| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00891/И |
| Дугаар | 102/ШШ2017/01342 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2017/01342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Бугант тосгон, 5-р байрын 10 тоотод байрлах, РД-2260719, Бугант-Оюу БГБХН-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг, 8-р давхар, 801 тоотод байрлах, РД-5882656, Сүлд маянинг ресурс ХХК-д холбогдох,
25 854 482 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Бугант-Оюу БГБХН нь хариуцагч Сүлд маянинг ресурс ХХК-д холбогдуулан 25 854 482 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай байгууллага нь Сэлэнгэ аймаг, Ерөө сум, Бугант тосгонд байрлах, өөрийн шатахуун түгээх станцаас тус суманд уул уурхайн олборлолт явуулдаг Сүлд маянинг ресурс ХХК-д 2016 оны 10 сараас шатахуун олгосон.Төлбөр тооцоог барагдуулж явсан. 2017-01-10 өдөр нөхөж, 2016-11-11 гэсэн огноотой гэрээг байгуулж, 2016-11-13 өдрөөс 2016-12-11 өдөр хүртэл нэг сарын хугацаанд зээлээр олгосон нефтийн бүтээгдэхүүний тооцоог хийсэн. Шатахууны үнээс төлөгдөөгүй 19 204 290 төгрөгийг Сүлд маянинг ресурс ХХК нь 2017-01-20 өдрийн дотор багтааж, төлбөрийг 100 хувь төлөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөөгүй байна. Манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан.
Сүлд маянинг ресурс ХХК төлбөрөө төлөөгүйгээс манай байгууллага бүтээгдэхүүн авах мөнгөгүй болж хохирол амссан. Төлбөр төлөгдсөн бол шатахуун авч, борлуулж, 2 сая орчим төгрөгийн ашиг олох байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахад өмгөөлөгчийн хөлс 1 сая төгрөг төлсөн.
Иймд хариуцагч Сүлд маянинг ресурс ХХК-иас гэрээний үүрэгт 19 204 290 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 2 650 192 төгрөг, хохиролд 3 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1 000 000 төгрөг нийтдээ 25 854 482 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Манай байгууллага Сэлэнгэ аймагт алт олборлх үйл ажиллагаа явуулж байх үедээ Бугант-Оюу БГБХН-өөс 2016 оны 10 сараас шатахуун худалдаж авсан. Зарим төлбөрийг бэлнээр, заримыг зээлээр авч явсан. 2017 оны 01 сард тооцоо нийлэхэд 19 204 290 төгрөг төлөгдөөгүй байгааг баталгаажуулсан. Нэхэмжлэгч гэрээ байгуулья гэхээр нь 2017-01-10 өдөр байгуулсан. Тэгэхдээ огноо нь 2016-11-11 өдөр гэсэн байсанд бид нэг их ач холбогдол өгөөгүй, бичиг баримттай болох гэж байгаа юм байх гэж бодсон.Манайх үндсэн төлбөрийг, гэрээнд тохирсон алдангийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй.Харин нэхэмжлэгч шатахууныг нэг литрийг 1740 төгрөгөөр худалдаж байсан боловч манайхыг зээлээр авахад үнийг 50 төгрөгөөр нэмэгдүүлж,1790 төгрөгөөр худалдсан.Ийм учраас олох байсан ашигт нэхэмжилж байгаа 3 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Мөн өмгөөлөгч авч, 2017-01-10 өдөр гэрээ байгуулах, шүүхэд манайд холбогдуулж нэхэмжлэл гаргасан өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Манай байгууллагын үйл ажиллагаа өвөл болсон цаг улирлын байдлаас шалтгаалан зогссон тул энэ байдлаа нэхэмжлэгчид тайлбарлаж байсан гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүх мэдэгдсэн байх боловч шүүх хуралдаанд ирээгүй байна.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүйг түүний өмгөөлөгч өөр газарт томилолтоор ажиллаж байгаа гэж тайлбарласан боловч түүний тайлбар нотлогдоогүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуралдааныг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийг байлцуулалгүйгээр, өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хэлэлцлээ.
Зохигч 2016 оны 09 сараас шатахуун худалдах худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулан бэлэн мөнгөөр болон төлбөрийг дараа төлөхөөр тохирч хариуцагч нэхэмжлэгчээс шатахуун худалдан авч байсан байх бөгөөд 2016-11-13 өдрөөс 2016-12-11 өдрийн хугацаанд авсан шатахууны үнэ 19 204 290 төгрөгийг хариуцагч төлөөгүй тул 2017-01-10 өдөр нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээг 2016-11-11 огноотойгоор нөхөн бичгээр байгуулсан нь зохигчийн тайлбар, бичмэл баримтаар тогтоогдож байна.
Худалдан авсан шатахууны үнээс төлөгдөөгүй 19 204 290 төгрөгийг, дээрх гэрээнд тохирсон алдангийг 2017-01-20 өдрөөс 2017-03-06 өдрийг хүртэл хугацаанд тооцож алдангид нэхэмжилсэн 2 650 192 төгрөгийг төлөхийг хариуцагч зөвшөөрч байгаа байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хариуцагчаас гаргуулахаар тогтоох нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.
Нэхэмжлэгч 2016-11-13 өдрөөс 2016-12-11 өдрийн хугацаанд хариуцагчид шатахууныг худалдахдаа тухайн үед тус шатахуун түгээх цэгт тус худалдаж байсан 1 литр шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмэгдүүлэн худалдсан болох нь хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчээс ирүүлсэн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч шатахууны үнийг 2017-01-20 өдөр төлөөгүйгээс нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого 3 000 000 төгрөг байх байсан болохыг нэхэмжлэгч нотлоогүй байна.
Нэхэмжлэгч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах нь түүний эрх бөгөөд уг эрхийг хэрэгжүүлэх эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл зоригоос шалтгаалах тул хариуцагчтай аман хэлбэрээр байгуулсан гэрээг бичгийн хэлбэрээр байгуулахад болон шүүхэд нэхэмжлэл гаргахад эрх зүйн туслалцаа авахаар төлсөн 1 000 000 төгрөгийн хөлсийг хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд худалдан авсан шатахууны үнийг төлөөгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлээс эдгээр хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 287 223 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 267 222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон