| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00618/И |
| Дугаар | 102/ШШ2017/01482 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2017/01482
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 2-р хороо, 96-р байрны 03 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УП92051607, Тангууд овогт Алтанзаяагийн Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, Алтай хотхон, 16-р байрны 261 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УП90090955, Олонынхон овогт Бүддоржийн Нямд холбогдох,
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөөс хүү Н.Болдсайханд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Би Б.Нямтай 2008 онд танилцаж, 2010 оны 06 сарын 10 өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 оны 07 сарын 08 өдөр хүү Н.Болдсайхан мэндэлсэн.
Хамт амьдрах хугацаандаа хариуцагчтай таарч тохирохгүй олон асуудал гарч байсан. Хүүгээ төрснөөс хойш 6 сар хамт амьдарч байгаад, Б.Ням ядарч байна гэж хэлээд гэрээсээ явж, 3 жил орчим тусдаа амьдарч байгаад, 2014 оны 2 сараас эвлэрч, хамт амьдарсан. Гэвч энэ хугацаанд Б.Ням нь хүүхдээ хүмүүжүүлж байна гэж зоддог. Үүнийг нь би хүлээн зөвшөөрдөггүй. Мөн хүү бид хоёрт ямар нэгэн туслалцаа үзүүлдэггүй. Байнга компьютер тоглоом тоглоод шөнө оройн цагаар алга болдог. Дээрх байдлаас шалтгаалан 2016 оны 12 сараас эхлэн би ээжийндээ амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтээ цуцалж өгнө үү.
Бидний дундын өмчлөлийн орон сууцыг Б.Ням 75 000 000 төгрөгөөр зарж, надад 36 088 500 төгрөгийг өгсөн. Тухайн үед салах шийдвэр гаргаагүй байсан бөгөөд хүү Н.Болдсайханд ногдох хувийг шаардаагүй. Иймд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүү Н.Болдсайханд ногдох хувь болох 12 925 000 төгрөгийг Б.Нямаас гаргуулж өгнө үү. Хүү Н.Болдсайханд эцэг Б.Нямаас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2008 онд танилцаж, 2010 оны 06 сарын 10 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2010 оны 07 сарын 08 өдөр хүү Н.Болдсайхан төрсөн. Эхнэр маань ээжтэйгээ хамт байна гээд хадам ээж Алтанзаяагийнд бид хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд А.Дуламсүрэн нь жолооны курст сурч, сургалтынхаа залуучуудтай хамт шоудаж, зугаалгаар явж, архидан согтуурч байхдаа намайг араар тавьж, гэр бүлээ хуурсан. Би энэ явдлыг найзтайгаа интернэтээр бичсэн зурвасаас уншиж мэдсэн бөгөөд А.Дуламсүрэн өөрөө хүлээн зөвшөөрсөн. Энэ явдал надад хүндээр тусч, бид 3 жилийн хугацаанд тусдаа амьдарсан. 2014 онд эвлэрч, хамтран амьдарч эхэлсэн. Тухайн үед би Хүннү айр ХХК-д хөлгийн ахлах үйлчлэгчээр ажилладаг байсан. Хэрэглээний зардал, байрны төлбөрийг би өөрөө төлдөг байсан. Намайг ажлаасаа гарснаас хойш эхнэр хэрэглээний мөнгөнөөс төлөлцдөг байсан нь үнэн. Би амьдрах гэж хичээдэг байсан бөгөөд эхнэрээ зодох байтугай гар хүрч ч үзээгүй. Хүүхэд маань 2016-09-01 өдөр сургуульд орж, аав хүний хувьд хичээлийг нь хийлгэх гэж загнадаг байсан нь үнэн. Гэхдээ зодож байсан удаагүй. Бид хадам ээж Алтанзаяагийн зөвлөсний дагуу Шинэ тэнгэр гэдэг сүмд явдаг болсон. Тухайн сүмд 7 хоногийн 6 өдөр явах шаардлагатай тул ажил хийх боломжгүй болохоор ажлаасаа гарсан. А.Дуламсүрэнтэй хамт амьдардаг байхад эхнэр маань гэр орноо цэвэрлэдэггүй, хоол ундаа хийдэггүй, өдөр шөнийг өнгөрөөх гэж байгаа юм шиг амьдардаг байсан. Цаашид эвлэрэх боломжгүй тул гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхэддээ тэтгэлэг төлнө.
Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хүү Н.Болдсайханд 12 925 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна. Гэхдээ одоогоор ажилгүй байгаа тул ажилтай болохоороо цувуулан төлье гэжээ.
Нэхэмжлэгч А.Дуламсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хариуцагч Б.Нямаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөөс хүү Н.Болдсайханд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь Б.Ням Австрали улс руу удаан хугацаагаар явсан. Ирэхээр нь гэрлэлтээ цуцлуулах тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Дуламсүрэн хариуцагч Б.Нямд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөөс хүү Н.Болдсайханд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар 2017-03-22 өдөр хэлэлцээд, гэрлэгчдийг эвлэрүүлэхээр 2 сарын хугацаагаар хэргийг шийдвэрлэхийг түдгэлзүүлсэн болно.
Шүүх хуралдааныг 2017-05-22 өдөр хийхээр товлосон бөгөөд хуралдаанд хариуцагч ирээгүй байна.
Хариуцагч суралцахаар гадаад явсан шалтгаан тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч А.Дуламсүрэн хариуцагч Б.Нямд холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөөс хүү Н.Болдсайханд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлт гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 291 950 төгрөгийг улсын орлогод үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон