Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Ц.Бямбадорж,

Шүүгдэгч: Г.Цолмон нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Галсанбаатарын Цолмонд яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201616010054 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монпорт” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эгч дүү нарын хамт Улаанбаатар хот, СХД, 6-р хороо, Тоосгоны 24а-3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Галсанбаатарын Цолмон /РД: ЧВ87092977/,

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Цолмон нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс таван толгой” ХК-ний уурахайн 17 дугаар пост гэх газар Нордбенз маркийн тээврийн жолоодон нүүрс тээвэр хийхдээ БНХАУ-д хуурамчаар хийлгэсэн, Монгол улсын жолооны үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Цолмон мэдүүлэхдээ: “Улсын яллагчаас гаргасан ялын саналд хэлэх зүйл байхгүй” гэв. 

   Улсын яллагч шүүх хуралдаанд “Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж би, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Б.Энэрэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар эррүгийн хэрэг үүсгэж, хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан Г.Цолмонд холбогдох 201616010054 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр прокурорын хяналтанд ирүүлсэн. Г.Цолмон нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр тус аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Таван Толгой” ХК-ын уурхайн 17 дугаар пост гэх газар Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодон нүүрсний тээвэр хийхдээ БНХАУ-д хуурамчаар хийлгэсэн, МУ-ын жолооны үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тухай тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Г.Цолмонд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 471 дугаар зүйлийн 417.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 960.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

            Хохирогч Б.Оюунсүрэнгийн өгсөн: “...Би Өмнөговь аймаг дахь авто тээврийн төвийн ажилтан юм. Уг эрүүгийн хэрэгт Өмнөговь аймаг дахь автотээврийн төв хохирогчоор тогтоогдож, би төвийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор болсон юм. Уг хэрэг нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Галсанбаатар овогтой Цолмон гэх хүн Монгол улсын хуурамчаар үйлдсэн жолоочийн үнэмлэх ашиглан тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож Цогтцэций сумын Эрдэнэ таван толгой ХХК-ний уурхайн 17 дугаар пост гэх газар баригдан саатуулагдсан асуудал байгаа юм. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй байна. Холбогдогч этгээтэй сайн дураар эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхайн шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 12-13-р хуудас/,

Гэрч Д.Нэргүйн өгсөн: “Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг “Эрдэнэс таван толгой” уурхайн 17-р пост дээр үүргээ гүйцэтгэж байхад 2016 оны 04 дүгээр сарын 14-ний үе хавьцаа 23 цагийн үед нэг Нордбенз маркийн автомашин ачилтанд орж ирсэн юм. Би жолооны үнэмлэхийг шалгахад жолооч нь Галсанбаатар овогтой Цолмон гэсэн нэртэй илт хуурамч үнэмлэх үзүүлэхээр нь тухайн үнэмлэхийг нь хурааж аваад саатуулаад маргааш өглөөний ээлжиндээ хүлээлгэж өгсөн. Тэгээд манай удирдлагууд Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 14-р хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шижнилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №11 дугаартай шинжээчийн “...Галсанбаатар овогтой Цолмон /ВЧ87092977/ ВС ангилалын №650089 дугаартай жолоочийн үнэмлэх гэх зүйл нь хуурамч байна” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 17-18-р хуудас/,

Шүүгдэгч Г.Цолмонгийн сэжигтэн болон яллагдагчаар өгсөн “...Би жолооны үнэмлэхээ 2015 оны 11 дүгээр сард Ханбогд сумын Цагаан хаданд явж байхдаа гээгдүүлсэн юм. Түүнээс хойш үнэмлэхээ захиалж авах гээд нилээн удсан, бас жолооны үнэмлэхгүй ажил хийж болохгүй болохоор би 2015 оны 12 дугаар сард БНХАУ-н Ганц мод гэх газар Шинэ зээлэнд жолооны үнэмлэх хэвлэж байна гэж сонсоод хэлэдэг газар нь тэр үед би 150 юань өгөөд үнэмлэх гаргуулж авсан. Түүнээс хойш 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Эрдэнэс таван толгой” ХХК-ний уурхайн 17 дугаар постон дээр Нордбенз маркийн машин унаж ачилтанд орох гэж очих үед Эрчим хамгаалалтын албаны хамгаалагч миний жолооны үнэмлэхийг шалгаад хуурамч байна гээд хурааж авсан. Тэгээд удалгүй цагдаад дуудагдсан” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 20, 25-р хуудас/,

“...Урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх шүүгдэгч Г.Цолмонгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хавтаст хэргийн 26-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Цолмон нь 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс таван толгой” ХК-ний уурахайн 17 дугаар пост гэх газар Нордбенз маркийн тээврийн жолоодон нүүрс тээвэр хийхдээ БНХАУ-д хуурамчаар хийлгэсэн, Монгол улсын жолооны үнэмлэхийг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Хохирогч Оюунсүрэн нь шүүгдэгч Г.Цолмонтой сайн дураараа эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлт гаргасан, хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг дээрх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №650089 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298, 418 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Галсанбаатарын Цолмонг хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өмнгөговь аймаг дахь Сум дундын 1-р прокурорын газраас Г.Цолмонд холбогдуулан Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн 201616010054 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Г.Цолмонг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Г.Цолмон нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №650089 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй байх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.   

 7. Эрүүгийн байцаан шийтгэл хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА