Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/274

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

иргэдийн төлөөлөгч Г.Уранцэцэг,

улсын яллагч А.Нямсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Үржинханд, түүний өмгөөлөгч Н.Цолмон,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овгийн Батбуянгийн Дт холбогдох эрүүгийн 2111000000037 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жалайр овгийн Батбуянгийн Д, 1982 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг Жавхлант 106 гудамж 2 тоотод оршин суух бүртгэлтэй,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 29-ны өдөр 978 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 cap хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлэх ялаас 2 жил хасаж, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хугацааны өмнө тэнсэн сулласан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн уг торгох ял биелэгдээгүй, регистрийн дугаар  НШ_____,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 13-327 тоотод байх өөрийн түрээслэн суудаг нийтийн байрны 6 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Н.Ууганбаяртай маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироон, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр би гэрээсээ ажил хөөцөлдөхөөр гарсан. Би Энхбаяртай тааралдан Шинэбаярынд архи уусан Энхбаяр нь урд өдөр нь хүнтэй зодолдож нүүр нь гэмтсэн байдалтай байсан. Орой гэртээ харих гээд явж байхад Энхбаяр амь хохирогчийг дуудсан. Талийгаач машинтай ирсэн. Бид уулзаад 0.75 литр болон 0.5 литрийн шилтэй архи авч нийтийн байранд уусан. Тухайн үед манайх банштай хавиргатай цай хийсэн байсан. Би хоолны хавиргыг хутгатай хамт гаргаж өгсөн. Би талийгаачтай хоол гаргаж өгөхдөө маргалдсан. Амь хохирогчтой архи хувааж ууж дуусаад байж байтал над руу хутга бариад дайрсан. Би хутгыг булааж аваад заамдаж татахдаа дээрээс нь унасан. Тухайн үед би хутгалсан гэдгээ мэдээгүй. Манай дүү орж ирээд наад хүн чинь биеийн байдал эвгүй байна гээд цагдаагийн байгууллага болон эмнэлгийн тусламж дуудсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Амь хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Үржинханд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай нөхөр өглөө намайг хүргэж өгөөд явсан. Орой ирээгүй. Нарийн асуудлыг би мэдэхгүй. Би 5-15 насны 3 хүүхэдтэй байрны зээлтэй үлдэж байна. Гомдолтой байна. Шүүгдэгчид зохих шийтгэлийг оногдуулах хүсэлтэй байна. Баримтаар нэхэмжилсэн хохирлоо нэхэмжилж байна ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-18/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-28/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Үржинханд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо, “Содон стандарт” хороолол 114-95 тоотод оршин суудаг бөгөөд өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 07:10 цагт би нөхөр Н.Ууганбаярын хамт гэрээсээ гараад би үйлдвэр комбинатад ажил дээрээ нөхрөөрөө хүргүүлсэн. Тэгээд манай нөхөр намайг хүргэж өгчихөөд  өөрийнхөө “Тоёота приус” 20 маркийн 62-85 УБИ улсын дугаартай машинтайгаа гадуур халтуур хийнэ гээд намайг 16:00 цагт ажил дээрээс ирж авна гээд салсан. Ингээд өдөр 12:00 цагийн үед би нөхөр рүүгээ залгахад Сэргэлэнбаатар  гээд найзтайгаа гадуур явах чухал ажилтай болчихлоо, такси аваад гэртээ харьчих гээд над руу дансаар 20,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би гэртээ ирээд байж байтал намайг нөхөр танихгүй дугаараас 18:00 цагийн орчим залгаад надад чи битгий уурлаарай, надад чухал ажил гарчихлаа, надад битгий санаа зовоорой  гэж хэлсэн. Тэгээд миний бие өвдөөд байсан учраас би эм уугаад унтаад өгсөн. Ингээд 23:00 цагийн орчим байхаа манай бага хүүхдийн шүд нь өвдөөд байсан тул би босож эм өгөөд нөхөр рүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан тул буцаад хүүхдээ өвөртлөөд унтсан. Ингээд өглөө сэрэхэд манай нөхөр ирээгүй байсан тул би ажилдаа явсан. Тэгээд ажил дээрээ ирээд 10:00 цагт хуралд орох гээд мөн талийгчийн утас руу залгахад бас л холбогдохгүй байсан. Тэгээд би ажил дээрээ хуралд орчихоод гарч иртэл миний утас руу цагдаагийн байгууллагаас залгаад ирж уулзах хэрэгтэй гэсний дагуу энэ цагдаагийн хэлтэс дээр ирээд нөхрийнхөө нас барсан болохыг мэдсэн. Ийм л асуудал болсон юм...” гэх мэдүүлэг /хх 33-34/,

Гэрч Б.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ингээд нэлээн орой болсон хойно Д бид 2 Шинээ ахынхаас гараад явж байхад Дын дүү Отгонбаяр нь тэрэгчин Ууганбаярын хамт ирсэн. Тэгээд бид дөрөв зам гүүрийн бааз дээр зогсож байхад манай найз Ууганаа /талийгаач/ над руу утсаар яриад өөрийнхөө “Приус-20” маркийн машинтай ирээд 57 дугаар сургуулийн урд байдаг дэлгүүр ороод 2 шил “Хараа” архи аваад Хайлааст луу Дын гэрт нь очоод нэг шил 0,5 литрийн “Хараа” архи уусан. Тэнд архи ууж байхад л Д шорон орон яриад Ууганбаяр /талийгаач/-тай муудалцаад байсан. Ингээд бид нарын авч орсон архи дууссан ба тэрэгчин Ууганбаяр болон Отгонбаяр хоёр талийгаачийн машинаас архи оруулж ирэхээр түлхүүрийг нь аваад хамт гарсан юм. Тэр хоёрыг архи авах гээд гарсан хойгуур Д талийгаачтай маргалдаж байснаа босоод хоолны шүүгээн дээрээс дундуураа эвхэгддэг нэг тонгорог авч ирээд миний өмсөж байсан цамцны захнаас татаад тэр хутгаараа миний цамцыг зүсээд цаашаа талийгаач Ууганаа руу эргэсэн. Тэгэхээр нь би чи яаж байна аа гээд гайхаад араас нь хартал талийгаач Ууганаа цээжнийхээ зүүн дээд хэсгийг гараараа дарчихсан сууж байсан. Тухайн үед тэр байранд талийгаач Ууганаа болон Д бид гурваас өөр хүн байгаагүй ба талийгаач дээгүүрээ цээж нүцгэн сууж байсан юм. Тэгэхээр нь би талийгаачийг чи зүгээр үү гэхэд талийгаач зүгээрээ гэсэн бөгөөд энэ үед гаднаас Отгонбаяр, тэрэгчин Ууганаа хоёр архи аваад ороод ирсэн. Энэ үед Д талийгаач Ууганаагийн цаагуур ороод орон дээр хэвтээд өгсөн. Тэгтэл талийгаач цээжээ дараад сууж байснаа гэнэт нэг эвгүй дуугараад цусаар огиж бөөлжөөд урагшаа унаад өгсөн. Ингээд бид нар сандралдаад цагдаа болон түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэний эмч ирэхээс өмнө цагдаа нар ирээд бид нарыг бүгдийг нь аваад хэлтэс дээрээ авчирсан. Ийм л асуудал болсон юм. Талийгаачийг бол Д хутгалж алсан. Үүнийг нь би яг хажууд нь харж байсан болохоор сайн мэдэж байна. Д намайг хүртэл хутгалах гээд цамцыг маань хүртэл зүссэн. Д яагаад талийгаачийг хутгалсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр хоёр хоорондоо шорон орон яриад би тэр ч атаманыг танина, би энэ ч атаманыг танина гээд л маргалдаад байсан. Бид нар бүгдээрээ архи уусан байсан бөгөөд би бол дунд зэргийн согтолттой байсан. Гэхдээ болсон бүх асуудлыг санаж байна. Д болон талийгаач хоёр мөн л дунд зэргийн согтолтой байх шиг байсан. Тэр хоёр өчигдөр л танилцсан юм...”, “...Бид нар Дын амьдардаг өрөөнд нь ороод ямар нэгэн хоол унд идээгүй. Талийгаач бид 2-т ямар ч байсан хоол аяганд хийж өгөөгүй. Өрөөнд оронгуутаа тойрч суугаад архиа хувааж уусан. Талийгаач ямар ч хутга бариагүй, хавирга идээгүй. Тэр хутгыг Д хаанаас гаргаж ирснийг нь хараагүй. Ямар ч байсан босож ирээд миний цамцнаас татаж хутгаараа зүссэн бөгөөд талийгаачийг гудсан дээр завилаад сууж байхад хажуугаар нь өнгөрөх шиг болохдоо хутгалчихсан байсан. Энэ нь асар богино хугацаанд болсон асуудал юм. Тэр 2 уулзсанаасаа хойш л шорон яриад үг сөргөлцөөд байсан. Би тэр 2-ыг маргалдаж байхад та 2 ингэж бие биенийгээ цохиж чадахгүй хэрэлдэж байхаар нэгийгээ хутгалчихаач гэж хэлээгүй. Талийгаач эхлээд Д луу хутга далайсан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх 41-44х/,

Гэрч Н.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би найз Отгонбаяр, Д нарын хамт /Доржоо гэж дуудаг/ 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хамтдаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх “Хар усан тохой” гэх газрын тийшээ самранд яваад таньдаг болсон юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод самарнаас ирсэн. Тэр үед Д, Отгонбаяр нар Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Жаргалантын 13-327 тоотод байх нийтийн байрны 6 тоотод амьдардаг байсан ба би хамт амьдарч байсан юм. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д 12 цагийн үед санагдаж байна Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ахынхаа гэрт очно гээд явсан. Тэгж байгаад орой 23 цаг өнгөрч байх үед Д Отгонбаяр луу залгаад бид хоёрыг Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгийн 20 дугаар гудамжинд байх “Ангихунт” нэртэй дэлгүүр дээр хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Отгонбаяр бид хоёрыг очиход Д, Ууганбаяр /талийгаач/, Энхээ нар хамтдаа талийгаачийн “приус-20” маркийн автомашин дотор байсан. Бид нар уулзацгаагаад архи авч уухаар болоод 32-ын автобусны тэнд байх шагийн архи, пиво зардаг хүнээс би “Хараа” нэртэй архи 0.5 литрийн 1 ширхэг, 0.75 литрийн архи 1 ширхэгийг тус тус авсан.Тэгээд уг архиа аваад бид нар Д, Отгонбаяр нарын амьдарч байгаа Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 13-327 тоотод байх нийтийн байранд очсон хэдэн цагт очсон талаар сайн санахгүй байна тэнд очоод Энхээ, Д, Ууганбаяр /талийгаач/, Отгонбаяр бид 5 архиа хуваагаад ууцгаагаад суусан. Тэгж байтал Ууганбаяр /талийгаач/, Д 2 хоорондоо шоронгийн талаар яриад маргалдаад хэрэлдээд байсан. Тэр үед бид нар нилээн согтуу байсан. Тэгж байтал Ууганбаяр /талийгаач/ надад автомашиныхаа түлхүүрийг өгөөд автомашинд 0.75 литрийн 1 шил архи байгаа аваад ирээч гэсэн. Тэгэхээр нь тэр үед би Отгонбаярыг хамтдаа гарчихаад ирье, эд зүйл алдчихвал хэцүү ш дээ гээд хамт гарцгаасан юм. Тэр үед Ууганбаяр /талийгаач/ Д нар маргалдаад үлдсэн. Отгонбаяр бид хоёр өрөөнөөс гараад хашаанд байсан автомашинаас 0.75 литрийн “Хараа” нэртэй архи аваад буцаад 6 тоот өрөө рүү ороход Энхээ өрөөний баруун талд сандал дээр согтуу сууж байсан харин Ууганбаяр /талийгаач/ цээж нүцгэн доогуураа өмдтэйгөө байсан ба цээжний зүүн талын зүрхний орчмоос цус гарсан байдалтай байсан ба Д талийгаачийн зүүн талд гартаа хүрэн өнгийн иштэй тонгорог хутга барьсан сууж байхаар нь би сандраад хүн алчихлаа ш дээ, Энхээ чи хамт байсан байж хардаггүй юм уу гэж хэлээд Дын гарт байсан жижиг хүрэн иштэй тонгорог хутгыг булааж аваад хутгыг эвхээд өрөөний зүүн урд талд байсан жижиг ширээн дээр тавьсан. Тэгэхэд Ууганбаяр /талийгаач/ доошоо тонгойсон хөвөн аваад ир гэж байснаа гэнэт цусаар бөөлжөөд эхлэхээр нь би хүн амины хэрэг хийчихлээ гэхэд Д Ууганбаярын ард талаар ороод унтаад өгсөн ба Ууганбаяр цус алдаад эхэлсэн. Тэгэхээр нь сандраад би Энхээгийн утсаар /дугаарыг мэдэхгүй байна/ түргэн дуудсан чинь хаягаа хэлээрэй гээд байсан ба тэр үед Отгонбаяр өрөөнөөс гараад байрны эзнийг дуудаад хаягийг өгч түргэн дуудсан ба түргэн ирэх хооронд Ууганбаяр /талийгаач/ цусаар бөөлжөөд цус алдаад байсан харин Д Ууганбаярын цаагуур ороод унтаад байсан. Тэгээд байж байтал цагдаагийн байгууллагынхан ирээд бид нарыг барьж авсан...” гэх мэдүүлэг /хх 46-47х/,

Гэрч Б.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...ах Б.Д болон Ууганаа гэх залуу хоёр хоорондоо шоронгийн тэр атманыг таних уу, би шоронд хэдэн жил суусан би хэдэн жил суусан гээд маргаад ам мурийх зүйл бол болж л байсан тэгээд тухайн архи дууссан чинь Ууганаа гэх залуу Н.Ууганбаяр бид хоёрт машиныхаа түлхүүрийг өгөөд бид хоёрыг гараад машинаас нөгөө архиа аваад ир гээд дэлгүүрээс авсан байсан 0,75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архийг бид хоёр хайж байгаад жолоочийн эсрэг талын суудлын доороос нь олж аваад гэрээс гараад 10-15 минут орчим болоод эргээд гэрт явж ороход Энхбаяр хэлэхдээ Доржоо намайг ингээд зүсээд хаячлаа шүү дээ гээд өөр дээрээ цээж хэсэгтээ гараараа үзүүлээд дуу чангараад байхаар нь би түүн рүү ойртоод харахад гайгүй цус гарсан зүйл харагдахгүй болохоор нь ах Б.Д луу дөхөх гэхэд араас Энхбаяр намайг зүсээд хаячлаа шүү дээ гээд байхаар нь яасан юм бол гээд харах гээд түүн рүү ойртож зүсэгдсэн шарх байна уу цус гарсан зүйл байна уу гэж харахад чи харахгүй байгаа юм уу ингээд зүсээд хаячлаа ш дээ гээд байсан хэрнээ харахад зүгээр хэвийн байсан тэгээд цаашаа ах Доржоог харахад баруун гартаа манай гэрт байдаг ахуйн хэрэглээндээ ашигладаг Н.Ууганбаяр нь самарт яваад ирэхдээ олж ирсэн байсан хутгыг гартаа барьсан байхаар нь би зүүн гараар хутгатай гарыг нь цохиж газарт унагасан юм. Тэгээд би тухайн хутгыг нь аваад Н.Ууганбаярт өгөөд наад хутгаа цааш нь тавь гэж хэлээд эргээд Ууганаа гэх залууг харахад талийгаач цээжин тус газартаа зүрхнийхээ орчимд гараараа дарсан чинь гарынх нь салаагаар цус гарч байсан тэгэхээр нь би ах Б.Дыг та яаж байгаа юм бэ, хүн хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн чинь зүгээрээ зүгээр би хэмжиж байгаад хутгалсан гэж хэлсэн чинь Ууганаа гэх залуу доошоо газар хажуу тийшээ болж хэвтээд хоёр удаа ханиалгаад л тухайн хутгаар хатгагдаад гараар дарж байсан орчмын газраас цус олгойдоод л гараад байсан тэгээд Энхбаяр түргэн цагдаа дууд гээд хэд хэдэн удаа залгасан боловч хаягаа зааж өгч чадахгүй байсан болохоор би байрны эзэн рүү орж цагдаа дуудаж цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх 50-52х/,

Гэрч Ё.Бумандулам мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...Би 5 хүүхэдтэй Н.Ууганбаяр нь манай хоёр дахь хүргэн байгаа юм. Миний охин Үржинхандтай 2006 онд гэр бүл болж байсан 3 хүүхэдтэй том хүүхэд нь 14 настай, дунд охин нь 7 настай, бага хүү нь 3 настай. Талийгаач бүрэн дунд боловсролтой хувиараа таксинд явдаг байсан. Өмнө нь 2009 онд зодооноор цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Талийгаач хүнд тусархуу, хүний эв сайн олдог, үг дуу цөөтэй, хүнээс түрүүлж хөдөлнө гэж бараг л байхгүй даруу төлөв хүн байсан. Талийгаач эцэг, эхээсээ гурвуулаа байсан. Эцэг, эх нь нас бараад удаж байгаа. Төрсөн хоёр дүү нь тусдаа амьдардаг юм...” гэх мэдүүлэг /хх 57х/,

Гэрч Б.Туяацэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ... Би Б.Дын төрсөн эгч нь байгаа юм. Миний дүү Д нь 1982 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн. Эхээс зургуулаа Д дөрөв дахь хүүхэд нь байгаа юм. Бага нас нь эцэг, эх дээрээ хүмүүжин Төв аймгийн Сүмбэр суманд дурд сургуульд 7 настайдаа элсэн орж 6 дугаар анги хүртэл сурч байгаад сургуулиасаа гарч хөдөө эцэг, эх дээрээ мал маллаж байгаад 2011 онд Улаанбаатар хотод орж ирж хувиараа дэрсэн шүүр хийж зардаг байсан. Миний дүү Д нь даруу төлөв зантай, хүнд тусархуу олонтойгоо нийтэч ажилсаг хүн байсан...” гэх мэдүүлэг /хх 61х/,

Шинжээч Ж.Ганцэнгэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Талийгаачийн цээжний зүүн талд дээрээс доошоо, зүүнээс баруун тийш ташуу чиглэлтэй 7,5 см гүн нэвтэрсэн шарх байсан. Талийгаач уг гэмтлийг авсан даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хх 79х/,

Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би бусдыг алсан хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлголоо. Би энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Мөн надад ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-132х /

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 198 дугаартай дүгнэлтэд: “...Талийгаачийн биед цээжний хөндийн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн талын 3-4-р хавирганы завсраар цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг хальсны зүүн доод хэсэг, зүрхний зүүн ховдол руу нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальсны хөндий дэх цусан хураа /150гр/, цээжний хөндий дэх сул цус /500гр/ зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь хурц цус алдалтын улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн биед бусадтай тэмцэлдсэн гэхээр шинж тэмдэг үгүй байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байна. Талийгаачийн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх нь 8 см урттай, 1,8 см өргөнтэй ажлын хэсэг бүхий хутга мэсээр үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх 70х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 84 дугаартай дүгнэлтэд: “...Б.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт /хх 96-97х/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 143х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 142х/, шүүгдэгч Б.Дт холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 146-159х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 13-327 тоотод байх өөрийн түрээслэн суудаг нийтийн байрны 6 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Н.Ууганбаяртай маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-18/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 23-28/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Үржинхандын “...Би нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо, Содон стандарт хороолол 114-95 тоотод оршин суудаг бөгөөд өчигдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө 07:10 цагт би нөхөр Н.Ууганбаярын хамт гэрээсээ гараад би үйлдвэр комбинатад ажил дээрээ нөхрөөрөө хүргүүлсэн. Тэгээд манай нөхөр намайг хүргэж өгчхөөд  өөрийнхөө Тоёота приус 20 маркийн 62-85 УБИ улсын дугаартай машинтайгаа гадуур халтуур хийнэ гээд намайг 16:00 цагт ажил дээрээс ирж авна гээд салсан. Ингээд өдөр 12:00 цагийн үед би нөхөр рүүгээ залгахад Сэргэлэнбаатар  гээд найзтайгаа гадуур явах чухал ажилтай болчихлоо, такси аваад гэртээ харьчих гээд над руу дансаар 20,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би гэртээ ирээд байж байтал намайг нөхөр  танихгүй дугаараас 18:00 цагийн орчим залгаад надад чи битгий уурлаарай, надад чухал ажил гарчихлаа, надад битгий санаа зовоорой  гэж хэлсэн. Тэгээд миний бие өвдөөд байсан учраас би эм уугаад унтаад өгсөн. Ингээд 23:00 цагийн орчим байхаа манай бага хүүхдийн шүд нь өвдөөд байсан тул би босож эм өгөөд нөхөр рүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан тул буцаад хүүхдээ өвөртлөөд унтсан. Ингээд өглөө сэрэхэд манай нөхөр ирээгүй байсан тул би ажилдаа явсан. Тэгээд ажил дээрээ ирээд 10:00 цагт хуралд орох гээд мөн талийгчийн утас руу залгахад бас л холбогдохгүй байсан. Тэгээд би ажил дээрээ хуралд орчхоод гарч иртэл миний утас руу цагдаагийн байгууллагаас залгаад ирж уулзах хэрэгтэй гэсний дагуу энэ цагдаагийн хэлтэс дээр ирээд нөхрийнхөө нас барсан болохыг мэдсэн. Ийм л асуудал болсон юм...” гэх мэдүүлэг /хх 33-34/, гэрч Б.Энхбаярын “...Ингээд нэлээн орой болсон хойно Д бид 2 Шинээ ахынхаас гараад явж байхад Дын дүү Отгонбаяр нь тэрэгчин Ууганбаярын хамт ирсэн. Тэгээд бид дөрөв зам гүүрийн бааз дээр зогсож байхад манай найз Ууганаа /талийгаач/ над руу утсаар яриад өөрийнхөө Приус-20 маркийн машинтай ирээд 57 дугаар сургуулийн урд байдаг дэлгүүр ороод 2 шил Хараа архи аваад Хайлааст луу Дын гэрт нь очоод нэг шил 0,5 литрийн Хараа архи уусан. Тэнд архи ууж байхад л Д шорон орон яриад Ууганбаяр /талийгаач/-тай муудалцаад байсан. Ингээд бид нарын авч орсон архи дууссан ба тэрэгчин Ууганбаяр болон Отгонбаяр хоёр талийгаачийн машинаас архи оруулж ирэхээр түлхүүрийг нь аваад хамт гарсан юм. Тэр хоёрыг архи авах гээд гарсан хойгуур Д талийгаачтай маргалдаж байснаа босоод хоолны шүүгээн дээрээс дундуураа эвхэгддэг нэг тонгорог авч ирээд миний өмсөж байсан цамцны захнаас татаад тэр хутгаараа миний цамцыг зүсээд цаашаа талийгаач Ууганаа руу эргэсэн. Тэгэхээр нь би чи яаж байна аа гээд гайхаад араас нь хартал талийгаач Ууганаа цээжнийхээ зүүн дээд хэсгийг гараараа дарчихсан сууж байсан. Тухайн үед тэр байранд талийгаач Ууганаа болон Д бид гурваас өөр хүн байгаагүй ба талийгаач дээгүүрээ цээж нүцгэн сууж байсан юм. Тэгэхээр нь би талийгаачийг чи зүгээр үү гэхэд талийгаач зүгээрээ гэсэн бөгөөд энэ үед гаднаас Отгонбаяр, тэрэгчин Ууганаа хоёр архи аваад ороод ирсэн. Энэ үед Д талийгаач Ууганаагийн цаагуур ороод орон дээр хэвтээд өгсөн. Тэгтэл талийгаач цээжээ дараад сууж байснаа гэнэт нэг эвгүй дуугараад цусаар огиж бөөлжөөд урагшаа унаад өгсөн. Ингээд бид нар сандралдаад цагдаа болон түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэний эмч ирэхээс өмнө цагдаа нар ирээд бид нарыг бүгдийг нь аваад хэлтэс дээрээ авчирсан. Ийм л асуудал болсон юм. Талийгаачийг бол Д хутгалж алсан. Үүнийг нь би яг хажууд нь харж байсан болохоор сайн мэдэж байна. Д намайг хүртэл хутгалах гээд цамцыг маань хүртэл зүссэн. Д яагаад талийгаачийг хутгалсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр хоёр хоорондоо шорон орон яриад би тэр ч атаманыг танина, би энэ ч атаманыг танина гээд л маргалдаад байсан. Бид нар бүгдээрээ архи уусан байсан бөгөөд би бол дунд зэргийн согтолттой байсан. Гэхдээ болсон бүх асуудлыг санаж байна. Д болон талийгаач хоёр мөн л дунд зэргийн согтолтой байх шиг байсан. Тэр хоёр өчигдөр л танилцсан юм...”, “...Бид нар Дын амьдардаг өрөөнд нь ороод ямар нэгэн хоол унд идээгүй. Талийгаач бид 2-т ямар ч байсан хоол аяганд хийж өгөөгүй. Өрөөнд оронгуутаа тойрч суугаад архиа хувааж уусан. Талийгаач ямар ч хутга бариагүй, хавирга идээгүй. Тэр хутгыг Д хаанаас гаргаж ирснийг нь хараагүй. Ямар ч байсан босож ирээд миний цамцнаас татаж хутгаараа зүссэн бөгөөд талийгаачийг гудсан дээр завилаад сууж байхад хажуугаар нь өнгөрөх шиг болохдоо хутгалчихсан байсан. Энэ нь асар богино хугацаанд болсон асуудал юм. Тэр 2 уулзсанаасаа хойш л шорон яриад үг сөргөлцөөд байсан. Би тэр 2-ыг маргалдаж байхад та 2 ингэж бие биенийгээ цохиж чадахгүй хэрэлдэж байхаар нэгийгээ хутгалчхаач гэж хэлээгүй. Талийгаач эхлээд Д луу хутга далайсан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг/хх 46х/, гэрч Н.Ууганбаярын “...Би найз Отгонбаяр, Д нарын хамт /Доржоо гэж дуудаг/ 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хамтдаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Хар усан тохой гэх газрын тийшээ самранд яваад таньдаг болсон юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод самарнаас ирсэн. Тэр үед Д, Отгонбаяр нар Чингэлтэй дүүргийн 15-р хороо, Жаргалантын 13-327 тоотод байх нийтийн байрны 6 тоотод амьдардаг байсан ба би хамт амьдарч байсан юм. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д 12 цагийн үед санагдаж байна Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ахынхаа гэрт очно гээд явсан. Тэгж байгаад орой 23 цаг өнгөрч үед Д Отгонбаяр луу залгаад бид хоёрыг Чингэлтэй дүүргийн 12-р хороо Булгийн 20 дугаар гудамжинд байх “Ангихунт” нэртэй дэлгүүр дээр хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Отгонбаяр бид хоёрыг очиход Д, Ууганбаяр /талийгаач/, Энхээ нар хамтдаа талийгаачийн приус-20 маркийн автомашин дотор байсан. Бид нар уулзацгаагаад архи авч уухаар болоод 32-ын автобусны тэнд байх шагийн архи, пиво зардаг хүнээс би “Хараа” нэртэй архи 0.5 литрийн 1 ширхэг, 0.75 литрийн архи 1 ширхгийг тус тус авсан.Тэгээд уг архиа аваад бид нар Д, Отгонбаяр нарын амьдарч байгаа Чингэлтэй дүүргийн 15-р хороо Жаргалантын 13-327 тоот байх нийтийн байранд очсон хэдэн цагт очсон талаар сайн санахгүй байна тэнд очоод Энхээ, Д, Ууганбаяр /талийгаач/, Отгонбаяр бид 5 архиа хуваагаад ууцгаагаад суусан. Тэгж байтал Ууганбаяр /талийгаач/, Д 2 хоорондоо шоронгийн талаар яриад маргалдаад хэрэлдээд байсан. Тэр үед бид нар нэлээн согтуу байсан. Тэгж байтал Ууганбаяр /талийгаач/ надад автомашиныхаа түлхүүрийг өгөөд автомашинд 0.75 литрийн 1 шил архи байгаа аваад ирээч гэсэн. Тэгэхээр нь тэр үед би Отгонбаярыг хамтдаа гарчхаад ирье, эд зүйл алдчихвал хэцүү ш дээ гээд хамт гарцгаасан юм. Тэр үед Ууганбаяр /талийгаач/ Д нар маргалдаад үлдсэн. Отгонбаяр бид хоёр өрөөнөөс гараад хашаанд байсан автомашинаас 0.75 литрийн “Хараа” нэртэй архи аваад буцаад 6 тоот өрөө рүү ороход Энхээ өрөөний баруун талд сандал дээр согтуу сууж байсан харин Ууганбаяр /талийгаач/ цээж нүцгэн доогуураа өмдтэйгөө байсан ба цээжний зүүн талын зүрхний орчмоос цус гарсан байдалтай байсан ба Д талийгаачийн зүүн талд гартаа хүрэн өнгийн иштэй тонгорог хутга барьсан сууж байхаар нь би сандраад хүн алчихлаа ш дээ, Энхээ чи хамт байсан байж хардаггүй юм уу гэж хэлээд Дын гарт байсан жижиг хүрэн иштэй тонгорог хутгыг булааж аваад хутгыг эвхээд өрөөний зүүн урд талд байсан жижиг ширээн дээр тавьсан. Тэгэхэд Ууганбаяр /талийгаач/ доошоо тонгойсон хөвөн аваад ир гэж байснаа гэнэт цусаар бөөлжөөд эхлэхээр нь би хүн амины хэрэг хийчихлээ гэхэд Д Ууганбаярын ард талаар ороод унтаад өгсөн ба Ууганбаяр цус алдаад эхэлсэн. Тэгэхээр нь сандраад би Энхээгийн утсаар /дугаарыг мэдэхгүй байна/ түргэн дуудсан чинь хаягаа хэлээрэй гээд байсан ба тэр үед Отгонбаяр өрөөнөөс гараад байрны эзнийг дуудаад хаягийг өгч түргэн дуудсан ба түргэн ирэх хооронд Ууганбаяр /талийгаач/ цусаар бөөлжөөд цус алдаад байсан харин Д Ууганбаярын цаагуур ороод унтаад байсан. Тэгээд байж байтал цагдаагийн байгууллагынхан ирээд бид нарыг барьж авсан...” гэх мэдүүлэг /хх 43-44х/, гэрч Б.Отгонбаярын “...ах Б.Д болон Ууганаа гэх залуу хоёр хоорондоо шоронгийн тэр атманыг таних уу, би шоронд хэдэн жил суусан би хэдэн жил суусан гээд маргаад ам мурийх зүйл бол болж л байсан тэгээд тухайн архи дууссан чинь Ууганаа гэх залуу Н.Ууганбаяр бид хоёрт машиныхаа түлхүүрийг өгөөд бид хоёрыг гараад машинаас нөгөө архиа аваад ир гээд дэлгүүрээс авсан байсан 0,75 литрийн савлагаатай Хараа нэртэй архийг бид хоёр хайж байгаад жолоочийн эсрэг талын суудлын доороос нь олж аваад гэрээс гараад 10-15 минут орчим болоод эргээд гэрт явж ороход Энхбаяр хэлэхдээ Доржоо намайг ингээд зүсээд хаячлаа шүү дээ гээд өөр дээрээ цээж хэсэгтээ гараараа үзүүлээд дуу чангараад байхаар нь би түүн рүү ойртоод харахад гайгүй цус гарсан зүйл харагдахгүй болохоор нь ах Б.Д луу дөхөх гэхэд араас Энхбаяр намайг зүсээд хаячлаа шүү дээ гээд байхаар нь яасан юм бол гээд харах гээд түүн рүү ойртож зүсэгдсэн шарх байна уу цус гарсан зүйл байна уу гэж харахад чи харахгүй байгаа юм уу ингээд зүсээд хаячлаа ш дээ гээд байсан хэрнээ харахад зүгээр хэвийн байсан тэгээд цаашаа ах Доржоог харахад баруун гартаа манай гэрт байдаг ахуйн хэрэглээндээ ашигладаг Н.Ууганбаяр нь самарт яваад ирэхдээ олж ирсэн байсан хутгыг гартаа барьсан байхаар нь би зүүн гараар хутгатай гарыг нь цохиж газарт унагасан юм. Тэгээд би тухайн хутгыг нь аваад Н.Ууганбаярт өгөөд наад хутгаа цааш нь тавь гэж хэлээд эргээд Ууганаа гэх залууг харахад талийгаач цээжин тус газартаа зүрхнийхээ орчимд гараараа дарсан чинь гарынх нь салаагаар цус гарч байсан тэгэхээр нь би ах Б.Дыг та яаж байгаа юм бэ, хүн хутгалчихлаа ш дээ гэж хэлсэн чинь зүгээрээ зүгээр би хэмжиж байгаад хутгалсан гэж хэлсэн чинь Ууганаа гэх залуу доошоо газар хажуу тийшээ болж хэвтээд хоёр удаа ханиалгаад л тухайн хутгаар хатгагдаад гараар дарж байсан орчмын газраас цус олгойдоод л гараад байсан тэгээд Энхбаяр түргэн цагдаа дууд гээд хэд хэдэн удаа залгасан боловч хаягаа зааж өгч чадахгүй байсан болохоор би байрны эзэн рүү орж цагдаа дуудаж цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх 50-52х/, шинжээч Ж.Ганцэнгэлийн “...Талийгаачийн цээжний зүүн талд дээрээс доошоо, зүүнээс баруун тийш ташуу чиглэлтэй 7,5 см гүн нэвтэрсэн шарх байсан. Талийгаач уг гэмтлийг авсан даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хх 79х/, шүүгдэгч Б.Дын “...Би бусдыг алсан хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа ойлголоо. Би энэ гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Мөн надад ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-132х/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч: “... өмнө нь гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан иргэн Д нь гэм буруугаа ухаараагүй байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэх дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 13-327 тоотод байх өөрийн түрээслэн суудаг нийтийн байрны 6 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Н.Ууганбаяртай маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдав.

Шүүх, шүүгдэгч Б.Дыг ял шийтгэхдээ түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хүний амь нас хохирсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Дт оногдуулсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлсэн гэх боловч хавтас хэрэгт торгох ялыг биелүүлсэн талаарх баримт авагдаагүй байна.

Шүүгдэгч Б.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Үржинханд нь оршуулгын зардалд 11,500,000 төгрөгийг нэхэмжлэх боловч нотлох баримтаар тогтоогдсон 10,327,030 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Үржинхандад олгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 04 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 13-327 тоотод байх өөрийн түрээслэн суудаг нийтийн байрны 6 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа Н.Ууганбаяртай маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалж алсан гэх хэрэгт хэргийн газрын үзлэгийн явцад хураан авч шинжилгээ хийгдсэн хутга нь 8 см урттай, 1,8 см өргөн бүхий ажлын хэсэгтэй эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Д сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоног, 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 116 хоног, нийт 118 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жалайр овогт Батбуянгийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Дын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 118 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгч Б.Дт оногдуулсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлсүгэй.  

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даас 10,327,030 /арван сая гурван зуун хорин долоон мянга гуч/ төгрөгийг гаргуулан Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон стандарт хороолол 114-95 тоотод оршин суух, Боржигон овгийн Чулуунбатын Үржинханд /ЙЗ84121744/-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 см урттай, 1,8 см өргөн эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХАЛИУН

                         ШҮҮГЧИД                                      С.БАТГЭРЭЛ

                                                                                П.АРИУНБОЛД