Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0384

 

“М” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М

Гомдлын шаардлага: Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Н.Д-ын “М” ХХК-д оногдуулсан 0048006 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М

Хариуцагч Н.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 122/2023/0004/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас “Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч Н.Д-ын “М” ХХК-д оногдуулсан 0048006 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-иас гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гаргаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ноцтой зөрчсөн байдаг.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн тухайд: Гомдол гаргагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалыг нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс тус хүсэлтийг хангаагүй бөгөөд шийтгэлийн хуудсаар хохирлын нөхөн төлбөр болох 26 428 343 төгрөг төлүүлэх үндэслэл болсон Байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий “Мо” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт нь буруу аргачлал ашиглаж гаргасан хохирлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шинжээч “Мо” ХХК нь тус дүгнэлтийн 1.6-д Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалыг үндэслэл болгож хийсэн бөгөөд уг аргачлалаар байгалийн нөөц баялгийг ашиглах аливаа үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тооцоход ашигладаг. Манай компани нь ямарваа нэг байдлаар байгалийн нөөц баялгийг ашиглах үйл ажиллагаа явуулаагүй буруу аргачлал ашиглаж гаргасан хохирлын үнэлгээг, шинжээчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр бус болсон гэж маргах бололцоог олгоогүй. Манай зүгээс зөрчил байсан гэдэгт эргэлзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 1.1, 2.1 дэх хэсэгт зааснаар хууль, захиргааны хэм хэмжээ актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэж заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 1.4.2 дахь хэсгүүдэд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, хуульд заасан ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийг эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл баримт бичгийг хураан авах эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж заасан.

Гэтэл зөрчлийн шийтгэх хуудас бичсэн Н.Д байцаагч ямар ажиллагаа хийсэн бэ? гэвэл 2 бичиг л явуулсан захиргааны ажиллагаанд зааснаар бий болсон газарт үзлэг хийгээд талуудаас тайлбар аваад шинжилгээ хийх ажиллагааг огт хийгээгүй. Өмнө нь бий болсон баримтыг үндэслээд ажиллагаа хийсэн гэж үзээд байна. Гэтэл өмнө нь бүрдсэн баримтууд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос заавал зөвшөөрөл авч зөрчлийн хэрэгт хавсаргах ёстойг хуульд заасан байсныг зөрчсөн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд мөн зүйлийн 1.6 дахь заалтад “зөрчлийн хэрэг бүртгэлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт танилцуулж, шийдвэрлүүлэх:” гэж заажээ.

Хавтаст хэрэгт 6,7,8,9 талд цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбар мэдүүлэг зэргээс үзэхэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэр дээр гаргасан гэх зөрчлийг Түмэнцогт сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Э.М нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр утсаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад зөрчлийн хэрэг бүртгэгч дэслэгч С.О нь Сүхбаатар аймгийн прокурорын газраас 1100044230000610 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийн дугаарыг авч зөрчлийн хэрэг шалгаж байгаад 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга цагдаагийн хошууч зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан болох Ж.И нь Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлэхдээ прокурорын зөвшөөрөлгүй буюу танилцуулж бүртгүүлэхгүйгээр шилжүүлсэн нь хууль бус болжээ.

Учир нь, хууль зүйн утгаараа дээрх тохиолдолд нь зөрчил шалган шийдвэрлэх байгууллагын харьяалал өөрчлөгдөж байгаа явдал бөгөөд энэ тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.4 дэх заалт бус, харин мөн зүйлийн 1.6 дахь заалтыг баримталж, прокурорт танилцуулж шийдвэрлүүлэх шаардлагатай байсан.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэлх хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлд явуулна, 2 дахь хэсэгт Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно.гэж заасан.

Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, аливаа зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоног, нийт 58 хоногийн хугацаанд зөрчлийн шалган шийдвэрлэх журам үйлчилнэ.

Мөн уг хуулийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацааг үргэлжлүүлэн тоолно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт хэрэг бүртгэлтийг хэрэг нээхээс татгалзсан, эрүүгийн хэргийн хэрэгсэхүйг болгосон үйлдэл, эс үйлдэл зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын шийдвэрийг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг тоолохоор байх бөгөөд энэ үндэслэлээр зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлийн хугацааг үргэлжлэн тоологдох журамтай байна. 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, анх Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлсэн байх бөгөөд энэ хугацаанаас зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг тоолоход үндсэн 14 хоногийн хугацаа нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болжээ.

Тодруулбал, хариуцагч улсын байцаагч нь гомдол гаргагчид холбогдох зөрчлийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөрт багтаан шийдвэрлэж, зохих шийдвэрийг гаргах учиртай байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана:” гээд мөн зүйлийн 1.4 дэх заалтад “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч улсын байцаагч нь хуулийн дээр дурдсан заалтын дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан гэх үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргахаар хуульчилсан байна.

Хавтаст хэргийн 35 дугаар талд эрх бүхий албан тушаалтан Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцагч Н.Д нь “Мо” ХХК-ийг шинжээчээр томилон 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23/007 дугаартай “Мо” ХХК-иас шинжээчийн дүгнэлтийн хариу хүргүүлсэн ч оролцогчийн зөрчлийн хэрэгт шинжээчийн дүгнэлттэй танилцан эрх бүхий албан тушаалтанд болон прокурорт гомдол гаргах зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг хангалгүй 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөө шууд шийтгэх хуудас гаргасан нь хууль бус болсон.

Мөн хавтаст хэргийн 60 дугаар хуудаст авагдсан Далд уурхайн шүүрлийн усыг ашиглах гэрээний дагуу манай компани зөвхөн худалдан авагч тал хэрэглэгч бөгөөд ус тээвэрлэх нийлүүлэх үүргийг “Г” ХХК нь өөрийн жолооч, автомашин техник хэрэгслээр нийлүүлснийг манай компани хариуцлага хүлээх ёсгүй тус эвдэрсэн замыг манай компани ашигладаггүй зөрчилд холбогдож буй тээврийн хэрэгсэл нь 4246 УНУ улсын дугаартай авто машин, 8169 УНР улсын дугаартай машинууд нь манай бүртгэлтэй машин биш бөгөөд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас “Г” ХХК-д олгосон замын маршрут олгож тус замыг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Г” ХХК, “Э” ХХК-иудын олон жилийн эвдрэл гэмтлийг зөвхөн манай компани үүсгэсэн мэтээр хариуцуулан торгох мөн хохирол, нөхөн сэргээх зардлыг шаардаж байгаа нь илт хууль бус шийдвэр болсон байна.

Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.М-аас “тус сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн уурхай тус сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Г” ХХК-ийн уурхайгаас сум орон нутгийн зөвшөөрөлгүй ус зөөвөрлөж байна” гэх гомдлыг өөрийн биеэр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасныг хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 43-8/899 дүгээр албан бичгээр дээрх гомдлыг шалгуулахаар харьяаллын дагуу Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлжээ.

2.2. Ийнхүү гомдлыг хүлээн авч танилцаад Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Д 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 2330000132 дугаар зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж “Г” ХХК-иас “М” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр ус авч батлагдсан замын маршрут чиглэлийг зөрчиж тээвэрлэлт явуулж газрын хөрс эвдсэн зөрчлийг илрүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0048006 дугаартай шийтгэлийн хуудсаар “М” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 500 000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрт 26 428 343 12 төгрөг, хохирлыг тогтоох зардалд хамаарах нийт 3 000 000 төгрөгийг тус тус төлүүлэхээр шийтгэл оногдуулсан байна.

2.3. Анхан шатны шүүхээс “...Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх тухай хуулийн 4.1.1-д ““хөрс” гэж газрын гадаргын өнгөн хэсгийн үржил шимт давхарга бүхий сэвсгэр хэсгийг”, 4.1.2-т ““хөрсний доройтол” гэж хөрсний үржил шим муудах, элэгдэл, эвдрэлд орох, бохирдох, бэлчээр талхлагдаж анхны шинж чанараа алдахыг” ойлгохоор хуульчилсан бөгөөд “М” ХХК нь өөрийн жонш баяжуулах үйлдвэрт ашиглах усаа “Г” ХХК-ийн уурхайгаас зөөхдөө батлагдсан замын маршрут зөрчиж хөрс эвдэж хохирол учруулсан нь Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5-д “тогтоосон авто зогсоол болон авто замын зорчих хэсгээс бусад газарт тээврийн хэрэгсэл зогсоох, зорчихыг хориглох” гэж заасныг зөрчсөн, ...хууль тогтоомж зөрчсөн гэж хариуцлага ногдуулсныг буруутгах үндэслэлгүй...” гэх дүгнэлтийг хийж гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2.4. Гомдол гаргагч компаниас “...зөрчлийн хэрэг бүртгэгч дэслэгч С.О нь Сүхбаатар аймгийн прокурорын газраас 1100044230000610 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийн дугаарыг авч зөрчлийн хэрэг шалгаж байгаад 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга цагдаагийн хошууч, зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан болох Ж.И нь Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлэхдээ прокурорын зөвшөөрөлгүй буюу танилцуулж бүртгүүлэхгүйгээр шилжүүлсэн нь хууль бус” гэж тайлбарлах боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.3-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан” гэж эрх бүхий албан тушаалтны шууд харьяалах дээд шатны албан тушаалтныг;”, 2.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 1.4-д “зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтанд гаргах;” гэж тус тус хуульчилсан бөгөөд анх зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн ахлагч С.О-аас 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан “Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” санал, тус саналыг хүлээн хүлээн авсан удирдах албан тушаалтан нь гомдол, мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт харьяаллын дагуу шилжүүлсэн байх тул гомдол гаргагчийн энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

2.5. Мөн түүнчлэн гомдол гаргагчаас “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, 2 дахь хэсэгт “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулах нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно”, ... хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл, аливаа зөрчлийн тухайд түүнийг шалган шийдвэрлэх үндсэн хугацаа нь 14 хоног, сунгах тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоног, нийт 58 хоногийн хугацаанд зөрчлийг шалган шийдвэрлэх журам үйлчилнэ, ...зөрчлийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн тохиолдолд хэрэг бүртгэлтийн хугацааг үргэлжлүүлэн тоолохоор, зөрчил шалган шийдвэрлэх хугацаа шинээр эхлэхгүй буюу тасалдахгүй, ... анх Сүхбаатар аймгийн прокурорын газрын 610 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээллийг 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар шилжүүлсэн, энэ хугацаанаас зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг тоолоход үндсэн 14 хоногийн хугацаа нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон, .... зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан гэх үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргахаар хуульчилсан” гэжээ.

2.6. Гэтэл эрх бүхий албан тушаалтан гомдол мэдээллийг хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шийтгэл ногдуулсан байна. Тодруулбал, хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш 12 хоногийн дотор шийдвэрлэсэн буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор шийдвэрлэж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан зарчимтай нийцсэн төдийгүй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

2.7. Харин байгаль орчинд учруулсан хохирол, экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан “Мо” ХХК-ийн хувьд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээтэй байх бөгөөд байгаль орчинд учруулсан хохирол, экологи эдийн засгийн үнэлгээг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг ашиглан дүгнэлт гаргасан талаараа дүгнэлтээ дурджээ.

2.8. Гомдол гаргагчаас дээрх аргачлалыг “...байгалийн нөөц баялгийг ашиглах аливаа үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тооцоход ашигладаг бөгөөд манай компани ямарваа нэг байдлаар байгалийн нөөц баялгийг ашиглах үйл ажиллагаа явуулаагүй буруу аргачлал ашиглаж гаргасан хохирлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр бус болсон” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

2.9. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалын 2-т “Энэ аргачлалын дагуу байгалийн нөөц баялгийг ашиглах аливаа үйл ажиллагааны улмаас байгаль орчинд буюу байгалийн нөөц баялаг, ус, хөрс, ургамал, ой, зэрлэг ан амьтад, тэдгээрийн төрөл зүйлийн амьдрах орчинд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирлыг тооцох ажлыг зохион байгуулахыг Аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт даалгасан”-аас үзвэл гомдол гаргагч хуулийн этгээд нь байгалийн баялгийг ашиглахдаа хэрэглэх зорилгоор батлагдсан маршрутаас гадуур ус зөөвөрлөж, хөрс эвдсэн энэ тохиолдолд хохирлыг дээрх аргачлалаар тооцсон нь үндэслэл бүхий байх тул шинжээчийн дүгнэлтийг хууль зөрчиж хийгдсэн, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй талаарх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

2.10. Нөгөөтээгүүр, гомдол гаргагчаас “...Далд уурхайн шүүрлийн усыг ашиглах гэрээний дагуу манай компани зөвхөн худалдан авагч тал хэрэглэгч бөгөөд ус тээвэрлэх нийлүүлэх үүргийг “Г” ХХК нь өөрийн жолооч, автомашин, техник хэрэгслээр нийлүүлснийг манай компани хариуцлага хүлээх ёсгүй, зөрчилд холбогдож буй тээврийн хэрэгсэл болох 4246 УНУ, 8169 УНР улсын дугаартай автомашинууд нь манай бүртгэлтэй машин биш” гэж давж заалдах гомдолдоо дурджээ.

2.11. Гэтэл хэрэгт авагдсан 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “М” ХХК-ийн ашиглалтын инженер, геологич, байгаль орчин хариуцсан ажилтан Х.Э-оос авсан мэдүүлгийн тэмдэглэлд “...Дээрх машинууд нь хувь хүнийх, манай компани дээр байршуулчихаад байгаа. Ус зөөх шаардлага гаргах үед жолоочийг нь дуудсан, ... би бас явж үзсэн хэсэг газар машинуудын дугуй шигдэж орсон байна. Нээх их эвдчихсэн зүйл байхгүй байна. Байгалиараа сэргэх боломжтой, мөн ковшоор ухаж эвдсэн зүйл байхгүй” гэжээ.

2.12. Дээрх мэдүүлгээс үзэхэд зөрчилд холбогдогч тээврийн хэрэгслүүд нь гомдол гаргагчид огт хамааралгүй, “Г” ХХК-ийн хамаарал бүхий жолооч нар ус зөөвөрлөхдөө байгаль орчинд хохирол учруулсан гэж дүгнэх буюу “М” ХХК-ийг хариуцлагаас чөлөөлөх, тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэлгүй төдийгүй энэ талаарх гомдол нь няцаан үгүйсгэгдэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 ны 05 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.           

           

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БААТАРХҮҮ

 

 

              ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ 

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН