Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0432

 

“Ч б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/82 дугаар захирамжийн “Ч б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Д, өмгөөлөгч Т.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Б.М, Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 115/2022/0023/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ч б” ХХК-иас “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/82 дугаар захирамжийн “Ч б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалт (эдгээр хэсэг, заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө), 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 40.1.5 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйл (2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх)-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, түүнчлэн хуулийг буруу хэрэглэснээрээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.2. Шүүхээс нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан “.... хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай байтал маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд эрхийг хүчингүй болгох ойлголт байхгүй, эрхийн зөрчилтэй акт” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна” гэж хууль зүйн зөв дүгнэлт хийсэн хэрнээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно”, мөн хуулийн 48 дугаар зүйл /Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох/-ийн 48.2 “Эерэг нөлөөлөх бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно”, 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэснийг хариуцагч зөрчсөн байхад хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь хууль бус юм.

3.3. Шүүхээс маргаан бүхий захиргааны акт болох мөн хамгийн гол нотлох баримт болох Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/87 дугаар захирамжийг буруу үнэлж, эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт болох нь илэрхий байхад хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд ч маргаж мэтгэлцээгүй байхад маргаан бүхий захиргааны актыг илтэд өмгөөлж зөвтгөсөн, хариуцагчийн талд үйлчилж буюу илтэд нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.4. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/87 дугаар захирамж нь шийдвэр гаргах ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болох нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэсэн хэрнээ маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв хэмээн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/87 дугаар захирамж нь утга, агуулгын илэрхий алдаатай, илт хууль бус захиргааны акт ч байх үндэслэлтэй харагдаж байхад шүүхээс уг захиргааны актыг хуульд нийцсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасныг нотолж байна.

3.5. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Гэвч хариуцагчийн сонсох ажиллагаа явуулаагүй үйлдэл нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлийг зөвтгөж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээн тогтооход нөлөөлөхгүй ... 2013-2016 оныг хүртэлх хугацааны газрын төлбөрийг бүхэлд нь төлөөгүй нөхцөл байдал сонсох ажиллагаа явуулснаар өөрчлөгдөхгүй, өөрөөр хэлбэл тухайн төлбөрийг нөхөн төлүүлсэн ч энэ нь газар эзэмшигчийг газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн, хууль зүйн алдаатай дүгнэлт болсон гэж үзэж байна.

3.6. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба өмнө нь газар эзэмшигчийн газрын төлбөр төлөх харилцааг гэрээгээр зохицуулж байсныг хуулиар зохицуулж хуульд заасан хугацаанд газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байхаар хуульчилсан.

3.7. Маргаан бүхий газрын харилцааны хувьд газар эзэмшигчийг төлөөлж төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан болох сумын Засаг дарга, сумын газрын даамлаас Газрын төлбөрөө төлөхийг мэдэгдсэн хугацаатай мэдэгдлийг нэг ч удаа газар эзэмшигч компанид хүргүүлж, мэдэгдэж байгаагүй, газар эзэмшүүлэх гэрээг огт дүгнэж байгаагүй зэрэг нь анхан шатны шүүх хуралдаан дээр тогтоогдож, шүүх ч энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл газар эзэмшүүлэх гэрээг огт дүгнэхгүйгээр, газрын төлбөрийн талаар огт мэдэгдэл өгөхгүйгээр шууд газар эзэмших эрхийн гэрчилгээ /сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон/-г хүчингүй болгох нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн, Газрын тухай хуулийн зорилт, тус хуулийн зохицуулалтад нийцэхгүй.

3.8. Гэвч анхан шатны шүүхээс дээрх дүгнэлтүүдийг хийсний эцэст маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн нь логикийн хувьд болон хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт болсон бөгөөд төсөл сонгон шалгаруулалтаар шалгарч газар эзэмшиж байсан хуулийн этгээдийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй байна гэж дүгнэх нь газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшигч манай компаний газар эзэмших эрхийг маргаан бүхий захиргааны акт харин ч эсрэгээрээ хангалттай зөрчиж байгаа нь тодорхой, энэхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь ч Газрын тухай хуульд нийцсэн, шударга үйл ажиллагаа мөн билээ.

3.9. Газрын тухай хуулийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх зохицуулалт зөрчигдсөн ч энэ нь захиргааны акт хууль ёсны эсэх үндэслэлд хамаарахгүй, нэхэмжлэгч нь гомдол, нэхэмжлэл гаргах эрхээ нэгэнт хэрэгжүүлсэн хэмээн шүүхээс дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь 2016 онд болсон үйл явдал, үүссэн харилцааг тухайн үед нь буюу 2016 онд сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, аймгийн Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх асуудал, 6 жилийн дараа 2022 онд шийдвэрлэх хоёр нь тэнгэр газар шиг ялгаатай бөгөөд ганц хоёрхон жишээ дурдахад л хангалттай. Тухайлбал, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн захирамжид тухайн үед гомдол гаргасан тохиолдолд талууд тохиролцож эвлэрэх, газрын төлбөрийг төлж барагдуулах, тэр үеийн огт ашиглалтгүй газрын үнэ цэнэ, тухайн үеийн цаг үеийн нөхцөл байдал зэргийг өнөөгийн боомтын сэргээлтийн үе, Ханги-Мандалын боомт, Зүүнбаян-Хангийн төмөр замын бүтээн байгуулалт зэрэгтэй харьцуулах боломжгүй юм.

3.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан.

Иймд дээр хуульд заасны дагуу Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Ч б” ХХК-иас “Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” А/87 дугаар захирамжийн “Ч б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.2. Нэхэмжлэгч “Ч б” ХХК-ийн хувьд анх төсөл сонгон шалгаруулалтад тэнцэж Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/62 дугаар захирамжаар тус сумын Замын шанд багийн нутаг дэвсгэрт орших Ханги тосгоны ойролцоо ачиж буулгах талбайн зориулалтаар 20 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон бөгөөд маргаан бүхий Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 27-ны А/87 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ч б” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

2.3. Нэхэмжлэгчээс “...сумын Засаг дарга захирамжийн хууль зүйн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийн “ж”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтуудыг үндэслэсэн байгаа нь уг захирамж хууль бус, бодит байдалд огт нийцээгүй, газар эзэмшигчийн хувьд газрын төлбөрийг төлөхөд үргэлж бэлэн байсан бөгөөд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасан Хадгаламжийн банк татан буугдсантай холбоотой дансны өөрчлөлтийн талаар тодруулга, мэдээлэл авахаар ярьсан боловч хариу мэдэгдээгүй, сумын газрын даамал, төлбөрийн байцаагч нараас төлбөр төлөхийг сануулж шаардаж байгаагүй, газрын төлбөрөө төлөхийг мэдэгдэж мэдэгдэх хуудас ирүүлээгүй, газар эзэмшүүлэх гэрээг огт дүгнэж байгаагүй, газрын төлбөрийн тооцоо нийлж байгаагүй, захиргааны акт гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох ажиллагаа явуулах ёстой байсан ч сонсох ажиллагаа огт хийгээгүй шийдвэр гаргасан” гэж тайлбарлан маргасан байх ба анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.4. Тодруулбал, нэхэмжлэгч компани нь анх газар эзэмших эрх авснаас хойш буюу 2012 онд 872 329 төгрөг, 2013 онд 1 600 000 төгрөг, 2014 онд 1 600 000 төгрөг, 2015 онд 1 600 000, 2016 оны I, II улиралд 800 000 төгрөг, нийт 6 472 329 төгрөг төлөх ёстойгоос огт төлбөр төлөлт хийж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож буй энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч “Ч б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

2.5. Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ... аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг тул нэхэмжлэгчийн дурдаж буй Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасан Хадгаламжийн банк татан буугдсантай холбоотой дансны өөрчлөлтийн талаар тодруулга, мэдээлэл авахаар ярьсан боловч хариу мэдэгдээгүй, сумын газрын даамал, төлбөрийн байцаагч нараас төлбөр төлөхийг сануулж шаардаж байгаагүй, газрын төлбөрөө төлөхийг мэдэгдэж мэдэгдэх хуудас ирүүлээгүй, газар эзэмшүүлэх гэрээг огт дүгнэж байгаагүй, газрын төлбөрийн тооцоо нийлж байгаагүй гэх зэрэг нь хуулийн хугацаанд төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүйгээс гадна тухайн газрыг эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

2.6. Харин сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлийн хувьд анхан шатны шүүхээс “... газар эзэмшигчээс газар эзэмшүүлэх гэрээнд заасан 800 000 төгрөгийг болон 2013-2016 оныг хүртэлх хугацааны газрын төлбөрийг бүхэлд нь төлөөгүй нөхцөл байдал сонсох ажиллагаа явуулснаар өөрчлөгдөхгүй, өөрөөр хэлбэл тухайн төлбөрийг нөхөн төлүүлсэн ч энэ нь газар эзэмшигчийг газрын төлбөрөө тогтоосон хугацаанд төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийжээ. Учир нь сонсох ажиллагаа нь захиргааны байгууллагаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох зохицуулалт бөгөөд анх газар эзэмших эрх авснаас хойш газрын төлбөрийг огт төлөөгүй нэхэмжлэгч компанид сонсох ажиллагаа явуулах нь үр нөлөөгүй байх бөгөөд сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

2.7. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчээс “хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай байтал маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд эрхийг хүчингүй болгох ойлголт хуульд байхгүй, эрхийн зөрчилтэй захиргааны акт” гэж тайлбарлан маргах боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаас үзэхэд газар эзэмших эрхийг гагцхүү эрхийн гэрчилгээгээр баталгаажуулж байгаа энэ тохиолдолд дээр дурдсан үндэслэл нь нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд газрын төлбөрөө төлөөгүйг зөвтгөх, газрын төлбөрөө төлсөн болохыг нотлох үндэслэл болохгүй бөгөөд нэгэнт нэхэмжлэгчээс газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд захиргааны актыг хүчингүй болгох хэмжээний зөрчил гэж үзэхээргүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                        О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                        Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                        Г.БИЛГҮҮН