Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 00035

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               Б.О, Д.Э нарт

                                холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 171/2018/0021/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

                        Шүүх хуралдаанд: 

 

                           Прокурор                              Б.Жавхлантуяа

                           Шүүгдэгч                               Б.О,  Д.Э 

                           Нарийн бичгийн дарга      Ч.Буяндэлгэр  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолтой Б.О, Д.Э нарт холбогдох, 1725000000253 дугаартай эрүүгийн хэргийн шүүгдэгч Д.Эы давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Булган аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум Цагаанчулуут баг г оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овгийн Б-ын О,

 

Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр" ХХК-ний Эрчим хүчний цехэд ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум Уурхайчин багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, И овгийн Д-ын Э.

 

Шүүгдэгч Б.О, Д.Э нар нь 2017 оны 12 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу эрх” кафед маргалдан зодолдож Б.Э нь Б.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.О нь Д.Э-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор:

            Шүүгдэгч Б-ын О, Д-ын Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.О, Д.Э нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Б.О, Д.Э нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Б.О, Д.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь хохирлоо нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус туc дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Э давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Д овогтой Э нь 2018 оны 01 дүгээр сарын 12-нд болсон шүүх хурлын хариу болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 000 төгрөгийн торгууль хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Учир нь миний бие Б.О-д зодуулж, эд хөрөнгөө эвдүүлсэн миний зүгээс тэр хүнийг цохиж, гэмтээсэн зүйлгүй хэлмэгдэж байна. Миний бие нь хүнтэй зодолдох битгий хэл нуруу нугасны хүнд гэмтэлтэй эмчийн хяналтанд байдаг. Огцом болон хүч шаардсан хөдөлгөөн хориотой хагалгаанд орох шаардлагтай. Ийм хүн хүн хохироож чадахгүй тул шүүх хурлын хариуг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

 

 Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Б.О, Д.Э нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Оюу эрх” кафед 2017 оны 12 дугаар сарын 02-нд шөнийн 01 цагийн орчим согтуугаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн  нотлох баримт болох:

 

  Гэрч А.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 

 .....Сүүлд хойд өрөөнд орсон хойно О, Э хоёр маргалдаад  бие биенээсээ зууралдаад байсан...,  тэгээд  О-ыг салгаад гаргатал  араас нь Э гарсан. ..,Гэтэл гэнэт  зааланд түр тар хийх чимээ гарсан. .., Т намайг дуудаад О хөргөгчийг нь унагаачихлаа гэхээр нь хартал  Заалны баруун хойд хэсэгт байсан хөргөгч нь доошоо хараад унасан дотор нь байсан бараа тавиур зэрэг нь унасан байсан...,  Шилтэй пивонууд хагарсан байсан...,  Т бид хоёр өргөж босгосон...Ямарч байсан О Э хоёр маргалдаад хоорондоо зууралдаад  байсан яг  бие биеэ цохиж байхыг нь сайн хараагүй... гэсэн мэдүүлэг,

 

   Шүүгдэгч, хохирогч Б.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 

   ...2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр урд нь хамт ажиллаж байсан Б намайг дуудаад “Оюу-Эрх” кафед уулзаж архи ууцгаасан..., Би тарах болохоор нь Ттай явж хүмүүсийг хүргэж өгсөн...,  Тэгээд явж байхад Э Т руу залгаад хүрээд ир гэхээр нь  бид хоёр очиход хоёр цагдаа зөрөөд гарсан...,  Э цагдаа ирээд бичиг баримт хураагаад авчихлаа чи цагдаа дуудсан уу гээд над руу дайрч элдвээр доромжлоод  намайг үсдээд доош нь дараад байхаар нь би гарыг нь тавиулах гээд гэдсэн дээр нь хазсан...,  Гарыг нь бас хазсан...,  Аймаар өвдсөн учраас тавиулах гэж хазсан. .., Тэгээд би зугтаад гараад явсан..., Маргааш нь намайг очиход намайг хөргөгч унагаасан, пивоны шил шидсэн гэж байсан...,  Би үүнд гайхаад байна..,  Эд гомдолтой ..,  Энэ хэргийн улмаас надад тархины доргилт гэмтэл учирсан байсан...,  Эмчилгээ хийлгэсэн талаарх баримт байхгүй... гэсэн мэдүүлэг,

 

   Шүүгдэгч, хохирогч Д.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 

           ... 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай ажлынхан тэмцээнтэй байсан..., Манай ажлынхан манай кафед ирсэн...,  Б, О-тай арын өрөөнд суугаад пиво ууж байтал хүмүүс нь яваад Н, О, Д нар үлдсэн..., тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад цагдаа орж ирээд кафены зөвшөөрөл хурааж авсан..., Цагдаа явсны дараа О нь Тыг тархи толгойгүй цохиод байхаар нь наадах чинь эхнэр хүүхэдтэй хүн гэж хэлэхэд сагсалзаад байсан..., Тэр үед би О-ыг тэвэрч аваад дарсан..., Үс гэзэг нь зулгаагдсан байж магадгүй..., Гэтэл О миний гэдэсийг хазчихаад гарч гүйхдээ үүдэнд байсан хөргөгчийг унагаагаад явсан...,  Би О-ыг цохиогүй, надад буруу байхгүй...,  О-ийн биед хөнгөн гэмтэл учирсныг мэдэхгүй байна. .., О надлуу пивоны шил шидэхээр нь би барьж авсан..., Би хөргөгч засварын 150.000 төгрөг нэхэмжлэнэ... ,гэсэн мэдүүлэг,

 

        Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн  7 дугаартай:

 

        .....Б.О-ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархи доргилт үүссэн  бөгөөд  гэмтэл нь мохоо зүйлийн нэг  удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ...,  Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна..,  Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..., гэсэн дүгнэлт,

 

         Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 25 дугаартай:

 

          .....Д.Э ын биед хэвлийн урд хананд нэг тооны хазагдсан шарх, хоёр  тооны шалбархай, баруун гарын алганд нэг тооны хазагдсан шарх зэрэг гэмтэл үүссэн бөгөөд энэ гэмтэл нь үзүүр, ирмэгтэй зүйлийн хоёр удаагийн хазах, хазагдах, мөн хоёр удаагийн маажих, самардах хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн.., Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна..., Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна..., Хэвлийн урд хананд үүссэн хазагдсан шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6.д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй..., гэсэн дүгнэлт зэрэгээр   нотлогдож тогтоогдсон байна.

 

          Шүүгдэгч Б.О, Д.Э нарын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх тэдэнд хуульд заасан ял оногдуулсан бөгөөд энэ нь үйлдсэн хэргийн шинж, тэдний хувийн байдалд тохирчээ.

 

          Мөн шийтгэх тогтоолд тэднийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмын дагуу   нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурьдаж шийдвэрлэсэн  байна.

            

          Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э ын гаргасан  ...Би  О-д зодуулж, эд хөрөнгөө эвдүүлсэн... , миний хувьд О-ыг зодож цохиогүй тул шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна..., гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                      Ц.ТУЯА

 

                                                                                                            C.ЦЭЦЭГМАА