Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/545

 

 

 

    2021      08         10                                      2021/ШЦТ/545

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Д.Азжаргал, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

улсын яллагч С.Болорзул,

иргэдийн төлөөлөгч Б.Хишгээ,

хохирогч И.Мөнхтулга,

шүүгдэгч Ч.М-, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Ч.М-д холбогдох эрүүгийн 2109000000458 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хамтран амьдрагч, охины хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн эрүүгийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу 3.400.000 төгрөгөөр торгох,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 905 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / ... овогт Ч.М- нь:

 

-  2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд иргэн И.Мөнхтулгын хэвлий тус газарт хутгалж, биед нь хэвлийн зүүн талын хөндий рүү нэвтэрч, бүдүүн гэдэсний уруудах хэсгийн нэвт хатгасан шарх, хэвлийн хөндийн 2000 мл цус болон ялгадаст шингэн хуралдалт, хэвлийн гялтангийн үрэвсэл буюу амь насанд аюултай, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 15 /

 

Дуудлагын лавлагааны хуудас / хх 16 /

 

Хохирогч И.Мөнхтулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Байгалмаа “Найз нарын хамт салхинд гарах гэсэн юм. Хамт явъя” гэсэн. ...Ингээд бид нар уулзаж, зуслангийн байшин түрээслэсэн юм. ... Тунгалагийн олон жилийн өмнөх найз гэх хоёр залуутай танилцаад хоол идэж, согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд шөнөжингөө ууж, зарим нь унтаж амарсан. Нэг мэдэхэд үүр цайж, өглөө болсон байсан. Би тухай үед нөгөө танилцсан хоёр залууд хандаж “Та хоёр юу хийдэг юм” гэхэд хэлэхгүй байхаар нь “Та хоёр их сэжигтэй. Та хоёрыг шалгуулна аа” гэж хэлснээс болж тэр хоёр залуутай маргалдсан. Ингээд удалгүй байж байхад нөгөө хоёр залуу гадаа байж байснаа өндөр шар Ч.М- буюу Оросоо гэх залуу “Гурвуулаа архинд явъя” гэхээр нь тэгье гэж хэлээд намхан сахалтай бор царайтай залуу машин бариад хажууд нь шар залуу суугаад би хойно нь суугаад байрнаас хөдөлсөн. Удалгүй би өндөр шар царайтай Оросоо гэх залуутай дахин маргалдаж, улмаар би “ Зогс зогс. Би буулаа “гэхэд машин зогссон. Би буугаад буцаад алхтал миний араас хөлийн чимээ гарсан. Эргээд харахад өндөр шар залуу / Оросоо / нь миний гар руу цохих шиг болсон. Дахин зууралдахад миний зүүн хавирга орчим дахин цохьсон бөгөөд тухайн үед жирс гээд эвгүй болохоор нь хутгалчихлаа гэж бодоод түлхэж холдуулаад зугтсан. Энэ үед жижиг залуу нь шар залуутайгаа зууралдаад үлдсэн.

... Би эргэж хараад алхаж байхад тэр хоёр залуу машиндаа суугаад хөдөлсөн. Ямартай ч зүүн хавирга орчим хутганы шархтай, хэвлий хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдэс тасарч хагалгаанд ороод гарч ирсэн. Оросоо гэх өндөр шар залуу ямар нэгэн шалтгаангүй хутгаар хутгалсан. Тухайн үед маш хурдан болж өнгөрсөн тул ямар хутгаар хутгалсныг хараагүй. Ойр орчимд хэн нэгэн байгаагүй гэжээ. / хх 21-24 /

 

Гэрч Ц.Тунгалаг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Өглөө архи дууссан болохоор Оросоо болон Ууганаа, Байгалаагийн нөхөр Мөнхтулга гурав архинд явсан. Арай л удаад байхаар нь гадаа гараад байж байсан. Байгалаагийн нөхөр Мөнхтулга хашааны хаалгаар орж ирээд гуйваад газар уначихсан. Тэгээд эхнэр нь гүйгээд очиход Мөнхтулга ухаангүй болчихсон байсан. Байгалмаа аймаар хашгирахаар нь яасан бэ гэтэл “ Нөхрийг хутгалчисан байна “ гэхээр нь хартал хэвлий хэсгээс нь цус их гарсан байдалтай байсан.

... Байшин дотор ууж идэж байхдаа Мөнхтулга Байгалаа хоёр хоорондоо маргалдаж Мөнхтулга нь эхнэр Байгалааг алгадсан. Энэ үед Оросоо Байгалааг өмөөрч “Чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй шүү дээ” гэж хэлээд маргалдсан. Хэрүүл энэнээс эхэлсэн байх. Мөнхтулга “Та хоёрт ямар хамаатай юм бэ. Та хоёрыг шалгуулна” гэж маргасан гэжээ. / хх 28-30, 32 /

 

Гэрч Д.Байгалмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:  ... Тухайн үед доод давхраас Оросоо гэх залуу Тулгаа гэж орилсон бөгөөд манай нөхөр доош буусан. Ингээд араас нь буухад Оросоо гэх залуу манай нөхөр хоёр хоорондоо маргалдаад байсан. Би нөхрийгөө боль боль гэхэд энэ залуу намайг өдөөд байна гэж хэлсэн. ... Тэгээд “ Больцгоо. Өглөө болсон байна. Харих нь хариад явах нь явъя”  гэж хэлээд байж байхад Оросоо, манай нөхөр, намхан залуу 3 ганц юм ууя гээд эвлэрсэн байдалтай байсан. Ингээд тэр гурав гараад явсан. ... Тунгаа бид хоёр банштай цай хийнэ гэж ярилцаад юм ярьж сууж байгаад “ Энэ гурав яагаад удаад байна” гэж бодоод гараад харахад манай нөхөр гэдсээ дарсан, хөлөө чирээд эвгүй байдалтай алхаад ирж байсан. Энэ үед би нөхрийнхөө өөдөөс гүйгээд очиход “ Битгий сандраарай. Хайр нь хутгалуулчихлаа “гэж хэлэхээр нь түшээд оруулах гэтэл нөхөр унасан гэжээ. / хх 35-36 /

 

Гэрч Х.Ууганбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Мөнхтулга гэх залуу найз Ч.М- бид хоёртой үг сөрөөд “Та хоёрыг шалгуулна “гэх мэтийн зүйл яриад байсан. Энэ үед манай найз Ч.М- “Чи юу шалгах гэсэн юм. Иргэний үнэмлэх виза карт шалгах уу” гэх мэтийн зүйл яриад маргаан эхлэх гээд байсан. Бид хоёр машиндаа суугаад хөдөлтөл тэр залуу хойноос явган гүйсэн ба машин хурдаа авч амжаагүй байхад машины явдал дунд найз Ч.М- буусан. Хаалга онгойлгохдоо хаалганы хавтсанд байсан хутга аваад буусан. Би машинаа шууд зогсоогоод найз Ч.М-ы араас гүйж очиход Ч.М- Мөнхтулга хоёр зууралдсан байдалтай байсан бөгөөд Ч.М-ы гарт хутга байхаар нь би хутгатай гарын бугуйн дээр нь гараараа цохиод хутга нь унахаар хутгыг өшиглөж найзыгаа татаж аваад машинд суулгаж газар байсан хутгыг авч байсан газар нь хийсэн. Ингээд бид хоёр хөдлөөд явсан. Тухайн үед Мөнхтулга зогсож байгаад цаашаа алхаад явж байгаа харагдсан. Би энэ үед ямар нэгэн юм бодолгүй найзыгаа аваад өөр гудамжинд орж зогссон. Тунгаа залгаад хаана байна гэхээр нь газраа хэлэхэд зам дээр гараад ир гэхээр нь гартал цагдаа нар ирсэн.

Би амжиж очоод хутгыг нь булаасан гэж бодож байсан. Би хутгалаагүй. Мөн найзыгаа яг хутгалж байхыг хараагүй. Би машинаас буугаад очиход зууралдаад байж байсан. Ямартай ч Ч.М- хутга аваад буусан. Намайг буух зуур хутгалсан байж болох юм. Ч.М- хутга аваад буухад би машинаа зогсоогоод араас нь шууд буусан. Тухайн үед хажууд өөр ямар нэгэн хүн байгаагүй гэжээ. / хх 42 /

 

Гэрч Ц.Мөнгөнцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Шөнө унтаж байхад манай найз Байгалмаа орилоод уйлаад нөхөр Мөнхтулгатай маргалдаад байсан. Би доош бууж тэр хоёрт “Битгий маргалдаад бай. Больцгоо” гэж хэлсэн. ... Ингээд өглөө 06 цагийн үед байх надтай хамт ирсэн хоёр найз босоод ажилдаа явлаа гэхээр нь гаргаж өгөөд хоёр давхарт гарч хэвтсэн. Би хоёр найзыгаа гаргаж өгөхөд нөгөө 4 унтаагүй байсан. Байгалмаа Мөнхтулга хоёр маргалдаж явган хэрүүл хийгээд байж байсан. Ингээд намайг дээр хэвтэж байхад намхан сахалтай залуу босоод ирчихсэн “Та нар шөнөжингөө уулаа. Одоо жаахан ч гэсэн унтаж амарцгаахгүй юу. Та хоёр шөнөжингөө маргалдлаа гэр бүлийн асуудлаа гэртээ шийдэж болохгүй юм уу” гэж хэлж байгаа сонсогдсон. Тэгээд Байгалмаа дээшээ гарч ирээд миний хажууд хэвтсэн ба хэсэг нам гүм байж байгаад чанга чанга дуу гараад хоорондоо маргалдах чимээ гарсан. Би хэсэг хэвтэж байгаад доош бууж “ Та нар больцгоо “ гэж хэлсэн. Тухайн үед Мөнхтулга, Оросоо гэх залуу 2 хоорондоо үг сөрөөд маргалдахад би Мөнхтулгыг боль гээд нөгөө намхан залуу Оросоог боль гээд болиулсан. ... Би тухайн үед ойр орчмын хогийг цэвэрлээд гаргаж тавиад тайвширах гээд машиндаа суухад Мөнхтулга, Оросоо намхан сахалтай залуу гурав гарч ирээд хоорондоо тэврэлдээд гараа барилцаад нэгнийхээ мөрөн дээр цохиод байхаар нь би “ Эрчүүд учир эвлэрчихлээ. Ашгүй “ гэж бодоод хөдлөөд Дарь-Эхэд байдаг өвөөгийнхөө гэрт ирсэн гэжээ. / хх 46-47 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2871 дугаартай дүгнэлтэнд:

1. И.Мөнхтулгын биед хэвлийн зүүн талын хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийн нэвт хатгасан шарх, хэвлийн хөндийн 2000 мл цус болон ялгадаст шингэн хуралдалт, хэвлийн гялтангийн үрэвсэл, хэвлийн хагалгааны дараах байдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Учирсан шарх гэмтэл нь өөрийн гар хүрэх байрлалд байна гэжээ. / хх 52 /

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: ... Цайвар цэнхэр суудлын машин байх бөгөөд уг машины жолооч талын хаалганы хавтсанд бор иштэй хутга байх бөгөөд криминалистик шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав гэжээ. / хх 81 /

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх 91 /

 

Яллагдагч Ч.М- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Тухайн үед бид нар архи согтууруулах ундаа шөнөжин хэрэглэхэд хэрүүл маргаан болоогүй. Харин И.Мөнхтулга нь үүрээр болон шөнө эхнэртэйгээ маргалдаад эхнэрээ алгадаад байсан учир өглөө тэр талаар нь манай найз бид хоёр хэлээд маргаан үүссэн байх. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй. Би хутга аваад бууж Мөнхтулгатай маргалдаад байж байхад найз араас бууж ирж намайг машинд суулгасан. И.Мөнхтулга араас “Чи Монгол улсын иргэн мөн үү. Чамайг шалгуулна” гэх зүйл яриад байхаар нь айлгах санаатай хутга аваад буусан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 6-8 /

 

Шүүгдэгч Ч.М-аас 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 6-8 /

 

Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 105 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ч.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Ц.Тунгалаг “Найзуудтайгаа хамт амралтанд явах гэж байна. Хамт явах уу” гэхээр нь хамт явахаар болсон. И.Мөнхтулга болон Ц.Тунгалагийн найзуудтай Гоодойн зусланд Ц.Тунгалагийн захиалсан амралтын байшинд очсон. Тэгээд бид нар бөөнөөрөө танилцаад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Унтаж амралгүй өглөө болтол архи уусан. Ууганбаатар унтаж байгаад босож ирээд машиндаа суугаад явах гэж байтал И.Мөнхтулга машины хойд суудалд суучихаад Ууганбаатар бид хоёрыг “Та хоёр яадаг хүмүүс юм. Та хоёрыг шалгуулна” гэж ярьж агсраад байсан. Шөнөжингөө архи уугаад унтаагүй байсан болохоор энэ хэрэг, зодооны талаар санахгүй байна. И.Мөнхтулгыг буугаад явсны дараа машиндаа суугаад хөдлөөд явсан. Тэр Ууганбаатар машиныхаа жолоог барьчихаад хутгаараа нүд амаа сохолчих гээд машиныхаа хянахыг цохиод уйлаад байсан. Би хутгыг булааж аваад өөрийн суудлын хавтсанд хийсэн. Яг хаашаа явж байснаа мэдэхгүй байна. Ууганбаатар л хутгыг бариад явж байсан. Нэг мэдэхэд энгийн хувцастай цагдаа нар ирээд Ууганбаатар бид хоёрыг баривчлан эрүүлжүүлэх байранд саатуулсан байсан. Би энэ хэргийг үйлдсэн гэдэгтээ эргэлзэж байна. Эмчилгээний зардалд 1.472.832 төгрөг төлсөн гэв.

 

Хохирогч И.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  ... 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр манай эхнэр Байгалмаа бид хоёр гэртээ харих гээд явж байтал Ц.Тунгалаг гэх манай найз “Агаар салхинд гаръя. Би Гоодойн зусланд нэг байр авчихлаа. Тийшээ хүрээд ир. Манай хоёр найз ирж байгаа” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд очсон. Тэгээд Гоодойн аманд очоод байж байхад манай бас хэдэн найзууд ажил нь тараад ирсэн. Бүгдээрээ тэнд нэлээн их ууж идсэн. Би шөнийн 3 цагийн үед нойр хүрээд унтаж байгаад боссон. Өглөө 6 өнгөрч байхад Ууганбаатар Ч.М- хоёр гадаа зогсож байсан. Тэгээд “Одоо дэлгүүр нээсэн байх гурвуулаа дэлгүүр ороод архи аваад ирье” гээд явсан. Тэгээд би машинаа Ууганбаатар бариулаад би ард нь суусан. Ч.М- жолоочийн эсрэг талд сууж байсан. Бид 3 байрнаасаа гараад 60-70 метр явсан байх. Би тэр хоёрыг “Юу хийдэг хүмүүс юм бэ. Шалгуулна” гэж хэлээд маргалдахад би зогс зогс би буулаа гэж хэлээд буусан. Машинаас буугаад 10-аад метр алхаж байсан. Тэр үед Оросоо /Ч.М-/ араас ирээд гэдэс рүү цохих шиг болсон. Би яг машинаас буугаад явж байхдаа машин руу эргэж харахад Оросоо машинаас бууж байх шиг байсан. Тэгээд ардаас хүрч ирээд явъя гэж хэлэх гэж байгаа юм байх гэж бодсон. Хутгалчихна гэж бодоогүй. Тэгэхэд Ууганбаатар машиныхаа арийг түшээд хараад зогсож байсан. Миний бүдүүн гэдэс тасарсан болохоор хагалгаанд орсон. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 29-нөөс эхлэн Нэгдүгээр эмнэлгийн бүдүүн, шулуун гэдэсний тасгийн хяналтад байгаа. Одоо дахиад бүдүүн гэдсээ холбох хагалгаанд орох ёстой. Эмчилгээний зардалд 1.472.832 төгрөг авсан. Цаашид хагалгаа хийлгэхтэй холбоотой зардлыг нэхэмжилнэ. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ч.М- нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодой зусланд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч И.Мөнхтулгатай үл ялих зүйлээс болж маргалдан түүний хэвлийн тус газарт хутгалж, хэвлийн зүүн талын хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийн нэвт хатгасан шарх, хэвлийн хөндийн 2000 мл цус болон ялгадаст шингэн хуралдалт, хэвлийн гялтангийн үрэвсэл буюу амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 15 /,   ... Би тухай үед нөгөө танилцсан хоёр залууд хандаж “Та хоёр юу хийдэг юм” гэхэд хэлэхгүй байхаар нь “Та хоёр их сэжигтэй, та хоёрыг шалгуулна аа” гэж хэлснээс болж тэр хоёр залуутай маргалдсан. Машинаас буугаад алхтал миний араас хөлийн чимээ гарсан. Эргээд харахад өндөр шар залуу / Оросоо / нь миний гар руу цохих шиг болсон. Дахин зууралдахад миний зүүн хавирга орчим дахин цохьсон бөгөөд тухайн үед жирс гээд эвгүй болохоор нь хутгалчихлаа гэж бодоод түлхэж холдуулаад зугтсан. Энэ үед жижиг залуу нь шар залуутайгаа зууралдаад үлдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч И.Мөнхтулгын мэдүүлэг / хх 21-24 /,    ... Байгалаагийн нөхөр Мөнхтулга хашааны хаалгаар орж ирээд гуйваад газар уначихсан. Байгалмаа аймаар хашгирахаар нь яасан бэ гэтэл нөхрийг хутгалчихсан байна гэхээр нь хартал хэвлий хэсгээс нь цус их гарсан байдалтай байсан. ... Байшин дотор ууж байхдаа Мөнхтулга Байгалаа хоёр хоорондоо маргалдаж Мөнхтулга нь эхнэр Байгалааг алгадсан. Энэ үед Оросоо Байгалааг өмөөрч “Чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй шүү дээ” гэж хэлээд маргалдсан. Хэрүүл энээс эхэлсэн байх. Мөнхтулга “Та хоёрт ямар хамаатай юм бэ. Та хоёрыг шалгуулна” гэж маргасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Тунгалагийн мэдүүлэг / хх 28-30, 32 /,   ... Манай нөхөр гэдсээ дарсан, хөлөө чирээд эвгүй байдалтай алхаад ирж байсан. Энэ үед би нөхрийн өөдөөс гүйгээд очиход битгий сандраарай. Хайр нь хутгалуулчихлаа гэж хэлэхээр нь түшээд оруулах гэтэл нөхөр унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Байгалмаагийн мэдүүлэг / хх 35-36 /,   ... Ч.М-ы гарт хутга байхаар нь би хутгатай гарыг нь бугуй дээр нь гараараа цохиод хутга нь унахаар хутгыг өшиглөж найзыгаа татаж аваад машинд суулгаж газар байсан хутгыг авч байсан газар нь хийсэн. Тухайн үед Мөнхтулга зогсож байгаад цаашаа алхаад явж байгаа харагдсан.  ...Ч.М- хутга аваад буухад би машинаа зогсоогоод араас нь шууд буусан. Тухайн үед хажууд өөр ямар нэгэн хүн байгаагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Х.Ууганбаатарын мэдүүлэг / хх 42 /,  ... Шөнө унтаж байхад манай найз Байгалмаа орилоод уйлаад нөхөр Мөнхтулгатай маргалдаад байсан. Би доош бууж тэр хоёрт “Битгий маргалдаад бай. Больцгоо” гэж хэлсэн. ... Би хоёр найзыгаа гаргаж өгөхөд нөгөө 4 унтаагүй байсан. Байгалмаа Мөнхтулга хоёр маргалдаж явган хэрүүл хийгээд байж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ц.Мөнгөнцэцэгийн мэдүүлэг / хх 46-47 /,   ... И.Мөнхтулгын биед хэвлийн зүүн талын хөндий рүү нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийн нэвт хатгасан шарх, хэвлийн хөндийн 2000 мл цус болон ялгадаст шингэн хуралдалт, хэвлийн гялтангийн үрэвсэл, хэвлийн хагалгааны дараах байдал гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2871 дугаартай дүгнэлт / хх 52 /,  ... Цайвар цэнхэр суудлын машин байх бөгөөд уг машины жолооч талын хаалганы хавтсанд бор иштэй хутга байж бөгөөд криминалистик шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авав гэх Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 81 /,   ... Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх 91 /,    ... И.Мөнхтулга араас “Чи Монгол улсын иргэн мөн үү, шалгуулна  чамайг” гэх зүйл яриад байхаар нь айлгах санаатай хутга аваад буусан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ч.М-ын мэдүүлэг / хх 6-8 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.М-ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: Мөнхтулгын мэдүүлснээр Ч.М-ы гарт хутга байсан гэж байгаа тул хутгалсан хүн нь буюу Ч.М- гэм буруутай байна гэх дүгнэлт гаргасан болно.

 

Шүүгдэгч Ч.М-д ял шийтгэл оногдуулахдаа эмчилгээний зардлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ч.М- нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хүнийг хутгалж, санаатай хүнд гэмтэл учруулсан, хохирогч нь яаралтай эмнэлгийн тусламж аваагүй бол амь нас нь хохирох эрсдэлтэй байсан, дээрх гэмтлийн улмаас хагалгаанд орсон боловч эрүүл мэнд нь сайжраагүй, дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа, шүүгдэгч нь эмчилгээний зардал 1.472.832 төгрөгийг нөхөн төлсөн, түүний хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан хуульд заасан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-г хэрэглэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд Ч.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол гэм хорыг арилсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Ч.М- нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.

 Гэвч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “ Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно”, мөн хуулийн 12.7 дугаар зүйлд “Энэ хуулийн 5.2-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж заажээ.

 

Шүүгдэгч Ч.М- нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн тул шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасанд хамаарч байх тул түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “stainless steel japan” гэсэн бичиглэлтэй хүрэн модон бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ч.М- 2 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож, төлөх төлбөргүй, хохирогч И.Мөнхтулга нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулгаас хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Үүнд:

1. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч  нарын мэдүүлгээр хэн аль нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, хохирогч И.Мөнхтулга, эхнэртэйгээ маргалдснаас болж шүүгдэгч Ч.М- өмөөрч тэдний хооронд маргаан эхэлсэн. И.Мөнхтулга нь шүүгдэгч Ч.М-, гэрч Х.Ууганбаатар нарыг “Монгол улсын иргэн үү, шалгуулна” гэх зэргээр тэдгээрийн хооронд таарамжгүй харилцаа үргэлжлэн улмаар Ч.М-тай маргалдаж, машинаас буугаад явж байхад нь шүүгдэгч Ч.М- түүний араас очиж хутгалсан ба Х.Ууганбаатар нь 3-4 метрийн цаана буюу машиныхаа хажууд байсан болох нь хохирогч И.Мөнхтулга, гэрч Х.Ууганбаатар нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг зэргээр тус тус нотлогдсон.

2. Хохирогч И.Мөнхтулга нь хутгалуулаад өөрөө хэргийн газраас өөрсдийн түрээслэсэн байшин дээрээ ирсэн. Х.Ууганбаатар нь хохирогчид тусламж үзүүлээгүйгээс болж хохирогчид гэмтэл учраагүй байна. Өөрөөр хэлбэл Х.Ууганбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдхүүн байхгүй байна.

3. Хэдийгээр хохирогч нь анх хутгалуулж ирээд өөрийн эхнэр Д.Байгалмаагийн асуултанд сахалтай жижиг залуу гэж хэлсний дагуу түүний эхнэр ЦБ-д дуудлага өгөхдөө ... Ууганаа гэж хүн хутгалсан байна “ гэх дуудлага өгсөн / хх 16, 36 / боловч И.Мөнхтулгыг хохирогчоор хууль сануулан мэдүүлэг авахад / хх 21-24 / Ч.М- хутгалсан болохыг тодорхой мэдүүлсэн, Ч.М-аас өмгөөлөгчийн хамт мэдүүлэг авахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэргээр шүүгдэгч Ч.М- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон, Х.Ууганбаатарыг хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

4. Дээрх хохирогчид учирсан гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр / хх 52 / нэг удаа ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоосон байна.

Иймд хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байх тул хэргийг прокурорт буцаах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Ч.М-ыг зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.М-ы эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “stainless steel japan” гэсэн бичиглэлтэй хүрэн модон бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ч.М- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч И.Мөнхтулга нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.М-ы цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Ч.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ

       ШҮҮГЧИД                                    Д.АЗЖАРГАЛ                                                                                                                                                                                                                    Д.ДАРЬСҮРЭН