуулах уу гэсэн чинь мөн л зөвшөөрч бид 2 ахад гаргуулъя , та цааш хэлээд өгөөч гэсэн чинь удалгүй 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ах Цэрэн-Очиртой уулзаад Чингэлтэй дүүргийн Тэнгис кинотеатрын эсрэг талд байрлах Бишрэлт дэлгүүрийн хойд талд ахын машинтай ирээд Туяа бид хоёр өөрсдийн зураг, иргэний үнэмлэхийн хуулбар нийтдээ 2000 долларыг ахад өгч нөгөө хүн рүү оруулсан... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр У нь ах руу ярьсан байсан. Манай ах над руу залгаад “нөгөө У гэх хүн чинь өнөөдөр 3,000,000 төгрөг өгчихвөл 7 хоногийн дараа паспорт гарлаа” гэж хэлж байна, чи Уийн 94101888 гэсэн дугаарын утас руу залгаад уулз гэж хэлсний дагуу энэ дугаар руу залгаад Чингэлтэй дүүргийн хажууд уулзсан чинь паспорт чинь удахгүй 7 хоногийн дараа гарна, одоо 3,000,000 төгрөг өгчих гэхээр нь газар дээр нь гаргаж өгсөн. Дараа нь Утэй холбогдоход дарга нь хөдөө ажлаар явж байгаа гэж байна гэхээр нь гарын үсэг зуруулчихвал болно гэж хэлсэн. Тэгээд хүлээсээр байгаад 12 дугаар сар гарсны дараа Уийн утас руу залгаад юу болсон бэ гэж асуусан чинь шалгалт орсон байгаа, түр хүлээж бай паспорт чинь гарсан, би өөрөө харсан гол нь дарга нь байхгүй байна, мөн тэр газарт шалгалт орсон байна гэж хэлж явсаар байгаад өдийг хүрсэн...” гэх /хх-ийн ЗЗх/,

Хохирогч Н.Туяаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай найз Золжаргал миний утас руу ярьж манай ах ярьж байна, гадаад улсад зорчих эрхтэй ногоон паспорт гаргадаг хүн байна гэж байна, чи паспорт гаргуулах уу гэхээр нь тэгье гэж зөвшөөрөөд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр найз Золжаргал болон түүний ах Цэрэн-Очиртой уулзаад...бид хоёр өөрсдийн зураг, иргэний үнэмлэхийн хуулбар нийтдээ 2000 долларыг ахад өгч нөгөө хүн рүү оруулсан. Удалгүй ах нь гарч ирээд цаад хугацаа нь 21 хоногоос 1 сарын дотор гарна гэж байна гэж хэлсэн... 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр У нь Золжаргалын ах руу ярьсан байсан. Нөгөө У гэх хүн чинь “өнөөдөр 3,000,000 төгрөг өгчихвөл 7 хоногийн дараа паспорт гарлаа” гэж хэлж байна гэж Золжаргал надад хэлсэн. Тэгээд бид хоёр уулзаад Уийн 94101888 гэсэн дугаарын утас руу залгаад уулз гэж хэлсний дагуу энэ дугаар руу залгаад Чингэлтэй дүүргийн хажууд уулзсан чинь паспорт чинь удахгүй 7 хоногийн дараа гарна, одоо 3,000,000 төгрөг өгчих гэхээр нь Золжаргал бид хоёр гаргаж өгсөн...” гэх /хх-ийн 35х/,

Шүүгдэгч Ч.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цэрэн-Очироос 2000 доллар, 3,000,000 төгрөг авч байсан. Тэр мөнгийг дээрх 2 хүнээс авч байсан юм байлгүй...”гэх /хх- ийн 52-53х/,

2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэр төр” сонины байранд “ногоон паспорт гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Б.Цэрэн-Очирыг хуурч, 1500 ам доллар /3,709,095 төгрөгийг/ бэлнээр авч залилсан болох нь:

Хохирогч Б.Цэрэн-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд Солонгос улс руу ирж очоод явдаг. Тухайн үед би ногоон паспорт авчих юм бол амар юм байна гэж бодоод Ч.Утэй уулзаж мөнгөө өгсөн. Хохирол төлбөрийн хувьд Ч.Уээс миний данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би тэр мөнгийг 2 дүүгийнхээ данс руу шилжүүлсэн. Миний хувьд бол мөрдөн байцаалтын шатанд хохирол, төлбөрөө бүрэн авсан. Харин Мөнхзулын хувьд 4,000,000 гаруй төгрөгийн хохирол, төлбөрийг Ч.Уээс гаргуулан авах ёстой байгаа гэв.

Хохирогч Б.Цэрэн-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Утэй уулзаж ярилцсан чинь эгчид нь гадаад харилцааны яаманд паспорт гаргаж өгдөг найдвартай таньдаг хүн байгаа, би урьд нь нэлээд хэдэн хүнд гаргаж өгч байсан. Нийт хөлс нь 3000 ам доллар болох юм. Чи үүний урьдчилгаа 1000-1500 долларыг өгчих, би энэ “Нэр төр” сонины газар ажиллуулдаг юм би эрхлэгч нь байгаа юм гэж хэлээд гэрчилгээгээ үзүүлсэн болохоор би итгэл төрөөд эргэж холбогдохоор тохиролцож явсан...манай дүү найдвартай хүн юм бол гаргуулъя, бас манай нэг найз байгаа та асуугаад өгчих гэхээр нь Уээс асуусан чинь “болно, чи надад цээж зураг, иргэний үнэмлэхийн хуулбар, урьдчилгаа 1000-1500 доллар аваад ирэх юм бол 20 хоногийн дотор гаргаад өгье гэхээр нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн төрсөн дүү Золжаргал түүний найз Туяа бид 3 “Нэр төр” сонины байрны гадна очоод...2 хүний 2000 ам доллар аваад дотогш орж У гэх хүнтэй уулзаж 2000 ам доллар, зураг, иргэний үнэмлэх зэргийг нь өгтөл за одоо паспорт нь 20 хоногийн дараа гарна гэж хэлээд миний гар утасны дугаарыг дахин тэмдэглэж аваад үлдсэн юм...У рүү яриад асуух болгонд ямар нэгэн шалтаг шалтгаан тоочиж, төрийн нарийн бичгийн дарга нь гарын үсэг зурдаг гэж байна, гадагш явсан сурагтай байна, 7 хоногийн дараа ирнэ гэж байна, миний ярьсан хүмүүс Төрийн нарийн бичгийн дарга руугаа оруулсан гэж хэлж байна...”  “...би 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүү Ц.Билгүүнд албан паспорт гаргуулах зорилгоор Ут 1500 ам доллар ажил дээр нь өгсөн. Ингээд манай 2 дүү болон манай хүүгийн албан паспортыг 14 хоногийн дараа гаргана гэж хэлсэн. Ингээд 14 хоногийн дараа У надаас манай төрсөн дүү Золжаргалын утасны дугаарыг авч яриад 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Берлин нэртэй хоолны газарт бэлнээр 2 хүний мөнгө болох 3 сая төгрөгийг авсан байсан. Ингэхдээ мөнгө авсан талаар бичиг хийж өгсөн байсан...” гэх  /хх-ийн 75-76х,

Шүүгдэгч Ч.Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 85х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 88х, 102х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.У нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Ч.У нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ногоон пасспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж иргэн Г.Мөнхзулаас 3 удаагийн шилжүүлгээр нийт 7,917,000 төгрөгийг "Хаан” банкны 5084474513, 5014109869 дугаартай дансуудаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 08 дугаар сарын 23, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ногоон пасспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж иргэн Н.Туяагаас бэлнээр 1000 ам.доллар /2,469,360 төгрөг/, 1,500,000 төгрөгийг, Б.Золжаргалаас бэлнээр 1000 ам.доллар /2.469.360 төгрөг/, 1,500,000       төгрөгийг тус тус авч залилсан,

2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэр төр” сонины байранд “ногоон пасспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж иргэн Б.Цэрэн-Очирыг 1500 ам.доллар /3,709,095 төгрөгийг/ бэлнээр авч, залилан бусдад нийт 19,564,815 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх, шүүгдэгч Ч.Ут эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал, хохирогч ямар нэг гомдол саналгүй гэх зэргийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дах заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Шүүгдэгч Ч.У нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Ч.Уийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны данс болох Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 5,000,000 төгрөгөөс хохирогч Г.Мөнхзул /РД: РН84060967/-д 4,917,000 төгрөгийг олгож,

үлдэгдэл 83,000 төгрөгийг шүүгдэгч Ч.У /РД:УШ62080703/-т буцаан олгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч Ч.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Чойжамцын Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дах заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.У нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны данс болох Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 5,000,000 төгрөгөөс хохирогч Г.Мөнхзул /РД: РН84060967/-д 4,917,000 төгрөгийг олгож,

үлдэгдэл 83,000 төгрөгийг шүүгдэгч Ч.У /РД:УШ62080703/-т буцаан олгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ч.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

            ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                 П.АРИУНБОЛД