Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1565

 

Г.Батжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01318 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Батжаргалын хариуцагч Батбүрдэл ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 5 880 106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Батжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 8 сарын 06-ны өдөр Батбүрдэл ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, 2 өрөө 50,53 мкв орон сууцыг 1 мкв-ыг 1 193 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ 3 хүний нэр дээр 2013 оны 12 сарын 12-ны өдөр гарч, 2014 оны 11 сард нүүж орсон. Байрны кв.м-ыг мэргэжлийн байгууллагаар шалгуулахад орон сууцнаас мкв нь дутсан. Батбүрдэл ХХК-тай м.кв-ын зөрүү мөнгийг гаргуулахаар олон удаа уулзаж хуралдсан ба 2015 оны 7 сарын 09-ний өдөр Г.Батжаргалын нөхөр С.Гантөмөрт 2 380 000 төгрөгийг өгсөн. Г.Батжаргал нөхөр С.Гантөмөрийг Батбүрдэл ХХК-иас 2.380.000 төгрөг авсныг мэдээгүй бөгөөд шүүхэд өргөдөл гаргахаар бичиг баримтаа янзалж байгаад мэдсэн. Шинжээчийн дүгнэлтээр орон сууцны м.кв 43.89 болох нь тогтоогдож гэрээ хийсэн 50.53 мкв-аас 6.64 мкв-аар дутсан. Орон сууцны талбайн хэмжээ шинжээчийн дүгнэлтээр 6.64 мкв дутаж 7.921.520 төгрөг болсон. Энэ дүнгээс С.Гантөмөрт өгсөн 2.386.000 төгрөгийг хасаж тооцсон. Иймд Батбүрдэл ХХК-иас талбайн зөрүү мөнгө болон шинжээчид төлсөн зардлын хамт нийт 5 660 106 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцны мкв-тай холбоотой асуудал 2015 оны 7 сарын 08-ны өдөр зохицуулагдсан. Г.Батжаргалын гэр бүлийн хүн С.Гантөмөртэй харилцан тохиролцож м.кв-ын зөрүү 2 380 000 төгрөгийг төлж энэ асуудлаар шүүхэд хандахгүй гэсэн хэлцэл байгуулагдсан. С.Гантөмөрт мөнгийг шилжүүлсэн. С.Гантөмөр нь МҮОНРТ-д ажилладаг бөгөөд энэ байгууллагын захиалгаар орон сууц баригдаж С.Гантөмөрт олгогдсон квот байсан тул түүнтэй тохиролцож эвийн журмаар шийдвэрлэсэн. Г.Батжаргал компанид орон сууцтай холбоотой гомдлын шаардлага гаргаж байгаагүй. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлд зааснаар ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш 1 жилийн дотор гаргана гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Батбүрдэл ХХК-иас 5 535 520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Батжаргалд олгож, үлдэх 124 586 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь бойлерын төлбөр 220 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа татан авсаныг баталж хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 010 төгрөгөөс 15 492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, үлдэх 103 518 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Батбүрдэл ХХК-иас 103 518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Батжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Шүүх С.Гантөмөр болон Батбүрдэл ХХК нарын хооронд 2015 оны 7 сарын 08-ны өдөр хийгдсэн байрны талбайн зөрүүтэй холбогдох асуудлыг харилцан тохиролцож дуусгавар болгосон хэлцлийг С.Гантөмөр нь Орон сууц захиалгаар бариулах гэрээний тал биш гэх үндэслэлээр хүчингүй гэж дүгнэсэн нь хэрэгт холбогдох нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүйг харуулж байна. С.Гантөмөр нь Г.Батжаргалын нөхөр бөгөөд Батбүрдэл ХХК-тай анхлан уг орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан. 2013 онд орон сууцны өмчлөх эрхийн улсын гэрчилгээ нь Г.Батжаргал, С.Гантөмөр нарын нэр дээр гарсан. Иймд С.Гантөмөрийг гэрээний тал биш тул өмнөх тохиролцоог хүчингүй гэж дүгнэх нь үндэслэлгүй юм. Барилгын тухай хуулийн дагуу барилга нь батлагдсан зураг төслийн дагуу баригдаж улсын комисс ч тухайн зураг төслийн дагуу хяналт шалгалтыг хийж барилга зураг төслийн дагуу зохих ёсоор баригдсан бол хүлээн авдаг. Батбүрдэл ХХК нь батлагдсан зураг төслийн дагуу барилгыг барьж улсын комисст хүлээлгэж өгсөн. Хариуцагчийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иймд  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Г.Батжаргал нь хариуцагч “Батбүрдэл” ХХК-д холбогдуулан захиалгаар барьж нийлүүлсэн орон сууцны талбай хэмжээнээс бага буюу доголдолтой байсны улмаас  зөрүү 5 880 106 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тухайн асуудал өмнө нь шийдвэрлэгдэж үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2012 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулагдаж, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хувьсгалчдын зам-3 МҮОНРТ-ийн хашаанд байрлах 43 дугаар байрны 63 тоот 2 өрөө 50,53 м.кв талбайтай орон сууцыг 1 м.квыг 1 193 000 төгрөгөөр тооцож нийт 60 282 290 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, гүйцэтгэгч Батбүрдэл ХХК нь гэрээний 3.1-т зааснаар орон сууцыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан улсын комисст хүлээлгэн өгөхөөр үүрэг хүлээсэн ба Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн нь зөв болжээ. 

 

Захиалагч буюу нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргуулан авсан, 2015 оны 2 дугаар сард орон сууцны м.кв дутуу болохыг хэмжилтийн компаниар хэмжүүлж тогтоолгосон байна.

 

Ажил гүйцэтгэгч буюу хариуцагчийн хүлээлгэн өгсөн ажлын үр дүн доголдолтой, өөрөөр хэлбэл гэрээгээр тохиролцсон 50,53 м.кв-аас 6,64 м.кв-аар дутуу байгаад талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1, 352.2.2-т зааснаар захиалагч буюу нэхэмжлэгч нь доголдлыг арилгуулах талаар шат дараалсан шаардлагыг ажил гүйцэтгэгчид тавих эрхтэй юм. Гэвч орон сууцны м.кв-ын дутуу нь анхнаасаа ажлын үр дүнг хүлээн авах үед байсан, арилгах, шинээр гүйцэтгүүлэх боломжгүй доголдол тул Иргэнйи хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар ажил гүйцэтгэгчид төлвөл зохих хөлсийг буруулахаар шаарджээ. Гэвч хэргийн баримтаас үзэхэд ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дээрх маргаантай асуудлаар орон сууцны өмчлөгч С.Гантөмөртэй харилцан тохиролцож гэрээ байгуулж м.кв-ын дутуу, зөрүүд 2 386 000 төгрөгийг төлж уг маргаантай асуудал дуусгавар болсон байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээний нэг тал, мөн орон сууцны хамтран өмчлөгч Г.Батжаргал нь дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүйгээс гадна гэрээг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас дээрх 2 386 000 төгрөгийг хасч тооцжээ.

Нэгэнт хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талар болоод орон сууцны доголдлын талаар шаардлага гаргах эрх бүхий этгээд буюу өмчлөгч Г.Батжаргал 2 386 000 төгрөгийг хүлээн авсанд гомдол гаргаагүй, энэ талаар маргаагүй тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар  шаардах  үндэслэлгүй, үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхээс шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлах, тогтоох хэсгийн 4 дэх заалтад шийдвэр танилцуулан сонсгомогц “хуулийн хүчин төгөлдөр“ болох талаар алдаатай заасан. Мөн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгч 220 000 төгрөгөөр шаардлагаа багасгасан байхад “татан авсныг баталж хэрэгсэхгүй болгохоор” хуульд заагдаагүй шийдвэр гаргасан зэргийг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01318 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Батбүрдэл” ХХК-д холбогдох орон сууцны талбайн зөрүү 5 880 106 төгрөг гаргуулах тухай Г.Батжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Батбүрдэл” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                Ч.ЦЭНД

                                                                Ш.ОЮУНХАНД