Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 297

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б.Б , Д.Г нар.

Хариуцагч: ГХЯ .

Нэхэмжлэлийн шаардлага: “ГХС-ын иргэдээс гаргасан өргөдөлд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хариу өгөхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгч Б.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “Бидний хүү Б гийн Б  БНХАУ-д зорчиж явахдаа хар тамхины хэрэгт холбогдсон гэм буруутайгаа сайн ойлгож байгаа боловч Монгол Улсын иргэний хувьд, эцэг, эхийн зүгээс төр засагтаа хандаж туслалцаа эрэхээс өөр аргагүй байдалд орсон. Тухайлбал,

1. Хүү Б.Б д холбогдох эрүүгийн шүүх хуралдааныг Шилийн гол аймгийн шүүх 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хийж, Шүүх хуралдаанд орчуулагч оролцуулаагүй учраас Хятад хэл мэдэхгүй хүү Б.Б д ихээхэн хүндрэл учирсан байх магадлалтай.

2. Мөн шүүх хуралдаанд Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын ажилтанг оролцуулаагүйг мөн буруу гэж үзэж байна Хэрвээ Консулын ажилтан оролцсон бол ядаж орчуулагчаар хангах наад захын шаардлагыг тавих байсан биз ээ.

3. Шийтгэх тогтоолоо хятад хэл дээр орчуулгагүй өгсөн учраас давж заалдах гомдлын үндэслэлээ бүрэн гүйцэд, зөв бичиж чадаагүй.

Иймд Хөх хот дахь давж заалдах шатны шүүхэд Шилийн гол аймгийн шүүхийн Монгол Улсын иргэн Б гийн Б д холбогдох шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг орчуулагч, Монголын консулын ажилтанг оролцуулан дахин шийдвэрлүүлж өгөхийг хүссэн бидний өргөдлийг дэмжиж давж заалдах шатны шүүхэд бичиг илгээж өгнө үү” гэсэн өргөдлийг Эрээн хот дахь Консулын газарт 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан болно.

Мөн энэ тухай Монгол Улсын ГХЯ ны консулын газрын дарга Я.АриунБ ын нэр дээр 11 сарын өмнө туслалцаа хүсэж өргөдөл гаргасан юм.

Гэвч дээрхи хоёр байгууллага өнөөг хүртэл бичгээр хариу өгөөгүй. Энэ талаар хариу авах зорилгоор ГХС-ын нэр дээр 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өргөдөл гомдол гаргасан боловч ядуусын өргөдөлд Өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хугацаанд нь, бичгээр, албан ёсоор хүн гэж тоож хариу өгдөггүй юм байна. Энэ талаар биеэр болон утсаар бүтэн 5 сар хариу авах, биечлэн уулзах гээд бүтээгүй учраас аргагүйн эрхэнд шүүхэд хандахаас өөр арга чарга олдоогүй болно.

Бидний хувьд өргөдөлд бүтсэн ч бай, бүтээгүй бай ямар нэг хариу авах нь V» хамгаас чухал, хүүгийнхээ хувь заяаны талаар олон улсын эрх бүхий байгууллагад хандаж тусламж хүсэх зам мөрийг нээхэд өөрийн орны ГХЯ анд хандаж хариу авсан, эх орныхоо хэмжээнд холбогдох байгууллагаар орсон, эцэслэн шийдвэрлүүлсэн байхыг шаардаад байгаа юм.

Иймд ГХЯ  болон ГХЯ-ны Консулын газар, БНХАУ-ын Эрээн хот дахь Монголын Консулын газраас БНХАУ-ын холбогдох шүүхүүдэд хүү Б.Б тай холбогдох эрүүгийн хэргийн талаар ямар ямар албан бичиг илгээсэн болохыг шаардан гаргуулаж, энэ хэргийн нотлох баримтыг бүрдүүлж өгнө үү.

ГХЯ наас ядаж ямар арга хэмжээ авч байгаа талаараа бидэнд бичгээр мэдэгдсэн, товч боловч хариу өгсөн, явуулсан албан бичгийнхээ хуулбарыг өгсөн бол, магадгүй Хятадын тал хариу ирүүлэхгүй байгаа бол бид Монгол дахь БНХАУ- ын ЭСЯам, БНХАУ-ын Дээд шүүх, Шүүх яам, ГХЯ , Төр засагт нь хандаж хариу ирүүлэхэд туслалцаа хүсэх боломжийг алдагдуулж байгаад харамсаж байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүсэх нь:

1. Монгол Улсын ГХС- ноён Ц  Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариу өгөхгүй байгаа эс үйлдэл хууль зөрчиж байгаа болохыг тогтоож өгөх

2. Монгол Улсын ГХС- ноён Ц т иргэн Б.Б , Д.Г нарын өргөдөлд хариу өгөх - \ямар хариу өгөх нь чухал бус, зөвхөн хариу өгүүлэх нь хамгаас чухал юм\ - ийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч  Б.Б  шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Консулын газраас нот бичгүүдийг өгсөн гэсэн баримтууд байгаа боловч хариу ирүүлсэн баримтууд алга. 

Консулын газар улсаа төлөөлөн шүүх хуралдаанд оролцож болох болов уу гэж бодож байна. Мөн эх, эцэгтэй нь уулзуулах боломж байна уу. Эсхүл консулын хариуцсан албан хаагчид нь уулзахыг хүсч байгаа. Өргөдөл өгснөөс хойш асуудлыг заавал шүүх хурлаар шийдвэрлэх шаардлага байгаагүй. Шүүхэд хандсанаас хойш л надад хариу өгч байгаа. Гэвч өгсөн хариу нь миний асуултуудын дагуу өгсөн хариулт алга. Ганц би биш олон, олон эцэг, эхчүүд байгаа байх. Гэтэл хуулийн хугацаанд хариуг бичгээр өгдөггүй. Бидэнд нот бичиг явууллаа хариу ирээгүй гэж утсаар л мэдэгдэж байсан” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Б гийн хүү Б.Б  БНХАУ-д зорчиж яваад хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаад 2 жил болж байна. Гэм буруутай, гэм буруугүй эсэх нь тус улсад шалгагдан хоригдож байгаа учраас Б.Б  нь ГХЯ  буюу Монгол улсын төрөөсөө туслалцаа хүссэн юм. Нэгдүгээрт хүү Б.Б тай минь консулын ажилтнуудыг болон эцэг, эхтэй нь уулзуулж өгөөч, уулзахад туслалцаа үзүүлээч гэсэн хүсэлт гаргасан. Нэг удаа танай хүүгийн холбогдсон хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаан болох гэж байна гэж мэдэгдсэн. Үүний дагуу яваад очтол энэ нь худлаа байсан. Яагаад худал мэдээлэл өгсөн болон  хүүтэй минь уулзуулж өгөөч гэсэн асуудлаар хариу авахаар БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол улсын консулын газарт бичгээр өргөдөл гаргасан. Хариу ирээгүй тул ГХЯ ны дэргэдэх Консулын газрын даргад доод албан тушаалтнууд чинь хариу өгөхгүй байна уг асуудалд анхаарал хандуулж өгөөч гэсэн өргөдөл гаргасан боловч мөн хариу өгөөгүй. Биеэр уулзах үед амаар тайлбар өгдөг. Үүнийгээ хариу өгсөн гэж үзээд байх шиг байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэдийн өргөдөлд 30 хоногийн дотор хариу өгөх ёстой. Гэтэл хариу өгөлгүй 2 жил болж байна. Мөн хуульд амаар хариу өгөх журам байдаг. Амаар өгсөн мэдээллийг товч тэмдэглээд өргөдөл өгсөн хүнээр гарын үсэг зуруулдаг. Хэрэв амаар өгсөн гэж үзэж байгаа бол энэ баримт чинь хаана байна вэ. Ийм баримт байхгүй учраас иргэн Б.Б  нь захиргааны хэргийн шүүхэд хандаж өөрийн өргөдөлд хариу авах эрхээ сэргээлгэх гол зорилготой байгаа. Өнөөдөр Б.Б д ГХС-аас ирүүлсэн хариутай танилцлаа. Бидний хүсч, хүлээсэн зүйлийн талаар нэг ч үг байхгүй байна. ГХЯ  зүгээр суугаагүй, олон удаа албан бичгийг холбогдох газруудад явуулсан, албан хаагчийг томилолтоор явуулсан, зохих хэмжээний ажиллагаа хийсэн байна. Энэ ажиллагаануудыг тухай бүрд нь бичгээр өгөх ёстой. Өнөөдөр өгсөн хариуг 1 сарын дотор өгсөн хариу гэж үзэх болохгүй. Мөн тавьсан асуудал хариу өгөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “...Нэхэмжпэгч Б.Б  нар нь БНХАУ-д саатуулагдсан хүү Б гийн Б*******гын талаар мэдээлэл, тодруулга авах тухай өргөдлийг ГХЯ анд 2018 оны 02 дугаар сарын 07, 7 дугаар сарын 18, 12 дугаар сарын 06-ны өдөр нийт 3 удаа хандан гаргасан. Хилийн чанадад гэмт хэрэг, зөрчилд холбогдсон монгол иргэдийн асуудлыг чиг үүргийн дагуу ГХЯ-ны Консулын газар хариуцаж байгаа бөгөөд иргэн Б.Б гийн өргөдөл гомдлыг тухай бүрт холбогдох Дипломат төлөөлөгчийн газар буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрээн хотод суугаа Консулын газарт яаралтай чиглэл өгч уламжлан, БНХАУ- ын талаас мэдээлэл авахаар ажилласан байна.

Энэ хүрээнд Хөх хотод суугаа ЕКГ-аас БНХАУ-ын талд нийт 6 удаа ноот бичиг илгээж (хуулбарыг хавсаргав), удаа дараа уулзахаар хүсэлт тавьж ажилласан бол Эрээн дэх Консулын газраас мөн Хятадын талтай байнга холбогдож, Шилийн гол аймагт томилолтоор ажиллан, тус аймгийн Дунд шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн шүүгч А Литай уулзан, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон монгол иргэдийн талаар үнэн бодитой мэдээллийг шуурхай өгч байхыг анхааруулан ярилцаж, энэ тухай илтгэх хуудсаар мэдээлэл ирүүлжээ. (илтгэх хуудсын хэсгийг хавсаргав)

Эдгээр ажиллагааны явц, хятадын талаас болон манай ДТГ-аас ирүүлсэн явцын хариуг Консулын газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Б******* өргөдөл гаргагч Б.Б , түүний эхнэр Д.Г нарт биечлэн болон харилцах утсаар холбогдон өгч байсны зэрэгцээ Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул Г.Т , Д.Б  нар иргэн Б.Б тай вичат сүлжээгээр тухай бүрт харилцаж иржээ.

Хөх хотод суугаа Ерөнхий консулын газраас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын дээд шүүхийн удирдлагатай өргөтгөсөн уулзалт хийх хүсэлтийг 2018 оны 8 дугаар

сарын 20-ны өдрийн К/18-191 тоот, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн К/18-217 тоот, 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн К/19-023 , 2019 оны 1 дүгээр сарын 22- ны өдөр К/19-026, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн К/19-032 тоот ноот бичгээр тус тус хүргүүлсэн боловч хятадын талаас хариу өгөөгүй байна. Улмаар тус ЕКГ-аас ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Гадаад хэрэг эрхлэх газарт хандан ӨМӨЗО-ны Ардын Дээд шүүхийн удирдлагатай уулзахад дэмжлэг хүссэн А/19-036 тоот ноот бичгийг хүргүүлэн, хариу хүлээж байна.

Дипломат харилцааны тухай болон Консулын харилцааны тухай Венийн конвенцийн дагуу улс орнууд харилцан дотоод хэрэгт оролцох, мэдээлэл өгөхийг шахаж шаардах, хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй тул зохистой хэлбэрээр харилцдаг онцлогтой. Ялангуяа БНХАУ-ын хууль тогтоомжийн онцлогоос шалтгаалан, гэмт хэргийн сэжигтэн, яллагдагчийг шийтгэх тогтоол гарч, хорих ангид хуваарилагдах хүртэл консулын болон ар гэрийн нь төлөөлөлтэй уулзуулдаггүй болохыг энэ ташрамд мэдээлж байна.

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу хариу мэдэгдсээр ирсэн байх тул нэхэмжлэлд дурдсанчлан огтоос хариу өгөөгүй, эрх ашгийг хохироосон эс үйлдэхүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Тус яамны Консулын газрын захирал Л.М*******ээс иргэн Б.Б д 2019.02.21-ний өдрийн 10/955 албан бичгээр (хавсаргав) хариу өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хоёрдугаар хэсгийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд иргэн Б.Б , Д.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Шалгаж буй хэргийн нөхцөл байдал, тухайн улсын Эрүүгийн хуулиас хамаарч гэмт хэрэгт холбогдсон этгээдийн ар гэрийнхэн болон тус улсад сууж буй консулын төлөөллийг уулзуулахгүй байдаг. Мөн тус хэргийг хариуцаж буй ажилтан ажил үүргийнхээ дагуу иргэн Б.Б  болон түүний эхнэр Д.Г нарт байнга мэдээллийг өгч байсан. БНХАУ-ын Эрээн хот дахь Консулын газрын дэд консул н.Т  нь утсаар болон Эрээн хотод биеэр очиход нь хүлээн авч уулзан тайлбар өгсөн байдаг. ГХС-ын албан бичигт яамны чиг үүргийн дагуу Консулын газар хариу өгч ажиллах шаардлагатай. ГХС- Д.Ц  танаа гэж бичсэн учраас тухай бүрд нь сайд нэхэмжлэгчийн өргөдөлтэй танилцаад холбогдох нэгжүүддээ хуваарилдаг. 7 хоног бүрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд хэдэн хүн гадаад улсад ял, шийтгэл    авсан, гэмт хэрэгт холбогдсон, суллагдсан, шилжүүлэн авсан зэргийг асуудлыг хэлэлцдэг, мэдээлдэг. Эрээн хотоос ерөнхий консул н.Амарбатын тушаалаар дэд консул н.Т  нь Шилийн гол аймагт очиж ажилласан. Ажиллах болсон шалтгаан нь Монгол улсын иргэд холбогдсон гэмт хэргийн шүүх хуралдааныг манай талд мэдэгдэлгүйгээр явуулсан байсан. Үүнийг нэхэмжлэгч ч мэдээгүй, манай эрх бүхий байгууллагууд ч мэдээгүй. Бид адилхан мэдээлэлтэй байсан. Зориудаар тоглоом, тохуу хийх зорилгоор таны хүүгийн холбогдсон хэргийн шүүх хуралдаан болох гэж байна гэж дуудсан зүйл байхгүй. Б.Б д холбогдох шүүх хуралдаан болох гэж байна гэж ярьсан. Бид адилхан хүлээлттэй байсан учраас эцэг, эхэд нь холбогдон хэлсэн. Гэтэл удалгүй БНХАУ-ын талаас овог, нэр андуурсан байна гэж мэдэгдсэн.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд амаар, бичгээр, утсаар хариу өгч болно гэж заасан. Бид БНХАУ-ын талаас тодруулсан зүйлүүдээ байнга нэхэмжлэгчид мэдэгдэж байсан. Түүнээс БНХАУ-ын талаас хэлээгүй зүйлийг таамаглаж хэлэх үндэслэл байхгүй. Хариу тайлбартаа яагаад гадаад улсын шүүхэд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй талаар дурдсан байгаа. Иймд хариу тайлбараас энэ хэсгийг уншиж өгөхийг шүүгчээс хүсч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Б.Б , Д.Г нар ГХС-ын иргэдээс гаргасан өргөдөлд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хариу өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б , Д.Г нараас 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ГХЯ ны консулын газрын дарга болон Монгол улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газарт, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ГХС-ад тус тус хандаж гаргасан өргөдөлд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус гэж, харин хариуцагч иргэн Б.Б , Д.Г нарын гаргасан өргөдлийн дагуу ГХЯ , БНХАУ-ын Хөх хот болон Эрээн хотод суугаа Консулын газраас тус улсын холбогдох хууль хяналтын байгууллагуудад удаа дараа албан бичиг хүргүүлэх, томилолтоор ажиллах зэргээр арга хэмжээ авч ажилласан, энэ талаараа тухай бүр өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх хуулийн дагуу нэхэмжлэгчид хариу өгч мэдэгдэж  байсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тус тус маргаж байна.

Нэхэмжлэгч Б.Б  бидний гаргасан өргөдөлд ГХС- хариу өгөхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгохоос гадна ямар хариу өгөх нь чухал бус, зөвхөн хариу өгүүлэх нь хамгаас чухал гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг  шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудлаар гаргасан өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина.”, энэ зүйлийн 4 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.” гэж хуульчилжээ.

Хариуцагч ГХЯ ны зүгээс иргэн Б.Б гийн өргөдөл гомдлыг хүлээн авч дипломат төлөөлөгчийн газар буюу БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Эрээн хотод суугаа Консулын газарт шилжүүлэн яаралтай чиглэл өгч уламжлан, БНХАУ-ын талаас мэдээлэл авч ажилласан байна.

Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газраас 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн К/18-047  тоот, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн К/18-191  тоот, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн К/18-217  тоот, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн К/19-023  тоот, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн К/19-032  тоот ноот бичгээр Эрээн хотод саатуулагдсан Б гийн Б*******гын шүүх хурлын тов болон ар гэрийн зүгээс түүнтэй уулзах хүсэлт гаргасныг уламжилж, мөн Ерөнхий консулын газрын төлөөлөл ӨМӨЗО-ны Ардын дээд шүүхийн удирдлагатай ажлын уулзалт хийх хүсэлтийг нийт 6 удаа хүргүүлсэн талаар ГХЯ ны Консулын газарт хариу ирүүлснийг нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар  дэд консул Г.Т ыг Шилийн гол аймагт томилолтоор ажиллуулан Дунд шатны шүүхийн Эрүүгийн тэнхимийн тэргүүн шүүгчтэй уулзалт хийж гэмт хэрэгт холбогдсон Монгол иргэдийн эрх, ашгийг хамгаалах талаар санал солилцож энэ талаараа илтгэх хуудас ирүүлсэн байна.

Ийнхүү нэхэмжлэгч Б.Б , Д.Г нарын гаргасан өргөдөл, гомдлыг ГХЯ наас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын болон Эрээн хотод суугаа Консулын газарт шилжүүлж эдгээр консулын газраас яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу ажиллаж хариу ирүүлж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдохын сацуу энэ талаар нэхэмжлэгчид тухай бүр амаар болон утсаар мэдэгдэж байсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Харин нэхэмжлэгч Б.Б гийн хүү Б д холбогдох шүүх хуралд орчуулагч оролцуулаагүй, монгол хэлээр үг хэлэх эрхийг эдлүүлээгүй, шүүх хуралдаанд консулын газрын ажилтныг оролцуулаагүй, шийтгэх тогтоолыг монгол хэл дээр орчуулж өгөөгүй зэргээр гэмт хэрэгт холбогдсон Б.Б*******гын эрхийг зөрчсөн талаар дурдсан өргөдлийг давж заалдах шатны шүүхэд илгээж өгнө үү гэсэн бидний өргөдөлд хариу өгөөгүй хууль бус гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шаардлага үндэслэлгүй.

Учир нь хариуцагч Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түүний консулын газруудаас БНХАУ-д гэмт хэрэгт холбогдсон Монгол иргэдийнхээ түүний дотор нэхэмжлэгчийн хүү Б.Б*******гын эрхийг хамгаалах чиглэлээр 2017 оны 04 дүгээр сараас өнөөг хүртэл Дипломат болон Консулын харилцааны хүрээнд шаардлагатай хэмжээнд ажиллан авсан мэдээллийг тухай бүр нэхэмжлэгчид уламжилж байсан нь нотлогдсон байна.

Мөн нэхэмжлэгч нарын 2018 оны 01 дүгээр сар, 07 дугаар сард гаргасан өргөдөлд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” гэсэн хугацааны дотор хариуг бичгээр өгөөгүй учир энэхүү эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож хариу өгөхийг хариуцагчид даалгах шийдвэр гаргах боломжтой гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б гийн хүү Б.Б  БНХАУ-д гэмт хэрэгт холбогдсон үеэс эхлэн хариуцагч байгууллагаас Дипломат болон Консулын харилцааны хүрээнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан талаараа нотолсон бөгөөд энэ хугацаанд мэдээллийг нэхэмжлэгчид өгч байсан талаар нэхэмжлэгч үгүйсгээгүй байх тул хүссэн хэмжээгээр хариугаа авч чадаагүй гэх үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.  

Нөгөө талаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан өргөдөлдөө хариу авсан хэдий ч бидний хүссэн хэмжээнд хариу өгөөгүй гэх гомдол нь гэмт хэрэгт холбогдсон Б*******гын шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралд консулын ажилтныг оролцуулах, шийтгэх тогтоолыг монгол хэл дээр хөрвүүлж өгүүлэх, Б.Б*******гыг гэр бүлийн гишүүдтэй уулзуулах  гэх мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны процесстой холбоотой үйл баримтад үндэслэж байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг  шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын иргэн төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гаргах, энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаар гаргасан өргөдлийнхөө хариуг авах, шийдвэрлүүлэх эрхтэй.

Харин нэхэмжлэгч Б.Б , Д.Г нарын ГХС-, консулын байгууллагуудад хангаж гаргасан өргөдлийг хариуцагч төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажилласан нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг  шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан   ГХС-ын иргэдээс гаргасан өргөдөлд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хариу өгөхийг даалгах нэхэмжлэгч Б.Б , Д.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.НАСАНДЭЛГЭР