Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1560

 

Г.Мягмарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01570 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Мягмарын хариуцагч Д.Оюунтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 550 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сэлэнгэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Мягмарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Оюунтуяа нь Г.Мягмараас 2010 оны 12 сарын 27-ны өдөр 15 000 ам.долларыг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн. Зээлсэн мөнгөө 750 ам.долларын хүүгийн хамт 2011 оны 01 сарын 27-ны өдөр буцаан өгөхөөр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. Гэвч гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлөөгүй. Д.Оюунгэрэл болон түүний эгч нар Г.Мягмартай удаа дараа зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлдэг байсан. Ингээд энэ зээлийн эргэн төлөлтийг төлөхгүй явсаар байгаад 2013 оны 01 сарын 22-ны өдөр 8 200 ам.долларыг тус зээлийн эргэн төлөлтөд төлсөн. Харин үлдэгдэл 7 550 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Хариуцагч энэ зээлийн төлбөрөө 2011 оны 4 сарын 29-ний өдрөөс эхлэн 2012 оны 4 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд төлж барагдуулсан гэх тайлбар нь үндэслэлгүй. Учир нь энэ төлөлтүүд нь одоо Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байгаа Д.Оюун, Н.Чулуунбаатар нарын нэхэмжлэлтэй Г.Мягмарт холбогдох илүү төлсөн зээлийн төлбөр гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Д.Оюун, Н.Чулуунбаатар нарын зээлийн гэрээний дагуу төлсөн мөнгө юм. Өөрөөр хэлбэл Д.Оюунтуяа нь эгч Д.Оюуны зээлийн төлбөрийг түүний нэрийн өмнөөс өөрийн нэрээр Г.Мягмарын төрийн банк дахь данс руу шилжүүлдэг байсан ба тэдгээр зээлүүд нь төгрөгөөр хийгдсэн зээлүүд байсан. Д.Оюунтуяагийн хувьд 15 000 ам.долларыг зээлж авсан ба үүнээс 8 200 ам.долларыг буцаан төлсөн байдаг. Нэг баримтаар хоёр хүний зээлийг төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 6 800 ам.доллар, хүү 750 ам.доллар нийт 7 550 ам.долларыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Оюунтуяа нь 2010 оны 12 сарын 27-ны өдөр иргэн Г.Мягмараас 15 000 ам.доллар зээлсэн, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаан байхгүй. Д.Оюунтуяа нь Нарантуул олон улсын худалдааны төв болох зах дээр даавуу, бөс барааны лангуу түрээслэж, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Г.Мягмартай байгуулсан 15 000 ам.долларын зээлийн эргэн төлөлтийг, хүүгийн хамт 2011 оны 4 сарын 29-ний өдрөөс 2012 оны 4 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд нийт 12 удаагийн шилжүүлэгээр Г.Мягмарын Төрийн банкны дансаар төлөлт хийсэн байдаг.

2011 оны 4 сарын 29-ний өдөр 3 580 000 төгрөг буюу 2845 ам доллар, 2011 оны 6 сарын 03-ны өдөр 368 000 төгрөг буюу 294,3 ам.доллар, 2011 оны 7 сарын 20-ны өдөр 350 000 буюу 281,6 ам.доллар, 2011 оны 8 сарын 01-ний өдөр 1 000 000 төгрөг буюу 807,8 ам.доллар, 2011 оны 9 сарын 01-ний өдөр 800 000 төгрөг буюу 639.7 ам.доллар, 2011 оны 9 сарын 13-ны өдөр 800 000 төгрөг буюу 636.9 ам.доллар, 2011 оны 9 сарын 20-ны өдөр 800 000 төгрөг буюу 634.9 ам.доллар, 2011 оны 9 сарын 27-ны өдөр 1 480 000 төгрөг буюу 1,170.4 ам.доллар, 2011 оны 12 сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөг буюу 2482.2 ам.доллар, 2011 оны 12 сарын 02-ны өдөр 3 000 000 төгрөг буюу 2231.3 ам.доллар, 2011 оны 12 сарын 30-ны өдөр 3 400 000 төгрөг буюу 2482.2 ам.доллар, 2012 оны 02 сарын 28-ны өдөр 2 964 000 төгрөг буюу 2223.3 ам.доллар, 2012 оны 4 сарын 30-ны өдөр 2 700 000 төгрөг буюу 2051.5 ам.доллар нийт 21 242 000 төгрөг буюу 16,298 ам.долларыг төлсөн. Нэхэмжлэгч зээлийн төлбөрийг тухай бүрт нь тооцож зарим сард хугацаа хэтрүүлсэн гэж нэмж мөнгө төлөхийг шаарддаг байсан тул илүү төлөлт хийж байсан. Мөн Д.Оюунтуяа нь Г.Мягмараас 2011 оны 3 сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөг, 2012 оны 9 сарын 10-ны өдөр өөрийн эгч Д.Оюунтай хамтран 30 000 000 төгрөгийг тус тус зээлсэн.

Хариуцагчийн төрсөн эгч Д.Оюунгэрэл нь Г.Мягмартай 2012 оны 12 сарын 12-ны өдөр мөнгө хүлээлцэх баримт үйлдэж, 8 000 ам.доллар зээлж, зээлийн гэрээг нөхөж хийхээр тохиролцсон.  Энэ зээл нь 1 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй байсан тул 8 200 ам.доллар болгон буцаан төлсөн.  Д.Оюунгэрэл нь өөрийн төрсөн дүү Д.Оюунтуяагаар дамжуулж Г.Мягмарын Хадгаламж банк дахь дансанд 2013 оны 01 сарын 22-ны өдөр 8 200 ам.долларыг шилжүүлсэн. Гэтэл Д.Оюунгэрэлийн төлсөн төлбөрийг Д.Оюунтуяагийн 15 000 ам.долларын зээлийн төлбөрт төлсөн гэж нэхэмжлэгч худал зүйл ярьж байна. Нэхэмжлэгч Г.Мягмар нь бусдад их хэмжээний мөнгийг гэрээтэй болон гэрээгүй зээлдүүлэх, гэрээг нөхөн хийх зэргээр мөнгө хүүлж, төлсөн мөнгийг төлөөгүй мэтээр нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Оюунтуяагаас 7,550 ам.доллар буюу 15 071 838 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мягмарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,310 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 233 310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мягмарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч Г.Мягмар нь 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Д.Оюунтуяад 15.000 ам.долларыг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн боловч хариуцагч Д.Оюунтуяа нь гэрээгээр хүлээсэн хугацаанд үүргээ биелүүлээгүй 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 8.200 ам доллар төлсөн ба үлдэгдэл 7.550 ам долларыг төлөх үүргээ биелүүлээгүй талаар дурьдаж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар тайлбарладаг.

Харин хариуцагч Д.Оюунтуяа шүүхэд гаргасан бичгийн тайлбар, болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдөр авсан 15.000 ам долларын зээлийг бүрэн төлж барагдуулсан ба төлбөрийг Г.Мягмарын төрийн банкин дахь 102100184442 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд төлбөрийг хэрхэн яаж барагдуулсан талаарх тооцоолол, валютын ханшны лавлагаа зэргээр төлбөрийг төлсөн болохоо нотлох баримтаар нотлогдож байтал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч Г.Мягмар, хариуцагч Д.Оюунтуяа нарын хооронд уг зээлээс хойш гэрээтэй болон гэрээгүй хэд хэдэн удаа мөнгө зээлж, зээлдүүлж байсан шүүхэд тайлбарлаж байсан. Хариуцагчийн тайлбар татгалзал баримтаар бүрэн нотлогдсон байтал хариуцагч Д.Оюунтуяагаас нэхэмжлэгч Г.Мягмарын нэр дээрх төрийн банкны дансанд 42 удаагийн үйлдлээр шилжүүлсэн мөнгийг юуны тулд яах гэж шилжүүлсэн юм бэ? Энэ төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна гээд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцож шинээр хөөн хэлэлцэх хугацааг тоолж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Г.Мягмарын нэхэмжлэлтэй Д.Оюунтуяад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/01570 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Мягмар нь хариуцагч Д.Оюунтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 550 ам.доллар гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээлийг бүрэн төлж барагдуулсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 000 долларын  зээлийн гэрээнд үндэслэж  шаардсан.

 

Уг зээлийг хариуцагч Д.Оюунтуяа бүрэн төлж барагдуулсан гэх тайлбараа нотлохоор Хаан банкны дансны хуулга гаргаж, “..,эгч Д.Оюун, Д.Оюунгэрэл нарынхаа нэхэмжлэгчтэй байгуулсан хэд хэдэн удаагийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн баримтыг энэ гэрээний үүргийг биелүүлсэн баримт гэж мэтгэлцжээ. Мөн энэ баримтыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үүсгэгдээд байгаа Д.Оюун, Чулуунбаатар нарын нэхэмжлэлтэй Г.Мягмарт холбогдох хэрэгт зээлд илүү мөнгө төлснөө нотлуулахаар давхар гаргаж өгөөд байгаа юм. Түүгээр ч зогсохгүй Д.Оюунтуяа тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө “..,дээрх баримтуудаар би эгчийнхээ өмнөөс зээлийг нь төлсөн гэж мэдүүлсэн” гэж няцаасныг хариуцагч үгүйсгээгүй, мөн энэ талаарх бичмэл баримт хэргийн 173 дугаар хуудсанд авагджээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Оюунтуяа, хэргийн оролцогчийн хүрээнд хамаарахгүй Д.Оюун Д.Оюунгэрэл гэх хүмүүст удаа дараагийн доллар, төгрөгийн зээл олгож байсныг талууд үгүйсгээгүй бөгөөд энэ хэргийн зохигчдын хоорондын 15 000 долларын зээлийн төлөлтийг дээрх хүмүүсийн зээлийн төлөлтөөс хэрхэн зааглаж байгаа нь тодорхойгүй, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр үүсгэгдээд байгаа иргэний хэргээс нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулж, зээлийн  тооцоог шалгуулах гэсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлт биелэгдээгүй байна. Тухайлбал, зээлийн эргэн төлөлтийг нотлож байгаа гэх гол баримт болох дансны хуулга тухайн хэрэгт мөн авагдсан эсэх, талууд тооцоогоо хэрхэн нийлж, зээл тус бүрийн  эргэн төлөлтийг хэрхэн зааглан ялгаж байгааг тухайн хэргээс баримт хуулбарлан ирүүлэх  замаар тогтоолгох хүсэлтийн дагуу дансны хуулгыг бүрэн аваагүй байхдаа шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн зөрчилд хамаарч байна.

 

Хэдийгээр нэг дансны хуулгыг хоёр өөр хэрэгт нотлох баримтаар гаргаж улмаар гэрчийн мэдүүлэг өгснөө хариуцагч үгүйсгээгүй ч бичмэл баримтыг гаргуулж ирүүлэх, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох нь тухайн хэргийн талаар эрх зүйн дүгнэлтийг өгөх боломжтой болох юм.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/01570 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Оюунтуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

         ШҮҮГЧИД                                                    Ц.ИЧИНХОРЛОО

                                                                              Ш.ОЮУНХАНД