Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/01271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, РД-5354234, Охьманлай трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж, Орхоны 01 тоотод байрлах, РД-2811332, Оулсекьюрити ХХК-д холбогдох,

гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 2 717 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Зоригтбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагч Оулсекьюрити ХХК-ийн захирал Б.Мөнх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Охьманлай трейд ХХК нь хариуцагч Оул секьюрити ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 2 717 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай компани нь 2013-05-23 өдөр хариуцагчтай дохиолол хамгаалалтын гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороонд байрлах, Гоо март хүнсний дэлгүүрийнхээ дохиолол хамгаалалтыг хариуцуулж, 1 сарын 100 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон. 2016-11-27 өдөр дэлгүүрээ хаагаад, 22.54 цагт гэрээний дагуу дохиолол хамгаалалтыг хариуцагчид хүлээлгэж өгсөн. Шөнө 01.52 цагт 99055110 дугаарт хамгаалалтын албанаас дуудлага ирсэн. Дохиолол дуугарлаа, түлхүүртэй хүнээ ирүүл гэж хэлсний дагуу түрхүүртэй худалдагчдаа хэлчихээд эргээд залгахад хамгаалалтын компанийн ажилтан дохиолол дуугарахаа больчихлоо, манай хүмүүс очиж шалгасан, хэвийн байна гэж хэлсэн болно. 28 өдрийн өглөө худалдагч ирж онгойлгоход кассад байсан мөнгө байхгүй, хулгай орсон гэсэн. Цагдаа дуудсан. Хэрэг гарах үеэр шөнө цагдааийн эргүүл 2 цагт явж байхад дохиолол дуугарч байсан гэсэн. Шалгасан. Камерт бичлэг үлдсэн. 13 настай хүүхэд цонхны хамгаалалтыг хөшиж, цонхоор ороод, кассаас 2 717 000 төгрөгийг аваад гарах гэтэл машины гэрэл гарч, хамгаалалтын алба ирсэн тул агуулахын өрөө рүү орж түгжигдсэн байсан. Дохиоллын мэдрэгчийг мулталж авсан. 3 цаг гаруй ноцолдож, дээврийн банзыг хуулж, чердакаар буцаж гарсан байсан.Гэвч хулгайч дотор байсан тул дохиолол түүний хөдөлгөөнийг мэдрэх бүртээ дуугарч байсан бөгөөд хулгайч дохиоллыг мултлаад авсан тул шөнөжингөө сигнал дуугарч, сигнал нь хяналтын операторт сонсогдох боломжтой байсан байдаг. Гэвч хулгайч дэлгүүрийн цонхны хаалт төмрийг гаднаас нь хөшиж, ангайлгасан байсныг хамгаалалтын ажилтнууд очих үедээ мэдэх боломжтой байсан бөгөөд тухайн үед хулгайч дэлгүүрт нуугдаж, дэлгүүрийн арын өрөөнд олон цагаар түгжигдэж байгаад дэлгүүрийн таазыг цөмлөн гарч, зугтсан зэрэг нь дэлгүүрийн хяналтын камер, хулгай хийсэн этгээдийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг зэрэгт байдаг. Хулгай хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас олж илрүүлсэн боловч уг этгээд нь хуульд зааснаар 14 нас хүрээгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Оулсекьюрити ХХК-тай байгуулсан гэрээнд зааснаар хамгаалуулж байгаа объектод халдлага болсон тохиолдолд манай компанид мэдэгдэж, дуудан ирүүлэх, дотогш нэвтэрч халдлагыг таслан зогсоох, эсхүл цагдаагийн байгууллагад мэдэгдэж, иртэл нь гаднаас нь бүслэн, хүчлэн хамгаалах, гэмт этгээдийг өөрөө баривчлах, саатуулах зэрэг үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн хариуцахаар заасан боловч манай хохирлыг барагдуулаагүй. Иймд Оулсекьюрити ХХК-иас 2 717 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагч Оулсекьюрити ХХК тайлбартаа: Манай байгууллага 2004 онд байгуулагдсан, харуул хамгаалалт, дохиолол хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг, 700 гаруй обьект хамгаалдаг. Охьманлай трейд ХХК-тай 2013 оноос өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаа бөгөөд 2016-02-02 өдөр 16/8065 тоот хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж, үйлчлүүлэгч талын 3 объектын дохиолол хамгаалалтыг манайх хариуцан ажиллаж байгаа. 2016-11-27-оос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэгт байрлах, нэхэмжлэгчийн Гоо март хүнсний дэлгүүрт дохиолол дуугарч, шуурхай бүлэг түгшүүрийн дуудлагын дагуу очиж гадна талыг шалган, дотогш нэвтэрч шалгах шаардлагатай гэсэн дүгнэлт хийж, хэрэглэгч буюу Охьманлай трейд ХХК-ийн холбогдох хүмүүст мэдэгдэж,түлхүүртэй хүнээ ирүүлээч гэж дуудуулсан боловч шөнийн цагаар очих боломжгүй, та нар сахиад хонооч гэсэн хариулт өгсөн.Манайх боломжгүй ээ, 2-3 удаа эргэнэ гэсэн. Гэрээний 3.13-т хамгаалагдаж байгаа обьект хана, тааз, цонх,сараалж бэхэлгээ, дээврийн нээлхий нь бат бөх түгжээ, цоож, лацтай байх шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд 3.12-т обьектод мөнгө хадгалагдаж байгаа бол хүндрүүлэгчтэй төмөр сейфэнд хадгалах, мөнгө, үнэт эдлэлийн талаар урьдчилан сэргийлэх мэдээллийг хамгаалагч талын удирдах ажилтанд мэдэгдэх, шаардлагатай бол зохих төлбөртэй хүчлэн хамгаалалт авах үүргээ биелүүлээгүй. Манай шуурхай бүлгийн алба хаагчид аливаа үйлчлүүлэгч байгууллага, хувь хүний объектод дангаар нэвтрэх эрхгүй. Тиймээс тухайн үйлчлүүлэгч байгууллагын холбогдох ажилтан, албан тушаалтантай хамт объектод нэвтрэх боломж гараагүй. Энэ тухай холбоо барьсан үйлчлүүлэгч талын албан тушаалтанд дохиолол хамгаалалтын төв хяналтын оператор хэлж сануулсан байдаг. Бидний хамтран ажиллах гэрээний 3.14.3 дэх, үйлчлүүлэгч талын үүрэг хэсэгт объектоос түгшүүрийн мэдээ давталттай болон зона дамжсан мэдээ ирж, шуурхай бүлэг дотогш орж шалгах шаардлагатай тохиолдолд 24 цагийн аль ч үед үйлчлүүлэгч тал заавал ирж хамтран ажиллана гэж заасан байдаг. Мөн гэрээний 3.15-д дээрх тохиолдол бүрийг итгэмжлэгдсэн ажилтанд удаа дараа мэдэгдсэн ба ирээгүйн улмаас гэмт халдлагад өртөж, аливаа хохирол учирсан бол хамгаалагч тал хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн гэрчилгээ, компанийн дүрэм, дохиолол хамгаалалтын 2015, 2016 оны гэрээ, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 190 тоот тогтоол, камерийн бичлэгээс буулгасан зураг, утсаар ярьсан дугаарын жагсаалт, хохирогч болон хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол, гэрчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй сэжигтнийг байцаасан тэмдэглэл, CD-д хийсэн үзлэг зэрэг бичмэл болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Охь манлай трейд ХХК нь хариуцагч Оулсекьюрити ХХК-тай 2016-02-02 өдөр дохиолол хамгаалалтын гэрээг нэг жилийн хугацаатай, бичгээр байгуулан, хариуцагч 8 камерт суурилсан дохиоллын хамгаалалтыг Гоо март хүнсний дэлгүүрт хийх, нэхэмжлэгч сар бүр 100 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирсон байна.

2016-11-27 өдрөөс 28 өдөрт шилжих шөнө Гоо март дэлгүүрт 13 настай Э.Пүрэв-Эрдэнэ гэгч цонхоор нь орж, 2717 000 төгрөгийг хулгайлсан болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байна.

Нэхэмжлэгч хариуцагчийг дохиолол хамгаалалтын гэрээний дагуу хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэгчийг гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас таатгалзсан байна.

Хэргийн нотлох баримтыг шинжлэн судлахад дохиолол хамгаалалтын гэрээний 1-ийн 9-д хамгаалалтын үйлчилгээ обьектыг нууц кодоор хааж, хамгаалалтад өгсөн үеэс эхлэх ба обьектыг өглөө нээж хүлээн авснаар дуусгавар болохоор зохигч тохирсон байна.

2016-11-27 өдрийн орой 22.54 цагт хариуцагч байгууллагын 11305042 утас руу Гоо марал дэлгүүрийн худалдагч Намуунбайгаль утасдаж, хамгаалалтаа хүлээлгэж өгсөн байх бөгөөд 28 өдөрт шилжих шөнө буюу обьект хариуцагчийн хамгаалалтад байх үед Гоо март дэлгүүрийн дохиолол дуугарч, хариуцагч обьектод очиж шалгаж, хамгаалалтын албанаас 01.52 цагт нэхэмжлэгчид дохиолол дуугарсан болон түлхүүртэй хүнээ ирүүлэхийг мэдэгдсэн байх боловч нэхэмжлэгч 01.54 цагт түлхүүртэй хүнээ очуулах боломжгүйг хариуцагчид буцаж мэдэгдсэн тухай зохигчийн тайлбар нэхэмжлэгчийн утасны ярианы жагсаалтаар нотлогдож байна.

Хариуцагч байгууллагын хамгаалагч Гоо март дэлгүүрт очих үед машины гэрлээр хамгаалагч ирснийг мэдсэн хулгайч түүнээс зугатаж, агуулахын өрөөнд орж түгжигдсэн байх бөгөөд хариуцагч обьектыг гадна талаас нь шалгасан, цонхоор нь гар чийдэнгээр гэрэлтүүлж харахад сэжигтэй зүйл байгаагүй, хамгаалагч шөнийн 3 цагийн үед дахин эргэж очсон зэрэг нь камерийн бичлэгийг буулгасан CD-д хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

2017-11-28 өдөр цагдаагийн байгууллагаас хэргийн газарт хийсэн үзлэг, хулгай хийсэн сэжигтний мэдүүлгээс үзэхэд хулгайч дэлгүүрийн цонхны сараалж бэхэлгээг тэлж татаж, цонхыг хөшиж онгойлгож, цонхоор нь дэлгүүрт нэвтэрч орж, кассын машинд хадгалагдаж байсан мөнгийг авсан, агуулахын өрөөнөөс буцаж хаалгаар гарах боломжгүй болсон учир уг өрөөний таазны банзыг ховхолж, дээврийн нээлхийгээр буцаж гарсан байх бөгөөд энэ үйлдлийн улмаас дэлгүүрийн цонх, цонхны бэхэлгээ, кассын машинд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй, дохиоллын систем ажиллагаатай байсан байна.

Дохиолол хамгаалалтын алба обьектоос мэдээг авч, гаднаас нь шалгасан бөгөөд гэрээний 3.14.3-т заасны дагуу дэлгүүрийн түлхүүртэй хүнээ ирүүлэхийг нэхэмжлэгчид мэдэгдэхэд нэхэмжлэгч хүнээ явуулах боломжгүйг хэлж, 24 цагийн аль ч үед заавал очиж хамтран ажиллаж, обьектыг нээх үүргээ биелүүлээгүй байна.Үүний улмаас дэлгүүрт болсон гэмт халдлагыг илрүүлж чадаагүй, илрүүлэх боломжгүй байсан байна.

Хамгаалуулж байгаа обьектод 13 настай хүүхэд ямар нэг эвдрэл гэмтэл учруулахгүйгээр, цонхны хамгаалалтын сараалж бэхэлгээг тэлж, цонхыг хөшиж онгойлгож, дэлгүүрт нэвтэрч, кассын машинд байсан мөнгийг авч, таазны банзыг ховхлож, дээврийн нээлхийгээр гарсан байдлаас үзэхэд талуудын байгуулсан гэрээний 3.12-т заасан ...обьектын хана, тааз ... цонх, сараалж бэхэлгээ, дээврийн нээлхий бат бөх хийгдсэн, түгжээ, цоож, лацтай байх шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй байсан байна гэж дүгнэх үндэслэлтэй юм.

Мөн гэрээний 3.11-д дэлгүүрт бэлэн мөнгө хадгалах бол хүндрүүлэгчтэй сейфэнд хадгалах, мөнгө, үнэт зүйлсийн талаарх мэдээллийг хамгаалалтын албаны удирдлагад албан ёсоор мэдэгдэх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул хариуцагч гэрээний 3.15-д заасны дагуу халдлагын улмаас учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 58 422 төгрөгийг улсын орлогод үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: