| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01213/И |
| Дугаар | 102/ШШ2017/01345 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2017/01345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол, 15-р байрны 44 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧИ49042803, Таргад овогт Гонгоогийн Баярсүрэнгийн нэхэмжлэлтэй,
хэлмэгдэгч Б.Дамир /Б.Тамир/-ын цагаатгалын нөхөх олговорыг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Баярсүрэн, прокурор Н.Дамбадаржаа/үнэмлэхийн дугаар 00120/, нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Баярсүрэн нь хэлмэгдэгч Б.Дамир/Б.Тамир/-ын цагаатгалын нөхөх олговорт 1 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Г.Баярсүрэн нэхэмжлэл, тайлбартаа: Миний аав Дамирын Гонгоо нь Бумбалдайн Дамирын хүү юм. Миний өвөө Б.Дамир/Б.Тамир/ Увс аймгийн Сагил суманд суман занги хийдэг, Догсом /Донсом/, Гонгоо, Дадаа, Эрдэнэ, Шур гэсэн 5 хүүхэдтэй хүн байсан гэдэг.
Өвөө Б.Дамир 1938 онд баривчлагдаж, улмаар цаазлагдсан гэдэг бөгөөд Монгол Улсын Дээд Шүүхийн 1992 оны 10 сарын 08 өдрийн 166 дугаар магадлалаар цагаатгагдсан болно.
Би Б.Дамирын хүү Д.Гонгоогийн төрсөн охин, манайх 8 хүүхэдтэй, түүнээс 1 хүүхдээ Дадай ахад үрчлүүлсэн. Тэр нь миний эмэгтэй дүү Д.Батжаргал юм. Миний ах нар Гонгоогийн Додон, Бүргэд, Чимиддорж, Юмжав, Ганжуур нар нас барцгаасан. Эмэгтэй дүү Г.Бямбаа, Д.Батжаргал бид 3 нар амьд сэрүүн байгаа. Аав Д.Гонгоо 1913 онд төрсөн, 1976 онд нас барсан. Ээж маань Донровын Гэрэл гэж бичиг баримтаар нэрлэгддэг. Охин байхад буюу гэрийн нэр нь Донровын Юнгэрэн гэдэг байсныг нутгийн заншлаар нөхөрт гарахад нь Д.Гэрэл болгосон гэдэг. Ээж ааваас 2 эгч. Аав маань 1930 онд гэрлэсэн. 1933 оны хүн амын тооллогын бүртгэлд аав маань Хөх гэдэг нэрээр бүртгэгдсэн юм билээ. Манай том ах Додондэмбэрэл Хөхийн Дэмбэрэл нэрээр бүртгэгдсэн байна лээ. Чимиддорж ах 1940 онд, Юмжав ах 1942 онд, Ганжуур ах 1947 онд төрсөн. Өвөөг 1938 онд баривчлагдахад аав 25 настай, Халх голын Матадын 6-р морьт хороонд цэргийн алба хааж байсан учир эзгүй байсан гэдэг.
Би өвөө Б.Дамир /Тамир/-ын ач охин болохоо шүүхээр тогтоолгож, хуульд заасны дагуу сонинд зарлуулсан боловч нөхөх олговор авахаар өөр хүн нэхэмжлэл гаргаагүй тул өвөө Б.Дамир / Тамир/-ын нөхөн олговорыг олгож өгнө үү? гэв.
Прокурор шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Дамир/Б.Тамир/ нь хэлмэгдсэн бөгөөд цагаатгагдсан нь тогтоогдож байна. Нөхөх олговор авах эрх бүхий 8 хүн байж болохоор байгаа боловч 2017-02-24 өдөр сониноор зарлуулсанбайна. 30 хоногийн дотор нөхөх олговрын талаар маргасан этгээд гараагүй байх тул Г.Баярсүрэнд Б.Дамир /Б.Тамир/-ын нөхөх олговрыг олгоё гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Б.Дамир /Б.Тамир/ Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багийн харьяат бөгөөд 1938-09-05 өдөр баривчлагдан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хулрын тогтоолоор, Шүүх цаазны бичгийн 43, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн байна.
Түүнийг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 10 дугаар сарын 08 өдрийн 166 дугаар магадлалаар цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын 2016-04-26 өдрийн 02/1480 лавлагаа, магадлал, цагаатгалын 17126 дугаартай үнэмлэх зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Гонгоогийн Баярсүрэн Дамирын Гонгоогийн төрсөн охин бөгөөд Д.Гонгоо нь Бумбалдайн Дамирын хүүхэд тул Г.Баярсүрэн нь Б.Дамирын ач охин болохыг тус шүүхийн 2017-02-01 өдрийн 102/ШШ2017/00378 шийдвэрээр тогтоосон байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч тогтоодоогүй болно.
Нэхэмжлэгч Г.Баярсүрэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэх эрх бүхий этгээд байх бөгөөд нэхэмжлэгчтэй адил эрх эдлэх боломж бүхий 8 орчим хүн тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч тэдгээрийн 3-аас нь бичгээр болон аман хэлбэрээр зөвшөөрөл авсан, Зууны мэдээ сонины 2017-02-24 өдрийн 42, 43 дугаарт нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн болохоо зарлуулсан боловч уг сонинд зарласнаас 30 хоногийн дотор хэлмэгдэгч Б.Дамир/Б.Тамир/-ын нөхөх олговрыг нэхэмжлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан өөр нэхэмжлэгч гараагүй байна.
Хэлмэгдэгч Б.Дамир/Б.Тамир/ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цаазаар авах ялаар шийтгүүлсэн байх тул түүний нөхөх олговорт 1 000 000 төгрөгийг төрөөс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдав.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дэх хэсгийг удирдлага болгон,