Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2023/0324/З |
Дугаар | 221/МА2023/0422 |
Огноо | 2023-06-27 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2023/0422
“Н с” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, У.Х
Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д-ын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0002297 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 448 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч М.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, У.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль
Хэргийн индекс: 128/2023/0324/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Н с” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д-д холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д-ын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0002297 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 448 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.8, 7.1.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н с” ХХК-ийн гомдлыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д-ын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0002297 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхээс “Хариуцагч нь .... гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулга бичсэн атлаа 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зөрчлийн 2202000349 дүгээр хэргийг нээсэн нь зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж зөрчлийн хэрэг нээх хуулийн зохицуулалтад нийцээгүй ...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн тухайд:
Анхан шатны шүүхээс дээрх байдлаар дүгнэлт хийхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй” гэж заасныг харгалзан үзээгүй байна.
Өөрөөр хэлбэл, гүйцэтгэлийн хяналт шалгалтын танилцуулга бичигдсэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хугацаа тоолоход оруулахгүй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажлын 5 өдрийн хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн нь холбогдох хуулийн зохицуулалтад нийцсэн, хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй болно.
3.2. Анхан шатны шүүхээс “Н с” ХХК-ийн үйлдлийг зөрчлийн шинжгүй гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:
“Н с” ХХК нь дотоодын кино нийлүүлэгч нартай байгуулсан “Ө” сүлжээ кино театрт төлбөртэйгөөр кино үзвэр гаргах тухай гэрээнд бүтээл ашиглаж олсон орлогыг 56.8/43.2, 50/50 гэх ялгавартай хэмжээгээр тогтоосон, тус гэрээнд заасны дагуу кино тасалбарыг төрсөн өдрийн урамшууллаар олгохдоо нийлүүлэгчдэд хуваарилсан орлогоос суутгах, гэрээний төлбөрийн тодорхой хувийг шатахууны картаар барагдуулах, нийт орлогын тодорхой хувийг өөрийн зохион байгуулдаг наадмын үйл ажиллагаанд зориулан суутгаж буй нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж, 7.1.3-д “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах ...”, 7.1.11-д “тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл мөн.
Өрсөлдөөний тухай хуулиар хамгаалж буй гол субъект нь зах зээлийн шударга өрсөлдөөн байдаг бөгөөд дээрх босоо хэлбэрийн хэлцлийн хувьд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь тэрхүү давуу байдлаа ашиглаж хэлцэлд оролцогч нөгөө талдаа ашиггүй байдлаар аливаа нөхцөл тулгах, ялгавартай нөхцөл тавих тулгах, ялгавартай нөхцөл тавих зэргээр тухайн аж ахуй эрхлэгчид болон зах зээлд шинээр нэвтэрч байгаа этгээдэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байдаг.
Уг маргааны хувьд “Ө” сүлжээ кино театрт төлбөртэйгөөр кино үзвэр гаргах тухай гэрээний нэг талах болох кино нийлүүлэгч тал нь өөрийн киног “Ө” сүлжээ кино театраар гаргахын тулд “Н с” ХХК-иас тавьж буй дээрх гэрээний нөхцөлүүдийг зайлшгүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд үүнийг гэрээний талуудын хүсэл зоригийн асуудал гэж үзэх боломжгүй юм.
Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан бөгөөд хууль зөрчсөн агуулгаар байгуулсан гэрээг гэрээний чөлөөт байдлын зарчимд хамааруулан үзэх үндэслэлгүй юм.
Гэтэл анхан шатны шүүхээс “...хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч кино театраар кино бүтээгчдийн киног өөр өөр үнээр гаргасан бол дээрх нөхцөлд хамаарахаар байна. Харин гэрээнд зааснаар орлого хуваарилах хувь хэмжээг өөрөөр заасан болон төлбөрийн тодорхой хувийг шатахууны картаар хийх зэрэг гэрээний талуудын хүсэлт зоригийн асуудал байх бөгөөд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох нэхэмжлэгчийг хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан гэж буруутгах үндэслэлгүй ... тус гэрээ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д заасан тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг тавьсан гэж үзэхээргүй байна” гэж дүгнэлт хийсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүхээс “Н с” ХХК нь кино нийлүүлэгчдэд ялгавартай нөхцөл тавих, кино тасалбарыг төрсөн өдрийн урамшууллаар олгохдоо нийлүүлэгчдэд хуваарилсан орлогоос суутгах, гэрээний төлбөрийн тодорхой хувийг шатахууны картаар барагдуулах, нийт орлогын тодорхой хувийг өөрийн зохион байгуулдаг наадмын үйл ажиллагаанд зориулан суутгах зэрэгт нийлүүлэгч талын хүсэл зоригийг харгалзан үздэг эсэх, уг нөхцөлийг нийлүүлэгч талаас аливаа байдлаар өөрчлөх боломжтой эсэх зэрэг хэргийн гол үйл баримтад дүгнэлт хийгээгүй хэр нь “...нэхэмжлэгч кино театраар кино бүтээгчдийн киног өөр өөр үнээр гаргасан бол дээрх нөхцөлд хамаарахаар байна”, “...нэхэмжлэгч кино бүтээгчдийн киног гаргахдаа үзэгчдийн их үздэг өдөр, цаг гэх мэтээр ялгаварлаагүй” гэх зэргээр уг хэргийн үйл баримтыг гуйвуулан дүгнэсэн нь шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Н с” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
3. Давж заалдах шатны шүүх хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
3.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0002297 дугаар шийтгэлийн хуудсаар “Н с” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.8, 7.1.11-д заасныг тус тус зөрчсөн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д зааснаар 107 528 429.72 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
3.2. Уг шийтгэлийн хуудсыг гомдол гаргагч “Н с” ХХК-иас эс зөвшөөрч “...”Н с” ХХК болон кино нийлүүлэгч нарын хооронд Иргэний хуулийн 196, 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний чөлөөт байдлын зарчим үйлчилж байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт шалгалт хийж үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан, ...шатахууны хомсдолын үед шатахуун түгээх станцууд зөвхөн гэрээт байгууллагуудад гэрээний дагуу шатахуун олгож байсан учир кино нийлүүлэгчид шатахуун авахад хүндрэлтэй байсан. Иймээс гэрээнд тус заалтыг оруулж өгөхийг хүссэнийг харгалзан үзэж бид гэрээндээ оруулсан. Бидний зүгээс гэрээний үнийн дүнгийн 10 хувьд шатахуун бартер оруулахаар тулгасан зүйл огт байхгүй бөгөөд кино нийлүүлэгч нар өөрсдөө энэхүү заалтыг оруулахыг хүссэн, ...кинотеатрын үндсэн урамшууллыг кино нийлүүлэгч тал мөн адил хариуцна гэж хоёр тал харилцан тохиролцож гэрээнд тусгасан. Энэ гэрээний заалт нь үзэгчдэд жилд нэг удаа төрсөн өдрөөр нь бэлэг болгон олгодог урамшуулал, урамшууллыг эдэлж байгаа хүний цаана 1-2 хүн хамт ирж тасалбар худалдан авч борлуулалт нэмэгддэг” гэж тайлбарлан маргажээ.
3.3. Анхан шатны шүүх “...Хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулга бичсэн атлаа 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зөрчлийн 2202000349 дүгээр хэргийг нээсэн нь зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж зөрчлийн хэрэг нээх хуулийн зохицуулалтад нийцээгүй, ... “Ө” сүлжээ кино театрт төлбөртэйгөөр кино үзвэр гаргах тухай гэрээнд кино нийлүүлэгчдийн бүтээл ашиглаж олсон орлогыг 56.8/43.2, 50/50 гэх хувиар өөр өөр хэмжээгээр тогтоосон нь болон шийтгэлийн үндэслэл болсон гэрээний маргаан бүхий заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.8-д заасан тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулахад хүргэж болох нөхцөлөөр уг бараа бүтээгдэхүүнийг өөртөө худалдахыг бусдаас шаардах гэх нөхцөлд хамаарахгүй, ... кино театраар кино бүтээгчдийн киног өөр өөр үнээр гаргасан бол дээрх нөхцөлд хамаарахаар байна, харин гэрээнд зааснаар орлого хуваарилах хувь хэмжээг өөрөөр заасан болон төлбөрийн тодорхой хувийг шатахууны картаар хийх зэрэг гэрээний талуудын хүсэл зоригийн асуудал байх бөгөөд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулах гэж буруутгах үндэслэлгүй,... мөн шийтгэлийн үндэслэл болсон гэрээ нь ...кино бүтээгчдийн киног төлбөртэйгөөр гаргах талаарх харилцааг зохицуулсан байх ба гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг тус гэрээгээр зохицуулаагүй, нэхэмжлэгч кино бүтээгчдийн киног гаргахдаа үзэгчдийн их үздэг өдөр, цаг гэх мэтээр ялгаварлаагүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
3.4. Тодруулбал, “Ө” сүлжээ кино театрт төлбөртэйгөөр кино үзвэр гаргах тухай гэрээний 7.1-д “Кино тасалбарын үнэ нь кино театрын үнийн бодлогын дагуу байх бөгөөд театрын үндсэн урамшууллыг кино нийлүүлэгч тал мөн адил дагаж мөрдөнө. Кино театрын үндсэн урамшуулалд: төрсөн өдрийн урамшуулал багтсан болно” гэж, мөн гэрээний 7.6 болон 7.10-д “Кино нийлүүлэгч талд төлбөл зохих нийт мөнгөн дүнгийн 10%-д Содмонгол группын шатахууны картаар төлбөрийг барагдуулна” гэж, 10.7-д “Кино урлагийг дэмжих зорилгоор “Н с” ХХК-ийн зүгээс зохион байгуулдаг “Cinema awards” наадмын үйл ажиллагааг дэмжин, кино зах зээлд гарч, буух хүртэл олсон нийт орлогын 2 хувийг санд төвлөрүүлнэ” гэсэн заалтууд нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах. Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй”, 7.1.11-д “тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
3.5. Учир нь дээрх гэрээний заалтууд нь байнга хэрэглэгддэг буюу урьдчилан тогтоосон гэрээний стандарт нөхцөл болох нь хэрэгт авагдсан гэрээнүүдээс тогтоогдож байна. Гэтэл энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... “Ө” сүлжээ кино театрт төлбөртэйгөөр кино үзвэр гаргах тухай гэрээний нэг тал болох кино нийлүүлэгч тал нь өөрийн киног “Ө” сүлжээ кино театраар гаргахын тулд “Н с” ХХК-иас тавьж буй дээрх гэрээний нөхцөлийг зайлшгүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд үүнийг гэрээний талуудын хүсэл зоригийн асуудал гэж үзэх боломжгүй” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3.6. Харин “Ө” сүлжээ кино театрт төлбөртэйгөөр кино үзвэр гаргах тухай гэрээнд бүтээл ашиглаж олсон орлогыг 56.8/43.2, 50/50 гэх ялгавартай хэмжээгээр тогтоосон гэх тухайд, зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь кино нийлүүлэгч талд гэрээнд хамаарахгүй нөхцөл тулгасан, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавьсан гэж үзэхээргүй байна. Учир нь тухайн кинонд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, зарцуулсан зардал, ашигласан техник хэрэгсэл, тоглосон жүжигчид зэргээс хамааран киног үзэх үзэгчдийн тоо буюу тухайн киноны борлуулагдах хувь хэмжээ харилцан адилгүй байх нь тодорхой бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу “Н с” ХХК болон кино нийлүүлэгч нар харилцан тохиролцож кино бүтээл ашиглаж олсон орлогыг ялгамжтайгаар хуваарилж буй энэ тохиолдолд гомдол гаргагчийг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
3.7. Нөгөөтээгүүр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/25 дугаар удирдамжийн дагуу “...2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар улсын байцаагчийн албан шаардлагын дагуу авч, хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтэд гүйцэтгэлийн хяналт шалгалт” хийсэн байх бөгөөд тус хяналт шалгалтаар “Н с” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.8, 7.1.11-д заасныг тус тус зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Өрсөлдөөний тухай хууль зөрчиж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд холбогдуулан Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахаар шийдвэрлэж, мөн өдрөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” тэмдэглэл үйлдэж, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 2202000349 дугаартай зөрчлийн хэргийг хэрэг нээжээ.
3.8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна:”, 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн”, 2-т “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 2.4-д “зөрчлийн хэрэг нээх” гэж тус тус хуульчилсан байна.
3.9. Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлж тэмдэглэл үйлдсэнээс хойш ажлын 5 өдрийн дотор зөрчлийн нээх бөгөөд зөрчлийн хэрэг нээх сүүлийн хугацаа нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болохоор байна. Гэтэл анхан шатны шүүхээс зөрчил ирүүлснээс хойш ажлын 5 өдрийг тоолохдоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2-т “Хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй” гэж заасныг анхаарч үзэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн гомдол гаргагч “Н с” ХХК-иас уг захиргааны хэрэгт Г.Б, Н.О, Д.Б нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/31 дүгээр албан бичгээр итгэмжлэл олгосон байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд оролцох эрхийг хангасан бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Д.Б нар нь “ээлжийн амралттай” гэсэн үндэслэлээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй, уг шалтгааныг нь шүүх хуралдааныг зайлшгүй хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй төдийгүй төлөөлөгч Г.Б-ын хувьд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч огт шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 117.2-т “Энэ хуулийн 117.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.11, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Н с” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч М.Д-ын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0002297 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН