| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2021/0500/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/555 |
| Огноо | 2021-08-11 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/555
2021 08 11 2021/ШЦТ/555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
улсын яллагч М.Отгонбаатар,
шүүгдэгч Т.У-, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,
шүүгдэгч Ш.Б-, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... овогт Ш.Б-, ... овогт Т.У- нарт холбогдох эрүүгийн 2009019100153 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, захиргааны дунд мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, ач нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Ш.Б-,,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Оросын холбооны улсад төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, охин, зээ нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 271 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Т.У- нар нь:
- Бүлэглэн хохирогч Ж.Бурмаагийн эрүүгийн хэрэгт шалгагдаж буй хэргийг аргалж өгнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдөр Монгол Ардын хувьсгалт намын байр болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Улаанбаатар зочид буудал орчмоос 30.000 ам долларыг шилжүүлэн авч 81.420.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 3 /
Хохирогч Ж.Бурмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр над руу миний танил Ш.Б-, утсаар яриад “Өөрт чинь хууль зүйн туслалцаа үзүүлнэ. Надад найдвартай таньдаг хүн байна. Асуудлыг шийдэж өгөхөд маргаашийн дотор 30.000 ам доллар хэрэгтэй юм байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Үгүй ийм юм надад хэрэггүй” гэж хэлэхэд “Юу ч гэсэн бодож үзээрэй. Хэрэгтэй бол залгаарай” гэсэн. Тэгээд би энэ талаар өглөө нь нөхөртэйгээ ярилцахад манай нөхөр “ Яаж ийж байгаад тэр мөнгийг нь олж өгье “гэж хэлсэн. Тэгэхээр нь Ш.Б-, руу яриад мөнгийг нь олж өгье гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр өөрийн таньдаг найз нөхөд хамаатан садан руу яриад өөрийн хадгаламжинд 20-30 жил хадгалсан мөнгөө аваад, хүнээс мөнгө зээлээд нийт 21.000 ам доллар цуглуулсан. Ш.Б-, надад хэлэхдээ 17 цагт МАХН-ын байранд авчирч өг гэж хэлсэн. Надад мөнгө олдохгүй байсан болохоор нилээн их хайж байгаад 18 цаг өнгөрч байхад МАХН-ын байр дээр очсон чинь Ш.Б-, байхгүй байсан. Тэгээд хүлээж байсан чинь Ш.Б-, Шангрилла худалдааны төвд хүнтэй уулзаад ирлээ гээд орж ирсэн. Ш.Б-,аас “ Юун хүн юм бэ? Ямар хүн юм бэ” гэхэд маш найдвартай хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд “Энэ хэрэг нь бүтэхээ байчихвал яах юм бэ гэхэд “ Найдвартай. Бүтэхээ болчихвол би бүх юмаа хэлнэ. Хэнд мөнгө өгснөө илчилнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ Хүнээс гуйж байгаад 21.000 ам доллар цуглуулсан. Тэгээд үлдсэн 9.000 ам долларыг найзаасаа маргааш авахаар болсон “ гэхэд “Үлдсэнийг маргааш өгөх юм уу” гэхээр нь тэгнэ гэсэн. Тэгвэл хоёулаа зээлийн гэрээ хийе гэж хэлсэн. Тэгээд авсан өгсөн талаар гарын үсэг зураад 21.000 ам долларыг тоолж өгсөн. Надад хэлэхдээ зохицуулж өгнө. Баттай найдвартай гэж хэлсэн. Маргааш өглөө нь манай нөхөр үлдсэн 9.000 ам долларыг Улаанбаатар зочид буудлын орчим өгсөн гэсэн.
... Би олон хүнээс энэ мөнгийг зээлж авч өгсөн. Тэгээд би хүмүүсээс мөнгө зээлээд хүнд байдалд ороод байна гэж хэлэхэд Ш.Б-, надад тэтгэврийн зээл аваад надад 2.000.000 төгрөг өгсөн. Ш.Б-, надад хэлэхдээ миний мөнгийг цааш нь Т.У-ад өгсөн гэсэн. Т.У-а нь надад “ Одоо удахгүй өгнө “гэж хэлээд байдаг. Би Т.У-атай бөөн юм болж байж 5.000.000 төгрөг авсан. Одоо болохоор “Надтай нэг гэрээ хийсэн. Удахгүй мөнгө орж ирнэ. Тэгэхээр өгнө “ гээд байгаа. Одоо 73.000.000 төгрөг буцаан авах ёстой гэжээ. / хх 33-34 /
Гэрч Д.Зоригт мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Ш.Б-, шөнө манай эхнэр рүү залгаад “ Та нарыг ачих гэж байгаа юм байна. Би ачуулахгүй хүн олчихлоо. Маргааш уулзъя” гэж хэлсэн. Манай эхнэр тухайн үед их шоконд орсон байсан. Тэгээд би тусалъя гэж бодсон. Дээрээс нь би эхнэр Бурмааг хэрэг хийгээгүйг сайн мэдэж байсан. Баянсэлэнгийн хэрэг дээр тогтоолын төслийг боловсруулаагүй байж би боловсруулсан гэж хэлсэн байна лээ. Эхлээд 21.000 ам долларыг өгөхөд эхнэрийн хамт МАХН-ын байранд өгсөн. Дараа нь 9.000 ам долларыг би ганцаараа Улаанбаатар зочид буудлын хажуу талд өгсөн гэжээ. / хх 44-45 /
Гэрч Ч.Цэндээ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Бурмаа бид хоёр танилцаад 4-5 жил болж байна. Харин сүүлийн 2 жилээс илүү ойр дотно найзууд болсон. 30.000 ам доллар өгсөн талаар хараагүй. Энэ талаар Бурмаагаас сонссон. 2019 оны 11 дүгээр сарын 26-ны оройны 20 цаг өнгөрч байхад Ш.Б-,, Т.У-, Булган гэх 3 хүн манай Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Би Би Гранд” ресторанд ирсэн. Учир нь би тухайн үед гадаадаас ирээд Булганы ажил дээр нэг шил виски өгөхөд тэрийг уугаагүй байж байгаад манай ажил дээр тэр виски болон вино бариад ирсэн. Тэгээд юм уугаад байж байхад 23 цагийн орчим Т.У- Ш.Б-,д хандан “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Та Бурмаа руу яаралтай яриадах “гэж хэлсэн чинь Ш.Б-, нь “Бурмаа миний үгэнд орно” гэж хэлээд Бурмаа руу ярих гээд ширээнээс босоод явсан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй, бид нар тэгээд тарсан. Тэгээд маргааш нь Бурмаагийн шүүх хурал болсон. Дараа нь Бурмаа бид хоёр уулзахад мөнгө төгрөг өгсөн талаар хэлэхээр нь Би Бурмаагаас “ Чам руу 2019 оны 11 дүгээр сарын 26-ны 23 цагийн орчим ярьсан уу “гэж хэлэхэд “ Тийм” гэж хэлсэн.
Ер нь бол сууж байхдаа янз бүрийн элдэв юм яриагүй. Гэнэт Т.У- мөнгө яаралтай хэрэгтэй байна. Та яриадах гэсэн чинь Ш.Б-, “Бурмаа миний үгэнд орно. Би яръя” гэж хэлээд боссон. Өөрөөр бол хэргийн талаар ч юм уу, Бурмаагийн юмыг янзлаад өгье ч гэдэг юм яриагүй гэжээ. / хх 46 /
Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 06-05/2130 дугаартай албан бичигт: ... Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн системд Төмөрийн Т.У-, Шагдарын Ш.Б-, нар нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар төрийн байгууллагад ажиллаж байгаа болон ажиллаж байсан талаарх мэдээлэл бүртгэлгүй байна гэжээ. / хх 81 /
Монгол банкны зарласан ханшийн лавлагаа / хх 85 /
Хас банкны валют арилжааны болон зарлагын маягт / хх 88-89 /
Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 28-30 /
Яллагдагч Ш.Б-, мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Надад Т.У- хэлэхдээ “Энэ асуудлыг шийдүүлэх боломж байна. Таньдаг хүн байна. Би Бурмааг сайн танихгүй. Уг нь тус болчих юмсан, нэг намын юм чинь “гээд “ Та таньдаг юм чинь хэлээч “ гэхээр нь би дамжуулаад хэлсэн. Эхний удаа Бурмаатай ярихад “ Бодолцъё. Гэрийхэнтэйгээ яриад үзье” гэж хэлсэн. Үнэхээр боломжтой юм уу гэхээр нь би Уянгын үгийг дамжуулаад боломжтой гэсэн гэж хэлсэн. Хэргийг нь шийдвэрлэхэд мөнгө хэрэгтэй юм байна. Та Бурмаад хэлээд мөнгийг нь аваад надаа өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чи өөрөө авахгүй юм уу” гэхэд “Та мөнгийг нь аваад өгчих” гэж хэлсэн. Би Т.У- гэх хүнд итгээд мөнгийг нь аваад өгсөн. ... Шударга хүн байгаа гэж хэлсэн. Тухайн үед би Бурмаад Т.У- гэж хэлээгүй. Манай намын хүн надад тусална гэсэн. Хэрэв тэр хүн туслахгүй бол би тэр хүнийг илчилж хэлнэ гэж хэлсэн. Т.У-д хүний их мөнгө өгсөн болохоор мөнгөө яасан бэ гэж асуухад шүүгчийн туслах ирээд аваад явсан гэж хэлсэн. Ямар хүн ирээд аваад явсан талаар мэдэхгүй байна. ... Т.У-д мөнгөний хэрэгцээ гарсан болоод энэ мөнгийг аваагүй Бурмаагийн хэргийг шийдвэрлүүлэх гээд мөнгө авч, Т.У-д өгсөн. Үүнийг гэрч Цэндээ болохоор Т.У-д мөнгө хэрэгтэй болохоор би Бурмаагаас мөнгө аваад байгаа юм шиг ойлгосон байна. Цандээ нарын учрыг мэдэхгүй болохоор бодит байдал дээр буруу ойлгосон юм шиг байна гэжээ. / хх 56-57 /
Яллагдагч Т.У- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Мэдүүлгээ бичгээр гаргаж өгнө. Тайлбар дээрээ тодорхой бичиж өгнө. Ийм асуудал гаргаж байгаад харамсаж байгаа. Мөнгийг нь өгөх гээд удсан гэжээ. / хх 67 /
Шүүдэгч Ш.Б-аас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 56-57 /
Шүүгдэгч Т.У-аас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 67 /
Шүүгдэгч нар урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 69, 70 / зэрэг болно.
Шүүгдэгч Ш.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өндөр настай, даралт ихтэй тул торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ш.Б-, Т.У- нар нь бүлэглэн хохирогч Ж.Бурмаагийн “шалгагдаж буй эрүүгийн хэргийг аргалж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдөр Монгол Ардын хувьсгалт намын байр болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Улаанбаатар зочид буудлын орчимд 2 удаагийн үйлдлээр 30.000 ам долларыг шилжүүлэн авч, нийт 81.420.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
... Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 3 /, ... миний танил Ш.Б утсаар яриад “Өөрт чинь хууль зүйн туслалцаа үзүүлнэ. Надад найдвартай таньдаг хүн байна. Асуудлыг шийдэж өгөхөд маргаашийн дотор 30.000 ам доллар хэрэгтэй юм байна” гэж хэлэхээр нь өөрийн нөхөртэйгээ ярилцаад 2019 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр 21.000 ам доллар, маргааш нь манай нөхөр үлдсэн 9.000 ам долларыг Улаанбаатар зочид буудлын орчимд Ш.Б-т өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ж.Бурмаагийн мэдүүлэг / хх 33-34 /, ... Ш.Б-, шөнө манай эхнэр рүү залгаад “ Та нарыг ачих гэж байгаа юм байна. Би ачуулахгүй хүн олчихлоо. Маргааш уулзъя ” гэж хэлсэн. Эхлээд 21.000 ам долларыг өгөхөд эхнэрийн хамт МАХН-ын байранд өгсөн. Дараа нь 9.000 ам долларыг би ганцаараа Улаанбаатар зочид буудлын хажуу талд өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Зоригтын мэдүүлэг / хх 44-45 /, ... Юм уугаад байж байхад 23 цагийн орчим Т.У- Ш.Б-,д хандан “ Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Та Бурмаа руу яаралтай яриадах “ гэж хэлсэн чинь Ш.Б-, нь “Бурмаа миний үгэнд орно” гэж хэлээд Бурмаа руу ярих гээд ширээнээс босоод явсан. Дараа нь Бурмаа бид хоёр уулзахад мөнгө төгрөг өгсөн талаар хэлэхээр нь Би Бурмаагаас “ Чам руу 2019 оны 11 дүгээр сарын 26-ны 23 цагийн орчим ярьсан уу “ гэж хэлэхэд “ Тийм ” гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ч.Цэндээгийн мэдүүлэг / хх 46 /, ... Төмөрийн Т.У-, Шагдарын Ш.Б-, нар нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар төрийн байгууллагад ажиллаж байгаа болон ажиллаж байсан талаарх мэдээлэл бүртгэлгүй байна гэсэн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 06-05/2130 дугаартай албан бичиг / хх 81 /, ... Монгол банкны зарласан ханшийн лавлагаа / хх 85 /, ... Хас банкны валют арилжааны болон зарлагын маягт / хх 88-89 /, ... Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 28-30 /, ... Т.У- хэлэхдээ “Энэ асуудлыг шийдүүлэх боломж байна. Таньдаг хүн байна. Би Бурмааг сайн танихгүй. Уг нь тус болчих юмсан, нэг намын юм чинь. Та таньдаг юм чинь хэлээч “ гэхээр нь би дамжуулаад хэлсэн. ... Надад Т.У- хэлэхдээ “Энэ асуудлыг шийдүүлэх боломж байна. Та таньдаг юм чинь хэлээч “ гэхээр нь би дамжуулаад хэлэхэд Бурмаа зөвшөөрсөн. Т.У- “Та мөнгийг нь аваад өгчих” гэхээр нь Бурмаагийн хэргийг шийдвэрлүүлэх гээд мөнгө авч, Т.У-д өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ш.Б-,ын мэдүүлэг / хх 56-57 /, ... Ийм асуудал гаргаж байгаад харамсаж байгаа. Мөнгийг нь өгөх гээд удсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Т.Уянгын мэдүүлэг / хх 67 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ш.Б-, Т.У нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад шүүгдэгч Ш.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоос шүүгдэгч Ш.Б-, нь 2.000.000 төгрөг, Т.У- нь 72.000.000 төгрөгийг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Ж.Бурмаа мөрдөн шалгалтын явцад нийт 81.000.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Т.У- 72.000.000 төгрөгийг хохирогч Ж.Бурмаад төлж, Т.У- нь үлдэх 9.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлж баталгаа гаргаж, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл өөрийн эзэмшлийн 04-95 УНЕ дугаарын Аlpard маркийн автомашинаа барьцаалсан, хохирогч Ж.Бурмаа нь гомдол саналгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн, Ж.Бурмаа нь үлдэх 4.000.000 төгрөгөө нэхэмжлэхгүй гэсэн боловч шүүгдэгч Ш.Б-, 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн / хх 33-34 / байх тул үлдэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ш.Б-, нь бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ш.Б-,, Т.У- нар нь цагдан хоригдоогүйг дурьдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Б-, Т.У- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Т.У- нь шунахай зорилгоор хохирогч Ж.Бурмаагийн гэмт хэрэгт холбогдсон байдлыг далимдуулан прокурор, шүүгчид мөнгө өгч хэргийг хэрэгсэхгүй болгуулна гэж итгүүлэн улмаар Ш.Б-,тай бүлэглэн түүний урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчоос их хэмжээний мөнгийг залилан авсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын дийлэнх хэсгийг нөхөн төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, Ш.Б-, нь өндөр настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Т.У- нь хэргийг санаачилж, мөнгийг авсан зэргийг харгалзан прокурорын санал болгосон Ш.Б-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр, Т.Уянгыг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдууллаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ш.Б-, Т.У- нарын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тэдгээрт оногдуулсан торгуулийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Ш.Б-, ... овогт Т.У- нарыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.Б-,ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10.000 / арван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох,
шүүгдэгч Т.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 15.000 / арван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг флашийг хэрэгт хавсаргаж, Ш.Б-, Т.У- нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.У-ас 5.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Бурмаад олгож, нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ш.Б-,, Т.У- нарт шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ш.Б-,, Т.У- нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Ш.Б-, Т.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Б-, Т.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ