Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/320

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Амармөнх,

шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баянжаргалын Чд холбогдох эрүүгийн 2011 00247 0843 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шинэчлэл хотхоны 7-2-58 тоотод түр оршин суух, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг 11-11 тоотод оршин суух албан ёсны хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Баянжаргалын Ч /РД:_____/,

/яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” хүнсний захад иргэн Д.Жагваралаас 1062 кг хонины махыг нь 6,106,000 төгрөгөөр худалдан авна, мөнгийг нь бэлнээр өгнө гэж хууран авч, улмаар нийт төлбөрийн 2,300,000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 3,806,000 төгрөгийг өгөлгүй залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би “Хүчит шонхор” худалдааны төвд мал махны худалдаа эрхэлдэг. Д.Жагварал нь 100 гаран хонь ачиж ирсэн байсан. Үлдэгдэл махаа зарж чадахгүй байгаа тул зараад өгөөч гэж хэлсэн. Би Хятад руу мах нийлүүлдэг хүндээ хэлж махыг худалдсан. Жагварал нь мөнгөө нэхэж манай махны худалдааны төвд ирж манай хүүхдийг цохисон байсан. Би Д.Жагваралыг өөрөө дагуулж цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан ...” гэх

Шүүгдэгч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн ажил болох Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байх “Хүчит шонхор” худалдааны төв дээр байхдаа Жагварал гэгчээс 1062 кг хонины махыг 6,106,000 төгрөгөөр худалдан авсан. Тэгээд би маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2,300,000 төгрөгийг түүнд өгсөн. Харин үлдэгдэл 3,806,000 төгрөгийг чинь удаахгүй өгнөө гэж хэлсэн юм. Тэгээд би тухайн Жагваралаас авсан 1062 кг хонины махаа тухайн үедээ хятад түншдээ өгсөн ба би тухайн хятад түншийнхээ нэр болон утасны дугаар дансны дугаар зэргийг нь мэдэхгүй ээ би зүгээр зүс л таньдаг хятад хүн минь байгаа юм. Тухайн хятад түнш маань хил хаахаас өмнө хятадын цагаан cap гээд гараад явсан түүнээс хойш одоо болтол ирээгүй байна. Тухайн хятад түнш маань надаа уг нь махны мөнгө гэж 200,000,000 төгрөг өгөх ёстой юм байгаа юм. Би Жагваралын мөнгийг тухайн хятад түншээсээ мөнгө орж ирэх юм бол өгөх гээд байгаа юм. Би өөрөө “Хүчит шонхор” худалдааны төв дээр махны 15 дугаар лангууг түрээслэн мах зардаг ба тухайн үед Жагваралын махыг би хятад түншдээ өгсөн. Тухайн хятад түншийнхээ нэр болон утасны дугаарыг би өгөхгүй ээ миний ганц түнш минь байгаа юм. Би Жагваралын махны мөнгийг мөнгөтэй болохоороо өгнө. Жагварал ер нь утсаар их дарамтлаад мөнгөө нэхээд байгаа тул би шүүхээр орж байж түүний мөнгийг өгөх болно. Би одоо Жагварал гэгчид 3,806,000 төгрөг өгөх ёстой байгаа...” гэх /хх-ийн 40-41х/,

 

Хохирогч Д.Жагварал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Хүчит шонхор” зах дээр ирж Ганаа гэх залуугийн машинд хөлсөөр махаа ачаад 1062 килограмм хонины мах эмэгтэй ченжид зарсан боловч 2,300,000 төгрөгийг нь маргааш нь бөөн юм болж байж олж авсан боловч үлдэгдэл 3,806,000 төгрөгийг өгөлгүй залилсан юм. Тэр эмэгтэй анх хонины махыг минь авахдаа шууд мөнгө нь бэлэн, одоо өгнө гэж хэлээд авсан юм. Тэгээд мах авсны дараа “би 2, 3 павильон ажиллуулдаг юм, удахгүй павильонуудаараа ороод мөнгөө цуглуулаад өгнө гэж хэлээд алга болсон...” гэх /хх-ийн 19-20х/,

Гэрч М.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Жагварал бид хоёр Хүчит-Шонхор зах руу ороод 70 ширхэг хонины махаа зарж эхэлсэн юм. Тэгээд би хоолонд орчихоод иртэл Жагварал надад хандан энэ хүүхэн мах авна гээд байна гээд хуруугаараа заахаар нь хартал Ч байсан юм. Тэгээд би Чд хандан чи авах гэж байгаа юм уу гэж хэлтэл Ч тийм ээ, би авна гэж хэлээд 47 ширхэг хонины махыг 2 дүү нартайгаа ирээд жин дээр жинлээд аваад явсан юм...” гэх /хх-ийн 24-25х/,

Гэрч Б.Ариунаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ч нь гаднаас махаа аваад өөрийн лангуун дээр жижиглэн зардаг юм. Махаа хэнээс авдаг болон их хэмжээгээр нь Хятад хүмүүст зардаг эсэх талаар би мэдэхгүй...” гэх /хх-ийн 34-35х/

Шүүгдэгч Б.Чгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар лавлагаа /хх-ийн 48х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

Иймд шүүгдэгч Б.Ч нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч нь хохирогч Д.Жагваралд хохирол төлж барагдуулсан гэх боловч хавтаст хэрэгт хохирол төлбөр барагдуулсан талаар баримт авагдаагүй байх тул хохирол төлсөн гэж үзэх боломжгүй байна.

Иймээс шүүгдэгч Б.Чгаас нийт 3,806,000 /гурван сая найман зуун зургаан мянга/ гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум 8 дугаар баг чулуутын гудамж 4-404 тоотод оршин суух хаягтай, Д.Жагварал /ЛЮ75092478/-д олгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí

 

                                                                                                          ÒÎÃÒÎÎÕ íü:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Баянжаргалын Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чд 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чгаас нийт 3,806,000 /гурван сая найман зуун зургаан мянга/ гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум 8 дугаар баг чулуутын гудамж 4-404 тоотод оршин суух хаягтай, Д.Жагварал /ЛЮ75092478/-д олгосугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ        П.АРИУНБОЛД