Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/591

 

 

 

 

 

 

2021           08         25                                            2021/ШЦТ/591

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

улсын яллагч Ц.Төгөлдөр,

хохирогч Т.Баяр, О.Энхжаргал, Э.Цэцэгсайхан,

            шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909013941302 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1988 оны 9 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, З2 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Супер Ойл” ХХК-нд туслах менежер ажилтай, ам бүл-2, эхийн хамт, тоотод оршин суудаг,

 2016 оны 10 дугаар сарын 17-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 6.720.000 сая төгрөгөөр торгох ялаар,

2018 оны 6 дугаар сарын 29-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

          2018 оны 7 дугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, А.Г /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.Г нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Централ тауэрт хохирогч Т.Баярт өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулан өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 01 дүгээр сарын 27-ноос 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хороонд нийт 6.900.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

Мөн иргэн О.Энхжаргалаас “Гаалийн татварыг буулгаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 11-р байрны “Баян булаг” нэртэй дэлгүүрийн ажилтан иргэн Н.Номингийн эзэмшлийн Хаан банкны 50705317993 дугаарын дансаар 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 3.500.000 төгрөгийг, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөгийг нийт 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэн О.Энхжаргалыг хуурч, түүний эзэмшлийн 150 ширхэг дарсыг “мөнгийг нь ирэхээр нь өгнө” хэмээн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Туушин” зочид буудлын “Фермер” лоунжид шилжүүлэн авч, 4.269.800 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 11.269.800 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Сингапур улсаас Монгол Улс руу нисэх нислэгт багтааж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Э.Цэцэгсайханаас 3.250.000 төгрөгийг Хаан банкны 5070516492 дансаар шилжүүлэн авч залилсан буюу нийт 21.419.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…эхэлж уулзаад 3.000.000 бэлнээр, бусад мөнгийг нь дандаа өөрийнхөө дансаар авч байсан, нийтдээ миний санаж байгаагаар 7.000.000 төгрөг байсан чинь Баяр ах 6.000.000 гаран төгрөг гэж байсан. Энэ мөнгийг би тухайн үедээ итгэмжлэлээр оролцоно гэж тооцоолоод байгууллагынхаа үйл ажиллагаанд хэрэглэсэн. ...би О.Энхжаргал гэх хүнээс авсан 150 ширхэг дарсны тухай асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Харилцан тохиролцсон ажил байсан. Харин гаалийн татвар бууруулж өгнө гэж 7.000.000 төгрөг авч өөрийнхөө өрийг дарсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-5-6, 2хх-28/,

 

Хохирогч Т.Баяр шүүхийн хэлэлцүүлэгт “…Анх надаас 8.000.000 төгрөг авсан, мөрдөн байцаалтын шатанд 6.900.000 төгрөгийн хохиролтой гэж бичигдсэн. Одоо 6.900.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэв.

түүний хохирогчоор өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр манай дүү Однаран надад Гантамир гэх хүнийг сайн өмгөөлөгч гэж танилцуулсан. Тэгээд одоо яриад хэргээ танилцуулаад уулзчих гэсэн. Тэгээд би Гантамир руу гар утсаар ярьсан, тэгтэл намайг 3.000.000 төгрөгөө аваад хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би 3.000.000 төгрөг бэлнээр аваад Централ таурын 2 дугаар давхарт очиж уулзаад мөнгөө бэлнээр өгсөн. Тэгтэл Гантамир “би яг одоо хүнтэй уулзах гээд байна гэрээгээ дараа болъё болно биз дээ” гэж хэлээд миний холбогдсон хэргийн хүмүүстэй уулзана гээд яваад өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа надаас 1.000.000 төгрөг хэрэгтэй байна шинжээчийн дүгнэлтийг таны талд аятайхан гаргах гээд шинжээч болон ахлах шинжээчид нь 500.000, 500.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Тэгээд дараа нь захиргааны хэргийг чинь өмгөөлж өгнө гээд 3.000.000 төгрөг авсан. Тэр 3.000.000 төгрөгийг 2.400.000 төгрөгийг би толгойтод банкнаас Гантамирын данс руу хийсэн. Хамгийн сүүлд үлдсэн 1.400.000 төгрөгийг манай эхнэр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс мобайл банкаар шилжүүлсэн. ...Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны иргэдийн нийтийн анхдугаар хурлын сонгуулийн маргаантай асуудлыг шийдвэрлэж өгнө, мөн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны толгойтын 10- 99 тоотод байрлах Стар караоке бааранд болсон зодооны маргаантай асуудлыг шийдвэрлэж өмгөөлөл үзүүлнэ гэж мөнгө авсан. ...гэрээ хийнэ гэж хэлчхээд хийхгүй өдийг хүрсэн юм. Надад хэлэхдээ өмгөөлөгчөөр оролцож хэрэг маргааныг 1 сарын дотор шийдвэрлэж өгнө гэж хэлээд мөнгө авсан юм. ...ямар нэгэн хэрэг маргаанд ороогүй, эрүүгийн хэргийн тов гараад хүлээгээд ирэхгүй байсан, тэгээд Дорлигжавын өмгөөлөгч Пүрэвбаатар гэдэг хүнийг оролцуулна гэж хэлээд тэр хүн нь ирэхгүй байхаар нь би Гантамиртай утсаар ярихад өөрөө надад “би өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй” гэдгээ хэлсэн юм. Тэгээд би цагдаад өргөдөл гаргасан юм…” гэсэн мэдүүлэг /1хх-27-28/,

 

Хохирогч О.Энхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт “…Гурван удаа залилуулсан. Мөрдөн байцаалтын шатанд миний хохирлын хэмжээ маш бага тогтоогдсон. Гомдолтой байна. Надад 1.500.000 төгрөг буцааж өгсөн. 18.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

түүний хохирогчоор өгсөн: “...Цэнтрал таворын 3 давхарт уулзсан. Тэнд бид 2 танилцаад өөрийгөө дарсанд дурслагсдын группийн админ, маркетинг хийдэг, моторын тос оруулж ирдэг, авто засвартай, хуульч, өмгөөлөгч гэж хэлж байсан. Одоогийн байдлаар Наран их дэлгүүр, Номин их дэлгүүртэй хамтарч ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэгээд манай маркетинг зар сурталчилгааг хийж өгье гэсэн. Тэгээд би зөвшөөрч хийлгэхээр болоод 5.000.000 төгрөгөөр ажиллуулъя гэхэд 8.000.000 гээд тохирохгүй байсан. Тэгээд маргааш нь 2019 оны 7 дугаар сарын 19-нд Спортын төв ордны хажууд уулзаад гэрээ хийгээд дарсанд дурлагсдын групп гэсэн нэртэй 5070516492 дугаартай данс руу өөрийн хаан банкны 5720526969 дугаартай данснаас 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 03-нд надаас “бараа чинь хэзээ буух вэ” гэж асуусан. Тэгээд маргааш нь “Гаалийн татварыг чинь буулгаж өгнө, манай эгч Гаалийн ерөнхий газрын дарга” гэж хэлээд эгчдээ өгнө гээд 2 хуваагаад 7.000.000 төгрөгийг Номин гэсэн нэртэй 570531793 дугаартай данс руу өөрийн хаан банкны дансаар шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 16-нд бараа буугаад АКЦ нааж байх үед над руу залгаад гэрээний үлдэгдэл 3 сая төгрөг хурдан шилжүүлчих гэхээр нь Дарсанд дурлагсдын ТББ-ын данс руу шилжүүлсэн. Мөн 2020 оны 6 дугаар сарын 27-нд миний төрсөн дүү болох Отгонжаргалтай холбогдоод эгчдээ битгий хэлээрэй, ахдаа Дарсанд дурлагсдын групп болон, Фантаси +18 дэлгүүртэй хамтран үйл ажиллагаа явуулна тэгээд ахдаа 150 ширхэг дарс Туушингийн 25 давхрын “Ферум” лаунжид аваад ирээч, мөнгийг нь ирэхээр нь өгье гэж хэлсэн гэхээр нь манай дүү аваачиж өгсөн байсан. Үүнээс хойш ямар мөнгө авч чадахгүй байгаа. Нийт 20 сая төгрөгийг Гантамираас нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг /2хх-17/,

 

Хохирогч Э.Цэцэгсайхан шүүхийн хэлэлцүүлэгт “…3.250.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 800.000 төгрөгийг буцааж авсан. Одоо 2.450.000 төгрөг  нэхэмжилж байна...” гэв.

түүний хохирогчоор өгсөн: “...Би нөхөр 3 хүүхдийн хамтаар Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүннаран 1-16 тоотод оршин суудаг. Хувиараа караоке ажиллуулдаг. 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сингапур улс руу хувийн зардлаар 21 хоног аялахаар явсан ба 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр буцах билетээ захиалаад авч явсан байсан. Ингээд 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдрөө Сингапур улс руу явсан ба очоод 7 хоноод байж байх үед коронавирус хүндэрч, Монгол улс хилээ хааж би гацсан. Сингапур улсад байх Монгол улсын элчин сайдын яаманд нутаг руугаа буцах өргөдлөө удаа дараа өгсөн боловч хөгшин настай, жирэмсэн, өвчтэй хүмүүсийг явуулаад байсан. 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн нислэгт нь өөрийгөө багтчих байх гээд итгэлтэй хүлээж байсан. Ингээд мэйлээр хариугаа шалгахад 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн онгоцонд та багтаж чадсангүй, өргөдлөө шинэчилж өгнө үү гэсэн хариу ирсэн байсан. Ингээд би өөрийнхөө фэйсбүүк дээр 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн онгоцонд дахиад л багтаж чадсангүй гэж сэтгэгдлээ илэрхийлсэн. Тэгэхэд миний чат руу Алтангэрэл Гантамир гэх фэйсбүүк хаягаас “сайн уу, нислэгт багтаж чадахгүй байгаа юм уу, гадаад паспортын зургаа явуулчих гэхээр нь олон сар хүний нутагт мөн 3 хүүхдээ маш их санаж байсан болохоор итгээд гадаад паспортын зургаа явуулсан. Гантамир нь “2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн нислэгт багтаах боломжтой, хоёр найз маань Онцгой байдлын ерөнхий газарт ажилладаг, хоёр найзыгаа саяхан авч ирсэн гэж хэлсэн. Маргааш нь Гантамир “би найзуудтайгаа уулзаж байна, чи эхлээд тусгаарлагдах мөнгө, онгоцны тийзийн мөнгө тушаах хэрэгтэй юм байна, ирсэн хойноо 500.000 төгрөгийн хахууль өгөөрэй” гэж хэлэхээр нь нийт хэдэн төгрөг болох вэ гэж асуухад 3.250.000 төгрөг болно. Энэ бол зөвхөн онгоцны тийзийн мөнгө, тусгаарлагдах байрны мөнгө шүү гэж хэлсэн. Ингээд би итгээд 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрийн интернэт банкаар өөрийнхөө Хаан банкны 5029850697 дугаарын данснаас 5070516492 дугаарын дансанд Дарсанд дурлагсдын клуб гэсэн нэртэй данс руу 3.250.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлээд би Гантамир руу мөнгөө шилжүүлчихлээ гэж хэлэхэд за найз нь болгоноо гэж хэлсэн. Ингээд би хүлээж эхэлсэн боловч 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Элчингээс над руу хариу өгөөгүй, Гантамираас асуухаар явж байна, уулзаж байна, бүтээж байна гэх хариуг өгдөг байсан. 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сингапурт байрлах Монгол улсын элчин сайдын яамнаас залгаж, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Японоор дамжиж ирэх транзит нислэгт багтлаа, та онгоцны тийзийн мөнгө, тусгаарлагдах мөнгөө 24 цагийн дотор төлөх шаардлагатай байна гэж хэлэхээр нь Гантамир руу залгаж 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн нислэгт багтсан байна гэнээ, онгоцны тийзийн мөнгө, тусгаарлагдах байрны мөнгө төлөх ёстой гэж байна, чи хахуулийн 500.000 төгрөгөө аваад над руу үлдэгдлийг нь шилжүүлчих чи эсвэл наанаасаа МИАТ-аас билет захиалчих гээд уйлаад ярихад за гэж хэлээд алга болсон. Ингээд манай нөхөр машинаа банк бус санхүүгийн байгууллагад тавиад мөнгөөр нь зардлаа хийгээд ирсэн. Монголд ирээд Гантамиртай холбогдоход найзыгаа Авлигатай тэмцэх газар өгсөн байгаа, найз нь чиний мөнгийг өөрөөсөө ч хамаагүй гаргаж өгнө гэж хэлсэн. Энэ үгэнд нь итгээд л яваад байсан. Намайг тусгаарлагдах байранд байхад Гантамир нь 1 удаа эргэж ирсэн ба Гантамираас мөнгөө асуухаар удахгүй өгнөө л гэдэг. ...3.250.000 төгрөгийг шилжүүлсэн. Намайг тусгаарлах байранд байх үед 200.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Одоо 3.050.000 төгрөгийг авна. ...Машинаа барьцаанд тавиад сар бүр зээл, хүү төлж байна. Хохирлоо хурдан барагдуулмаар байна…” гэсэн мэдүүлэг /2хх-75-76/,

 

Гэрч М.Оюумаагийн “...Гантамир гэх хүнтэй манай нөхөр миний дүү Однарангаар дамжуулж танилцсан. Тухайн үед Гантамир нь би Сонгинохайрхан дүүрэгт таньдаг хүн ихтэй, цагдаагийн газрын даргыг нь танина таны зодооны асуудлыг шийдээд өгнө гээд манай нөхрөөс 3 сая төгрөг авсан. Дараа нь шинжээчийн дүгнэлт дээр өөрчлөлт хийлгэнэ гээд 1 сая төгрөг авсан. Дараа нь манай нөхрийн захиргааны хэргийн шүүх дээр байсан хэргийг шийдэж өгнө гээд 3 сая төгрөг авсан. Би ер нь бол байнга нөхөртэй цуг явж байсан. Г.Гантамир нь өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 29/,

Гэрч Г.Однарангийн “...манай эгчийн нөхөр Баяраа ах над руу залгаад "би Сонгинохайрханд хэрэгт холбогдсон байгаа, таньж мэддэг гайгүй сайн өмгөөлөгч хэрэгтэй байна” гэхээр нь “би хүнээс асууж өгье” Гантамирын 98886441 гэсэн дугаар луу залгаж “манай ах хэрэгт холбогдсон байна, чи өмгөөлж өгөх үү” гэхэд Гантамир “тэгье би угаасаа дүүргийн дарга болон цагдаагийн даргыг нь танина, би аль нэг даргаас нь 50.000.000 төгрөгийн авлагатай, наадахыг чинь янзлаад өгчихье, би прокурор, байцаагч гээд бүх шатны хүмүүст мөнгө төгрөг өгөх хэрэгтэй” гэж хэлэхээр нь би “эргээд холбогдъё” гэж хэлээд Баяраа ахтай хороололд байдаг Айриш пабад уулзаж хоол идсэн. Уулзахад Баяраа ах надад хүний гар хугалсан хэргээр шалгагдаж байгаа, юу юугүй шүүх хурал болох гээд байна” гэж хэлж байсан. Тэгээд бид 3 уулзаж байхад Гантамиртай холбогдоход бэлнээр 3.000.000 төгрөг аваад ир гэж хэлснийг нь би дамжуулж хэлж өгсөн. Тэрнээс хойш Гантамиртай уулзалдаагүй... Гантамиртай одоогоос 1 жилийн өмнө би өмгөөлөгч гэж фэйсбүүк чатаар харилцаж байгаад 1 л удаа уулзаж байсан юм. ...Надад өмгөөлөгч хийдэг гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37/,

 

Гэрч Т.Батзоригийн “...би 2019 оны өвөл байсан, Гантамиртай уулзаад явж байгаад Гантамир “энд нэг хүнтэй уулзах хэрэгтэй байна, манай намын хүн байгаа юм, захиргааны хэргийн маргаан, Авлигатай тэмцэх газрын маргаан дээр итгэмжлэлээр оролцож байгаа юмаа, тэр хүнтэй гялс уулзаадхая” Централ таур дотор байгаа гээд бид 2 тийшээ орсон. Тэгээд бид 2 Централ таурын 3 давхарт Гантамир нөгөө хүнтэйгээ уулзах гээд явахаар нь би наана нь кофе шопд үлдсэн. би Гантамиртай уулзсан хүнийг танихгүй. Гантамир сүүлд нь Баяр гэж хүн гэсэн. Тэгээд Гантамир нөгөө хүнтэйгээ 20-30 минут болоод “болчихлоо” гээд бид 2 явцгаасан. Би түүнээс ойролцоогоор сар орчмын дараа Сонгинохайрхан дүүргийн гадаа Гантамиртай таараад юу хийж яваа талаар асуухад Централ таурт уулзсан хүнийхээ материалыг аваад явж байна гээд хавтастай бичиг баримт барьчихсан явж байсан. Тэрнээс хойш Гантамиртай таарахад бид 2 тэр хүний талаар ярилцаагүй. ...Тэр 2-ын юу ярьж байгааг сонсоогүй. ...тэр хүний царай зүсийг нь ч хараагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 48/,

 

Гэрч С.Энхсайханы “...би 2019 оны 01 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажиллаж байсан. Одоо Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжин ирж ажиллаж байна. ...Би санахгүй байсан. Ямар ч байсан Т.Баяр нь шалгагдаж хэрэг нь шүүхэд шилжсэн. Өмгөөлөгч гэж хүн ирж байсныг санахгүй байна. Олон хүнтэй харьцдаг учраас санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 222/,

 

Гэрч Н.Уранзаяагийн “...Гантамир нь манай лоунжид захиалга өгөх гэх 2020 оны 07 дугаар сарын 25-нд байх, сайн санахгүй байна. Орж ирж захиалга өгсөн байсан. ...Гантамир нь анх 50 хүн оролцох арга хэмжээг манай “Фермер” лаунжид зохион байгуулсан боловч 40 орчим хүн ирсэн. Тэгээд Гантамир нь манайхтай арга хэмжээг 2.700.000 төгрөгөөр явуулахаар тохиролцсон. Манайхаас уух зүйл гараагүй. Манайхаас зөвхөн буфет хоол гарсан. Уух зүйлсийг гаднаас оруулж ирсэн. Тэгээд Гантамир 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр бүх төлбөрийг бүрэн төлнө гээд 47 ширхэг дарсыг төлбөрийн барьцаанд үлдээгээд явсан. Тэр дарснууд нь манайд хадгалагдаж байгаа. Төлбөрөө төлөхөөр нь буцааж өгнө гээд үлдээсэн. Манайд дарс авчрахдаа хүнийх гэж хэлээгүй. Амталгаа хийлгэнэ гэж 50 ширхгийг, ил хөргүүрт өрнө гэж 50 ширхгийг өөрийнх нь гэж хэлж авчирсан. Тэгээд манайд 47 ширхгийг маргааш ирж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 24/,

 

Гэрч н.Отгонжаргалын “...2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр миний фэйсбүүкийн чат руу “Гантамир Тамираа” гэх нэртэй хаягаас над руу “эгчдээ хэлэхгүй, 150 ширхэг виног агуулахаасаа аваарай, нэхэмжлэлийг нь аваарай, хүргэлтийг нь өглөө хийх хэрэгтэй байна” гэж дүрсгүй бичлэг явуулсан. Тэгээд удалгүй миний дугаар луу залгаад “Маргааш эрт өрөлт хийнэ, 21 цаг гээд хүргээд өг” гэж хэлэхээр нь би Энхжаргал эгчид хэлээгүй, агуулахаас 116 ширхэг “Chateau branda” гэх нэртэй вино, 17 ширхэг нь “Chateau dargan” гэх нэртэй вино, 17 ширхэг нь “Chateau grand jour” гэх нэртэй нийт 150 ширхэг вино аваад Туушингийн хойд талд очоод 95002241 дугаар луу залгахад эмэгтэй хүн аваад 2 эрэгтэй зөөгч бууж ирээд тоолоод хүлээж авсан. Орой 21 цаг болж “Гантамир Тамираа” гэх хүн “хүргэж өгсөн үү” гэж надаас асуухаар нь “хүргэж өгөх гээд явж байна” гэж хэлсэн. тэгээд нэхэмжлэлийн зургийг түүн рүү чатаар явуулж байсан юм. Би 6 дугаар сарын 29-ний өдөр Туушин дээр очиж өрөлт хийсэн 50 ширхэг виногоо авах гэтэл Гантамир манайд тооцоо хийгээгүй, тийм учир энэ 50 ширхэг виног барьцаанд авч байна гэж хэлэхээр нь хулхидуулсан байна гэж мэдсэн юм. ..Би Гантамираас яасан бэ гэж асуухад 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 17 цаг 26 минутад 5070516492 тоот данснаас миний данс руу 500.000 төгрөг орж ирсэн. ..Туушинд “Е\/ЕNТ” болно гэдгийг мэдэж байсан. 100 ширхгийг нь тухайн арга хэмжээнд хэрэглэнэ, 50 ширхгийг нь хэрэглэхгүй зөвхөн өрөлт хийнэ гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 104/,

 

Гэрч Э.Номингийн“...би Хаан банкны 50705317993 дугаарын данс эзэмшдэг. Би уг дансыг 2020 оны 4 дүгээр сарын орчим нээсэн. ... би Нарны хорооллын 11-р байранд “Баян булаг” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Намайг хүнсний дэлгүүрт ажилладаг байхад Тамираа гэх залуу дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг, мэндийн зөрүүтэй л байдаг байсан. Албан ёсоор танилцсан зүйл байхгүй. Зүс таних залуу байдаг байсан. Сүүлд винонд дурлагсдын группын админ гээд над руу чат бичсэн байсан. Уг группд нь би гишүүн байсан. Тэгээд нэг удаа над руу чат бичиж, “би интернет банкаар гүйлгээ хийж болохгүй байна, эрх нь хаагдсан. Чи нэг хүнээс дансаар мөнгө аваад над руу шилжүүлээд өгөөч” гээд дансны дугаарыг авсан. Тэгээд “одоо 3.500.000 төгрөг орно, уг мөнгийг миний данс руу хийчхээрэй” гээд дансны дугаараа өгсөн. Мөн дараа нь 3.500.000 төгрөгийг дээрх байдлаар шилжүүлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 104/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-42/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /1хх-45-62/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-158-161/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.Г нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Централ тауэрт хохирогч Т.Баярт өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулан өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 01 дүгээр сарын 27-ноос 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хороонд нийт 6.900.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн иргэн О.Энхжаргалаас “Гаалийн татварыг буулгаж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 11-р байрны “Баян булаг” нэртэй дэлгүүрийн ажилтан иргэн Н.Номингийн эзэмшлийн Хаан банкны 50705317993 дугаарын дансаар 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 3.500.000 төгрөгийг, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 3.500.000 төгрөгийг нийт 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр иргэн О.Энхжаргалыг хуурч, түүний эзэмшлийн 150 ширхэг дарсыг “мөнгийг нь ирэхээр нь өгнө” хэмээн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Туушин” зочид буудлын “Фермер” лоунжид шилжүүлэн авч, 4.269.800 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 11.269.800 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Сингапур улсаас Монгол Улс руу нисэх нислэгт багтааж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Э.Цэцэгсайханаас 3.250.000 төгрөгийг Хаан банкны 5070516492 дансаар шилжүүлэн авч залилсан буюу нийт 21.419.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Т.Баяр, О.Энхжаргал, Э.Цэцэгсайхан, гэрч М.Оюумаа, Г.Однаран, Т.Батзориг, С.Энхсайхан, Н.Уранзаяа, н.Отгонжаргал, Э.Номин нарын мэдүүлэг, шүүгдэгч Ж.Жаргалсайханы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч А.Г нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос түүний үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Гын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч А.Гын дээрх үйлдлийн улмаас хохирогч Т.Баярт 6.900.000 төгрөг, хохирогч О.Энхжаргалд 11.269.800 төгрөг, хохирогч Э.Цэцэгсайханд 3.250.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь хохирогч О.Энхжаргалд 1.500.000 төгрөг, хохирогч Э.Цэцэгсайханд 800.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн байна.

Иймд шүүгдэгч А.Гаас нийт 19.119.800 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Баярт 6.900.000 төгрөг, хохирогч О.Энхжаргал 9.769.800 төгрөг, Э.Цэцэгсайхан 2.450.000 төгрөгийг тус тус олгов.

 

Шүүх шүүгдэгч А.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.Г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2.Шүүгдэгч А.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан А.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Гаас нийт 19.119.800 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Баяр (РД:)-д 6.900.000 төгрөг, О.Энхжаргал (РД:)-д 9.976.800 төгрөг, Э.Цэцэгсайхан (РД:)-д 2.450.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.                      

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    З.БОЛДБААТАР