| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01249/И |
| Дугаар | 102/ШШ2017/01471 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01471
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 3-р хороолол, 14-р хороо, 17-р байрны 17 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЕЭ64120570, Боржгон овогт Түмэнжаргалын Болдбаатарын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 13-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 26-р байрны 23 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ОС75121604, Бууч овогт Хүрэлбаатарын Сувдаад холбогдох,
Баянгол дүүрэг, 13-р хорооны 26-р байрны зоорийн давхрын 4 тоот автозогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 1 459 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Болдбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагч Х.Сувдаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 13-р хорооны 26-р байрны зоорийн давхрын 4 тоот автозогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зогсоолоо эзэмшиж чадаагүйгээс учирсан хохирол, олох байсан ашиг 1 459 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 13-р хорооны 26-р байрны зоорийн давхрын 4 тоот автозогсоолыг худалдан авахаар тус барилгыг барьж, ашиглалтанд оруулсан Зоосон хана ХХК-ийн эрх бүхий хүмүүстэй 2011-04-25 өдөр уулзаж, автозогсоолуудтай танилцаж, зогсоолыг сонгон авч, автозогсоолын үнэ 12 500 000 төгрөгийг төлсөн. 2012-01-23 өдөр автозогсоолыг өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн газраас гаргуулж авсан. 2011-04-25 өдрөөс худалдагч зогсоолд автомашинаа тавьж болохыг зөвшөөрч, зогсоолын гадна хаалганы түрхүүрийн нэг хувийг надад өгсөн ба түүнээс хойш өөрийн эзэмшлийн 82-83 УНИ улсын дугаартай Starex автомашин, мөн 91-92 УНИ улсын дугаартай GX-470 макийн автомашинуудыг зөвхөн өвлийн улиралд зогсоолд тавьж байгаад автомашинаа 2014 оны 09 сард бусдад зарж, автомашингүй болсон. Мөн гэр маань хорооллын эцсээс нүүж, гэр холдсон тул хэсэг хугацаанд зогсоолоо ашиглаагүй. Гэхдээ автозогсоолын цэвэрлэгээ, арчилгааны зарлыг Нарлаг-77 СӨХ-д байгуулагдахаас өмнө орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан Зоосон хана ХХК-ийн дансанд, СӨХ байгуулагдсанаас хойш Нарлаг -77 СӨХ-ны данс руу тогтмол төлж, өмчлөгчийн үүргээ биелүүлж ирсэн. Миний худалдан авсан зогсоолд тус 26-р байрны 23 тоотод оршин суудаг Х.Сувдаа гэх эмэгтэй сүүлийн 2 жил орчим хугацаанд машинаа тавьж байгаа юм байна. 2016 оны 10 сард дулаан зогсоолоо бусдад түрээслүүлэхээр болж, түрээслэгчийн хамт очиход миний өмчлөлийн зогсоол дээр 62-59 УНК улсын дугаартай машин байсан. Ингээд уг машины цонхон дээр утасны дугаараар Х.Сувдаатай холбогдоход хэл амаа ололцоогүй тул түрээслэгч гэрээгээ цуцласан. Миний бие хэд хэдэн удаа би өөрөө машинаа тавих гэсэн боловч мөн чадаагүй. 2017-01-13 өдөр Х.Сувдаагийн нөхрийн утасны дугаарыг олж, нөхөр н.Дандартай утсаар ярьж, маргаашнаас эхлэн өөрийнхөө зогсоолд машинаа тавина, чөлөөлж өгөөрэй гэхэд урьд нь 91-92 УНИ дугаартай Lexus маркийн автомашин тавьж байсан, би мэдэж байна гэсэн. 2017-01-14 өдөр 11 цагийн орчимд машинаа байрлуулаад явсан. Гэтэл орой Х.Сувдаа гэх эмэгтэй 99100378 дугаарын утаснаас залгаж, хэл амаар доромжилж, 2 хоногийн турш загнаж, доромжилсон утгатай мессеж явуулсан. Х.Сувдаа нь 2013-04-23 өдөр тус байранд нүүж ирсэн ба 2013-07 сард 12 тоот зогсоолыг худалдан авсан гэсэн. Өөрийн зогсоол мөн гэдгээ батлахын тулд өмчлөх эрхийн гэрчилгээгээ Х.Сувдаад үзүүлсэн. Уг 26-р байрны зоорийн давхрын зогсоолууд дугаарлаагүй боловч автозогсоол худалдан авсан хүмүүс анх худалдаж авахдаа сонгож авсан буюу худалдагчаас зааж өгсөн зогсоолыг эзэмшиж, ашиглаж байсан. Миний бие 26-р байрны автозогсоолын хаалгаар оронгуут баруун эргээд 2 дахь зогсоол буюу урд талын хананд байрлалтай, шавардаагүй тоосгон ханан артай зогсоолыг худалдан авч, мөнгөө төлсөн. Х.Сувдаа нь автозогсоолын дугаарлаагүй байдлыг далимдуулан, миний автозогсоолыг булаалдаж, өмчлөх эрхийг маань зөрчиж байна. Энэ талаар СӨХ- СӨХ-ны анхны дарга байсан н.Батсүрэнтэй 2017-01-17 өдөр уулзахад ахыгаа уучлаарай, чамайг машинаа зарж, зогсоолоо ашиглахгүй байхаар чинь орж, гарахад амар байршилтай болохоор нь би тэр хүмүүсийг энэ хоосон зайд машинаа тавьж байхгүй юу гээд хэлчихсэн юм аа гэж хэлсэн.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Х.Сувдаагийн хууль бус эзэмшлээс автозогсоолыг чөлөөлж, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 194 дүгээр зүйлийн 194.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу автозогсоолоо эзэмшиж чадахгүй, автомашинаа гадаа хонуулсны улмаас машиныхаа аккумляторыг хулгайд алдаж, шинэ аккумлятор 199 000 төгрөгөөр худалдан авсан, мөн 2016-10-01 өдрөөс 2017-04-01 өдөр хүртэл өөрийн өмчлөлийн зогсоолыг бусдад 1 сард 180 000 төгрөгөөр түрээслүүлэх гэрээ байгуулсан боловч Х.Сувдаа автозогсоол чөлөөлж өгөөгүйн улмаас түрээсийн гэрээ цуцлагдсан тул 7 сарын түрээсийн төлбөрт 1 260 000 төгрөг, нийт 1 459 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү? гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Миний бие Баянгол дүүрэг, 13-р хороо, 26-р байрны 23 тоотод нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Уг байрыг 2010 оны сүүлчээр ашиглалтанд орох мэдээлэл авч, байрны эзэнд урьдчилгаа мөнгөө тушааж, 2011 оны 05 сард байранд нүүж орсон. Тухайн үед манай байрны зоорийн зогсоолууд зарагдаж эхлээгүй байсан ба машинуудыг төлбөртэй зогсоож байсан. 2011 оны сүүлээр өөрийн эзэмшиж байсан 00-54 УБТ улсын дугаартай Прадо маркийн автомашиныг уг зогсоолд оруулж тавьдаг болсон. 2013 он зоорийн зогсоолуудыг зарна гэсэн саналыг Зоосон хана ХХК-ийн захирал Барсболдоос авч, өөрийн биеэр түүнд Нарлаг-77 СӨХ-ийн албан өрөөнд 15 000 000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Гэрчилгээ бичиг баримтыг Барсболд өөрийн биеэр баталгаажуулж, манай нөхөр Д.Дандарт 2013-07-23 өдөр гаргаж өгсөн. Манай нөхөр 2013-08-28 өдөр надад уг зогсоолыг бэлэглэж, гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч Т.Болдбаатарын автозогсоол нь №4 гэж бичигдсэн байгаа, харин миний өмчлөлийн автозогсоол №12 тоот гэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон автозогсоолын ханан дээр бичигдсэн байдаг. Т.Болдбаатар нь №13 тоотын зогсоолыг луйвардаж авах гээд өвөлжилгөө маргасан гэсэн. Нэхэмжлэгч Т.Болдбаатар ямар машинтай, аккумлятор нь яагаад эвдэрсэн нь надад хамаагүй. Нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдааны явцад зохигч байгуулсан эвлэрлийн гэрээнд: Баянгол дүүрэг, 13-р хорооны 26-р байрны зоорийн давхрын 4 тоот автозогсоолыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 1 459 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлээс 1 459 000 төгрөгийн хэсгээс нэхэмжлэгч Т.Болдбаатар татгалзаж, хариуцагч Х.Сувдаа Баянгол дүүрэг, 13-р хорооны 26-р байрны зоорийн давхрын 4 тоот автозогсоолыг чөлөөлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн талаар зохигч шүүх хуралдааны явцад харилцан тохирч, нэхэмжлэгч Т.Болдбаатар хохиролд хариуцагчаас гаргуулахаар 1 459 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс татгалзаж, хариуцагч Х.Сувдаа Баянгол дүүрэг, 13-р хороо, 26-р байрны зоорийн давхарт байрлах, автозогсоолын баруун гар талд хана дагуу байрлаж буй /одоо 12 гэсэн дугаар бичсэн/ 2 дахь буюу 4 тоот автозогсоолыг чөлөөлж нэхэмжлэгчид шилжүүлэхээр зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан болно.
Шүүх шийдвэр гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 106 дугаар зүйлийн 56.1, 60.1, 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 108 500 төгрөгийг улсын орлогод үлдээж, 35 100 төгрөгийг хариуцагчаар нэхэмжлэгчид нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,